Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Катар улсын Доха хотод “Нүүдэл” үзэсгэлэн дэлгэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 3 секунд

Катар Улсын Доха хотод байрладаг Катарын Үндэсний музейд ‘ON THE MOVE' буюу “Нүүдэл” үзэсгэлэн гарч байна.

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр гарч байгаа энэ үзэсгэлэн нь хүн төрөлхтний түүхэнд нүүдлийн соёлын өвийг тээж өнөөг хүрсэн, газар зүйн гурван өөр бүслүүрт аж төрж буй Араб, Сахарын хагас нүүдэлчид болон Төв Азийн Монголчуудын нүүдлийн аж амьдрал, нийгэм ахуй, уламжлалт шинэчлэлтийг илтгэх зорилготой юм.

Үзэсгэлэнд Ойрх Дорнод, Хойд Африк, Өмнөд Азийн нүүдэлчин соёл, өв уламжлалыг тусгасан бөгөөд үзмэрүүд нь Катарын Үндэсний музей, Лусаил музей, Катарын Үндэсний номын сан, Катарын бусад музейн цуглуулга, Улаанбаатар дахь Монголын Үндэсний музей, Монголын уран зургийн галлерей, Парис дахь Musee Quai Branly, Вена дахь Wein Welt музей зэрэг олон улсын музейн 400 гаруй үзмэр цуглуулгаас бүрдэж байна.

Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь нүүдэлчин ард түмний аж амьдрал, түүх соёлыг археологийн олдвор, уран зураг, аман түүхийн сурвалж, архивын бичлэг, орчин үеийн гэрэл зураг зэрэг бүтээлүүдээр дамжуулан судалж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах юм. Тус ажлыг Колумбийн их сургуулийн Антропологийн тэнхимийн профессор Лила Абу-Луго удирдсан ба Катарын үзүүллэгийг Катарын Үндэсний музейн Нийгмийн түүх, угсаатны зүйн дэд куратор Таниа Аль Мажид, Катарын музейн Археологийн газрын захирал Файсал Аль Наими, Катарын Үндэсний музейн Кураторын асуудал эрхэлсэн захирал, доктор Хая Аль Тани, Доктор Анжа Фишер, Венийн их сургуулийн Нийгэм, соёлын антропологийн тэнхим болон Кембрижийн их сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн доктор Элизабет Турк нар удирдан явуулж буй юм.

“ON THE MOVE” үзэсгэлэн Катарын Үндэсний музейд 2023 оны 1-р сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Монгол Улсыг төлөөлөн Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Соёлын өвийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Даваацэрэн, Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал, Монголын уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа нар оролцсон.

Мөн Катарын үндэсний музейн захирал хатагтай Шейха Аль-Маясса бинт Хамад бин Халифа Аль Тани үзэсгэлэнг нээж үг хэлсэн бөгөөд уг үзэсгэлэнд оролцож, нүүдэлчдийн соёлын өвийг тээж ирсэн Монголчуудын өв дурсгалууд Катар улсын Үндэсний музейд олон нийтэд хүрч буйд талархаж буйгаа илэрхийлэв.

ЗАСГИЙН ГАЗАР: Төрийн дээд албан тушаалтны тээврийн урсгал зардал сард 2 сая төгрөг байсныг  бууруулж 100-200 мянган төгрөг болголоо
ЗАСГИЙН ГАЗАР: Төрийн дээд албан тушаалтны тээврийн урсгал зардал сард 2 сая төгрөг байсныг бууруулж 100-200 мянган төгрөг болголоо
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.