СУРВАЛЖИЛГА: Автобусны үнэ 1000 төгрөг болсонд ахмадууд уурсаж, хүүхдүүд 200 төгрөгөөр явдаг болсноо мэдэхгүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 41 секунд

11 жилийн дараа автобусаар зорчих үнэ нэмэгдэж 1000 төгрөгтэй золгов. Уг шийдвэр нь хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Нийслэлийн төсвөөс автобус компаниудад жилд 350 тэрбум төгрөгийн татаас өгч, иргэдийг 500 төгрөгөөр зорчуулдаг байсан гажуудал нэгдүгээр сартай хамт ийнхүү ард үлдлээ.

Тэгвэл иргэд дээрх шийдвэрийг хэрхэн хүлээж авч байгаа талаар ажиглалтын сурвалжилга бэлтгэв. Даваа гарагийн өглөө зам таг. Оюутнуудын хичээл орж эхэлсэн нь үүнд нөлөөлсөн нь лавтай. Товчхондоо нийслэлчүүд өглөө бүр түгжрэлтэй замд хичээл сургууль, ажлаасаа хоцорч, орой бүр гэртээ харих гэж “гацдаг" тавилантайгээ эргээд эвлэрэх нь тэр.

Автобусны буудал дээр ийн бодох зуур суух автобус маань ч ирлээ. Автобусны хаалга онгойхтой зэрэгцэн иргэд бие, биетэйгээ уралдаж, түлхэлцсээр орцгооно. Ёстой л нэгийгээ үзэж, нэхий дээлээ тайлахдаа тулж байж арай гэж автобусандаа амжиж суув.

Зарим залуус автобусны картаа уншуулахдаа хэзээ 1000 төгрөг болсон талаар жолоочоос гайхаж асууж харагдана лээ. Настай хүмүүс үүнд хамгийн ихээр бухимдаж засаг төр рүү уурсана. "Тэтгэврийн хэдэн төгрөг нь хаанаа ч хүрэхгүй байхад. Автобусны үнэ 1000 төгрөг болчихлоо. Цагаан сар болох гээд байхад одоо дагаад бүх юмны үнэ нэмэгдэнэ. Монголд үнэндээ л амьдрах арга" гээд л тэд үглэцгээх аж.

Гэхдээ хамгийн их гайхаж энэ талаар ямар ч мэдээлэлгүй байгаа нь хүүхдүүд. Тэд өмнө нь үнэгүй явдаг байсан бол одоо 200 төгрөг төлдөг болсон. Автобусны хаалгаар чигээрээ алхах хүүхдүүдийн араас жолооч "200 төгрөгөө өгөөрэй" гээд л орилно. Бараг хүүхэд орж ирэх бүрт жолооч дээрх үгээ тоть шиг давтана. Түүнчлэн оюутнууд 1000 төгрөг төлж эхэлсэн юм. Тэдний хувьд энэ нь асуудал биш бололтой. Бэлэн мөнгөтэй нь мөнгөө төлөөд, картаа уншуулах нь уншуулаад явна лээ.

Өглөө ажилдаа яарсан, орой ажлаа тараад гэрлүүгээ яарсан хүмүүс түгжрэлд хамаг уураа барж, зарим нь бүр нийслэлийн удирдлагуудыг Замын цагдаатай нь хамтатгаж байгаад харааж зүхэх нь холгүй байна.

Зарим нь түгжрэлийг хараалаа. Зарим нь буугаад алхсан бол зарим нь суудал дээрээ унтацгаана. Шахцалдаж явахаас залхсан хүмүүс нэгэнрүүгээ “Цаашаа зогс” гэж хэдэрлэнэ.

Автобус байрнаасаа хөдөлгөөнгүй байж байгаад алхам алхмаар жаахан урагшилна, тэгээд л хөдөлгөөнгүй зогсчихно. Ойрхон гэртэй хүмүүс бол буугаад л алхчихна. Хол ажил, гэртэй хүмүүс нь автобус түгжрэлээс гарчих болов уу гэсэн горьдлогоор хүлээж тэвчээрээ шалгана.

Менингококкт халдварын эх уурхай нь эрүүл нян тээгч нар байдаг учраас амны хаалтаа зүү

Автобусанд анзаарсан өөр нэг зүйл бол хүн бүр амны хаалтаа зүүцгээжээ. Аргагүй биз. Өнгөрсөн баасан гарагт менингококкт халдварын улмаас гурван настай хүү эндсэн нь үртэй хүн бүрийн сэтгэлийг өвтгөсөн харамсалтай явдал болов.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д менингококкт халдварын хоёр сэжигтэй тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. "Биеийн байдал нь дунд зэрэг, тууралт нэмэгдээгүй. Эмчилгээ үргэлжилж байна. Шинжилгээний хариу хоёрдугаар сарын 4-6 хавьцаа гарна" гэдгийг албаныхан мэдээлсэн.

Тиймээс энэ цаг үед хүүхдүүдээ хамгаалах ганц арга нь амны хаалт болоод байгааг иргэд ухамсарласан нь сайшаалтай.

ХӨСҮТ-ийн томуугийн албаны тархвар судлаач Ч. Уртнасан:

-Менингококкт халдвараас хамгийн сайн урьдчилан сэргийлэх арга бол хоолойгоо зайлах. Менингококкт халдварын үүсгэгч нь хоолой орчимд 2-8 хоног байдаг. Нийт насанд хүрэгчдийн 15 орчим хувь нь эрүүл нян тээгч нар байдаг. Өөрсдөд нь шинж тэмдэг илрэхгүй өвчлөл байхгүй юм шиг мөртлөө гадагшаа нянгаа тараадаг. Зарим хүмүүс хүйтэн юм уухаар хоолой өвдчихлөө гэдэг. Тэр хүмүүс ерөнхийдөө нян тээгч байх магадлал өндөр. Бид эрүүл нян тээгч нарыг илрүүлэхэд хэцүү. Менингококкт халдварын эх уурхай нь эрүүл нян тээгч нар байдаг. Том, жижиггүй хоолойгоо зайлах хэрэгтэй. Тухайлбал, давсны уусмалаар 10 хоног хоолойгоо зайлсан бол үлдсэн 10 хоногт нь өөрчлөөрэй. Тэгэхгүй бол бие нь дасчихдаг.

Өнгөрсөн хугацаанд түгжрэлийг бууруулахын тулд замын нэгдүгээр эгнээгээ нийтийн тээвэрт зориулав. Гэтэл нийтийн тээврийн түгжрэх хугацаа багассан ч суух зорчигчдынх нь тоо нэмэгдсэнгүй. Нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачих шийдвэр түгжрэлийг арилгах нэг гарц гэж үзсэн байдаг. Гэтэл ачилтын компаниуд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг болов. Зарим уулзвар, гарцыг нэмлээ, нэг чигийн урсгалд оруулав. Гэлээ ч түгжрэл нэмэгдсэн үү, гэхээс огтхон ч буураагүй гэдэгтэй санал нийлэх хүмүүс олон биз.

Захуудыг нүүлгэх, Их дээд сургуулийг хотоос гаргах талаар том дарга нар 15 гаруй жил ярьсан ч дорвитой өөрчлөлт хийсэн зүйл огтхон ч алга. Олон жилийн хугацаанд түгжрэлийг бууруулах ганцхан дорвитой санаа бодож олсон нь дугаарын хязгаарлалт байсан билээ. Гэвч боломжийн амьдралтай нь дахин нэг машин худалдан авч, түгжрэл нөгөөх л бахь байдгаараа. Ер нь ингээд бодоход түгжрэлийг бууруулах бодит гарц шийдэл байна уу Нийслэлийн удирдлагууд аа.

Н.Ганибалыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар албан ёсоор томиллоо
Н.Ганибалыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар албан ёсоор томиллоо
 
Нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглолоо
Нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглолоо
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!