Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Үерийн аманд буусан айлуудад тодорхой байршил зааж өгсөн ч өгсөн байршлыг голж, нүүхгүй байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 16 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Ус сувгийн удирдах газар /УСУГ/-аас цахимаар удирдан зохион байгуулав. Шуурхай зөвлөгөөний эхэнд Хотын дарга үерийн нөхцөл байдалд шуурхай ажиллаж, хохирол багатай даван туулах зохион байгуулалтыг хийсэн Нийслэлийн онцгой комисс, дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, УБЗАА болон УСУГ, УБЦТС-ний удирдлага хийгээд нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийллээ.

Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 21 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 85 орчим хувьтай байжээ. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, инженер хангамжийн засвар, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг стандартын дагуу хийж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд 25 байгууллага 658 арга хэмжээ хэрэгжүүлэхээс хэрэгжилт 55 хувьтай байна.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар дүүргүүдийн удирдлагуудаас үерийн улмаас хохирсон иргэн, аж ахуйн нэгжүүдэд хохирлын үнэлгээ хийх ажлын явцын талаар тодрууллаа. Дүүргүүд Гамшгийн хор уршигт дүн шинжилгээ хийх, учирсан хохирлыг тогтоох дэд Ажлын хэсэг байгуулсан бөгөөд хохирол тогтоох ажил үргэлжилж байгааг хэлж байв. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт үерийн улмаас эвдэрсэн 15 зам, талбай, 12 явган хүний зам байна. Чингэлтэй дүүргийн хэмжээнд 297 өрх үерт автаж, нэг айл гэргүй болсон. Хан-Уул дүүрэгт 68 өрхийн 322 иргэн, Сонгинохайрхан дүүрэгт 47 өрх үерт өртжээ. Үерийн аманд буусан айлуудад тодорхой байршил зааж, нүүлгэн шилжүүлэх ажлыг эхэлсэн. Гэвч иргэд зааж өгсөн байршлыг голж, нүүхгүй гэж байгааг хэлж байв.

Хотын дарга иргэдийн аюулгүй байдалд нэн тэргүүнд анхаарах хэрэгтэйг онцоллоо.

4,259,619 ам метр талбайг халдваргүйжүүллээ

Улаанбаатар хотод үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлсэн болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох байгууллагын удирдлагууд мэдээлэл өглөө.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням "Улаанбаатар хот орчимд Туул голын үерийн түвшин 202 см, үерийн аюултай түвшин 260 см бөгөөд долоодугаар сарын 8-ны өглөө 311 см хүрч, үерийн аюултай түвшинг 50 см давсан. Нийслэлийн 26 хорооны 31.6 мянган өрхийн 128.1 мянган хүн, 11 байршилд гудамж, зам, нүхэн гарц, 144 барилга байгууламж үерт өртлөө. 52,965 хэрэглэгч цахилгаангүй болж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, инженерийн байгууламжид эрсдэл үүссэн. 18 байршилд нийт 14,828 ажилтан, алба хаагч 2203 техниктэй үүрэг гүйцэтгэлээ.

Усанд автсан 243 өрхийн 743 иргэнийг нисдэг тэрэг, завиар болон явганаар аюулгүй байршилд нүүлгэн шилжүүлсэн. Хүний амь эрсэдсэн тохиолдол гараагүй. Үерийн ус хальсан болон халих эрсдэлтэй байршлуудад нийт 80,000 орчим шуудай, 900 шоо метр /м3/ элсийг буулгаж, Туул, Сэлбэ голын дагуу элс, хайрга, шороо буулгаж, голын даланг өндөрлөж, хүчитгэсэн. Усанд автсан 144 барилга байгууламжийн 10,880 тонн орчим усыг зөөвөрлөлөө. 16 байгууллагын нийт 870 ажилтан, албан хаагч, сайн дурын иргэдтэй хамтран 324 техник хэрэгсэлтэй 25 байршлын лаг шаврыг шуудайлан, 22.7 сая ам метр талбайг цэвэрлэж, 10,540 тонн лаг шаврыг зөөвөрлөсөн. Долоодугаар сарын 10-16-ны хооронд мананцар үүсгэгч автомашинаар нийт 4,259,619 ам метр талбайд халдваргүйжүүлэлт хийсэн гэдгийг хэллээ.

Долоодугаар сарын 3-17-нд нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 45, аврах ажиллагааны 135, нийт 180 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллажээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, 71.1 хувиар өссөн үзүүлэлт. Дээрх хугацаанд гал түймрээс 3.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж, утаажилтын бүсээс 134 иргэнийг гаргаж, 3809 иргэнийг аварсан. Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 988, аврах ажиллагааны 247, нийт 1235 удаагийн удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн онтой харьцуулахад 3.7 хувиар буурсан үзүүлэлт юм.

Ус, хөрсөнд хийсэн 57 дээжээс эерэг сорьц илрээгүй

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган "УБЗАА-тай хамтран үерийн усанд автсан орон сууцны барилга, тэдгээрийн гадна зам, талбай, Сэлбэ голын ай сав, суваг шуудуу, далан, гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн зам талбайд хийсэн халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж ажиллалаа. Халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөл бүхий есөн компани хийсэн.

УСУГ-ын харьяа бохир ус цэвэрлэх долоон байгууламжийн уснаас хими, нян судлалын 28 дээж, нийслэлийн ундны усны зургаан эх үүсвэр, 80 ус түгээх байр, нийтэд ус түгээж буй хувийн эзэмшлийн 11 гүний худгийн уснаас хими, нян судлалын 194 дээж, хөрсний бохирдлын түвшингээр тогтоогдсон нийт 74 цэгээс дээж авч, лабораторид хүлээлгэн өглөө. 57 дээжээс эерэг сорьц илрээгүй буюу асуудалгүй бөгөөд бусад шинжилгээний хариуг хүлээж байна гэв.

Хотын дарга ариутгал, халдваргүйтгэлийг дахин сайн хийхийг санууллаа. Мөн хариуцлагатай байж, Хот тохижилтын газрыг зориулалтын тоног төхөөрөмжтэй ажиллах хэрэгтэйг онцолж байв.

Үерийн бүсэд байгаа айлуудыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай

Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа цаашид хийх ажлын талаар санал хэлсэн юм. Тэрбээр:

-Зөвшөөрөлгүй барилга, байгууламжид газар олгосон асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна. Мөн гүүрэн байгууламжууд стандартын бус, шаардлага хангахгүй байгаа. Үерийн нөхцөл байдал цаашид үүсэхийг үгүйсгэхгүй. Иймд дорвитой арга хэмжээ авмаар байна. Усны голдирол өөрчилж барьсан шатахуун түгээх станцууд бий. 2020 оноос хойш ус их хэмжээгээр тогтдог 27 байршлаас 17-г нь шийдсэн. Энэ жил таван байршилд ажил эхлээд явж байгаа. Мөн үерийн бүсэд байгаа айлуудыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэдгийг хэлж байлаа.

Ч.Маралмаа УДШ-д гомдол гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэр түдгэлзэж, тэрбээр ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ явж байна
Ч.Маралмаа УДШ-д гомдол гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэр түдгэлзэж, тэрбээр ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ явж байна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.