Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НЭГ ДОРООС: Менингококкын вакцины эхний 2 мянган тунг сэжигтэй 8 тохиолдлын хавьтлын 1700 орчим хүнд үнэгүй хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 33 секунд

2025 он гарснаар менингококкт халдварын улмаас гурван настай нэг хүүхэд эндэж, нэг хүүхэд эдгэрч эмнэлгээс гараад байна. Халдварт өвчний нөхцөл байдалтай холбоотойгоор олон нийт вакцины асуудлыг хөндөж эхэлсэн. Гэвч 2023 оноос хойш татан авалт хийгдээгүйгээс манай улсад гаргаад хийчихье гэсэн ч бэлэн вакцин БАЙХГҮЙ байв. Иймдээ ч халдвар цаашид тархах эрсдлийг тооцоолон вакциныг шуурхай татан авах ажлыг эхлүүлсэн талаар албаныхан өгөөд байгаа юм. Тэгвэл вакцинтай холбоотой асуудлын эргэн тойронд гарч буй мэдээллийг нэгтгэн бэлтгэлээ.

-Эхний ээлжинд менингококкийн эсрэг 2000 тун "Нимерикс” вакциныг Пфайзер компаниас худалдан авна-

Бүртгэгдсэн тохиолдлын хавьтлууд болон эрсдэлт бүлгийн хүн амд вакцин хийнэ. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар эл асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд менингококкийн эсрэг ”Нимерикс” вакциныг Пфайзер компаниас худалдан авахаар ажиллаж байгаа юм.

-Менингококкийн эсрэг вакциныг эхний ээлжинд үнэ төлбөргүй хийнэ. Сайн дурын үндсэн дээр хийлгэж байгаа хүмүүст тодорхой хэмжээний төлбөртэй хийнэ-

Вакцины талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаас тодрууллаа.

-Эхний ээлжинд 2 мянган тун вакцин авахаар ажиллаж байгаа юм байна. Цаашид халдварын нөхцөл байдлаас шалтгаалж нэмж авахаар төлөвлөсөн гэх 30 мянган вакцинаа мөн ялгаагүй Пфайзерын вакциныг авах уу?

-Пфайзерын дөрвөн цент вакциныг авч байгаа. Сүүлийн гурван сарын хугацаанд гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ шүү дээ. Цаашид сэжигтэй тохиолдлын тоо нэмэгдэх тохиолдолд бид типээ тогтоолгоод түүнд тохирсон урьдчилан сэргийлэх болон нэмэлт вакцинуудыг захиалдаг. Өвчний хэв шинжээс хамаарч бид ямар төрлийн, хэдэн тун вакцин нэмж захиалахаа шийднэ.

-Нэмэлт захиалгаа хараахан өгөөгүй байгаа гэсэн үг үү?

-Бид БНСУ-аас хариу ирсний дараагаар захиалгаа өгнө.

-Вакцин ирсэн тохиолдолд төлбөртэй хийх үү?

-Эхний ээлжинд үнэ төлбөргүй хийнэ. Сайн дурын үндсэн дээр хийлгэж байгаа хүмүүст тодорхой хэмжээний төлбөрийг тавина.

-Вакцин байхгүй ч халдварын эхэн үед илэрч буй шинж тэмдгээс хамаарч ямар эмчилгээ хийж байгаа вэ?

-Цахилгаан менингит гэх өвчин бол цаг алдаж болдоггүй өвчин. Халдвар авснаас 12-24 цагийн хугацаанд хүүхдийн тавилан шийдэгддэг. Хамгийн анхны шинж тэмдэг илэрснээс зургаан цагийн хугацаанд бие дээгүүр нь тууралт үүсдэг. Тууралт нь өөрөө онцлогтой. Цацраг хэлбэрийн тууралт үүсдэг. Улаанбурхан, улаанууд зэрэг бусад өвчлөлийн үед тууралт дээр нь дарж үзэхэд арилаад, цайрдаг. Харин энэ өвчлөлийн үед цайрахгүй, арилахгүй. Тиймээс бид маш яаралтайгаар хими эмчилгээг эхлүүлдэг. Тухайн тохиолдлын хавьтагч нарт нь антибиотекийг өндөр тунгаар тарьж, урьдчилан сэргийлдэг.

-Сэжигтэй тохиолдлуудаас авч буй шинжилгээний хариу буруу гарна гэж байх уу?

-Бид шинжлэх ухааны үндэслэлээр тогтоож байгаа учраас хариу буруу гарах боломжгүй. PCR болон бусад нуруу нугаснаас нь авсан шинжилгээгээр нягталж байж тогтоож байгаа. Бүртгэгдсэн сэжигтэй гурван тохиолдлын хувьд, Баянгол дүүрэгт гарсан тохиолдол биш гэдэг нь батлагдсан. Одоогоор Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн хүүхдийн хариу өнөөдөр орой гарна.

-Цаашид халдвар нэмэгдэх тооцоолол бий юу. Нэмэгдэх тохиолдолд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимд шилжүүлэх гэх мэт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах уу?

-Бүх насны хүмүүс халдвар авах эрсдэлтэй. Гэхдээ ихэнх тохиолдол буюу 80 хувьд нь 0-4 насны хүүхдүүд өвдөж байгаа юм. Өвчилсөн хүүхдүүдийг харахад, ихэнх нь гэрээсээ буюу том хүмүүсээс авсан нь 70 хувьтай, сургуулиас 8 хувь, цэцэрлэгээс 14 хувьтай авсан байх жишээтэй. Тэгэхээр энэ халдварын нөхцөлд том хүн тээгч болж байгаа юм. Улмаар биеийн эсэргүүцэл багатай 0-4 насны хүүхдүүд тусах эрсдэл нь өндөр байгаа. Өнөөдрийн байдлаар ДЭМБ-аас болон УОК, ЭМЯ-наас сургууль цэцэрлэгийг хаах болон нийтийн хөл хорио тогтоох асуудал яригдаагүй.

-Ямар нөхцөлд хүрвэл энэ талаарх асуудал хөндөгддөг юм бэ?

-ДЭМБ-аас өгсөн зөвлөмж болон шинжилгээний хариу дүгнэлтүүд, УОК-ын шийдвэрээс хамаарч сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох эсэх асуудал яригдана. Гэхдээ үүнтэй холбоотой шийдвэрийг ЭМЯ биш Боловсролын яам л гаргана.

-Вакциныг ХӨСҮТ дээр хийх үү?

-Тийм ээ. ХӨСҮТ дээр нэгдсэн журмаар хийгдэнэ.

-Урьдчилан сэргийлэх үүднээс иргэд юуг анхаарах шаардлагатай байна вэ?

-Тун удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Цагаан сарын үеэр золголттой холбоотойгоор хавьтал үүсгэдэг. Тэгэхээр энэ нөхцөл байдалд иргэд маань өөрсдөө урьдчилан сэргийлэх алхмаа хийх хэрэгтэй. Заавал ч үгүй бүх хүүхдүүдийг аль эсвэл өөрөөс дүү хүмүүсийг үнсэж, илүү ойроос контакт үүсгэдэг байдалд анхаарах хэрэгтэй юм болов уу гэж харж байгаа.

-Вакцины үр нөлөө талаас та мэдээлэл өгөөч. Урьдчилан сэргийлэх нөгөө талдаа эсрэг биет үүсгэх үү?

-Аль аль нь. Вакцинууд бүгд л адил шүү дээ. Урьдчилан сэргийлнэ, тодорхой хэмжээнд өвчлөлийг барина. Эсрэг бие тогтоож өгнө.

-Менингококкт халдварын вакцин нь товлолын дархлаажуулалтад ордоггүй-

1994 оноос таван удаагийн нэмэлт дархлаажуулалт, 2001 оноос сайн дурын дархлаажуулалт хийж эхэлжээ. Нэмэлт дархлаажуулалтад 2-18 насны хүүхдийг хамруулж, хамралтын хувь 90-96 хувьтай байна. Ингэхдээ эл Менингококкийн эсрэг вакцин нь товлолын дархлаажуулалтад багтдаггүй аж.

-Эхний ээлжинд сэжигтэй болон батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 170 орчим хүнд вакциныг хийнэ. Дараагаар сайн дураар хийлгэх хүмүүст хийх эсэх шийдвэр гарна-

Тэгвэл вакциныг ямар төлөвлөлтөөр хийх талаар ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяраас тодруулахад дараах мэдээллийг өгөв. Тэрбээр "Сэжигтэй найман тохиолдолд хийсэн тандалтын хүрээнд 170 орчим хүн байгаа. Цаашид сэжигтэй тохиолдол 15 аль эсвэл 20 орчимд хүрч нэмэгдлээ гэж бодоход 2 мянган вакцин авахад хангалттай юм байна гэж үзэж байгаа. ХӨСҮТ дээр нэгдсэн журмаар, үнэ төлбөргүй хийнэ. Учир нь энэхүү вакцин нь тархвар судлалын заалтаар хийгдэж байгаа вакцин. Сэжигтэй тохиолдол хэр зэрэг нэмэгдэхээс шалтгаалж сайн дурын үндсэн дээр вакцин хийлгэх хүмүүст хийх эсэхээ шийдэх байх. Гол нь одоогоор вакцин татан авах асуудал нь одоогоор яриа хэлэлцээрийн шатанд яваа учраас шууд хэлэхэд хэцүү. Менингококкт өвчний үед том хүнд ч хүүхэдтэй ялгаагүй шинж тэмдэг илэрнэ. Бактерийн халдвар, мэдрэлийн тогтолцоо зэрэг олон эрхтний тогтолцоог хамарч гэмтээж байгаа өвчин шүү дээ" гэлээ.

-Халдвар авсан бага насны хүүхдүүдийн тавилан ердөө 12-24 цагийн дотор л шийдэгддэг учраас цаг алдахгүй байх л чухал-

Менингококкт халдвар нь дөрвөн төрлийн нянгаар үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. 38-42 хэм хүртэл гэнэт өндөр халуурах, халууны эмэнд буухгүй байх, богино хугацаанд дахин өндөр халуурах, бие сулрах, дотор муухайрах, бөөлжих, уур уцаартай хэт цочимхой эсвэл ноомой болох, царай цонхийх зэрэг шинж тэмдэгилэрдэг. Цусархаг тууралт нь өвчин эхэлснээс хойш 12 цагийн дотор гарна. Хэрэв өвчин хүнд явцтай байвал үхжилт тууралт 4-6 цагийн дотор гардаг. Маш богино хугацаанд хүндэрч, эндэгдэлд хүргэдэг байна.

Эмч мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хүндрэх эрсдэлтэй бүлэг хамаатаж буй бага насны хүүхдүүдийн тавилан ердөө 12-24 цагийн дотор л шийдэгддэг тул цаг алдахгүй байх тун чухал аж. Шинж тэмдгийн хувьд томчуудад хүүхдэд илэрч буйтай адил шинж тэмдгүүд илэрнэ.

Нэг ойтой хүүхдийг хутгалж хөнөөсөн 61 настай эрэгтэйг саатуулжээ
Нэг ойтой хүүхдийг хутгалж хөнөөсөн 61 настай эрэгтэйг саатуулжээ
 
Гал түймэрт өртсөн айл өрхүүдэд гэр, дулаан хувцас хэрэглэл бүхий 400 гаруй сая төгрөгийн тусламж үзүүлжээ
Гал түймэрт өртсөн айл өрхүүдэд гэр, дулаан хувцас хэрэглэл бүхий 400 гаруй сая төгрөгийн тусламж үзүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.