Хөгжим нүргэлж, хүмүүс шуугилдсан зааланд ядарч, төвөгшөөсөн шинжгүй төвлөрч суух энэ буурайг Ш.Ичинхорлоо гэдэг. 75 настай. Жавар тачигнасан өвлийн хүйтэнд хотын төвөөс 2 автобус дамжиж, энд ирдэг шалтгаан нь "Ulaanbaatar Phoenix" клубийн тамирчин, амин хайртай ач охин П.Энххүслэн. 2019 оноос хойш тоглолт бүрийг нь алгасалгүй үзэж, хот, хөдөөгүй дагаж явсаар өнөөдрийг хүрч, олон амжилтыг хамтдаа бүтээжээ.
Чин сэтгэлээсээ ач охиноо дэмждэг Ш.Ичинхорлоо эмээтэй ярилцахаар "Ulaanbaatar Phoenix" клубийн аваргын төлөөх цувралын шийдвэрлэх тоглолтыг зорьж, 17.00 цагт STEPPE ARENA-д очиход Ш.Ичинхорлоо эмээ хэдийнээ ирээд суудлаа эзэлчихсэн байлаа. Тоглолт эхлэхээс өмнө түүнтэй уулзаж, тоглолтын дараа ярилцлага авахаар тохирч амжив.
Шүгэл дуугарч тоглолт эхлэхэд талбайд тоглох ач охиноос нь өөр юу ч түүний анхаарлыг үл татна. "Ulaanbaatar Phoenix" клуб +1 авах оноо бүрт алга ташиж, алдахад нь "зүгээр, зүгээр" гэж амандаа зөөлхөн хэлээд алга хавсаад шуугилдан орилолдох залуучуудын дунд ядарч, төвөгшөөсөн шинжгүй мишээж, бүх зүрх сэтгэлээрээ дэмжиж байгаа нь хайрламаар.
Удалгүй эхний үе дуусаж, ач охиных нь баг 27-25 онооны харьцаатайгаар хожил авч, байраа солив.
Түүнтэй зэрэгцэн Ш.Ичинхорлоо эмээ ч барьж ирсэн тор, цүнхээ зэхэж эхлэв. Явах гэж байгаа юм байхдаа гэж бодон сандарч очоод асуухад "Хүн бага, хоосон суудал их байгаа болохоор охиныхоо тоглох талд очиж суух гэж байна. Би чинь ингээд л охиноо дагаад явж байдаг хүн шүү дээ" хэмээн инээгээд талбайн баруун тал руу яаран алхав.
Тоглолт нийт гурван үе үргэлжилж, "Ulaanbaatar Phoenix" клуб 3:0 харьцаатайгаар хожиж, ач охин нь 2024-2025 оны дээд лигийн аварга болов.
Талбайн голд зогсчхоод үзэгчдийн суудлаас эмээгээ хайн уйлж зогсох охиноо хараад Ш.Ичинхорлоо эмээ ч нүдэнд нь нулимс цийлгэнэж, суудал дээрээ тогтож ядан байгааг нь харахад тийм гэж тодорхойлж хэлэхийг аргагүй нандин мэдрэмж төрж, ярилцлага авах ёстойгоо ч мартчихсан зогсож байв.
"АЧ ОХИНЫХОО ЯЛАЛТ ЯЛАГДАЛ БҮРТЭЙ НЬ ХАМТ БАЙЖ ХОЖООД БАЯРЛАХАД ХАМТ БАЯРЛАЖ, ХОЖИГДОХОД ТАЙТГАРУУЛЖ, СЭТГЭЛ САНААГ НЬ ДЭМЖИЖ ӨГӨХИЙГ ХҮСДЭГ"
Ш.Ичинхорлоо эмээгийн баярын сэтгэгдлийг хуваалцан цөөн хором ярилцлаа.
-Охин нь 2024-2025 оны дээд лигийн аварга боллоо. Баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Маш их баяртай байна. Багийнханд нь баярлаж байна. Энэ сайхан боломжоор хангаж, бэлтгэл сургуулилт хийлгэж тэмцээнд оролцуулж байгаа захирал удирдагч нарт нь баярлаж байна. 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл ач охиныхоо ялалт ялагдал бүртэй нь хамт байж. Бүх тоглолтыг нь алгасахгүй үзэж дэмждэг. Хожоод баярлахад хамт баярлаж, хожигдоход тайтгаруулж, сэтгэл санааг нь дэмжиж өгөхийг хүсдэг. Өнөөдөр багаараа маш сайн тоглолоо. Охиноороо бахархаж, огшиж үзлээ.
-Энэ жилийн лиг хотын төвөөс хол боллоо. Та яаж ирдэг юм бэ. Ядрахгүй байна уу?
-Манайх андуудад байдаг. 2 автобус дамжаад л ирчихдэг. Заримдаа хүүхдүүд намайг авч ирдэг. Өмнө нь спортын төв ордонд болдог байхад нэг ч тоглолт алгасахгүй бүх тоглолтыг нь үздэг байсан. Энэ жил байршил нь жаахан хол, ид хүйтэн үеэр болсон болохоор хүүхдүүд даарна, ядарчихна зурагтаар үз гэж их хэлсэн. Охиныхоо хажууд байж хажуугаас нь дэмжихийг хүссэн учраас шийдвэрлэх чухал тоглолтуудыг нь бүгдийг нь ирж үзсэн. Өөрөө дуртай юм болохоор ядардаггүй юм өө.
-Өнөөдөр халуун савтай цай, хоол хийгээд ирчихсэн байсан. Охиндоо өгсөн юм уу?
-Үгүй ээ. Энд лигийн тоглолтыг дуустал нь алгасалгүй үздэг нэг өвөө байдаг. Тэрэнд өгөх гэж авч ирсэн юм. Би зөвхөн охиныхоо тоглолтыг үзчихээд л явчихдаг. Тэр өвөө бүх тоглолтыг үздэг учраас хааяа хоол хийгээд авч ирж өгдөг юм.
Биднийг ийн ярилцаж суухад П.Энххүслэн эмээдээ үнсүүлж, баяраа хуваалцахаар гүйж ирэв. Эмээ охин 2 баярын нулимстай уулзаж, тэврэлдэн баяраа хуваалцав.
"ЭМЭЭГЭЭ ИРЧИХСЭН СУУЖ БАЙГААГ ХАРАХ ТӨДИЙД Л СЭТГЭЛ ТАЙВШРААД САНДРАХАА БОЛЬЧИХДОГ"
Бид энэ зуур П.Энххүслэнгээс сэтгэгдлийг нь сонсож амжсан юм. Тэрбээр лигийн аварга болсондоо баярлаж байгаа илэрхийлж, эмээгийнхээ талаар бидэнд хуваалцсан юм. Тодруулбал тэрбээр "Манай эмээ намайг волейбол тоглож эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл намайг дэмжиж бүх тоглолтыг минь алгасалгүй үздэг. Орон нутагт тоглоход хүртэл дагаад явдаг учраас волейбол тоглодог болон үздэг хүмүүс бүгд танина. Миний хамгийн том фен гэдгийг мэдэхгүй хүн байхгүй байх. Эмээ ирж үзэхгүй болохоор хоосон санагддаг учраас тоглолт эхлэхээс өмнө эмээгээ ирсэн байна уу гээд нүдээрээ хайж эхэлдэг. Ирчихсэн сууж байгааг нь харах төдийд л сэтгэл тайвшраад сандрахаа больчихдог учраас эмээгээ л харчихвал болох юм шиг санагддаг. Сүүлдээ манай багийнхан хүртэл эмээг хүлээдэг, хайдаг болчихсон байсан. Өнөөдөр бид нарыг тоглож байхад тоглолтын дундуур эмээ чихэр авч ирж өгсөн байсан. Тоглолтоо дуусгаад манай багийнхан Энххүслэнгийн эмээгийн өгсөн чихэр гээд бүгд хуваагаад идсэн. Эмээдээ маш их баярлалаа. Өнөөдрийн энэ амжилтад хүрсэн хамгийн том шалтгаан нь та шүү. Намайг маш их дэмждэгт баярлалаа. Хайрладагт баярлалаа. Тандаа маш их хайртай шүү гэж хэлмээр байна" гэлээ.
Энэ хүрээд бидний яриа ч өндөрлөж, эмээ гэр рүүгээ, ач охин багийнхан руугаа явсан юм. Нэг нэгэндээ хүч өгч, хамтдаа амжилтад хүрсэн ач охин эмээ хоёртой ярилцахаар товлосон бидний болзоо ч энэ хүрээд өндөрлөв.
Олон олон жил хамтдаа ялж, хамтдаа баярлаж илүү их амжилтын түүх, нандин сайхан дурсамжуудыг хамтдаа бүтээхийг П.Энххүслэн, Ш.Ичинхорлоо эмээ хоёртоо хүсье.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!