СУРВАЛЖИЛГА: ЕБС-ийн сурагч “Хөдөө гэртээ ихэвчлэн гурилтай шөл идэх нь уйтгартай санагддаг. Дотуур байрны хоолоо их санадаг“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 6 секунд

Төв аймагт нам гүмхэн. Хотын элдэв чимээ шуугиан, утаанаас хол болоод ч тэрүү хүмүүс нь ч их тайван. Ихийг хүсээд байдаггүй эндээ л дор бүрнээ хөдөлмөрлөөд уулынхаа нөмөрт нам гүмхэн амьдрах хүсэлтэй. Айхтар хөгжсөн юм алга, бас дордсон ч юм алга. Нутаг орноосоо явах дургүй улс нийслэл хотыг стресстэй гэх шалтгаанаар нэг нүдээрээ ч үзэхгүй.

Тэдний төлөөлөл бол Төв аймгийн Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны ахлах тогооч Д.Нуржаан. Тэрбээр 2005 оноос хойш дээрх дотуур байрны ахлах тогоочоор тасралтгүй 20 дахь жилдээ ажиллаж байна.

Энэ хугацаанд төгсөөд явсан хүүхдүүд эргээд ажиллахаар сургуульдаа ирцгээнэ, эсвэл төгсөгч нарын хүүхдүүд нь сургуульд орохоор дотуур байранд ирэхийг Д.Нуржаан бишгүйдээ л олон харжээ.

Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд өдгөө 6-18 насны 340 хүүхэд суралцаж байна. Үүнээс 168 эмэгтэй, 172 нь эрэгтэй. Ихэнх нь малчин айлын хүүхдүүд. Тэдний сургууль, гэр хоёр нь хамгийн багадаа 10 км-ээс 30 км-ийн зайтай учраас ийнхүү дотуур байранд байхаас өөр аргагүй. Эс бөгөөс хол замд ядарч, зутарна. Харин дотуур байранд тийм зовлон алга. Ердөө тав алхаад сургуульдаа орчихно. Өглөө, бага үд, өдөр, оройны хоол унд нь бэлэн.

Охид, хөвгүүдийн дотуур байр нь хоёр тусдаа байрлана. Тэд хамт хичээллэхээс бусад үед тусдаа байдаг гэнэ.

Дотуур байрны гал тогоонд дөрвөн тогооч, хоёр үйлчлэгч ажилладаг. Тэдний ажил өглөө 06:00 цагаас эхэлнэ. Учир нь 1-12 дугаар ангийн хүүхдүүд өглөөний цайндаа 07:00-07:45 цагийн хооронд, өдрийн хоолондоо 13:30-14:30-д, 18:00-19:00 цагт оройн хоолондоо ордог. Гал тогооныхонд цаг хугацаа хормын төдийд л өнгөрдөг аж.

Уржигдар /2025.02.04/ биднийг 12:00 цагийн үед очиход өдрийн хоолонд юуцайтай шөл, тефтель хийхээр тэд бэлтгэл ажлаа хангаж байв. Оройн хоолонд тасалсан гурилтай шөл хийх гэнэ.

Ахлах тогооч Д.Нуржаан "Хүүхдүүд амттай сайхан хоол байлаа. Тогооч эгч ээ. Баярлалаа" гэж хэлэх нь их гоё. Ер нь урмын үг сонсох хамгийн сайхан байдаг. Хүүхдүүд маань хоолондоо их сайн. 20 жил ажиллах хугацаанд хоолны талаар гомдол лав ирж байгаагүй" гэлээ.

Биднийг ийн ярилцах зуур ханан дээрх хоолны цэс анхаарал татав. Учир нь бага үдийн цайнд мягмар гарагт тараг, пүрэв гарагт зөгийн балтай сүү өгдөг юм байна. Нэг хүүхдэд 250 грамм сүү өгдөг гэв. Үүгээр зогсохгүй таван өдрийн хоолны цэсийг нь харахад түлхүү нарийн ногоо давамгайлах аж.

Үүний учрыг тодруулбал, 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд Засгийн газрын хуралдаанаар дотуур байранд амьдрах хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 2000 төгрөгөөр нэмэгдүүлж 6000-6300 төгрөг болгосон. Өмнө нь энэхүү зардал нь 4000-4300 төгрөгийн хооронд байсан юм. Ийнхүү хоолны зардлыг нэмснээр 2025 оноос эхлэн Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдүүд шим тэжээлээр баялаг нарийн ногоотой хоол, сүү тараг идэх болжээ. Дотуур байрны сурагчдын хоолны зардлыг нэмснээр ийнхүү Төв аймгийн 340 сурагч сүү, тараг ууж, нарийн ногоотой хоол идэж байна. Сүү, таргаа аймгийнхаа аж ахуйн нэгжүүдээс гэрээгээр авчихдаг.

Түүнчлэн өртөг нь бага тусдаг учраас нарийн боовоо тэд өөрсдөө хийдэг. Өдөр бүр 700 ширхгийг хийдэг бөгөөд 240 төгрөгөнд нэг ширхэг нарийн боов гардаг гэнэ. Гаднаас авбал худал ч хүнд бараг үнийг нь нэг нугална шүү гэдгийг ч тэд ярьж байлаа.

Хоолны түүхий эдийн зардлыг 2000 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлсэн. Хүүхдүүдийн өдөрт авах илчлэг, амин дэмийн үзүүлэлт ч нэмэгдсэн

Энэ талаар ахлах тогооч ахлах тогооч Д.Нуржаан ярихдаа "Боловсролын сайд П.Наранбаярын тушаалаар дотуур байранд амьдрах хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 2000 төгрөгөөр нэмэгдүүлж 6000-6300 төгрөг болгосон нь үр дүнгээ өгч эхэлсэн. Хүүхдүүдийн өдөрт авах илчлэг, амин дэмийн үзүүлэлт ч нэмэгдсэн.

Өмнө нь сардаа ганц салат өгдөг байсан бол одоо 7 хоногт хоёр удаа төрөл бүрийн салат өгч байна.

Өмнө нь бол зардалдаа баригдаад нарийн ногоо авч чаддаггүй байлаа. Хоолондоо нарийн ногоо хийгээд эхэлтэл хүүхдүүд эхэндээ их гайхаж байсан. "Юун ногоо вэ" гэж гайхах жишээний. Малчин айлын хүүхдүүд болохоор ч тэр үү зарим нь ногоогоо идэхгүй аягандаа үлдээчихнэ. Одоо бол ногоогоо үлдээдэг хүүхэд ховор доо" гэдгийг онцлов.

Сурагчдын хувьд дотуур байрны хоолондоо тун дуртай. Ямар сайндаа өвлийн амралтаараа гэртээ харьчхаад ирэхдээ хоолоо санаад ирдэг гэнэ. Учир нь хөдөө гэртээ ихэвчлэн гурилтай шөл иддэг нь уйтгартай санагддаг гэдгийг хүүхдүүд хэлж байсан юм. Тэд дотуур байрандаа 12-14 гаруй нэр төрлийн хоол иддэг.

6000-6300 төгрөгөөр шинэчлэн тогтоосноор сурагчдын илчлэгийг 65-70 хувьд хүргэнэ гэж тооцжээ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 450 дугаар тогтоолоор дотуур байрны хүүхдүүдийн хоолны зардлыг 3475 төгрөгөөр тогтоон мөрдөж байсан бөгөөд 2022 онд хийсэн судалгаагаар Боловсрол шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2020 оны норматив батлах тухай тушаалд зааснаар дотуур байранд амьдарч буй хүүхдийн хоол хүнснээс хоногт авбал зохих илчлэгийг бүрэн хангахад шаардагдах норматив зардлыг 2.8-3.5 дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн байжээ.

Засгийн газрын 2022 оны 498 дугаар тогтоолоор ЕБС-ийн дотуур байрны нэг хүүхдийн хоолны зардлыг шинэчлэн батлахдаа бага, дунд, ахлах ангийн суралцагчийн хөгжлийн ялгаатай байдалд үндэслэн хоолны зардлыг 4000-4300 төгрөг байхаар тогтоосон бөгөөд тухайн оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэсэн байна.

Дээрх гурван сайдын хамтарсан тушаалд үндэслэн тооцоход дотуур байранд амьдарч буй хүүхэд хоногт хоол хүнсээр авах ёстой илчлэгийн 45 хувийг хангаж байх тул 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд бага, дунд, ахлах ангийн дотуур байранд амьдарч буй хүүхдийн хоолны зардлыг 6000-6300 төгрөгөөр шинэчлэн тогтоосноор илчлэгийг 65-70 хувьд хүргэнэ гэж тооцжээ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -16 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -16 хэм хүйтэн
 
Сайд Л.Гантөмөрийн саналаар Ж.Батзанданг Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилжээ
Сайд Л.Гантөмөрийн саналаар Ж.Батзанданг Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!