Үерийн улмаас Улаанбаатарын ундны усны эх үүсвэр бохирдох эрсдэлтэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 13 секунд

Монгол Улсад жилд дунджаар 40 орчим үер бүртгэгддэг бөгөөд 1966 оноос хойш тохиолдсон томоохон дөрвөн үер тутмын гурав нь хүн амын нягтаршил өндөртэй Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Үерийн үед ундны усны эх үүсвэр бохирдох эрсдэл нэмэгддэг тул усны чанарын хяналт, шинжилгээний чадавхыг сайжруулах шаардлагатайг мэргэжлийн байгууллагаас онцолжээ.

Стандарт, хэмжил зүйн газраас мэдээлснээр Япон Улсад усны чанар, аюулгүй байдлыг 301, Сингапурт 300, БНСУ-д 231 үзүүлэлтээр шинжилдэг бол Монгол Улсад MNS 0900:2018 стандартад89 үзүүлэлт тусгагдсан байна. Тиймээс ундны усны чанарын шинжилгээний арга, тоног төхөөрөмж, лабораторийн чадавхыг үе шаттайгаар нэмэгдүүлж, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх шинжилгээний арга зүйг нэвтрүүлэх шаардлагатай гэж үзжээ.

Монгол Улсад үерийн эрсдэлийн менежментэд MNS ISO 31000:2020 “Эрсдэлийн менежмент–Удирдамж”, MNS ISO 22301:2020 “Аюулгүй байдал ба уян хатан байдал Бизнесийн тасралтгүй байдлын менежментийн тогтолцоо. Шаардлага”, MNS ISO 24512:2012 “Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ–Ус хангамжийн барилга, байгууламжийн ашиглалтын менежмент болон ашиглалт, үйлчилгээний түвшин үнэлэх аргачлал” зэрэг стандарт мөрдөгдөж байна.

Түүнчлэн Монгол орны жилийн дундаж агаарын температур 1940 оноос хойш 2.46 хэмээр нэмэгдсэн нь усны нөөцийн хомсдол, газрын доройтол, цөлжилт, ган, зудын давтамж, эрчмийг нэмэгдүүлэхэд нөлөөлж байгааг мэдээллээ.

Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөнд усны нөөц, хөдөө аж ахуй, газрын доройтол, дэд бүтэц, гамшгийн эрсдэлийн удирдлагыг дасан зохицох бодлогын тэргүүлэх чиглэлээр тодорхойлсон байна.

Эдгээр асуудлыг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын “Усны өдөр”-ийн хүрээнд хэлэлцжээ. Тус арга хэмжээг Цэнхэр бүсийн Засгийн газрын павильонд Монгол Улсын Шадар сайд, Онцгой байдлын ерөнхий газар, Усны газар, Стандарт, хэмжил зүйн газар хамтран зохион байгуулсан байна.

Арга хэмжээний үеэр “Уур амьсгал, усны гаралтай гамшгийн эрсдэл, эрт авах арга хэмжээ”, “Ус, газар, байгаль орчны талаарх ойлголт: Байгалийн тогтолцоо, шинжлэх ухаан, нийгмийг уялдуулах нь”, “Ус, бүсчилсэн хөгжил ба эдийн засгийн тусгай бүс”, “Цэнгэг усны экосистемийн хамгаалал ба усны салбарын стандартчилал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Мөн Монгол Улсын усны нөөц, усны сав газар, газрын доройтол, үер, ган, зудын эрсдэлийн зураглал, Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгсэл, техник хэрэгслийн бүртгэл, байршлын зураг, татан гаргах ажиллагааны үе шат, үр дүн зэрэг мэдээллийг үзэсгэлэнгээр танилцуулсан байна.

С.Баяр: Манайхан л нууцад оруулж нэр хүндийг нь унагасан болохоос оффтэйк гэрээ бол дэлхийд ГХО татах арга хэвээр
С.Баяр: Манайхан л нууцад оруулж нэр хүндийг нь унагасан болохоос оффтэйк гэрээ бол дэлхийд ГХО татах арга хэвээр
 
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!