Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зэвсэг хүчний ахлагч С.Батцэнгэл 1101 сонс эргэж, Гиннесийн амжилт эвджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 34 секунд

Монгол Улсын Зэвсэгт хүчний нэгэн ахлагч залуу саяхан “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ойд зориулж, 1101 сонс эргэж, мөрдэс нэгт нөхдөдөө бэлэг барилаа. Энэ нь мэдээж гиннесийн амжилтаас давсан үзүүлэлт. Иргэд “Монгол цэрэг дэлхийд байхгүй амжилтыг үзүүллээ. Энэ бол гайхамшиг” хэмээн олон нийтийн сүлжээнд бахархаж, омогшиж байна. Бахархам амжилтын эзэн Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Зенит, артиллерийн батарейны сум зөөгч-жолооч, ОУХМ, ахлагч С.Батцэнгэлтэй бэлтгэлийнх нь завсар чөлөөгөөр ярилцлаа. Бэлтгэлийг нь хөндлөнгөөс харахад зүгээр л цагийн зүү шиг ямар ч хүндрэлгүй, тойрон эргэлдэх. Монгол Улсдаа бүр дэлхийд өөрийгөө сонс эргэлтээр дархалж чадах тамирчин гэдэг нь бэлтгэлийн гүйцэтгэлээс тун тодорхой харагдах ажээ.

-“Монгол цэргийн өдөр”-өөр 1101 сонс эргэж, онцгой амжилт гаргасанд баяр хүргэе. Та хоёрхон жилийн өмнө өгсөн ярилцлагадаа “Монгол цэрэг гиннесийн амжилтыг эвдэнэ” гэж байсан, эвдлээ...

-Баярлалаа. 2020 оны Зэвсэгт хүчний цэрэгжлийн спортын аварга шалгаруулах тэмцээний сонс эргэлтийн төрөлд түрүүлчхээд “Би яагаад энэ амжилтаа дэлхийнх болгож болохгүй гэж” бодсон. 2016, 2018, 2019 онуудад ч гэсэн энэ төрөлдөө түрүүлж, хошой аварга болсон байсан учраас чадна гэдэгтээ ч итгэсэн. Зорилгоо биелүүлэхийн төлөө хичээсэн. Ангийн удирдлагадаа уламжиллаа, тэд дэмжсэн. Ангийн удирдлага цааш нь Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний Жанжин штабт санал хүргүүллээ, тэд ч бас дэмжсэн. Тэгээд үндсэндээ 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс Хуурай замын цэргийн штабын даргын тушаалаар бэлтгэлдээ гарсан. ЗХЖШ-ын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийнхны гаргасан төлөвлөгөөний дагуу Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Сургалтын төвийн дарга, хошууч Н.Ганзориг багшийн удирдлага дор бэлтгэлээ чамбайруулсан. Мэдээж эхлээд сунгалтын дасгал, гүйж харайхаас эхэлж 400, 600, 910, 1000, 1101 гэсэн шатлалтайгаар сар бүр нэмэгдүүлсэн. “Монгол цэргийн өдөр”-өөр 1101 эргэсэн нь орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ойд зориулсан бэлэг л дээ.

-Танд үүнээс цааш эргэх боломж байсан уу?

-Байсан. Багш нар ойдоо зориулж байгаа учраас 1101 хүргэхэд л болно гэсэн. Харин одоо бол би гиннесийн амжилтад бүртгүүлэх эргэлтээ гүйцэтгэнэ. Зэвсэгт хүчний Жанжин штабаас гиннесийн амжилтад бүртгүүлэх тухай албан бичиг илгээхээр ажиллаж байна. Албан бичгийн дагуу эргэлтийг хэрхэн гүйцэтгэх тухай стандарт, заавар, дүрэм ирнэ. Тэр дүрмийнх нь дагуу эргэж, албан ёсоор бүртгүүлнэ гэсэн үг. Бэлтгэлээ бол таслахгүй байгаа.

-Гиннесийн амжилт 1001 байх аа?

-Тийм ээ, Армений тамирчин 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1001 эргэж, амжилтаа бүртгүүлсэн. Тэрнээс хойш эвдэгдээгүй байгаа.

-Тасралтгүй эргэх нь бие бялдрын бэлтгэжилтээс гадна сэтгэл зүйн тогтвортой байдал их чухал нөлөө үзүүлэх үү?

-Сонс эргэлтээр анхлан хичээллэхэд толгой эргэнэ. Хичээллэх тусам энэ нь багасч, одоо бол юу ч мэдэрдэггүй. Гар л бага зэрэг хөшнө дөө.

-Та сонс эргэлтээс гадна хэт холын марафон гүйлтээр хичээллэдэг, бүр энэ амжилтаараа Олон улсын хэмжээний мастер цолоо хүртсэн ...

-Ерөнхий боловсролын сургуулийн сурагч байхдаа гүйж харайдаг байсан л даа. Энэ спортоор хичээллэх эхний шалтгаан цэргийн алба хаагч болсонд байгаа юм. Ялангуяа, Зэвсэгт хүчний 327 дугаар анги нь өөрөө Монгол Улсын хэт холын марафон гүйлтийн амжилтуудыг хэд хэдэн төрөлд эвдсэн шилдэг тамирчидтай. Цэргийн ах, эгч нарын нөлөө байсан, өөрийн хүсэл тэмүүлэл ч байсан. 2015 онд энэ төрлөөр идэвхтэй хичээллэж, 2017 оноос уралдаан тэмцээнүүдэд оролцсон эхэлсэн. 2018, 2019 онуудад “Багахангай” хэт холын марафон гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд мөнгө, 2018 онд “Мэнэн-Матад” 225 километрийн олон улсын олон өдрийн гүйлтийн тэмцээнд мөнгө, тэр ондоо дахиад 24 цагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртэж, үргэлжлүүлэн Тайванд болсон уралдаанд багаараа 4 дүгээр байр эзэлж, 24 цагт 203 км туулсан амжилтаараа Олон улсын хэмжээний мастерийн болзлоо хангасан. 2018 ондоо Монголын хэт холын марафон гүйлтийн шилдэг тамирчнаар шалгарсан, одоо ч гэсэн шигшээ багийнх нь тамирчин хэвээрээ. Мөн 2019 онд БНСУ-д зохион байгуулагдсан “Чежү” олон улсын 100 километрийн марафон гүйлтэд 8 цаг 07 минутад туулан тэргүүн байр, залгуулаад БНХАУ-д явагдсан 50 километрийн олон улсын марафон гүйлтийн тэмцээнд Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоож байсан. Одоо бол тэр амжилт маань эвдэгдсэн байна лээ.

Ийнхүү хөөрөлдөж суух зуур түүний дасгалжуулагч бэлтгэлдээ эргэн шамдахыг сануулав. Тэр хичээллэсэн спорт бүртээ эх орон, тив дэлхийд үнэлэгдэх амжилтыг үзүүлж байгаа нь цэргийн хүний тэсвэр, хатуужилтай холбож үзэхээс ч аргагүй мэт. Амжилт бүхний ард багш, дасгалжуулагч, анги, хамт олон, гэр бүл нь байдгийг тодотгож, амласан ёсоороо “Монгол цэрэг удахгүй албан ёсоор гиннесийн амжилтад бүртгүүлнэ ээ” хэмээсээр бэлтгэлдээ ч шамдлаа.

Хөгжлийн банкны асуудлаар Улсын Ерөнхий прокурорт шаардлага хүргүүлнэ
Хөгжлийн банкны асуудлаар Улсын Ерөнхий прокурорт шаардлага хүргүүлнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.