Улс төрийн намууд сонгуулийн бэлтгэл ажилдаа гараад удлаа. Албан ёсоор эхлээгүй ч мөлхөө сурталчилгаа, намын хороодыг удирдах хүмүүсээ эхнээсээ тодруулж эхлээд байна. Тэр дундаа сонгогчдын талаас илүү хувь нь оршин суудаг нийслэл хотод намууд илүүтэй анхаарч эхлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, улс төрийн өнцөг талаасаа нийслэл бол хамгийн анхаарал хандуулах ёстой стратегийн байршил юм.
Энэ хүрээндээ намууд нийслэлийн намаа дараагийн сонгуульд удирдаж орох эрхмүүдээ тодруулах ажилдаа оржээ. Хамгийн сүүлд АН-ынхан Нийслэлийн намын даргаа сонгож, Т.Батцогтоор ахлуулахаар болсон байдаг. Тэгвэл тун удахгүй МАН-ынхан нийслэлийн намын хороогоо хотын шинэ дарга Х.Нямбаатарт өгөхөөр зэхэж буй гэх мэдээлэл байна. Х.Нямбаатар ч тун удахгүй дүүргийн намын хороогоо өгнө гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл өнөөдөр улс төрд гуравдахь хүчний байр сууриас оролцох, цаашлаад гол хоёр намын нэг болох амбицтай ХҮН намынхан нийслэлийн намын хороогоо удирдуулах хүнээ тодруулж, багаар нь ажилд оруулах юм байна. Одоогийн байдлаар Нийслэлийн ХҮН намын шинэ даргын сонгуульд Эдийн засагч Ц.Лут-Очир, УРБАНИСТ Э.Золзаяа, KW Mongolia франчайз эзэмшигч Л.Одсүрэн нар нэр дэвшихээр болсон байна.
Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар ХҮН намынхан нийслэлийн намаа эмэгтэйчүүдийн төлөөлөлд өгөхөөр тохирчээ. Тодруулбал, Э.Золзаяаг нийслэлийн намын хорооны даргаараа томилохоор тохирсон аж. Өөрөөр хэлбэл, ирэх сонгуулиар ХҮН намынхан нийслэлд жендерийн өнцөгтэй оролцох бололтой. Намын дарга Т.Доржханд ч энэ агуулгыг аль өнгөрсөн хавар зарласан бөгөөд нийслэлчүүдийг эмэгтэй хотын даргатай болох чиглэлд ХҮН нам ажиллана гэх амлалтыг өгөөд байсан билээ.
Ийнхүү намууд дараагийн сонгуулийн бэлтгэлдээ шаргуухан орж, энэ оны төгсгөл гэхэд нийслэлээ удирдуулах хүмүүсээ бүрэн тодруулж дуусахаар байна. Өөрөөр хэлбэл, ирэх сонгуулийн нийслэлийн өрсөлдөөн багагүй ширүүхэн болох бололтой.