Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Ус сувгийн удирдах газар /УСУГ/-аас цахимаар удирдан зохион байгуулав. Шуурхай зөвлөгөөний эхэнд Хотын дарга үерийн нөхцөл байдалд шуурхай ажиллаж, хохирол багатай даван туулах зохион байгуулалтыг хийсэн Нийслэлийн онцгой комисс, дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, УБЗАА болон УСУГ, УБЦТС-ний удирдлага хийгээд нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийллээ.
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдан "Үзлэг, засвар, шуурхай үйлчилгээний бригадуудыг ажиллуулж, цахилгаан, шугам сүлжээний тоноглолуудад үзлэг, засвар үйлчилгээг тухай бүр хийж, байнгын хяналт тавьж ажиллалаа. Бүх шугам, дэд станц, цахилгаан тоноглолд ээлжит бус үзлэг хийж, илэрсэн гэмтэл, зөрчлийг арилгасан.
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед 434 инженер, техникийн ажилтан, 108 техник хэрэгсэлтэй ажиллалаа. Үер усны аюулаас үүдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугамын 28 тулгуур унасан, хазайсныг сэргээн босгож, зуслан чиглэлийн хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг 35 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын гурван тулгуурыг унахаас сэргийлж, суурийг хүчитгэсэн. Мөн үерт автагдаж болзошгүй 117 дэд өртөөнд үзлэг хийж, 30 дэд өртөөнд ус орохоос сэргийлэх арга хэмжээ авсан" хэмээлээ.
Гүний худгуудад үерийн ус ороогүй
Улаанбаатар хотод үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон цаг үеийн нөхцөл байдлын талаар Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү "Манай газрын хүн хүч, тоног төхөөрөмж горимын дагуу ажиллаж байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед 267 хүн, 50 орчим техник хэрэгсэлтэй ажилласан. 218 гүний худгийн 104-ийнх нь эргэн тойрон бороо орсны улмаас их хэмжээний ус тогтож, хүн очих боломжгүй болсон юм. Гүний худгуудын цооногт үерийн ус ороогүй, алсаас удирдан, хэвийн ажиллагааг ханган ажилласан. Гэр хорооллын нийт 690 ус түгээх байр болон ус зөөврийн 59 автомашинд халдваргүйжүүлэлт хийн, үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Цэвэр усны шугам руу бохир ус орсон асуудал байхгүй.
Харин иргэн, аж ахуйн нэгжүүд үерийн усыг бохир усны шугам сүлжээнд нийлүүлснээр бөглөрөх, цэвэрлэх байгууламжид ирж буй усны хэмжээ эрс нэмэгдсэн. Төв цэвэрлэх байгууламж хоногт 160-170 мянган шоо метр ус хүлээн авах хүчин чадалтай. Үерийн үед 219 мянган шоо метр ус ирсэн. Өвөлжилтийн бэлтгэл 70 гаруй хувьтай байна" гэлээ.