Монгол Улсын Батлан хамгаалах яам дэлхийн 40 орчим оронтой цэргийн дипломат харилцаатай ажилладгийн дотор мөнхийн хоёр хөрш ОХУ, БНХАУ болон АНУ, ХБНГУ, БНСУ, БНЭУ, БНТУ, БНФУ, Канад, Япон, Катар зэрэг гуравдагч хөрш орнуудтай хамтарсан сургалт дадлага, цэргийн боловсрол зэрэг өргөн агуулгын хүрээнд хамтран ажиллаж байна.
Энэ жил гэхэд БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армитай “Талын түнш-2024” хээрийн сургууль, ОХУ-ын Зэвсэгт хүчинтэй “Сэлэнгэ-2024” хээрийн сургууль, АНУ-ын Зэвсэгт хүчинтэй “Зэв-2024” хамтарсан дадлага сургалт, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчинтэй “Зам-2024” хамтарсан дадлага сургалтыг тус тус зохион байгуулж байна. Тэр дундаа БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армитай хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургууль 5 дугаар сарын дунд үеэс эхлэн Зэвсэгт хүчний 336 дугаар ангийг түшиглэж, Зэвсэгт хүчний зарим нэгтгэл, ангийн бүрэлдэхүүний дэмжлэгтэйгээр зохион байгуулагдахаар бэлтгэл ажлыг хангажээ.
“Талын түнш-2024” хамтарсан сургууль нь хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан уламжлалт сургуулийн үргэлжлэл бөгөөд 2009 онд БНХАУ-ын нутаг дэвсгэрт “Энхийг сахиулах элч” энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургалтаар эхэлж, 2013 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт “Талын манлайлагч” гамшгийн эсрэг тэмцэх ажиллагааны сургалт, 2015 онд “Анчин бүргэд” терроризмын эсрэг тэмцэх ажиллагааны сургалтаар тус тус явагдаж байсан түүхтэй. Мөн 2021 онд БНХАУ-д зохион байгуулагдсан энхийг дэмжих ажиллагааны “Хамтын хувь заяа-2021” сургалт дадлагад Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 30 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй мотобуудлагын салаа оролцож, харилцан туршлага солилцож байсан юм.
Энэ удаагийн хамтарсан сургуулийн онцлог нь хоёр талаас мотобуудлагын батальоны түвшинд цэрэг, зэвсэг, техник оролцуулж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, цэрэг-техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн байна.
“Талын түнш-2024” хамтарсан хээрийн сургуулийн Монгол талын удирдагчаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр ажиллаж байгаа аж.