Сүхбаатар аймгийн цагдаагийн газар 2022 оны ажлаа дүгнэж “Тайлангийн хурал”, “Тэргүүн алба хаагч”, “Тэргүүний тасаг, хамт олон”-оо шалгаруулах, шагнал гардуулах ёслолын ажиллагааг өнөөдөр /2022.12.26/ Жаахан шарга театрын хүндэтгэлийн танхимд зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Аймгийн Засаг дарга М.Идэрбат, Баруун-Урт сумын ИТХ-ын дарга Т.Ихбаяр, Баруун-Урт сумын Засаг дарга Ж.Жавхаатөгс болон Шүүх, Прокурор, Онцгой байдлын газар, Монгол банк, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга нар урилгаар оролцсон.
Арга хэмжээнд Цагдаагийн газрын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү хэлэхдээ:
Эрхэм офицер, ахлагч, ажилтан, алба хаагч, хүрэлцэн ирсэн хүндэт зочид Та бүхний энэ өдрийн амрыг эрэн мэндчилье. Энэ онд түүхт 80 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэсэн Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын хамт олон бид цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2022 онд дэвшүүлсэн зорилт, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ амжилттай биелүүлж, өнөөдөр хийсэн ажлаа дүгнүүлэхээр энэ танхимд хуран цуглаад байна.
Аймгийн хэмжээнд энэ онд иргэд байгууллагаас нийт 2608 гомдол мэдээлэл хүлээн авч хуулийн хугацаанд нь шийдвэрлэн, 14868 зөрчлийг илрүүлж буруутай этгээдэд хуулийн хариуцлага тооцон, мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэд, байгууллагад учирсан 1 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэн, нууц далд аргаар үйлдэгдсэн 262 хэргийг илрүүлэн ажиллажээ.
Яг өнөөдөр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусах байсан Төрийн тахилгат Алтан овооны энгэрт байрлан нутгийн ард иргэд хүндэтгэн дээдэлж ирсэн түүх соёлын дурсгалт зүйл болох тогоо хулгайд алдагдсан хэргийг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас 5 хоногийн өмнө алба хаагчид маань илрүүлэн нутагтаа авч ирсэн зэрэг ээдрээ төвөгтэй хэргийг илрүүлэх, гэмт хэрэг зөрчлийг хуулийн хугацаанд нь шалгаж шийдвэрлэх чиглэлээр амжилттай ажиллаж ирлээ.
Тус цагдаагийн газраас ард иргэдийнхээ амар тайван аюулгүй, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлэхэд та бүхний ажлын гүйцэтгэл, хичээл зүтгэл, нутгийн төр, захиргааны байгууллага, аж ахуйн нэгж болон ард иргэдийн дэмжлэг туслалцаа их байсныг онцлон тэмдэглэж байна.
Эрхэлсэн ажилдаа амжилт бүтээл гаргаж, бусдыгаа манлайлан ажилласан болон нийт алба хаагчид Та бүхэнд, та бүхний найдвартай ар тал болсон гэр бүлийнхэнд тань, хүрэлцэн ирсэн хүндэт зочид та бүхэнд Цагдаагийн газрын даргын Зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа удахгүй тохиох шинэ он, шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Цаашид манай хамт олон нутгийн зон олныхоо итгэл, хүндэтгэлийг улам бүр хүлээн, гаргасан амжилтаа ахиулан, цагдаагийн байгууллагын нэр хүндийг өндөрт өргөж явна гэдэгт миний бие итгэлтэй байна.
Монгол төрийн цагдаагийн суу алдар өнөд мөнх бадарч байх болтугай хэмээв.
Нэг. “Тэргүүний тасаг, хамт олон”-оор:
- Нийтийн хэв журам хамгаалах тасаг
Хоёр: “Тэргүүний алба хаагч”-аар
- Эрүүгийн цагдаагийн тасгийн Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Мөнхнасан;
Мөрдөн байцаах тасгийн Ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Т.Ганбаяр
Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Э.Пүрэвдорж;
Мөнххаан сумын Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Э.Анхбаяр
Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Билгүүнноров
Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Саейнгэнэн
Захиргааны удирдлагын тасгийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч О.Амгаланбаатар нар тус тус шалгарлаа.
Шагнагдсан алба хаагчдадаа баяр хүргэж ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхний хүсэн ерөөе.