![](https://ubn.mn/storage/Gantumur%20Lu/Yariltslaga%20Lkhagviin%20toim/3.jpg)
"NTV" телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд, АН-ын дарга Лу.Гантөмөр оролцлоо. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
--------------------------
-Өнөөдрийн зочны хойморт Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд, АН-ын дарга, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрийг урин оролцуулж байна. Урилга хүлээн авсан танд баярлалаа. Ажил ихтэй байна уу?
- За баярлалаа. Ажил асар их байна даа.
- Өнгөрсөн хугацаанд тантай холбоотой олон зүйлийг асууя гэж бодож байлаа. Өнөөдөр урилгыг минь хүлээж авч, нээлттэй сайхан ярилцахаар зорин ирсэн танд баярлалаа.
-Тийм. Би ч уг нь хэвлэлд нээлттэй хүн гэж боддог. Та хэд дуудвал ирээд л асуултад нь хариулчихдаг.
-Тэгэлгүй яах вэ. Гол асуудалдаа оръё. Ардчилсан намын Улс төрийн зөвлөл даваа гарагт хуралдсан. Хурлаас гарсан зарим шийдвэрүүд нь нам дотроо дүрэм зөрчсөн, эсэх маргаанаар үргэлжиллээ. Шуудхан асуухад УИХ-ын гишүүн асан Н.Ганибалыг намын ЕНБД-аар томилох асуудал ҮБХ-оор орох ёстой байсан юм биш үү?
-Ер нь бид намынхаа дүрмээр л явж байгаа. Дүрмээрээ намын дарга нь ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчийг томилох бүрэн эрхтэй. Тухайн үүрэг гүйцэтгэгчээ Улс төрийн зөвлөлөөрөө батламжлуулах эрх нь ч бий. Энэ эрхийнхээ дагуу л Улс төрийн зөвлөлөөр оруулсан. Ер нь манай Улс төрийн зөвлөлөөр хэд хэдэн асуудал яригдсан. Нэгдүгээрт, Улс төрийн намын тухай хуульд нийцүүлж дүрмийн шинэчлэлээ хийх асуудал. Ялангуяа эмэгтэйчүүдийн оролцоог 30-40 хувьд хүргэх шаардлага байгаа. Үүний хажуугаар нэг мөр намын дүрэм цаашид ямар байх тухай яригдсан. Олон ч комисс, ажлын хэсэг байгуулагдсан байдаг. Тэгэхээр олон жил намынхаа дүрмийг хэрхэн цаг үетэйгээ нийцүүлж хийх вэ гэдэгт ажиллаж байсан хүмүүсээс бүрдсэн дүрмийн ажлын хэсгийг идэвхжүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ хавар Монголын өнцөг булан бүрд байгаа АН-ын гишүүд, дэмжигчдийн дунд Ардчилсан намын дүрмийн хэлэлцүүлэг явна гэж ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт, намын үзэл баримтлал, үнэт зүйлсээс гадна нам бол өөрийн мөрийн хөтөлбөртэй байна гэж улс төрийн намын тухай хуульд байгаа юм. Энэ хүрээнд бид мөрийн хөтөлбөрөө хэлэлцүүлж намаараа батлуулах шаардлагатай. Үүнтэй уялдуулсан дахиад нэг бүлэг ажил эхэлж байна. Энэ ажлыг хавраас эхлэн орон нутаг, суурин газрууд, онлайнаар хэлэлцүүлж санал авахаар төлөвлөж байгаа юм. Ер нь цаашид намын үйл ажиллагаатай холбоотой цахим технологийг нэвтрүүлж, "цахим нам" болж өргөжих асуудал нэлээд хэдэн жилийн өмнөө яригдаж ирсэн ч амжилтад хүрэлгүй явж ирсэн. Тиймээс нам дээрээ мэдээллийн технологийн хэлтэс буюу AI хэлтэс байгуулж, мэргэжлийн технологичдыг цуглуулж, ажлаа базъя гэдэг өвөрмөц шийдэл яригдаж хэлтэс байгуулах шийдвэрийг гаргасан.
Мөн аудитор томилох ёстой. Ер нь намын санхүү ил тод болж байгаа. Шинэ хуулиар улс төрийн намуудын орлого, зарлага бүгд бүртгэгдэнэ. Орон нутгийн намуудын санхүүгийн тайлан бүрхэг явж байсан бол одоо ил болно гэж байгаа юм. Мөн төр санхүүжилтийг юунд зарцуулах вэ гэдэг нь Улс төрийн намын тухай хуулиар тодорхой заасан байдаг. Тиймээс энэ санхүүгийн тайланг тухайн намын аудитор хариуцах хуулийн зохицуулалттай. Үүнийхээ дагуу Улс төрийн зөвлөлийн хурлаараа бид Монгол Улсын Ерөнхий Аудитор хийж байсан А.Зангад гуайг томилох шийдвэрийг хурлаараа гаргалаа.
Эдгээрээс гадна манай нам Шинэ намтай хамтрах ажил өнгөрсөн хугацаанд нэлээд хийгдсэн. Санаж байгаа бол сонгуулийн өмнө нь нэг хамтрах гэж оролдсон. Харамсалтай нь жагсаалтаар нэр дэвшүүлэх хүмүүс дээрээ тохирохгүй байсан асуудлаас болж хойшилсон. Энэ удаад Шинэ намыг Ардчилсан намд нэгтгэх ажлыг эрчимжүүлж, чадвал цагаан сараас өмнө дуусгах чиглэлээр ажлын хэсэг гарсан байгаа. Энэ хүрээндээ Шинэ намын удирдлагуудтайгаа ярилцаж байгаа. Ардчилсан намаас салсан олон нам бий. Тухайн намуудаа чадвал 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуулиас өмнө нэгтгэж авах ажлуудаа хийх ёстой. Хамгийн сүүлд салж гарсан нам маань Шинэ нам байдаг. Тиймээс Шинэ намаа буцааж нэгтгэх ажлын хэсэг гарсан гэсэн үг.
- Хоёулаа танай намын генсекийн томилгоотой холбоотой асуудал руу эргээд оръё. Та сая дүрмээрээ намын дарга санал болгосноор томилуулна гэж хэллээ. Гэхдээ энэ бол танай намын дүрмийн 5.13.1 дэх хэсэгт байх ёстой. Хамгийн сүүлд С.Эрдэнэ даргын батлуулсан дүрэм өнөөдрийг хүртэл хэрэгжээд явж байгаа. Тэгвэл энэ хэсэгт зааснаар намын ЕНБД-ыг томилох асуудлыг ҮБХ-оор оруулж хэлэлцүүлнэ гэж байдаг. Бодлогын хороо руугаа оруулахгүйгээр ингээд томилчихоор юу үүсэх вэ. ҮБХ-ны гишүүд чинь хүртэл хэл ам үүсгээд л байгаа шүү дээ?
-Үндэсний бодлогын хороогоор орно. Асуудал байхгүй. ҮБХ-оор орж санал хураалт явна.
-Гэхдээ ЕНБД-аар баталгаажлаа гэдэг мэдээллээ танайхаас шууд гаргасан шүү дээ?
-Орон нутгийн сонгуулиас өмнө манай хуучин ЕНБД Э.Одбаяр УИХ-ын гишүүн болсонтой холбоотойгоор ажлаа өгсөн. Ажлаа өгөнгүүт энэ орон зай хоосорч таарна. Тиймээс би тухайн үед ямар шийдвэр гаргасан бэ гэхээр манайх өмнөх парламентад 10 гаруй гишүүнтэй байсан. Үүнээс саяын УИХ-ын сонгуульд унасан хүн бол манай Н.Ганибал дарга, А.Адъяасүрэн, Ш.Адьшаа гишүүн нар байгаа. Энэ гишүүдээ харж байгаад сонгосон. Ер нь бидэнд туршлагатай хүн хэрэгтэй байгаа юм. Хэл амтай, айхтар боловсролтой ч гэдэг юм уу, эсвэл мундаг лидер гэхээс илүү намынхаа амьдралыг мэддэг, туршлагатай хүн хэрэгтэй байсан юм.
Н.Ганибал даргын хувьд намдаа их олон жил ажилласан хүн. Сүхбаатар аймгийн АН-ын ХЭГ-ын даргаас өгсүүлээд АН-ын намын байгуулалтын дарга гэх мэтээр олон жил намын ажил хийсэн. Нөгөө талдаа ХХААЯ-нд газрын даргаар олон жил ажилласан туршлагатай. Түүнд улс төрийн ажлын туршлага байна. Дээр нь төрийн албаны туршлага ч Н.Ганибалд байгаа. Энэ утгаараа би өөрөө түүнийг сонгож ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр томилсон юм. Тэр маань өчигдөр Улс төрийн зөвлөлөөр орж хэлэлцүүлсэн. Энэ бол Улс төрийн зөвлөлийн журамд байдаг зүйл. Угтаа ЕНБД, ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч гэж хоёр өөр зүйл. Яг ЕНБД-аар томилох тухай асуудал ҮБХ-оор орж санал хураалт явагдана.
![](https://ubn.mn/storage/Gantumur%20Lu/Yariltslaga%20Lkhagviin%20toim/1.jpg)
-Тийм. Гэтэл танайхаас гаргасан мэдээлэлд Н.Ганибалыг ЕНБД-аар баталгаажууллаа гээд явчихаар нам дотор чинь ч, мэдээлэл авч байгаа бидэнд ч дүрмээ зөрчөөд томилчихлоо гэдэг ойлголт шууд утгаар төрсөн гэж хэлмээр байна. Тэгэхээр таны ярианаас сонсоход албан ёсоор томилоогүй, үүрэг гүйцэтгэгч хэвээр байгаа гэж ойлголоо, зөв үү?
-Үүрэг гүйцэтгэгч хэвээрээ байгаа. Баталгаажууллаа гэдэгт алдаа гарсан байна.
-Нэгэнт намын дүрэм, Улс төрийн намын хууль ярьсных намтай холбоотой зүйлсийг тодруулаад асууя. УИХ-ын сонгуулийн дараа улс төрийн намууд 6 сарын хугацаанд намын дүрмээ шинэчилж батлуулаад УДШ-д хүргүүлсэн байх ёстой. Яагаад улс төрийн намын тухай хуулийн хэрэгжих хугацааг сунгасан бэ гэдгээс эхэлж асууя?
- Улс төрийн намын хуулийг сонгуулийн өмнө баталсан. Ингэж батлахдаа хэрэгжилт нь ер нь сонгууль давах юм байна гэж үзсэн. Ардчилсан намын жишээг хэлэхэд бид дөнгөж эвлэрээд учраа олоод явж байгаа нам. УИХ хуулиа батлахдаа 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжихээр шийдвэрлэсэн. Түүнээс хойш бид сонгуулийн бэлтгэл ажилд маш их хүч гаргасан. Ер нь намын гадна өнчин ишиг үлдээхгүйгээр бүгд нийлээд сонгуульдаа оръё, үгүй бол МАН-ыг дийлэхгүй гэдэг ойлголтыг хүн болгонд өгөх ажил хамгийн чухал нь байсан. Эв нэгдлээ хангаж чадахгүй бол намаас захын нэг хүн гарч ирж нам байгуулаад, УИХ-д 4, 5 суудал л авах юм байна гэж тооцоолж, гаднаа нэг ч хүнээ хаяхгүйгээр сонгуульдаа нэгдэж орох ажлыг хийсэн.
Ингээд сонгууль дууссаны дараа ЗГ байгуулах нь өөрөө 2-3 сарын процесс байдаг. Эхний өдөр Ерөнхий сайд томилогдоод хамтрах шийдвэр гарсан. Энэ хамтарсан Засгийн газар юу хийх вэ гэдгийг эцэслэж гаргаж ирэхийн тулд бараг хоёр сарын ажил болсон. Үүний араас Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажил гарч ирсэн. Хоёр хүн суугаад өөрсдийнхөө бодлыг тулгаад байж болохгүй шүү дээ. Дур зоргоор аашлаад байж болохгүй. Ер нь хамтарсан Засгийн газрын хугацаа алддаг гол асуудал нь энд л байдаг юм билээ.
Би урьд нь засаг байгуулагдахад хажуугаас нь л харж байсан болохоос миний амьдралд энэ анх удаа тохиолдож байгаа зүйл шүү дээ. Яг дотор нь ороод явахаар бид ямар зүйлийг хэрхэн байгуулах гэж байгаа вэ гэдэгт зөрөлдөх тохиолдол бий. Нийцэж байгаа ч зүйл байна. Харин Монголын эрх ашиг хаана вэ гэдэг асуултад очихоор нэгдэж чаддаг. Гэтэл Засгийн газрын хөтөлбөрт арга замын тухай маш олон сонголтууд орж ирдэг. Тэгээд бид УИХ-д ЗГ-ынхаа хөтөлбөрийг оруулж батлуулсан. Нам дээр хийгдэж байгаа ажиллагаа, ЗГ-ын үйл ажиллагаа хоёрын хооронд цагийн хувьд авцалдаагүйгээр хоёр сарыг алдсан. Тийм учраас манай нам дүрмийн өөрчлөлтөө хийж амжаагүй юм. Амжуулъя гэвэл дутуу хагас өөрчлөөд явуулж болох л байсан байх. Өөрөөр хэлбэл тухайн үеийн хуулийн өөрчлөлт орохгүй гэсэн болбол бид хугацаандаа багтааж дүрмийн жижигхэн өөрчлөлтийг ҮБХ-оороо хийж болох байсан. Бидэнд тухайн үед бэлдсэн хувилбар бас байсан. Хуулийн өөрчлөлт гаргаад нам дотроо хэлэлцүүлэг өрнүүлээд улс төрийн намын хуульд нийцсэн хүний нөөцийн бодлого, олон түмний оролцоог гаргасан намын дүрмийг гаргаж ирэхэд хугацаа хэрэгтэй юм байна гэж үзсэн.
-Дүрмээ шинэчилж амжихгүй байсан учраас хугацааг нь хойшлуулсан гэж та хэлэх гээд байх шиг байна?
- Өөрөө ярилцлага эхлэхэд баахан гуншин дуудлаа. Тэргүүн Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд, АН-ын дарга гээд... Тэгэхээр энэ Засгийн газрыг босгож ирэх ажилд хугацаа орж байна. Долоодугаар сарын нэгнээс энэ ажил эхэлсэн. Засгийн газрын үндсэн суурийг, 14 мега төслийг, цаашлаад дөрвөн жилийн зорилтыг хэрхэн хангах вэ гэдэгт маш их мэдээлэл, судалгаа цуглуулж байгаа юм. Үгүй тэгээд ганцаараа хийвэл асуудал алга л даа. Гэтэл харилцан ярилцаж байна. Миний хувьд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн саналыг Ерөнхий сайд руу 7 удаа өгч долоон удаа авсан. Энэ чинь зүгээр нэг гар ноорог биш шүү дээ. Би энд ажлын алба гаргаж ажиллуулаад, Ерөнхий сайд тэнд ЗГХЭГ-аа ажиллуулж хоорондоо ерөнхий саналаа солилцоод явсан. Ингэж явснаар мөрийн хөтөлбөрийн суурь бүрдээд ирэнгүүт хамтарсан намуудын гэрээний асуудал яригдаж эхэлсэн. Үүгээр бид эрчимтэй ажлын төлөвлөгөө гаргах ёстой. Түүний тулд их эр зориг шаардсан алхмуудыг хийх болсон. Хэлэлцээрт их хугацаа алдсан. Үүгээрээ би нэг их тайлбар тавиад байгаа юм биш. Хоёр сонгуулийн ард гарч, дараа нь Засаг байгуулах ажилтай тулгарсан учраас л амжаагүй гэж хэлээд байгаа юм.
-Хуулийг биелүүлэх ёстой бус уу. Хоёрдугаарт, АН өөрөө том нам. УИХ болон ЗГ-ын гишүүн, намын удирдлагын түвшинд мэдээж хүмүүс байна. Гэхдээ цаана нь ажиллаж байгаа институц байгаа шүү дээ. Давхар ажлуудаа зохицуулаад манлайлал үзүүлээд явж болох л байсан. Таныг УИХ-д өмнө нь байхад бүгд л ярьдаг байсан. Монголын улс төрийг цэгцлэх ажлыг намаасаа эхэлье гэж. Тэгчхээд үүнээсээ буцах нь хэр зөв алхам юм бэ?
- Бид буцаагүй. Ухраагүй. Зүгээр л хугацаа алдаж байгаа. Урт хугацаанд сайн зүйл хийхийн тулд хагас жил алдаж байгаа юм.
![](https://ubn.mn/storage/Gantumur%20Lu/Yariltslaga%20Lkhagviin%20toim/5.jpg)
-Таны тайлбарыг ямар байгааг олон нийтэд хүргэхийг хүсэж асуулаа. Улс төрийн хүрээнд Лу.Гантөмөр гэдэг хүн намын их хурлаа хийвэл намын даргаа өгөх гэж байна. Намын хурлаа хийгээд, дүрмийн шинэчлэлээ ҮБХ-гоор ярихаар Ардчилсан нам задрах гээд байна гэсэн яриа гарчихлаа. Та суудлаа хамгаалж үлдэхийн тулд л хийчхэж байгаа юм биш үү?
-Намын ҮБХ хуралдаж Лу.Гантөмөрийг огцруулъя гэдэг шийдвэр гаргахгүй л дээ. Яагаад гэвэл ҮБХ хуралдаад Лу.Гантөмөрийн бүрэн эрхийг сунгалаа гэдэг шийдвэрээ гаргачихсан юм. Энэ нам чинь өөрөө институц. Энэ нам дотор байгаа золбин яриа бол золбин л яриа. Түүнээс биш энэ нам өнөөдөр хурлаа хийсэн ч ямар ч асуудал гарахгүй.
-Засагт байгаа хамтралын гурвын нэг нь хэрвээ энэ хуулийг өөрчлөхгүй бол Лу.Гантөмөр байхгүй болох гээд байсан шүү дээ. Тиймээс бид хэд хамгаалж үлдэх ёстой гэдэг зүйлийг миний ярилцлагаар ярьж байсан?
-Гаднаас золбин яриа амилхаараа л тийм зүйл болж байна л даа. Бид хамтарч байгаа намуудтайгаа улс орны асуудал ярьж байгаа болохоос намын асуудал, хувийн амьдрал ярьдаггүй. Ярих нь угаасаа ч утгагүй. Ордны тамхины цэгийн яриа, янз бүрийн хов жив гарсныг үгүйсгэхгүй. Түүнээс АН хүнээ огцруулах асуудал нэг хоногийн л ажил. Энэ нам тийм чадамжгүй нам биш. Бид тал талаасаа яриад, тухайн цаг үеийн нөхцөл байдлаа дүгнээд сэтгэлгээгээ өөрчилж асуудлыг харахгүй бол Монголын маргааш байхгүй болчихсон юм байна.
Тиймээс жаахан өөрөөр харъя. Нам дамжсан хуваагдал ч байна, дотоод талцал ч байна. Фракцын хуваагдал ч байна. Үүнийг давж харвал яасан юм бэ гэдэг зүйлийг тухайн үед яриад ойлголцчихсон. Түүн дотор мунгинасан хүмүүс бий. Орон нутгийн сонгуульд амжилт гаргасангүй одоо яах вэ гэсэн хүмүүс бий. Богино хугацаанд сэтгэлээсээ юманд ханддаг хүмүүс олон л доо. Гэтэл бид аливаа асуудалд сэтгэл хөдлөлөөр хандахаар алдаа гараад байгаа юм. Тухайн үед нэлээн ухаан зарж гаргасан шийдвэр. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхэд ямар ухаан зарсан, яг тэр ухааныг бид гаргаж чадсан. Хэн ч сууж бодоод жаахан ухаан гарахад бид урагшаа алхая л гэж бодно. Түүнээс биш жижиг хов жив бол байгаа шүү дээ.
-Жижиг хов гэхээс илүү бодитой зүйл мэт улс төр ажиглагдаад байна л даа. Хоёрдугаарт, Хэрэв Лу.Гантөмөр гэдэг хүн намын хурлаа хийгээд огцорлоо гэхэд Хамтарсан ЗГ чинь өөрөө байхгүй болчих гээд байсан юм биш үү?
- Мэдэхгүй. Бид юмыг бохироор тааварлах ямар ч шаардлагагүй. Би огцорсон ч Хамтарсан Засгийн газрын талд байна. Үүнд хэн ч айж болгоомжлох хэрэггүй. Бодож бодож бодын шийр дөрөв гэдэг шиг бид бодож байж улс орноо аврах шийдвэр гаргасан.Энэ бол хамтарсан ЗГ байсан. Бид улсаа аврах хэрэгтэй. Аврахгүй бол энэ улс засаглалын хувьд дарангуйлал руу явна. Баталгаатай явна. Нийгмийн хувьд Монголчуудын эрх чөлөө алга болно. Үүнийг сөрөх ухаан л биднээс шаардсан учраас алхсан юм. Түүнээс биш Лу.Гантөмөр гэдэг хувь хүнтэй хувь заяагаа холбочихсон засаг, нам гэдэг ойлголт байхгүй. Улсаа бодох юм бол миний намын дарга болохдоо л сонгосон зам. Би энэ улсыг ядуурлаас гаргахын тулд, түгжрэлгүй болгохын тулд, утаагүй болгохын тулд намын дарга болсон. Би өөрийнхөө хүсэж байсан зүйлийнхээ араас алхам тутам хичээж байгаа.
-Намын дарга болохдоо л Засагт хамтарна гэж бодож байсан гэсэн үг үү?
- Үгүй л дээ. Хамтрал өөрөө миний намын дарга болох үеийн улс орныг өөрчлөх мөрөөдлийн нэг л хэсэг шүү дээ. Ойлгож байна уу. Би хэрвээ мөрөөдлөө биелүүлэхийн тулд хэн нэгэнтэй эвсэж нэгдэх боломж байвал эвсэж нэгдэнэ л гэсэн үг. Гадуур намайг дарга болж найман сайдын квот авахын төлөө Засагт хамтарсан байх гэж ярьцгаадаг. Харамсалтай нь Ардчилсан нам зүгээр суугаад популизм хийснээр энэ улс орон хожихгүй. Би ч хожихгүй. Магадгүй би өөрөө өөрийгөө хуурсан сайхан нэртэй л үлдэх байх. 20 жилийн дараа би юу гэж ярих вэ. Монголыг би утаатай нь, ядууралтай нь үлдээсэн юм гэж ярих хэрэг үү. Тийм бол надад улс төрд байх ямар шаардлага байгаа юм бэ. Тиймээс би улс төрчийн хувьд хийж өөрчлөхийн төлөө л тэмцэж байна.
-Яах вэ, хэн нэгэн дайраад ярихад тийм ч юм болов уу гэж ойлгох хүмүүс бий. Зарим нь намайг нэг магтчихаасай гэж боддог л байх.
-Засгийн газарт хамтарсан хамтралд тантай ижил байр суурьтай байгаа. Өнгөрсөн хугацаанд бид бүхний гаргасан хамгийн том алдаа бол дотоодын улс төр. Бие биедээ дэгээ тавьж зогсоодог. МАН дангаараа асуудлыг шийдэх гээд байна гэдэг өнцгөөр ханддаг. АН бас асуудлыг өөрийнхөөрөө шийдэх гэж байна гэж ханддаг. Эдгээр нь хамгийн том алдаа байж ирсэн. Тэгвэл өнөөдөр яг таны хүссэн хамтрал байж чадаж байгаа юу. Үр дүнгээ өгч чадаж байгаа юу?
-Би үр дүн гарахаар л хэлнэ. Гэхдээ эхний байдлаар үр дүн гарсан. Нуулгүй хэлэхэд Эрдэнэбүрэнгийн ЦС-ийг хөдөлгөж чадлаа. Эгийн гол дээр хайгуулаа хийгээд учраа олж байна. Уран олборлолт олон жилийн ярианы сэдэв болох байх. Техник, технологи, том төслүүдээ хөдөлгөлөө. Дээр нь хил холболтын асуудлаа хийж байна. Хил холболтын асуудал шийдэгдвэл Монголын эдийн засаг айх аюулаас аврагдана. Ураны олборлолт хийснээр Монголчуудын ядуурал 50 хувиар буурна. Хэрэв хамтраагүй бол Газрын тосны үйлдвэрийн төсөл явахгүй байх байсан.
Гэтэл шийдвэрээ гаргачихсан. Энэ бол 7 дахь төсөл. Араас нь энэ зунаас өмнө зэс боловсруулах үйлдвэрийн асуудал шийдэгдэнэ. Эрчим хүчний төслүүд шийдэгдэнэ. Гангийн үйлдвэрийн төслийг ондоо багтаагаад шийдчихмээр байна. Ингэж байж бид ажилтай, орлоготой болж, эдийн засгаа төрөлжүүлнэ гэсэн ерөнхий том зураг руугаа ойртоно.
-Та эхний үр дүнгүүд гарч эхэлсэн гэж хэллээ зөв үү?
- Би саяхан Азийн хөгжлийн банкны Зүүн бүсийн захиралтай уулзсан. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд бид юу хийсэн бэ гэдгээ ярьсан. Цаг гаран ярьсан. Нөхөр бүгдийг нь сонсож байснаа бид ер нь маш их итгэлтэй байгаа. Олон жил Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж явсан донор орнуудыг өдрөөс өдөрт татаж байна гэж хэлж байна лээ. Энэ бол албан ёсны уулзалт учраас протоколтой зүйл.
-Мэдээж таны хэлсэн шийдлүүд явсан. Бид бүхэн үр дүн гарах байх гэж найдаж байгаа. Гэвч нөгөө талд жагсаал боллоо. Одоо дахиад ч жагсаалын асуудал яригдаж эхэлсэн. ЗГ байгуулагдаад хагас жил болсон байна. Энэ хугацаанд Засгийн газар огцор гэдэг утга агуулгаар болж байгаа жагсаалыг та юу гэж дүгнэж байна вэ?
- Монголын зовлонгоос ангжирах, мөрөөдлийнхөө төлөө явдаг улс төрийн хүч мөнхөд байна. Монголын жижиг эдийн засаг дээр бүжиглээд аз жаргалтай амьдардаг хэсэг бүлэг ч байна. Энэ бол баталгаатай.
-Яг ямар бүлэглэл байгаад түүнийг нь хэн толгойлоод байгаа юм бэ?
-Би ёс суртахуунгүй аашилмааргүй байна. Ер нь тийм бүлэглэл бий.
![](https://ubn.mn/storage/Gantumur%20Lu/Yariltslaga%20Lkhagviin%20toim/4.jpg)
-Улс төрчид иргэд бид нараар таавар таалгаад яваад баймааргүй л байх юм. Асуудлыг та шууд хэл л дээ?
-Тааварлуулаад байх зүйлгүй. Баялгийн хойноос зодолдож байгаа олигархууд олон байна шүү. Тэр хүмүүсийн хувьд энэ том интеграцид орохоор хэтэрхий олон тоглогчид гарч ирээд өөрсдийн нь баталгаатай халуун суудал алдагдах магадлал өндөр болж ирж байгаа юм. Энд нэг бүлэглэл байна. Хоёрдугаарт, парламентын засаглалыг хүчгүйдүүлэх гэсэн оролдлого байна. Ерөнхийлөгчийн засаглалыг хүсдэг бүлэглэл байна. Хоёр талын захиалга ч байна.
-Тэр захиалгыг нь хэн хэрэгжүүлээд байна. Таны ярианаас харахад жагсаал цуглааныг цаанаа зорилготой гэж дүгнэх гээд байна шүү дээ?
- Жагсаал цуглаан болно. Утаа байгаа юм чинь жагсах л ёстой. Натуралаараа явж байгаа жагсаал бол асуудалгүй. Утаа асуудал болж байна. Бизнес хийе гэхээр болохгүй байна. Юу руу хөрөнгө оруулалт хийхээ мэдэхгүй байна. Энэ шалтгаанаар жагсах нь байх л зүйл. Нөгөө талд сошиал орчинд ямар хүмүүс ямар захиалгаар бичдэг билээ гэдгийг чи бид мэднэ. Твиттер дээр бичдэг хүний нэг сарын ханш 2 сая төгрөг болчихсон байна. Чи нэг PR-ын ажил авах болбол аяндаа мэддэг болно. Хэчнээн хүмүүсийн өмнөөс тэгж жиргэдгийг бид мэдэхгүй. Юмыг сэвдэг том группүүдтэй байна. Энэ ажиллагаагаар сошиал дээр юмыг хэтэрхий дэвэргэж хурцатгадаг байдлын ард заавал нэг санаархал нуугдаж байдаг. Энэ санаархал хоёр зүйлээс үүдэлтэй. Нэг нь засаглал. Харж л байгаарай. Удахгүй засаглалын тухай ярьж эхэлнэ гэдгийг баттай хэлье. Тухайн үед нь чи надаас асуугаарай. Яагаад гэвэл парламентын засаглал Монголыг хөгжүүлчих юм байна гэдэгт адгаж байгаа юм. Талцалд дурладаг хэсэг байж суух газраа олж ядаж байгаа. Эвлэл, нэгдэл гэдэг зүйлийг бүр үзэн яддаг амьдралтай хүмүүс хүртэл байна.
-Саяын болсон жагсаалыг та органик байж чадсан гэж бодож байна уу, эсвэл төлбөртэй гэж хардаж байгаа юу. Эндээс ер нь Засгийн газарт алдаа байвал түүнийгээ олж харж чадаж байгаа юу гэж л асуугаад байгаа юм?
- Би бол ойлгож байгаа. Жагсаалын хамгийн гол агуулга нь бизнесийн орчин эрүүл бус байгаад, утааны асуудал эргэлзээ дагуулж байгаад, орон сууцжуулах төсөл бүтнээрээ харагдахгүй байна. Түгжрэлийн шийдлийг бидний нүдэнд бодитоор тавьж харуулахгүй байна гэдэг шаардлага. Нөгөө талд эрчим хүчний үнэ өсчихлөө гэж шүүмжилж байгаа. Тухайн үеийн шаардлагуудыг ЗГ бүгдийг нь л хүлээж авсан. Зах дээр бүтээгдэхүүн алга. Хөрөнгө оруулалтын орчин байхгүй байна. Энэ мэт болж бүтэхгүй байгаа зүйлс олон байгаа. Миний хувьд гэнэт өргөс авчихсан мэт болгоно гэж хэлж чадахгүй. Холын зургаа харж л ярина. Нэгдүгээрт, эдийн засгаа айх айдасгүй болгох явдал. Нөгөө талдаа гадны хөрөнгө оруулалтыг мэдэрч, ойлголцож хамтарч ажилладаг болох нь чухал. Засаглалаа ил тод болгох ёстой. Дунд шатны нөхдүүдийн авлига авдаг асуудал байж л байгаа. ЭМДС-аас мөнгө хулгайлсан хүмүүс сая баригдлаа. Сүхбаатар дүүргийн эмнэлгийн төсвөөс хулгай хийж байсан хүн баригдлаа. Хотын барилга барих зөвшөөрөл олгох дээр байсан хүмүүс баригдлаа. Харин одоо ЗГ эдгээрийг зогсоох аргаа заавал хэрэгжүүлэх ёстой.
Жишээ нь, миний зүтгүүлж байгаа хамгийн чухал санаа бол худалдан авах ажиллагааг бүгдийг нь онлайн болгох. 2028 он гэхэд худалдан авалт хиймэл оюун ухаан руу шилжих ёстой. Лиценз болоод бусад зүйлс блокчэйн рүү орох хэрэгтэй. Ер нь энэ авлигыг л цэгцлэхгүй бол хүн хэчнээн аз жаргалтай байсан ч жагсана. Хэдийгээр органик, органик бус жагсаалууд яваад байгаа гэх ч цаана нь том ашиг сонирхол явж байгааг үгүйсгэх аргагүй.
-Таны хувьд асуудлыг шийдэх шийдлээ өмнө нь ярьж байсан шиг засагт хэрэгжүүлэх гээд зориод л яваа байх. Танай ЗГ болон УИХ-ын түвшинд ойрын хугацаанд хамгийн том улс төр болох сэдэв төмөр замын хил холболтын асуудал байна. Та ч түрүүн яриандаа хил холболтыг дургүйцсэн хүмүүс гадна дотны эрх ашгийг хамгаалаад явж байгаа гэж хэллээ. Төмөр замын хил холболтын асуудал ер нь яаж шийдэгдэхээр байна. Уг нь УИХ тогтоол батлаад ЗГ-т эрхийг нь өгсөн атал дахиад л дотроо маргаад эхэлсэн. Үүний цаана мөнөөх л нүүрсний дайн дахиж явах юм биш биз?
-Тийм. Нүүрсчид үүнийг дургүйцнэ. Тэр Баяннуурын ченжүүд бас дургүйцнэ. Тэдэнтэй нийлсэн хэсэг тээврийнхэн дургүйцнэ. Томоор харвал тэр хүмүүс байнгын ажилтай л байна. Асуудлыг ерөөс яаж харахаас шалтгаална. Тэр хүмүүс адгаад, тодорхой мэдээлэлд халтираад гараад явчихлаа л гэж би харж байгаа. Хил холболт гэдгийгээ яг бүрэн ойлгож байгаа юу гэдэг асуудал байгаа. Хил холболт гэдэг бол маш том терминалын асуудлыг л хэлээд байгаа юм. Гол зүйл нь 4-5 терминалын тухай ярьж байгаа. Гэтэл Хятадын засгийн газраас танайх 10 жилийн өмнө амласан юмаа хэрэгжүүлж дуусгахыг шаардаж байна. Түүний дараа терминал барих асуудлыг чин зөвшөөрье. Үгүй тохиолдолд танай Засгийн газарт итгэхгүй гэж хэлж байгаа юм. Юунд болгоомжил байна вэ гэхээр айлын тал манайхаас эхний 2, 3 жил нүүрс тогтмол аваад хэвшье. Гэтэл хэсэг хугацааны дараа нүүрсээ өгөхөө больчихвол яах вэ гэдэг асуудалд болгоомжилж байна.
-Сая Доналд Трамп дахин сонгогдож гарч ирээд импортын татвараа 25 хувь болгоод нэмчихлээ. Үүнээс болж олон жил хөрөнгө оруулалт хийж үйлдвэрлэл барьсан Канад, Мексик хоёр хямарч байна шүү дээ. Нөгөө талд нийлүүлж байгаа тал больчихвол бас яах вэ гэдэгтэй адилхан асуудал. Тиймээс Хятадын талаас эхний яриагаа дуусгая л гэж байгаа юм. Түүнээс биш ард нь ямар нэгэн хуйвалдаан байхгүй. ТЕГ, ЦЕГ гээд хуулийнхнаас баг бүрэлдэхүүн оруулаад маш цэвэр байдлаар хоёр улсын ЗГ хоорондын хэлэлцээрийг хийж байгаа.
-Төмөр зам болоод нүүрсийг ачиж буулгах терминалыг барих ажлын цаана Хятадын талын эрх ашгийг нэмэгдүүлээд байна. Нэг, хоёр ордыг тус компанид өгч байж нөөцийг нэмэгдүүлэх асуудал яригдаад байна. Хоёрдугаарт, УИХ-аас баталж өгсөн тогтоолоос давсан зүйлсийг гэрээнд тусгачихлаа гээд л яригдаж байна. ЗГ үнэхээр ийм зүйл хийсэн юм уу?
- Хил холболттой холбоотой хоёр шийдвэр байгаа. Сонгуулийн өмнө баталсан УИХ-ын нэг тогтоол бий. Тэр тогтоолоор компани хоорондын гэрээ хийх тухай чиглэл өгсөн. Дараагийнх нь ЗГ хоорондын хэлэлцээр хийх, чиглэл өгөх тухай тогтоол байгаа. Энэ тогтоолуудыг давсан хэлэлцээр хийгдэхгүй.
-Тогтоолоос давсан зүйлсийг гэрээнд тусгасан байна гэж яриад байгаа хүмүүс нь өөрсдөө худлаа хэлж байна гэсэн үг үү. Үүн дээр MCS дургүйцээд байгаа юм биш үү?
- Тогтоолоос давсан эрх хэмжээг гэрээнд огт тусгаагүй гэдгийг баттай хэлэх байна. MCS компанийн бизнест харших зүйл огт байхгүй. Харин саяын гардаг дургүйцэл бол нарийн цариг, өргөн царигийн маргааны л үргэлжлэл явж байгаа болов уу гэж би бодож байна. Хэн ч гэсэн цээжний бангаар ийм хэмжээний ам.доллар болох байсан юм гэж ярьж чадна.
-Терминал барихаар нэмж зардал гарч таарна. Уг нь зардал гаргахгүйгээр хоёр цариг хоорондоо уулзаад зөвхөн шилжүүлэгтэй холбоотой зүйл байсан. Манай талаас алдагдлаа яаж анхаарах юм. 18.5 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласан байна гэж яриад байгаа шүү дээ. Холболтоо хийчихлээ, бүх зүйлээ мартъя гээд явах юм уу?
- 18.5 тэрбум ам.долларын алдагдал гарсан гэдгийг бас хэн нь ч мэдээд байгаа юм.
-Танай танхимын гишүүн, намын чинь ч гишүүн Ц.Туваан сайд тэгж хэлсэн. Бүхэл бүтэн яамны тооцооллыг та хараагүй гэж үү?
-Би тийм бүдүүлэг тооцоо хэзээ ч хийгүй. Жишээ нь, Монгол Улс шинжлэх ухаан нэвтрүүлсэн бол хэдэн триллион ам.доллар олох ёстой байсан шүү дээ. Үүнийгээ хийж чадаагүй хариуцлагыг тэгвэл хэнтэй ярих юм. Ийм балай юм бид ярьж болохгүй. Монголд 20-30 жилийн өмнө шинжлэх ухааны парк байгуулчихсан байсан бол өдийд энэ улс тасарчихсан байгаа шүү дээ.
Монгол Улсыг эдийн засгийн чөлөөт бүс гээд зарлачихсан байсан бол өдийд энэ улс диваажин болчихсон байх байхсан.
-Таны харьцуулж байгаа хоёр жишээ бол энэ агуулгаас өөр шүү дээ, Лу.Гантөмөр дарга аа?
-Цаад хүний ярьж байгаа зүйл нь тавьчихсан замынхөө өртгийг ярьж байгаа жишээ байхгүй юу. Тэгэхээр бид нар энийг тооцохгүй гэж байгаа юм.
-Тэр тавьсан замаа ингэж холбоё гэсэн яриа тохироотой л байсан юм билээ?
-Тийм тохироо байсан юм билээ. Гэхдээ тухайн үед ямар тархи толгойгоор ажиллана тийм л шийдвэр гардаг. Энд тэнэг, ухаантайгийн ялгаа яригдах болохоос тэгсэн бол ийм байх байсан гэдэг яриа байх ёсгүй.
![](https://ubn.mn/storage/Gantumur%20Lu/Yariltslaga%20Lkhagviin%20toim/2.jpg)
-Тэгвэл та энэ тухайгаа танхимын сайддаа яримаар юм биш үү. Үгүй бол царигийн дараагийн маш том сэдэв болж хувирна биз дээ. Хэрэв тэр мөнгө Монголын эдийн засагт орж ирсэн бол 10 тэрбум ам.долларт эргэж байсан манай эдийн засаг юу болох вэ гэдэг төсөөллийг хүн болгон хийж, дахиад л хэрүүл, харамсал болоод дуусах юм биш үү?
-Тийм бүдүүлэг тоо баримт ярьж болохгүй л дээ. Би лав тийм юм ярь гэж хэлээгүй. Ярьсныг нь ч анзаарсангүй.
-Одоо танаас хамтарсан ЗГ-тай холбоотой хэдэн зүйл асууя. Хамтралын гол агуулга, үр ашгийг нь бид ойлгочихсон. Гэхдээ хамтраад явахаар хяналт тэнцэл алдагдах юм биш биз гэдэг эхний нэг асуудал хөндөгдөнө. Хоёрдугаарт, таны сэтгүүлчидтэй хамт хийсэн ярилцлагыг маш сайн санаж байгаа. Төрийн албыг жижиглэж, цомхон бүтэцтэй болгоё гэдэг зүйл ярьж байсан. Дээр нь Ерөнхий сайд томилогдсон хамгийн эхний чуулганд хэлж байсан тэр мэдэгдэл. Т.Доржханд гэдэг хүний чуулган бүр дээр хэлж байсан мэдэгдэл гээд бүгд юун дээр очиж огтлолцдог вэ гэхээр төрийн албыг цомхон болгох. 2020 оноос хойш төрийн алба ямар хэмжээгээр данхайсан бэ гэдгийг бид бүгд сая сонгууль дууссаны дараа төсвөөс харлаа. Зарлага нь төрийн албаны цалин тэтгэвэрт явчихсан. Одоо ч тэр улам л танхайлгаад байгаа юм биш үү?
-Яах вэ, ганц хоёр хүн ажилд орсонтой холбоод байх шиг байгаа юм. Хэрэгцээтэй хүмүүсээ ажилд авна л даа. Хэрэгцээгүй албан тушаал, хэрэгцээгүй хүмүүсээ бол хална. Төрийн албыг цөөлөхөөс өөр аргагүй. Тэгэхийн тулд үр ашгийг нь бүрэн хэмжээгээр тайлбарлах ёстой. Жаахан хугацаа алдаж яваа. Гэхдээ энэ ондоо багтаагаад төрийн албаны шинэчлэлийг хэрхэн хийх тухай бүх загваруудаа гаргаж байна. Ер нь төрийн албыг цомхон болгохгүйгээр Монголын улс төр эрүүл болохгүй. Хэр хэмжээгээр олно тэр хэмжээгээрээ зардаг л улс болж хувирна. Энэ бол аль нэг намын тухай яриа биш. Энэ бол онолын түвшинд төр улсаа хэрхэн цомхон байлгах тухай асуудал. Халагдаж байгаа хүн гомдолгүйгээр ойлгоод гарч явах тэр орчныг л бүрдүүлэх нь чухал. Нөгөө талаасаа энд 10, 20 жил ажилласан хүмүүс гудамжинд гарах болоход яах вэ гэдэг асуудал яригдах ёстой. Энэ хоёрыг зэрэг тохируулна. Үгүй бол нэг гааль, татварын байцаагч, ЭМД-ын ажилтан чөлөөндөө гарахаар яаж амьдрах вэ гэдэг асуудлыг Засгийн газраас нэхнэ. Ийм цомхотгол хийсэн улс орон энэ шилжилтийг хийхдээ яадаг вэ гэхээр нэг талд нь тухайн хүмүүс цаашид хэрхэн бизнес хийж амьдрах тодорхой орчныг нь бэлддэг юм байна лээ.
-Таны ярьж байгаа зүйл зөв санагдаж байгаа. Гэхдээ өнөөдөр нийслэлд менежер гэдэг албан тушаалтан нэмж тавиад, төрийн өмчит компаниуд дээр 2-3 хяналтын менежер гэж томилоод байгаа нь хэр зөв хандлага юм бэ?
-Тэр хүмүүсийн хувьд бүтцэд хяналт хийхээр томилогдож байгаа юм. Өнөөдөр хэдэн сая, тэрбумаар нь үрж байгаа компаниуд дотор Засгийн газрын томилгоо заавал байх хэрэгтэй. Гэхдээ бид төрийн өмчит компаниудыг шинэчлэх шинэлчлэл дээр хоёр зүйлийг хийж байгаа. Хуулиа ч өргөн барьчихсан. Энэ нь бид цаашид уул уурхайн компаниудыг нэгтгэсэн Эрдэнэс Монгол компанийнхаа ирээдүйг хэрхэн зурах тухай асуудал. Нөгөөх нь бусад компаниуд хамаарах Эрчис Монголоо хэрхэн зурах тухай асуудал юм. Энэ хоёрыг яаж олон нийтийнх болгох вэ, яаж хувьцаат компани болгох вэ гэдэг рүү алхана. Алхахын тулд бүтээмжийг нь сайжруулъя гэдэг нэг төлөвлөгөө гаргая. Нөгөөд нь хяналтын нь сайжруулж ил тод байдал бий болгоё гэдэг хоёр даалгавар өгөгдөж байгаа. Ингэж ажиллахаас өөр арга байхгүй.
- Ингээд Засгийн газрын бодлого, яриа хоёр зөрөөд л байгаа юм.
-Зөрж байгаа нь үнэн. Өнөөдрийн бидний алхаж байгаа зарим нэг алхам өөрөө морио хаяад мад тавих нүүдэл хийхгүй бол жишээ нь, 2023 онд гарч байсан цалингийн зардал 2.4 орчим их наяд төгрөг. Тэгэхэд 2024 оны цалингийн зардал 5.6 их наяд төгрөг бараг болсон байх. Үндсэндээ 2.3 дахин өссөн байгаа юм. Энэ байдлаар бид цаашдаа явбал эдийн засаг сайжирлаа ч төрийн албандаа ороогдож сүйрэх юм билээ л дээ.
-Оны өмнө УИХ-д маргаантай төсөв орж ирлээ. 2026 оны улсын төсвийг бэлтгэх цагалбар удахгүй тав юм уу зургаадугаар сар гээд л эхэлнэ. Энэ төсөвт ямар өөрчлөлтийг хийх гэж байна. Яаж төрийн албаа илүү цомхон, зарлага нь бага, илүү үр ашигтай ажиллуулах юм бэ. Хоёрт, бизнес эрхлэгчдэдээ ямар боломжийг олгоод төсвийн данхайсан зарлагыг бууруулах бодлого байна?
-Бодлогоо энэ хавар боловсруулж зарлана. Эхний ойлгомжтой зүйл бол урсгал зардлыг заавал хасна. Судалгааг хүн бүр дээр гаргаж байгаа. Байгууллага бүрт гаргана. Нөгөө талдаа хөрөнгө оруулалт.
2025 оны төсөв дээр та нар анзаарсан бол хөрөнгө оруулалтынхаа тоог эрс цөөлчихсөн. Өргөн барихдаа 32 төслийг л шинээр оруулаад үргэлжилж байгаа 600 гаруй төслөө дуусгая гээд явсан. Харин одоо бол асуудал бүрийг төсвийн мөнгөөр шийдэх гэж оролдохгүй гэж байгаа юм. Үнэхээр улсын эдийн засаг, бүс нутагт ач холбогдолтой зүйл рүүгээ хийнэ. Жишээ нь, нийгмийн хамгааллын төсөл рүү хийнэ. Тэр нь бодитой байх ёстой.
Тиймээс ирэх оны төсвийн төлөвлөлт бодит онцлогтой гарна. Маргаан ч их дагуулах байх. Яагаад гэвэл тойргийн гишүүдийн манай аймаг, сум руу яачхав гэдэг яриа одоо хүртэл дуусаагүй яваа. Ер нь саяын төсвийн маргааны гол цөм нь тойрогт мөнгө тавиагүйгээс үүдсэн. Анзаарч байхад улстөрчид их уран нүүдэг юм билээ л дээ.
Засгийн газар саяын төсвийн шинэчлэлийг цүл пал гээд хийчихсэн юм. Өшөө уран нүүх л байсан юм билээ. Улстөрчид гаргалгаагаа их уран гаргаж ирсэн. Гэхдээ бид төсвийн таналтад ерөөс санаа зовохгүй байгаа.
-2025 оны төсвийн эхний төсөлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг та юу гэж харж байна. ЗГ үр ашиггүй өндөр зардалтай төсөв өргөн барилаа гэж шүүмжилсэн?
-Ямар ч байсан магтах зүйл болоогүй. Төсвийн зарлага багасаж байхад жишээ нь Эдийн засгийн сайд бол баяртай. Яг тоогоороо зардал нь буурч байгаа нь эдийн засгийн сайдын хувьд сайн. Кабинет талаасаа харвал сайн зүйл гэж хэлж болохгүй. Гэлээ гээд яахаа алдчихсан шүү гэсэн утга бас биш юм. Яах вэ, жил бүрийн төсөв дээр гишүүний мөнгө гэж тавьдаг байсан. Тийм учраас ямар ч төсөв хэрүүлгүй батлагддаг байлаа. Одоо бид нэгийгээ хуурч яриад яах вэ. Гэтэл тэр мөнгө нь алга болчихсон учраас жилийн жилд төсөв хэрүүлтэй батлагдана.
-Саяын маргааны үндэс бол эндээс эхлэлтэй байсан гэж хэлээд байна тийм үү?
- Ер нь тэгээд гишүүдийнхээ амыг бариагүй л байхгүй юу. Тэднийг чөлөөтэй сэтгэхийг зөвшөөрч байгаа юм. Нэг өөрчлөлтийг бид дутуу орхисон юм билээ. Үндсэн хуульд зардлын хэмжээг нэмэгдүүлэхгүй, дотор нь хөдөлгөж болно гээд оруулчихсан байгаа. Гэтэл парламентын засаглал хөгжсөн оронд бол ЗГ нь төсвөө өргөн барилаа. Батална, үгүй бол буцаана. Түүнээс биш түүний гэдэс дотроор оролдох эрхийг тэр том кнопын эзэнд өгчихвөл буруу замаар будаа тээнэ. Тиймээс ЗГ нь кнопын эздээ аргалахын тулд тойргуудад нь яг адилхан мөнгө өгөх хэрэг гарна. Тэр мөнгөөр юугаа хийх нь өөрсдийнх нь дур. Энэ байдлыг цаана ЗГ хэл амгүй төсвөө батлуулж чадаж байна гэдэг өнцгөөс харагдуулж байгаа юм.
Энэ жилийн төсөвт тийм зүйл огт ороогүй. Төсвийн ажлын хэсэгт байсан хэдэн гишүүн тойрогтоо мөнгө татах гээд төсөл дотор ганц нэг хөдөлгөөн оруулангуут бөөн хэрүүл болж байгаа биз дээ.
-Төсөв, санхүүтэй холбоотой дараагийн зүйл бол хөрөнгө оруулалт. Ялангуяа танай яамны гол баримталж анхаарах зүйлийн нэг. Хөрөнгө оруулалт 2012 оноос хойш жил дараалан буурч байгаа. Хамгийн сүүлийн дүнг харахад буцаад жаахан өссөн дүнтэй байна. Ер нь гаднаас хөрөнгө оруулалтыг татахад тогтвортой эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд Эдийн засгийн хөгжлийн яам яаж ажиллаж байна. Бид чинь саяхан нэг хууль оруулаад хэлэлцэх болохоор л баахан хятадууд орж ирлээ, газраа өглөө гээд явчхаад байна шүү дээ. Ийм бэрхшээлийг яаж давж гарах вэ?
-Нэг зүйлийг хатуу хэлье. Гадны хөрөнгө оруулалтгүйгээр Монголд шинэ технологи байхгүй. Хөрөнгө оруулалт байхгүйгээр эдийн засаг томрохгүй. Үүнийг Монгол хүн бүр хатуу ойлгох хэрэгтэй. Яг дотоодын жижиг нөөцөөр яваад том гүрнүүдийн хажууд томорсон улс гэж хаана ч байхгүй. Идэгдээд л дуусдаг. Тиймээс гаднын хөрөнгө оруулалт бидэнд шинэ технологи авчирна. Шинэ стандарт, шинэ соёл авчирна. Өрсөлдөх чадвар авчирна. Миний хамгийн сүүлд харж байсан жишээ гэвэл Монгол Японы хөрөнгө оруулалттай эмнэлэг байгуулсан шүү дээ. Тэнд би очиж хэвтэн эмчлүүлсэн. Сайдаасаа буучхаад. Тэндээс би анх удаа эмнэлгийн жишгийг олж харсан. Өнгөрсөн жил сонгуулийн дараа хоёрдугаар эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэнд шинээр тасаг нээхдээ яг нөгөө стандартыг авч хэрэглэсэн байна. Ингэхээр орчин үеийн эмнэлэг гэж юу вэ гэдэг тэр сэтгэлгээ өөрчлөгдөж байгаа юм. Мөн өнөөдөр би хоёрдугаар төрөх эмнэлэгт очиж нээлтийг нь хийж, танилцлаа. Яг л стандартаа барьж эхэлж байна.
-Мэдээж энэ мэт хөрөнгө оруулалтыг татах нь хэрэгтэй. Одоо яг юу төлөвлөж байгаа вэ?
-Яг одоо бол хөрөнгө оруулалтын орчин үнэхээр харанхуй байна. Маш олон хуулиар хаасан байна. 42 хориг байна. Бид хөрөнгө оруулагчдад ээлтэй байдлаараа дэлхийн 170 гаруй орноос 110 гаруйд нь тууж явна.
-Энэ хуулийн өөрчлөлтүүдийг хэзээ оруулж ирэх вэ?
-Маш олон хууль хөндөх шаардлага гарах юм билээ. Жишээлбэл, хөрөнгийн маргааныг шүүх шийдвэрлэх хугацаа нь дунджаар 6.2 жил байна. Уртдаа 15 жил болсон маргаан ч бий. Бүдүүлгээр хэлбэл өмгөөллийн хэсэг нь л завшчихдаг. Тэгээд шүүхийн шийдвэр хэрэгжүүлдэггүй. Засгийн газрын хэрэгжээгүй шийдвэр л гэхэд 10 гаруй байна. Тиймээс энэ байдлуудыг засахын тулд эхний ээлжид гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-аар оруулна. Цаана нь дахиад бараг салбар бүр дээр яах юм бэ гэдэг асуудлаа ярих шаардлагатай болж байна.
-Нөгөө талаас дотоодын ААН-үүдээ дэмжиж, бизнес хийх боломжоор нь хангах нь төрийн нэг үүрэг. Ялангуяа гол бодлогыг танай яам гаргах ёстой гэдэг утгаар ямар бодол танд байна?
-Монголд компани байгуулахад 7 хоног байна. Эхний ээлжид бид яаж гурван хоногт болгож бууруулах вэ гэдэг зүйлээс эхэлнэ. Дараагийн тулгарч байгаа асуудал нь барилгын ямар нэг зөвшөөрөл авъя гэхэд 150-аас дээш хоног хүлээдэг. Энийг яаж 520 хоног руу авчрах вэ гэдэг нэг асуудал. Түүний дараа байгаль орчны үнэлгээ хийлгэхээр болдог дахиад л 100 гаруй хоног, уул уурхайн компани бол бүр 150 гаруй хоног болж сунжирдаг. Эдгээр нь өөрөө бизнес болчихсон. Цайны газар нээхэд хүртэл ийм үнэлгээ гаргана. Цайны газрыг үнэлнэ гэж юу байдаг юм бэ, тийм биз дээ. Эрчим хүчний зөвшөөрөл авахад л 70 хононо. Ингэхээр үнэхээр бүтэхгүй болчихсон байгаа юм. Гэтэл Арабын нэгдсэн Эмират улсад эрчим хүчний зөвшөөрөл авахад хоёрхон хононо.
Тиймээс бид наад зах нь эрчим хүчний хуулиа харна. Барилгын хуулиа янзлах нь. Тэгээд бүртгэлийн хуулиа шинэчилнэ. Зөвшөөрлийн хуулийг бүртгэл болгоно гэсэн чинь манай дунд шатны ноёдууд муйхарлаад эхэлсэн. Ийм олон хууль эрх зүйн орчны тухай яриа учраас энэ хаваржингаа хэлэлцүүлэг хийнэ. Бүх түвшинд байгаа алдааг гаргаж ярина. түүний дараа алийг нь хэн хариуцахыг эзэнжүүлнэ.
Одоо бизнес эрхлэгчдийн хамгийн алдаж байгаа нэг зүйл нь татварын хугацаа алдсан асуудал нь эргээд гэмт хэрэг болж байгаа явдал. Эрүүгийн хэрэг болгодог. Барьж хорьдог. Гэнэтийн шалгалт явуулдаг. Үнэндээ бол гурван жилд нэг удаа шалгуулах ёстой байтал жилд 33 удаа шалгуулсан компани ч байна.
Түүнээс гадна баахан алт, мөнгө гаргасан асуудлаас болоод ФАТФ дээр манайх баларсан шүү дээ. Буцаад сайн жагсаалт руу орохын тулд хөрөнгө санхүүгийн эргэлзээтэй бүх асуудлыг мөнгө угаалт болгочихсон. Яг мөнгө угаалт гэж юуг хэлэх вэ гэхээр зэвсгийн наймааны орлогыг хөдөлгөх. Хүний наймааны орлогыг хөдөлгөх. Хар тамхины наймааны орлогыг хөдөлгөх. Авлигал хээл хахуулийн орлогыг хөдөлгөх байхгүй юу. Одоо би жишээ нь үүнийг хуульчдад захиалга өгөөд ФАТФ руу явуулах гэж байна. Эрүүгийн цагдаатайгаа хамт очиж яръя. Манайх арай хачин юм хийчихжээ гэж яръя гэж бодож байгаа. Үгүй бол бизнесийнхний мөнгө угаах гэдэг хэрэг түгээмэл үзэгдэл болчхоод байгаа юм.
- Өмнөх ЗГ ч тэр, танай ЗГ ч мөн ялгаагүй бизнесийн таатай орчныг бүрдүүлэх ёстой.Тэднийгээ дэмжих ёстой гэж ярьдаг хэр нь үйлдэл дээрээ дандаа хортой зүйлсийг хийгээд байдаг. Яг үүнтэй адилхан нэг зүйл сая маргаан боллоо. Евразийн эдийн засгийн хэлэлцээр гэдэг зүйл орж ирсэн. Үүний цаана татварын хөнгөлөлттэй, том эрэлттэй бараа бүтээгдэхүүнтэй хэрхэн яаж дотоодын ААН-үүд үйлдвэрүүд өрсөлдөх вэ гэдэг асуудал яригдсан. Хоёрт, гурилын нөөцийг бүрдүүлэх нэрээр импортын татварыг тэглэснээс болж дотооддоо ямар асуудалтай тулгарч байгаагаа ЗГ хүлээн зөвшөөрөөд хуулиа буцааж байна. Гуравдугаарт, өмнөх 7 хоногт ЗГ-аас махны экспортыг 6 сараар түр хязгаарлачихлаа. Үүнийг махны үнэ өсөж инфляц нэмэгдэхээс хамгаалж байгаа гэх ч цаагуураа бас л улс төрийн зорилго байгаа байх. Энэ мэтээр танай ЗГ-ын яриа, бодлого хоёр зөрөөд байна шүү дээ. Одоо мах экспортлохоор ярилцсан байсан гадны хөрөнгө оруулалттай хоёр компанийн хоорондын харилцаа юу болж хоцрох вэ. Евразийн эдийн засгийн түр гэрээний хэлэлцээрийн шугамаар тэр айхтар хүчин чадалтай техник, тоног төхөөрөмжөөр зодсон бараа бүтээгдэхтэй дотоодын үйлдвэрлэгчид яаж өрсөлдөх вэ?
-Евразийн эдийн засгийн холбоо гэдэгт Казахстан, Киргиз, ОХУ байгаа юм. Энэ улсуудын зах зээл рүү манайхан бүтээгдэхүүнээ гаргаг л гэж байгаа зүйл юм.
![](https://ubn.mn/storage/Gantumur%20Lu/Yariltslaga%20Lkhagviin%20toim/6.jpg)
-Манайд мах, ноолуураас өөр гаргах зүйл байхгүй болчхоод байна шүү дээ?
- Байгаа. Бид өөрсдөдөө итгэхгүй бол Монголын эдийн засаг томхрогүй. Үүнд хэтэрхий худлаа зүйл явсан шүү. Би ч гэсэн үйлдвэрлэгчдийнхээ талд байгаа. Тийм учраас хугацааг нь хойшлуулсан.Зарим бараа бүтээгдэхүүнээ хасъя гэж ярьсан. Гурван жилийн хугацаанд хэрэгжих түр гэрээ юм билээ л дээ. Нөгөө талдаа манай бараа өөрөө эдийн засгийн хоригт байгаа байхгүй юу. Хоригт байгаа учраас манай хөдөө аж ахуйн салбар тэр чигтээ босож ирдэггүй. Малчдын орлого хэзээ ч сайжирдаггүй. Үндсэн шалтгаан нь аль аль нь эдийн засгийн хоригтой. Энэ хоригийг нээе гэж эхлүүлсэн байдаг юм билээ. Би бол энэ хэсгийг нь дэмжиж байгаа. Харин яавал манайд байгаа оргилуун ундаа айлын зах зээл дээр гарч танигдах вэ гэдэг асуудал маш чухал. Хамгийн хүнд процесс нь энэ.
Үүнтэй адилхан манай зах зээл рүү орж ирээд Монголчуудад танигдана гэдэг бол бас худлаа. Бид өнөөдөр 6 хувийн л татвар авдаг. Айлын тал манайхаас өндөр татвар авах болбол яах вэ гэдэг худалдааны яриа юм. Түүнээс биш үүнийг будилуулъя гэсэн бодол алга.
Нэг зүйлийг хэлмээр байна. Жагсаалыг сайхан сэтгэлээр хийж болно. Гэхдээ Засгийн газрыг туйлбартай алжаа хийх боломжийг нь бас их хулгайлж байна. Махны үнийг та нар өсгөчихлөө гэж Засаг болгоныг айлгадаг хүмүүс байгаад байна. Жагсаад огцруулна гэж дайрдаг. Шалтагладаг. Тиймээс ЗГ улс төрийн том талцлаас болоод шийдэж чадахгүй байсан зүйлсээ шийдтэлээ зарим нэг гажиг нь арилахгүй юм билээ. Нэг үгээр хэлбэл, нийгэмдээ чирэгддэг тэр хэсэг арилахгүй юм билээ. Яагаад гэвэл тэр сошиалын эсэргүүцлийг сэвдэг бригад, ЗГ-ыг зогсоохын тулд түүнийгээ багаж хэрэгслээ болгодог бригад гэж байдаг.
Заримдаа ЗГ үнэхээр улс орноо хохироосон шийдвэр гаргахаас өөр аргагүй. Миний хувьд хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг эрүүл болгоход тууштай явна гэсэн хатуу байр суурьтай байгаа. Мөн төсвийн зардлыг багасгаж хүний нөөцийг цөөрүүлэх төрийн албаны бодлогод тууштай явна.
-Нэвтрүүлгийн маань цаг дуусаж байна. Сүүлийн хоёрхон асуулт байна. Та товчхон хариулаад өгөөрэй. 2028 он хүртэл энэ ЗГ тогтвортой явж чадах уу?
- Чадна. Чадах ч ёстой. Наана нь үүргээ гүйцэтгээд дуусгачихвал ажлаа зогсоож бас болно. Гол нь бидний дэвшүүлж байгаа гол зорилго нэг хүнд ноогдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх явдал. Энэ зорилт биелэгдвэл заавал ЗГ байж байж улс амьдарна гэсэн ойлголт байхгүй шүү дээ.
-2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг юу гэж харж байна. Намын их хурлаа хийвэл таныг л өнхөрч уначих гээд байна гэж яриад байгаа шүү дээ?
-Хэдүүлээ одоо сонгуульгүй хоёр жил амьдаръя л даа. 2025-2026 оныг улс орноо хөгжүүлэхэд цаг заваа заръя. Заавал 2027 оны сонгуулийг яриад өөрсдийгөө ч, улс орноо ч хямраагаад байх шаардлагагүй.
-Эхэлчхээд байна л даа. Танай намаас нэр дэвших магадлалтай хүмүүс яригдаж эхлээд байгаа?
-Нэр дэвшихийг хүсэж байгаа зөндөө хүн бий шүү дээ. Яваад тойрно л биз. ЗГ ажлаа хийе гэж байгаа юм. Сонгуулиас сонгуулийн хооронд амьдарсаар байгаад улс орон тартагтаа тулж байна. Ганц жил ядаж ажил хийе л дээ. Харин намын дүрэм болон хөтөлбөрийг ондоо багтаагаад шийднэ.
-С.Баярцогт дарга ер нь нам дээрээ байгаа юу. Сүүлийн үед их чимээгүй болчих юм. Дэд даргынхаа албан тушаал дээр байгаа юу?
-Албан тушаал дээрээ байгаа.
-Аан за, УИХ-ын сонгуулийн нэр дэвшилттэй холбоотойгоор та хоёрыг бас хоёр тийшээ болчих вуу гэсэн бодол төрж байлаа. 2027 оны улс төрийн нөгөө нам чинь бол зураад эхэлчихсэн л байх шиг байна.
-Худлаа шүү дээ. Яаж зурдаг юм. Тэгэх зав байхгүй. Ер нь бол АН, ХҮН намаас нэр дэвших хүмүүсийг хорлох ажиллагааг эд нар хийж магадгүй. Тэр үед МАН-ын дарга, Ерөнхий сайдаас албан ёсоор шаардлага тавина. Нэр дэвшүүлсэ хүмүүсийг харлуулдаг, хавчих үйлдлийг МАН-аас гаргавал би түүнтэй чандлаараа тэмцэнэ.
-Сая танай нэг гишүүнийг УИХ-д байх уу, үгүй юу гэдэг шийдэл гарчихлаа. Үүнд та яагаад чимээгүй байгаад байгаа юм бэ?
-Шүүх бол бие даасан байгууллага. Ерөнхийлөгчийн засаглал. Ер нь бол тийм биз дээ.
-Томилгоо явж байгаа учраас тэндээс гэж хэлэх гээд байна уу та?
-Ер нь тэгдэг биз дээ. Харин бидний ардчилал руу халдах юм бол бидний энэ сайхан мөрөөдөл үнс болно. Ардчиллаа байхгүй болгочхоод эдийн засаг томорсон ч тэр мөнгө зүгээр л авлигачдын мөнгө болж хувирна.
-Сүүлийн асуултаа асуугаад нэвтрүүлгээ жаргаая. 2027 оны сонгуулийн бэлтгэл ажлыг та бол болоогүй л гэж байх шиг байна. Гэхдээ нэг таамаг байна. Хэрэв намаас тань таныг нэр дэвшээч гэвэл та дэвших үү?
-Энэ бол тоглоом биш. Сонгууль одоо яримааргүй байна. Сонгууль ярих л юм бол бидний бүх ажил нурна. Нэг тэвчээд ажил хийе л дээ. Ялангуяа би яриад эхлэх юм бол энэ улс орны бүх төслүүд гацна. Тийм учраас үнэхээр сонгууль яримааргүй байна. 2027 ондоо л яръя. 2027 оны зургаадугаар сард нэр дэвшигч тодорно. Манайд дэвших хүсэлтэй зөндөө хүмүүс бий. Тэднийг хувийн PR-аа хийхийг нь би боль гэж хэлэхгүй. Маш сайн байна гээд алга ташаад л сууна. Харин хувийн PR нь төрийн үйл хэрэгтэй ирж зөрчилдвөл би нам дээрээ асуудлаа ярина.
-Хоёулаа хэсэг хугацааны дараа ЗГ-ын хэрэгжүүлсэн ажил, дэвшүүлсэн бодлогын талаар эргээд дүгнэж яръя. Таны ажилд амжилт хүсье.
-За амжилт хүсье.
Г.Лхагвадорж
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!