Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Ус сувгийн удирдах газар /УСУГ/-аас цахимаар удирдан зохион байгуулав. Шуурхай зөвлөгөөний эхэнд Хотын дарга үерийн нөхцөл байдалд шуурхай ажиллаж, хохирол багатай даван туулах зохион байгуулалтыг хийсэн Нийслэлийн онцгой комисс, дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, УБЗАА болон УСУГ, УБЦТС-ний удирдлага хийгээд нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийллээ.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдан “Их засварын хүрээнд 31 төрлийн 63 ажил хийхээс 40 орчим хувьтай байна. Урсгал засварын ажил 94 хувьтай байна. Засварын ажлыг аравдугаар сарын 1-н гэхэд дуусгахаар төлөвлөсөн” гэсэн бол Улаанбаатар дулааны шугам сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярсайхан “Шугам сүлжээний засварын ажил 50 гаруй хувьтай байна. Таван байршилд дулааны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх ажил хийж байгаа” гэлээ.
Хотын дарга нэгийг нь хийх гээд нөгөөг нь сүйтгэж болохгүй, стандарт, дүрэм, журмаа сайтар баримтлах хэрэгтэйг сануулж байв.
Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлтийн талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмон “120 мянган тонн түлш нөөцлөх төлөвлөгөө гаргаснаас одоогийн байдлаар 50 мянган тонн түлш нөөцлөөд байгаа нь 45 хувьтай үзүүлэлт юм. Есдүгээр сарын 1-н гэхэд түлшийг нөөцөлж дуусна” гэлээ.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өглөө.
- Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилт, ногоон байгууламжийн ажлын нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах.
- Өвөлжилтийн үед хүндрэл гарч болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлэг, халаалтын зуух, бусад барилга байгууламжийн цахилгаан, дулаан, шугам сүлжээний засварын ажилд шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоо, судалгааг гарган, танилцуулах.
- Дэлхийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хийж байгаа дулааны магистраль шугамын барилга угсралтын ажлыг наймдугаар сарын 1-ний дотор бүрэн дуусгаж, нөхөн сэргээлтийн ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгэх.
- Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн болон инженерийн шугам сүлжээнд хийх урсгал засварын ажлуудыг эрчимжүүлж ажиллах.
- Үерийн аюулын улмаас учирсан хор уршигт дүн шинжилгээ хийх, учирсан хохирлыг тогтоох, үнэлгээ хийх ажлыг эрчимжүүлж ажиллах.
- Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл аюулгүй, амьдрах орчныг сайжруулах ажлын хүрээнд хийж байгаа зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа хайс буулгалтын явцын талаар Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.
- Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлын явцыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах зэрэг үүрэг даалгавар өглөө.