Н.Хөхөө: Унаач хүүхдийг хөнгөн байлгах гээд хоолыг нь хасаж, өвлийн хүйтэнд бойтог гэхэд хэцүү зүйл өмсгөөд, хөлийг нь СКОЧООР ороогоод явуулсан УЯАЧ бий

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй Ярилцлага
Огноо
Унших
15 минут 21 секунд

Сүүлийн өдрүүдэд хаврын морин уралдааныг сэргээх эсэх асуудал хөндөгдөж, улмаар ЗГ-аас уралдааныг сэргээх шийдвэр гаргасан. Нийгэмд үүсээд буй асуудалтай холбогдуулан бодит жишээн дээр тулгуурлан СХД-ийн Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөөтэй ярилцлаа.

-Юуны өмнө үүсээд буй цаг үеийн асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Ер нь ганц минийх гэлтгүй Монголын хүүхдийн байгууллагын ажилтан, албан хаагчдын байр суурь хүүхдийг морь унуулахын эсрэг байгаагүй гэдгийг олон нийт маш сайн ойлгох хэрэгтэй. Өв соёлынхоо эсрэг огт яриагүй. Хамгийн чухал асуудал нь өвөл, хаврын морин уралдаанд хүүхэд морь унаж оролцсоноороо эрсдэлт нөхцөл нь өндөр байдаг. Ийм учраас өвөл, хаврын уралдааныг хориглосон шийдвэрийг хэвээр нь үлдээгээч гэсэн байр суурийг л илэрхийлж байгаа. Засгийн газар гаргасан шийдвэрээ эргэж харах хэрэгтэй.

-Хүүхдийг морь унуулахаар гэрээ байгуулсан цагаас л эрх нь зөрчигддөг-

-Хурдан морины уралдаанаар хүүхдийн эрх зөрчигддөг гэж байна. Эрх зөрчигдөх процесс нь хаанаас эхэлдэг юм бэ?

-Хүүхдийн эрх гэхээр зөвхөн нэг удаагийн уралдааны асуудлыг ярьж болохгүй. Тухайн уралдаанд оролцохын тулд морио тэжээх, сунгаанд явуулах гээд урт хугацаанд хүүхэд эсэн мэнд амьдрах, сурч боловсрох гээд нийгмийн асуудлууд нь орхигддог. Энэ нь өөрөө насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтад багтсан учраас асуудлыг цогцоор нь харах шаардлагатай.

Эрх нь хаанаас эхэлж зөрчигддөг вэ гэвэл зөвхөн уралдааны явцаас харж болохгүй. Бүр өмнө нь хүүхдийг морь унуулахаар уяач нар эцэг, эхтэй нь гэрээ байгуулсан тэр цагаас л эхэлдэг.

СХД-т Хүй долоон худаг байрладагтай холбоотойгоор тавдугаар сарын 1-нээс 10-р сарын 1-ний хооронд зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй маш олон уралдаан болдог. Энэ бүх тохиолдлуудад манай Хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд ажилладаг учраас маш олон кэйсүүд тохиолдоно.

Морины бүртгэлийн үеэр ямар асуудлууд үүсдэг талаар ярья.

Хамгийн наад зах нь уяач нар унаач хүүхдийнхээ нэрийг ч мэддэггүй. Хүүхдийнх нь овог нэр хэн билээ гэхээр “Улаака Улаака” л гээд байдаг. Эсвэл “Борко чиний нэр хэн билээ” гэх байдлаар ханддаг. Харин морь малыг асуувал маш сайхан хариулна. Удам угшилаас эхлээд, ямар ямар тэжээл хэрэглэснийг нь мэдэж л байдаг.

Хоёрдугаарт, 7 настай хүүхдээр морь унуулахаар хуульчилсан байдаг. Гэтэл 5 нас ч хүрээгүй хүүхдэд 7 настай хүүхдийн төрсний гэрчилгээ бариулчихдаг. Бид олон жил хүүхэд хамгааллын чиглэлээр ажилласны хувьд хүүхдийн нас, биеийн онцлог ямар байдгийг сайн мэднэ. Ингээд хүүхдийн чинь нас хүрээгүй байна гэх асуудлыг хөндөхөөр маргаан үүсгэж эхэлдэг.

Дараа нь гараанаас гарахад асуудал үүснэ. Өв соёл, уламжлал ярьж байгаа бол монгол морио уралдуулах хэрэгтэй. 2024 оны Үндэсний их баяр наадмын тоон мэдээллийг харвал, 220-230 морь бүртгүүлэхэд хасагдсаар байгаад 60 хүрэхгүй морь л уралдаж байсан шүү дээ. Монголчууд бид мэднэ. Монгол морь хүүхэд дээр гишгэдэггүй, хүн дайрдаггүй, намхан гэдэг утгаараа хүүхэд унахад тохиромжтой гэж ахмадууд ярьдаг. Тэгвэл эрлийз морь өндөр, хүүхэд гишгэсэн тохиолдлууд буйг мэдээллүүдээс харж болно.

Түүнчлэн өвөл, хаврын цагт газар гэсээгүй буюу тэс хөлдүү газар хүүхэд унахаараа ихэвчлэн толгойны гэмтэл их авдаг.

ГССҮТ-ийн мэдээллээс харахад, мориноос унаж бэртсэн хүүхдүүдийн 47 хувь нь толгойдоо гэмтэл авсан байдаг. Үүний дараа мөр, тохойн гэмтэл бий.

Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмтэл зонхилж буй нь хүүхдийн амь насанд эрсдэлтэй гэсэн үг. Нөгөө талаар нь бодоод үзэхэд, -15-20 хэмийн хүйтэнд маш хурдтай давхиж буй морин дээр 6-7 настай хүүхдийг мордуулаад уралдуулна гэдэг бол хэцүү асуудал.

-Морин дээрээс хүүхэд унаж бэртсэн тохиолдлуудаас жишээ татвал?

-Хүнд тохиолдлууд олон. Жишээлбэл, мориноос толгойгоороо унаад, гавлын яс нь бяцарсан тохиолдол бий. Хуйхан дээр нь дараад үзэхэд шууд мэдэгдэнэ шүү дээ. Хүүхдийг энэ мэт гэмтлээс урьдчилсан сэргийлэхийн тулд өвөл, хаврын морин уралдааныг зохион байгуулахгүй байх талаар маш олон жил судалгаа гаргаж, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтраад ажиллаж байтал Засгийн газраас эсрэг шийдвэр гарсанд үнэхээр харамсаж байна.

-Хүүхдийн эрүүл мэндийн асуудал үүгээр дуусахгүй нь. Морь унахад ясыг нь хөнгөн байлгах зорилгоор ГАЗТАЙ УНДАА уулгах, эм тариа өгдөг гэх мэдээллүүд байна. Энэ төрлийн кэйсүүд хэчнээн байдаг юм бэ?

-Унаач хүүхдүүдийн дунд хийгдсэн маш том судалгаа байдаг. Энэ судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн л ярьсан жишээ шүү дээ. Хоёрдугаарт, уралдаан зохион байгуулагдах явцад бид хүүхдүүдтэй байнгын холбоотой байдаг. Морь нь сэрвээний өндрөөр хасагдсан тохиолдолд бид хүүхдүүдтэй ярилцаж эхэлдэг.

Хүүхдийг хөнгөн байлгах үүднээс хоолыг нь хасах, хөлд нь бойтог гэхэд хэцүү зүйлс өмсгөөд скочоор ороогоод явуулсан уяач ч байдаг. Өвлийн хүйтэнд хүүхдийг гуталгүй явуулна гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. Яг одоо бид Цагдаагийн байгууллагад хандаад, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй жишээ ч байна.

-Ямар жишээ вэ?

-Өвлийн цагт хүүхдээр морь унуулснаас үүдээд гар нь хөлдсөн асуудал бий. Ах дүү, хамаатан садных нь зүгээс асуудал үүсгэж хандсан.

Энд нэг зүйл хэлэхэд, эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдээ хөлсөөр морь унуулах ажилд явуулахдаа уяачид даатгаад л орхичихдог. Зөвхөн хүүхдийнхээ морь унаад олсон цалин хөлсийг амьжиргаандаа зарцуулдаг жишээнүүд олон гарч байна.

-Унаач хүүхдүүдэд утас, станц, тариа дусал өгөөд явуулчихдаг-

-Унаач хүүхдүүд уралдааны явцад бэртэж гэмтэхэд юу нөлөөлдөг юм бэ?

-Бид хүүхдүүдийг уралдаанд гаргахын өмнө биед нь үзлэг хийдэг. Маш урт дурдан бүс, сурыг биедээ ороодог. Энэ нь морь үргээх зорилготой юм билээ. Морь үргээснээс болж хүүхэд унах нөхцөл бүрддэг. Тиймээс биедээ ороосон эдгээр зүйлсийг хурааж авдаг. Мөн утас, станц, тариа дусал өгөөд явуулчихдаг. Уралдааны явцад дусал хийх гэж байгаа юм уу яах гэж байгаа юм, бүү мэд.

Мөн унаач хүүхдүүд түрээсээр морь унадаг талаараа бидэнд ярина. Яадаг вэ гэхээр уяач нар унаач хүүхэд байхгүй тохиолдолд тэнд байгаа хүүхдүүдээс түрээсээр морь унуулдаг.

Танихгүй хүүхдийг түрээсээр морь унуулж байна гэдэг нь хүүхэд морь хоёр нэгнээ таньж мэдэхгүй л гэсэн үг. Үүнээс шалтгаалж морь хадуурах, бусгах үйлдэл гаргаж, хүүхэд мориноос унах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм.

-Уяачаар нь машин авхуулаад, оронд нь хүүхдээрээ морь унуулсан жишээ бий-

-Хүүхдийн гол асран хамгаалагч бол эцэг, эх нь байдаг. Та бүхний зүгээс эцэг эхэд нь шаардлага тавьж хандахаар яаж хүлээж авч байна. Эцэг, эхчүүдийн хариуцлагын тухайд юу хэлэх вэ?

-Бүх хүүхэд хүсэл сонирхлоороо морь унаж байна уу гэвэл үгүй. Ар гэрийн нөхцөл байдал, эцэг, эхийн шийдвэрийн улмаас хүүхэд морь унаж буй тохиолдол дийлэнх нь шүү дээ. Хүүхэд өөрөө бие даан шийдвэр гаргахгүй чадамжгүй. Хэн нэгний асран хамгаалал дунд байх ёстой. Гэтэл тэдгээрийн өмнөөс томчууд шийдвэр гаргаж, 6-7 настай хүүхдийг морь унуулаад байгаа асуудал.

Эцэг, эхчүүд хүүхдээ морь унуулж буй шалтгаан нь эдийн засаг, амьжиргааны чадамжтай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, өрх толгойлсон ээж ч байдаг юм уу, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхэд морь унаж буй тохиолдол байна. Морь унадаг 11.700 хүүхэд бүртгэлтэй байгаагийн 10 хувь буюу 1000 орчим нь уяачийн хүүхэд бий.

Эцэг, эхийн хариуцлагын асуудал үнэхээр хэцүү. Ганц нэгхэн тохиолдол дээр л “Өө, тэгэв үү. Баярлалаа” гэх байдлаар хүлээж авна. Харин дийлэнхдээ “Би хол байна. Очиж чадахгүй, авахгүй” гэдэг.

Хүүхэд үнэхээр хүнд гэмтсэн тохиолдолд бид ГССҮТ рүү авч явахаас өөр аргагүй. Энэ тохиолдолд эцэг эхийг нь дуудахаар ирдэггүй. Манай хүүхэд хамгааллын ажилчид 2-3 хоног сахиад, сүүлдээ Цагдаагийн байгууллагатай хамтарч байж эцэг, эхийг нь авчирсан тохиолдол ч бий.

Үүний дараа хүүхдээр хөдөлмөр эрхлүүлчихээд цалинг нь юунд зарцуулаад байна вэ гэх асуудал гарч ирнэ. Үнэхээр хүүхэд өөрөө сурч боловсрох, хөгжих зүйлд нь зарцуулж байна гээд харахаар бас л хангалтгүй. Олсон мөнгөөр нь архи аваад уучихдаг. Тэр ч бүү хэл, уяачаар нь машин авхуулж унаад, оронд нь хүүхдээрээ морь унуулсан жишээнүүд байна.

-Дээр дурдсан асуудлаар хүүхдүүдийн дунд хийсэн судалгаа байдаг юм уу?

-Хурдан морь унадаг, хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн дунд хийсэн судалгаа, ярилцлага байдаг.

“Ээж аав зоддог болохоор жалганд нуугддаг. Гэрээсээ явах гээд зугтахаар барьж аваад гэрт хүлчихдэг” гээд маш эмзэглэмээр хариултыг өгч байсан.

Тэгэхээр хүүхэд хамгааллын мэргэжлийн байгууллага нь хүүхдүүдийн дунд судалгаа хийгээд, ийм асуудал байгааг гаргаад ирж байхад мэргэжлийн байгууллагынхаа үгийг сонсохгүй, хэрэгжүүлж буй арга хэмжээг нь дэмждэггүй байж болохгүй.

-Хүүхэд хамгааллын ажилчид яг хурдан морины уралдааны талбарт хэрхэн ажилладаг юм бэ. Хүндрэлтэй асуудлууд юу байна?

-Ярианы эхэнд хэлсэн. Унаач хүүхдүүдээс хориотой зүйлсийг хураагаад авахаар ажиллаж буй эмэгтэйчүүдийг томчууд нь тэнзэн ташуураар ороолгоод авдаг.

Энэ мэтчилэн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Уралдааны замд унасан, бэртсэн хүүхдүүдэд тусламж үзүүлэхэд машин байхгүй учраас түргэн машиныг царайчилж байна. Хурдан морины уралдаан зохион байгуулах Ажлын хэсэгт биднийг оруулдаг ч ширээний ард л сайхан зүйл ярьдаг.

Бодит байдал дээр ямар ч холбоогүй, танихгүй юм шиг л ханддаг. “Хүүхэд мориноос уначихлаа, яах вэ” гэхээр “Та нар арга хэмжээгээ авахгүй юу” гээд тоохгүй байх жишээтэй.

-"Хүүхэд хамгааллын” гэх тодотголтой 108 дугаарын утас ажилладаг. Танай хоёр байгууллага хэр холбоо сүлбээтэй ажилладаг юм бэ. 108 дугаарын утсанд бүртгэгдсэн онцлох жишээ бий юу?

-2024 онд 108 утсанд СХД-ийн хэмжээнд 1760 орчим дуудлага авч үйлчилгээ үзүүлж ажилласан. Ер нь улсын хэмжээнд 108-д 2022 онд 14.000 гаруй хүүхдийн дуудлага ирж байсан бол 2023 онд 15.700, өнгөрсөн 2024 онд огцом өсөж, 28 мянган хүүхдийн дуудлага бүртгэгдсэн. Энэ нь өөрөө хүчирхийлэл нэмэгдэж буйн нэг илэрхийлэл мөн.

Жишээлбэл, эцэг эхчүүд хүүхдийн мөнгөө аваад архиддаг нь бодит үнэн. Мөн хүүхдийн мөнгө олгогдсон өдрөөс хойш хүүхдийн 108, цагдаагийн 102 дугаарын дуудлага эрс ихэсдэг. Мөн баасан гарагаас бямбад шилжих шөнө дуудлага огцом нэмэгддэг.

Энэ нь юуг илэрхийлээд байна вэ гэхээр хүүхдийн эрхийг хамгаалж хөгжүүлэх гэж хүүхдийн мөнгө олгож байтал эцэг эх нь аваад архидан согтуурч, улмаар хүчирхийлэл үйлдэж хүүхдийн эрхийг зөрчдөг явдал байсаар байгааг харуулж байна.

-Цаашид хүүхдийн эрхийн зөрчлийг бууруулах үүднээс эцэг, эх, асран хамгаалагч нар юун дээр анхаарч ажиллах ёстой юм бэ?

-Нэг үеэ бодвол хүүхдийн эрхийн асуудлаар нийгэм дуугардаг болчихжээ. Хүүхдийн эрхийн асуудлаар мэргэжлийн байгууллагаас мэдээлэл авдаг байх, тухайн мэдээлэлд ул суурьтай ханддаг байх шаардлагатай байна. Мөн эцэг эхчүүд, хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн хүн бүхэн хүүхдийн эрхийн асуудалд мэдрэмжтэй ханддаг байгаасай.

Өнөөдөр 400-500 хүүхэд хохирлоо гээд ярихад “Харин ч наадах чинь бага байна” гээд ярьж байх жишээтэй. Бид заавал энэ тооны хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг хохироох ёстой юм уу. Энэ бол маш буруу. Монголчууд хэзээ ч хүүхдийг зодож шийтгэх байдлаар хүмүүжүүлж байгаагүй. Бид өв соёлоо уламжлан үлдээе, сэргээе гэж байгаа бол ядаж хүүхдээ зодохоо болиорой. Хүүхдээ зодохгүйгээр хүмүүжүүлдэг соёлыг нийгэмд түгээцгээе гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
 
Нийтийн тээврээр олон зорчдоггүй иргэн киоск машинаас нэг удаагийн QR код авч зорчино
Нийтийн тээврээр олон зорчдоггүй иргэн киоск машинаас нэг удаагийн QR код авч зорчино
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!