Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулга: Өмнө гаргасан уриалгаа дахин сануулж, тайлбарлах шаардлага үүслээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 4 секунд

УИХ-ын хаврын чуулганы нээлт өнөөдөр 12 цагт цахим хэлбэрээр болсон юм. Ерөнхийлөгч Х.Баттулга хаврын чуулганы нээлтийн үеэр үг хэллээ. Тэрбээр "Энэ удаагийн хаврын чуулган нэн төвөгтэй эрсдэл дүүрэн цаг үед нээгдэж байна. Титэмт вирусний цар тахал дэлхийн бараг бүх улс оронд тархаж сая хол давсан хүн энэ өвчнөөр халдварлаж, 60 мянга гаруй иргэн нас бараад байна. Иймээс миний бие саяхан нийт иргэдэдээ хандаж гаргасан уриалгаа та бүхэнд хандан дахин сануулж, тайлбарлах шаардлага үүслээ. Титэмт вирусний халдвар тархалтын улмаас нефтийн үнийн уналт, дэлхийн санхүүгийн зах зээлийн уналтууд дараалж дэлхийн эдийн засагт хямрал нүүрлэжээ. Үйлдвэрлэл үйлчилгээ зогссоноос орлогын хомсдол, ажилгүйдэл, ажлын байрны цомхотгол эрс өсөж, энэ нь ядуурал өлсгөлөнг даллаж байгааг эдийн засагчид анхааруулж, улс орнуудын засгийн газар даяар хямралын давалгааны цохилтыг зөөлрүүлэх, эрсдэл багатай даван туулахад бүхий л хүч чадлаа дайчлах боллоо. 

Саяхан нийт 15 нам, 4 эвсэл аудитын газарт шалгуулахаар мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Тэдгээр мөрийн хөтөлбөрүүдийн зарим заалт нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38.3-т заасан сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглосон зургаан заалтыг илт зөрчсөн байна. Энэ намууд сонгогчдын саналыг тооцоо судалгаагүйгээр ямар ч хамаагүй аргаар татах оролдлого хийж, ард нийтийг басамжилсан, доромжилсон үйлдэл боллоо. Хямрал хаалга тогшиж байхад монголын улс төрийн намууд, улс төрчид сонгогчдоосоо оноо авах уралдаанд орж, сонгуулийн том том дүнтэй мөнгөн амлалтыг хууль зөрчин өгч байгаа нь цаг үеэ мэдрэхгүй байгаагийн шинж юм. Эдийн засаг, санхүүгийн давхар хямралууд нүүрлэсэн нөхцөлд бидэнд зохисгүй амлалтууд биш хямралыг даван туулах бодит хөтөлбөр нэн  шаардлагатай байна.

МХАҮТ-ын судалгаанаас үзэхэд манай улсад одоогоор 10 мянга гаруй хүн ажлын байраа алдаад байна.Тийм учраас МУ-ын ерөнхийлөгчийнхөө хувиас төрөөс хямралыг сөрөх, эрсдэл багатайгаар даван туулах цогц арга хэмжээг яаралтай урьдчилан төлөвлөж хэрэгжүүлэхийг урилсан юм.

Нэн түрүүнд дараах арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна:

Нэг. Юуны өмнө улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах.

Хоёр. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх.

Гурав. Хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрэн гарах үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах дүрэм журам боловсруулах.

Дөрөв. Нийт иргэд, ялангуяа хүүхдийн амьжиргааны түвшинг хэвээр хадгалах, тэтгэх, ажилгүйдлийг бууруулах, түүнээс ирэх цохилтыг зөөлрүүлэх, иргэдээ наад захын хэрэгцээт зүйлсээр тасралтгүй хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах.

Тав. Энэ асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр хэлэлцэж, хямралд бэлтгэж, түүнийг даван туулах эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн цомхон бөгөөд чадварлаг комиссыг (хороо) нэн яаралтай байгуулж, ажлын төлөвлөгөө, хуваарь гаргах.

Зургаа. Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх. Ташрамд дурдахад, энэ бол дарангуйлал огтхон ч биш, зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ юм.

Мөсөн замын эргүүл хийж байсан алба хаагч “Хөвсгөл” нууранд амиа алджээ
Мөсөн замын эргүүл хийж байсан алба хаагч “Хөвсгөл” нууранд амиа алджээ
 
Хүйтний эрч чангарч галлагаа ихэссэнтэй холбоотой гал түймрийн эрсдэл нэмэгджээ
Хүйтний эрч чангарч галлагаа ихэссэнтэй холбоотой гал түймрийн эрсдэл нэмэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.