39 настай Х нь малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг байжээ. Х нь 2022 оны долоодугаар сарын 7-ны өдөр Завхан аймгийн Тэс сумын үндэсний баяр наадмын шүдлэн насны морины уралдаанд өөрийн уяж сойсон хүрэн зүсмийн хурдан морийг өөрийн том хүү болох долоон настай М-ээр унуулахаар тохирчээ. Аав хүү хоёр долоодугаар сарын 5-ны өглөө Тэс сум руу гарцгаасан байна.
Товлосон ёсоор уралдаан болсон өдөр шүдлэн насны морьд гараанаас гарахад харамсалтай нь хүү мориноосоо унаж, чирэгдэн гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, суурь ясны шугаман хугарал, аман хүзүүний мултрал, нугас дарагдал, уг гэмтлийн улмаас нас баржээ.
Хүү зүүн талын хөлөөрөө дөрөөндөө чирэгдчихсэн байсан бөгөөд эмнэлэгт хүргэсэн ч шархаа дийлэлгүй нас барсан байна.
М нь мориноосоо салахгүй, мориндоо гишгэгдээд байсан
Талийгаачтай хамт уралдсан хүүгийн мэдүүлэгт "М миний урд морьтойгоо явж байтал буруу талынх нь дөрөө нь мултраад морь нь бүдрэнгүүт урагшаа даваад унасан, гэтэл зүүн талынх нь дөрөөнөөс хөл нь мултрахгүй чирэгдчихсэн. Хойноос нь харахад М мориноосоо салахгүй, мориндоо гишгэгдээд, газарт чирэгдээд байсан тэгэхээр нь би хойноос нь хөөж очоод мориных нь жолооноос барьж аваад зогсоох гэсэн боловч чадаагүй, тэгсэн хойноос чиглүүлэгч машин ирж зогсоод хүмүүс гүйж ирээд М-н унаж явсан морийг барьж аваад М-г мориноос салгаж авах гэсэн боловч дөрөөнөөс хөл нь мултрахгүй лав орчихсон татаж байгаад гутлаас нь хөлийг нь сугалж авсан. Тэгэхээр нь би цааш уралдаанаа үргэлжлүүлээд морьдын хойноос нь давхисан" гэжээ.
Түүний унаж чирэгдсэн газрын орчимд хамгаалалтын малгай харагдахгүй байсан
Өөр нэг гэрчийн мэдүүлгээр "Хүүхэд ноосон өмд, цамц өрөөсөн хөлдөө урт түрийтэй бакалан гуталтай, хамгаалалтын хувцастай, түүний унаж чирэгдсэн газрын орчимд хамгаалалтын малгай харагдахгүй байсан. Түүний духны хэсгийн шарх нь памбалзаж зөөлөрсөн, амьсгал тасалдсан, хоржигнож дуугарсан, амьсгал сонсогдохгүй, зүрхний авиа сонсогдохгүй, захын судсанд пульс ганц нэг сул тэмтрэгдэж байсан" гэжээ.
Уг хэрэгт талийгаачийн аавыг “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS: 6264-2018 стандарт”-ыг хангаж хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсгөөгүй, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Прокурорын газраас Х-д хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох буюу нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх яллах дүгнэлт үйлджээ.
Прокуророос шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна. Учир нь Х-д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэнийг нь хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэхдээ хоёр жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тохиролцжээ. Хэргийг 2024 оны дөрөвдүгээр сарын 18-нд ийн эцэслэсэн байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!