УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Төрийн хэмнэлт төсвийн тодотголтой уялдуулж нийслэл Улаанбаатар хотод хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг шийдэх зоригтой алхам хийсэн Ерөнхий сайдад талархал илэрхийлж байна. Мөн салаа утгатай зүйлээс болж буруу ойлголт төрүүлсэндээ хүлцэл өчье. Энэ бол айл руу орох жорлон гэж Төсвийн байнгын хорооны дарга буруу ойлголт төрүүлсэн. Манай намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан "Хэсэгчилсэн дэд бүтэц буюу дундын шугам барьж" асуудлыг шийдвэрлэхийн хүрээнд Чингэлтэй дүүрэгт 100 гаруй айл яндан, нүхэн жорлонгоосоо салсан. Энэ бол хэрэгтэй зүйл. Айл өрхийн хашаанд биш гудамж руу татах дундын шугамын төсөв Хотын төсөвт суудгаараа суугаад явах юм байна" гэв.