Ц нь 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр бага насны, бие даан шийдвэр гаргах чадваргүй, эрх зүйн чадамжгүй 12 настай хүү Н-ийг хамгаалах хэрэгсэлгүй, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр шагнал амлан өөрийн морийг унуулж, сунгаанд оролцуулах явцад Н нь мориноос унаж, улмаар тархиндаа гэмтэл авсны улмаас нас барж, бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон хэрэгт буруутгагджээ. Харин Г нь талийгаач хүүгийн ар гэр нь биш мөртлөө Ц-гийн морийг унаж, сунгаанд оролцох зөвшөөрлийг олгосон хэрэгт буруутгагдсан бол үлдсэн гурван хүн бодит байдлыг нууж, мөрдөн шалгах ажиллагаанд санаатай саад учруулж, зориуд худал мэдүүлсэн хэрэгт холбогджээ.
Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн: Талийгаач Н-ий гавлын дагзны зүүн хэсэг, зүүн зулайн ар, чамархай ясны хугарал, хугарлын харалдаах хатуу хальсны дээрх цусан хураа, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хоёр хөлийн шилбэний зөөлөн эдийн няцрал, бауун шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, баруун, зүүн чихний дэлбэн, доод уруул.нуруунд зулгаралт, баруун, зүүн тохой, баруун өвдөг, тавхайнд цус хуралт. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
Тэр өдөр юу болов
Ц нь 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Г-тэй хамт морь уралдах газар руу явсан байна. Тухайн үед Ц-ийн морийг унадаг хоёр хүүхэд хороололд байдаг гэр рүүгээ усанд орохоор явцгаасан тул морь унах хүүхэдгүй байжээ.
Улмаар Г-ын машинд сууж байсан хүүхдээс морь унахыг гуйж хүү ч зөвшөөрсөн байна. Ц нь энэ талаар ярихдаа "Хүүхэд мориноос унахад би хажууд нь байгаагүй. Манай нэг азарга адуу байхгүй байсан. Адуугаа хайхаа явсан байсан. Налайхын эмнэлэг дээр ирээд. Г ахаас хүүгийн аав, ээжийнх нь дугаарыг аваад дуудуулсан. Тухайн үед аав, ээж хоёр нь хоёулаа согтуу ирсэн. Анх морь унуулахад би Г ахаас энэ юун хүүхэд юм бэ гэж асууж байсан. Тэгсэн манай тэнд байдаг хүүхэд. Намайг моринд явна гэхээр гүйгээд ирсэн юм шиг байна лээ гэсэн. Тухайн үед аав, ээж нь согтуу зодож барьсан юм шиг байсан. Тэгээд Г ахынд ирж уралдаан дээр надтай дайралдан миний морийг унаж өгсөн. Уяач хүмүүс нэг нэгнээсээ унаач хүүхдийг нь гуйж морио унуулдаг болохоор тухайн үед ийм явдал болно гэж бодоогүй. Энэ үйл явдалд маш их харамсаж байна" гэжээ.
Засгийн газрын 2019 оны 57 дугаартай тогтоолоор жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хурдны морийг уралдаан, сунгаанд оролцуулахыг хориглодог. Ц-г уг тогтоолыг зөрчсөн түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. 10.6 дугаар зүйл.Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох
Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Мордуулаад унаад явуулахад нь би анзаараагүй
Харин Г нь "Морь ачаад хөдлөх болтол хоёр хүүхэд машинд орж ирээд суусан. Явахаас өмнө гэрт байхдаа би талийгч хүүд өнөөдөр салхи ихтэй жавартай хүйтэн байна чи заавал явах хэрэг байгаа юм уу гэж хэлсэн. Манай гэрт хүн байхгүй байгаа би цуг явна гэсэн. Сунгаа болох газар нь яваад очиход хүмүүс цуглачихсан азарга, их морь давхиад ирчихсэн байсан. Очоод удаагүй машиндаа сууж байтал Ц ирээд морины хүүхэд маань ирдэггүй уг нь хоёр хүүхэд байсан юм гээд машинд сууж байсан хүүхдээс гуйсан. Би цааргалсан байдалтай наад хүүхэд чинь мориноос хасагдсан хүүхэд гэж хэлсэн. Тэгээд өөртөө нь яриад зөвшөөрчихсөн байсан. Мордуулаад унаад явуулахад нь би анзаараагүй. Ийм явдал болсонд харамсаж байна" гэв.
Г нь талийгаач хүүгээр хурдны морио унуулдаг байсан бөгөөд хөлс мөнгийг нь түүний эцэг эхэд өгдөг байжээ. Түүнийг талийгаач хүүгийн хууль ёсны зөвшөөрөлгүйгээр, хамгаалах хэрэгсэлгүйгээр хурдны морь унуулах үйлдлийг хориглолгүйгээр эс үйлдэхүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.
Би хэзээ ч архи ууж амьдралаа алдаж үзээгүй. 26 жил төмөр замд ажиллаж 5 хүүхэд өсгөсөн эх хүн
Талийгаач хүүгийн ар гэр "Миний хүү Г ахын гэрээр их очдог. Моринд дэндүү хайртай. Морь гэхээр унтаж байгаад шууд гардаг. Би хүүгээ ийм болчихно гэж бодоогүй. Энэ хүмүүст итгэж байсан. 03 дугаар сарын 18-ны өглөө би архи уугаагүй. Очиход миний хүү ухаангүй, ам хамраас нь цус гарчихсан, бүх хувцсыг хайчилчихсан, яаралтай хот руу авч явна гарын үсгээ зур гэсэн, би тэгээд дагаад эмнэлэг явсан. Хүү минь 14 хоног ухаангүй байсан. Би 14 хоног эмнэлэгт сахиад дөрөвдүгээр сарын 1-ний өдөр би хүүгээ алдсан. 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэл би энэ хүмүүстэй маргалдаад явж байна. Гэм бурууг нь хүлээлгэж, ахиад нэг хүний үр хүүхдийг ийм харгис зүйлд битгий хүрээсэй гэж хүсэж байна. Би маш их гомдолтой байна.
Аав, ээж нь согтуу гээд байна. Би хэзээ ч архи ууж амьдралаа алдаж үзээгүй. 26 жил төмөр замд ажиллаж 5 хүүхэд өсгөсөн эх хүн. Би үр хүүхдийнхээ төлөө явдаг эх хүн шүү.
Гэм бурууг нь заавал хүлээлгэнэ гэж бодоод тавдугаар сарын 21-ний өдөр хүүгийнхээ төрсөн өдрөөр өмгөөлөгч хөлсөлж авсан. Одоо энэ хүмүүст маш их гомдолтой байна. Өвлийн хүйтэнд орж ирээд хүүг минь аваад гарахдаа та уралдаанд бэлдэж байсан биз дээ. Таныг настай хүн гэж бодоод би элдэв зүйл хэлээгүй шүү" гэв.
Хүүгийн ээж Ц, Г нараас этгэл санааны хохиролд 50,000,000 төгрөгийг нэхэмжилжээ. Улмаар шүүхээс сэтгэл санааны хохиролтой холбоотой асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзсэн байна.
Шүүгдэгч нь Ц, Г нарыг гэм буруугийн болгоомжгүй хэлбэр буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан зарим нотлох баримт бүхий хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч Ц, Гнарын амь хохирогч Н.ий амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээ нь /2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн/ хамаарч байна.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар / КОВИД-19/-ын цах тахалыг нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарч байх тул түүнийг ялаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэргийн хувьд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулж, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэргийг 2023 оны нэгдүгээр сарын 30-нд эцэслэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!