Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинзо Абэгийн өвөө Мүүний шашны үндэслэгчтэй холбоотой байжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 27 секунд
Мүүний шашны 2 дахь гол хүн

Япон улсын ерөнхий сайд асан Абэ Шинзогийн амь насанд халдсан хэрэгт Өмнөд Солонгосоос гаралтай Эв Нэгдлийн Сүм буюу Мүүний шашин нэр холбогдоод байгаа билээ.

Мягмар гарагт Сөүл хотноо тус байгууллагын тэргүүн асан Квак Чун Хван хэвлэлийн хурал зохион байгуулж, болсон явдалтай холбогдуулан мэдээлэл өгсөн байна. Тэрбээр нэг үе Дэлхийн Энх Тайван, Эв Нэгдлийн төлөөх Гэр Бүлийн Холбоо гэсэн албан ёсны нэртэй тус шашны байгууллагын хоёр дахь гол хүн гэгдэж явсан юм.

Сэжигтэн Тэцуяа Ямагамигийн ээж гэр бүлийнхээ бүх хөрөнгө мөнгийг буюу 720,000 долларыг Мүүний шашны сүмд хандивласан нь Абэгийн амь насанд халдах шалтгаан болсон гэгдэж байгаа.

Абэ агсны өвөө Мүүний шашныг Японд дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан хүн гэж Ямагами үздэг байжээ.

“Японы ерөнхий сайд агсан Нобусуке Кишитэй (Абэ агсны өвөө) манай байгууллагын ерөнхийлөгч Сүн Мюн Мүүн ойр харилцаатай байсан” гэж Квак сэтгүүлчийн асуултад хариулсан байна.

Бас талийгаачийн аав, Япон улсын гадаад хэргийн сайд агсан Шинтаро Абэ тус байгууллагын үүсгэн байгуулагчтай ойр холбоотой байсныг тэр нэмж хэлжээ.

Квакын тайлбарласнаар 1960-1970-аад оны үед Японы эрх баригчид тус улсад зүүний үзэл суртал дэлгэрэхээс ихээхэн болгоомжилдог байсан гэнэ.

Тухайн үед Мүүн өөрийн “коммунизмын эсрэг онол”-ыг танилцуулсан нь Японы улс төрчдөд нэлээд таалагдсан ажээ.

1954 онд Өмнөд Солонгост байгуулагдсан Эв Нэгдлийн сүмийн Япон дахь салбар одоо 600,000 орчим гишүүнтэй юм.

Мөнгө санхүүгийн хувьд дампуурсан Ямагами өөрийгөө долдугаар сарын сүүлээр үхнэ гэж тооцоолсон байсан тулд үхэхээсээ өмнө ерөнхий сайдын амийг хөнөөхөөр шийдсэнээ мөрдөн байцаагчдад мэдүүлжээ.

Аллага гарсан өдөр тэр 600,000 иений өртэй, дансандаа 200,000 иентэй байсныг мөрдөн байцаалтын эх сурвалж мэдээлэжээ.

Эх сурвалж: Kyodo News

Цэрэг гэмтсэн хэргийн ДҮГНЭЛТ: Цагийн хуваарь зөрчигдсөн, холбогдох албан тушаалтнууд ХЯНАЛТ ТАВИАГҮЙ
Цэрэг гэмтсэн хэргийн ДҮГНЭЛТ: Цагийн хуваарь зөрчигдсөн, холбогдох албан тушаалтнууд ХЯНАЛТ ТАВИАГҮЙ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.