Завхан аймгийн ИТХ-ын төлөөлөгчид өнгөрсөн амралтын өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Хан хужирт" амралтын газар сургалтад хамрагджээ. Тодруулбал, аймгийн ИТХ-ын дарга Б.Санжжав нь төлөөлөгчдөө сургалт оруулахаар Удирдлагын академиас хүмүүс авчирсан байна. Улмаар сургалтын дараа төлөөлөгч нар нь архидан согтуурч, улмаар нэгнийхээ биед халдсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн байдаг.
Эх сурвалжаас авсан мэдээллээр, Завхан аймгийн Улиастай сумын Засаг дарга Ч.Наранбат, Тэлмэн сумын Засаг дарга Э.Төрболд, Нөмрөг сумын Засаг дарга Н.Дашдондов нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдсан байна.
Маргааныг салгахаар Завхан аймгийн Ардчилсан намын дарга Б.Төрмөнх дундуур орж салгах үед нь Улиастай сумын Засаг дарга Ч.Наранбат аягаар нь толгой хэсэгт цохиж, толгойг нь хагалсан аж.
Тиймээс Б.Төрмөнхийн биед учруулсан гэмтлийн зэргийг тодорхойлохоор шүүх эмнэлгийн шинжээч эмч томилогдон ажиллаж байгаа талаар эх сурвалж мэдээлж байна.
Мөн эх сурвалжууд зодооны үеэр 2-3 хүн хөмсгөө сэтлүүлсэн зэргээр биедээ хөнгөн гэмтэл авсныг ч мэдээлж байна.
Уг хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад "Хэргийн талаарх гомдол бүртгэгдсэн" гэх мэдээллийг өгч байгаа юм.
Мөн тэднийг огцруулах эсэх асуудлыг нутгийн иргэдийн зүгээс тавьж эхэлсэн байна.
Сануулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оныг залуучуудыг дэмжих жил болгон зарласан бөгөөд аймаг, сумдын засаг дарга нарын дийлэнх нь шинэ, залуу улстөрчид байна. Тэгвэл төрийн албаны анхан шатны байгууллагад ёс зүйн том алдаа гаргаж, сургалт нэрийн дор архидаж, нэгнийхээ биед зүй бусаар халдсан цөс хөөрүү сумын засаг дарга нарт хэрхэн хариуцлага тооцох нь олны анхаарлыг татаж эхлээд байна.
Сэтгэгдэл (8)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!