Гурван нам нийслэл дээр хамтарч, орлогчийн статустай менежерүүд томилж, ЗГ-аа тогтвортой болголоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 31 секунд


Улс төрд санаандгүй зүйл гэж байдаггүй. Өөрөөр хэлбэл, бүгдийг бодож төлөвлөж байж хэлдэг, ярьдаг, үйл хөдлөл хийдэг. Үүнд эртнээс бэлддэг.

Тэгвэл оны өмнө яригдаж байсан нэгэн улс төрийн яриа тохироо ойрын өдрүүдэд “амилж” эхэллээ.

Тодруулбал, Засгийн газрын түвшинд хамтарсан намууд нийслэлийн түвшинд шинэхэн хамтралыг эхлүүлэх талаар яригдаж эхлээд БҮТЭЭМЖИЙН МЕНЕЖЕР буюу орлогчийн статустай томилж эхэлсэн бөгөөд нийтдээ 5 орлогчтой болж байгаа аж. Одоогийн байдлаар АН-аас Д.Бадарсан, МАН-аас Л.Хосбаяр менежерийн статустай томилогдсон байна.

Энэ 7 хоногтоо багтаж ХҮН намаас нэг менежер томилогдох аж.

Мөн нийслэлийн дунд шатны дарга нар, агентлагуудад ч гэсэн нөгөө намуудыг багтаасан томилгоо явуулах гэнэ.

Мөн дипломат албаны томилгоонд АН-ыг үргэлжлүүлэн хамруулж хэд хэлэн улсад элчин зөвлөх ч томилох талөөр бэлдэж байна.

Түүнээс гадна нийслэлд суудалгүй ХҮН намыг дараагийн сонгууль, том төслүүд гээд хэд хэдэн өнцгийг бодолцож нийслэлийн хамтралд ч гэсэн багтаах аж.

Тэгвэл дараагийн асуулт. Яагаад нийслэлд суудалгүй ХҮН нам, суудалтай ч сураггүй АН-ыг нийслэлийн удирдлагын баг, төслийн хэрэгжүүлэлт дээр Ардын намынхан оруулах гэж байгаа вэ. Мэдээж эхнийх нь том төслийг явуулахын тулд заавал улс төрийн ойлголцол шаардагдана. Ингэж чадахгүй бол төсөл урт настай байж чадахгүй. Магадгүй бүр эхлүүлж чадахгүй байх эрсдэлтэй. Тиймээс Засгийн газр, УИХ-ын түвшний ойлголцлыг нийслэл дээр ч гэсэн татан авч ирэх нь нэгэнт хамтарсан намуудад л ашигтай. Нөгөө талдаа эрх мэдэл хаана цугларч, нэгддэг вэ гэвэл мөнгөн дээр л нэгддэг. Тиймээс Туулын хурдны зам, метро, дүүжин гүүр, трамбай, тойрог хурдны зам, ган татлагат гүүр гээд нийслэл дээр хэрэгжүүлэх бүхий л том төслүүд дээр нам бүрийн улс төрийн эрх ашиг, тэднийг тойрсон бизнесийн том компаниудын эрх ашгийг шингээх шаардлага үүсдэг юм.

Дараагийн нэг чухал алхам бол улс төрийн тогтвортой байдал. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг энэ жилийг дуустал огцрохгүй байх нөхцлийг хангах улс төрийн үр ашиг юм. Учир нь эрх ашиг нь хангагдсан тал бүр өөрсдийн сууж буй "үүр"-ийг тийм ч амархан нураахыг хүсэхгүй. Тиймээс ч нэг орлогч, зарим төслүүдээ Э.Бат-Үүл, Х.Баттулга гэх зэрэг АН-ын талуудад өгч мэдэх юм.

Өөрөөр хэлбэл, засгийн хамтрал нь нийслэл рүү өвлөгдөж очвол улс төрийн ойлголцол улам нэмэгдэнэ. Энэ оныг дуустал ЗГ тогтвортой байж чадвал 2027 оны сонгуулийн өмнө намын даргаа тийм ч амархан солих тухай намууд бодож чадахгүй. Л.Оюун-Эрдэнийн хувьд илүү ихээр тогтвортой засаглах нь том төслүүдийг эхлүүлж, хэрэгжүүлсэн гэдэг автороо өөртөө хадгалж үлдэж чадвал нэмэх оноо болно.

Нийслэлийн хамтрал Ардын намд хэрэгтэй байх дараагийн нэг зүйл бол улс төрийн хүлээлт дунд байгаа Ерөнхийлөгчийн сонгууль. Энэ сонгууль манай улс төрийн багадаа 5-6 жилийн улс төрийг тодорхойлно. Тиймээс том төслүүдийг эхлүүлээд сонгуульд орох МАН-ын төлөвлөгөө хэрэгжихэд хамтрал хэрэгтэй. 2024-2027 он хүртэл намууд эрх мэдлийг хувааж засаглаж байгаа цагт сонгуулиар ирэх иргэдийн дургүйцэл, эсэргүүцлийг адил тэнцүү хүртэнэ. Өөрөөр хэлбэл, бүх түвшинд хамтарсан байдлаар явах нь АН-д л хамгийн их хохиролтой юм.

Харин АН-ын хувьд энэ саналыг хүлээж авах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Э.Бат-Үүл шуурхай штаб дээр эрчимтэй явж эхэлснийг харахад нийслэл дээр хамтрах “хээрийн сургуулилалтаа” хийж буйгийн дохио ч байх талтай. Гэхдээ АН-ынхан удирдлагын түвшинд ойлголцсон ч эрх мэдлийн тойргоос гадна үлдсэн гишүүд үүнийг зөвшөөрөх эсэх нь эргэлзээтэй. Мөн дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй орох эсэхээ ч АН-ынхан уг нь эрүүл ухаанаар тооцоолох хэрэгтэй юм. Хэрвээ тэгж чадахгүйгээр хамтрал руу орвол наанаа том төслүүд, ажил төрөлд хэрэгтэй ч алс холдоо ардчилал, Ардчилсан намын ирээдүйд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.

Ямар ч байсан хэрвээ нийслэл дээр хамтарлаа хэрэгжүүллээ гэхэд АН, МАН, ХҮН гурав адил тэгш муу нэртэйгээр 2027 оныг угтана. Мөн Ардын намынхан АН, ХҮН намуудад нэр дэвшигчдийг нь захиалах “хөзрийг” атгаж орно гэсэн үг.

Г.Лхагвадорж

Утааны сонсгол “Утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл“ сэдвээр явагдана
Утааны сонсгол “Утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл“ сэдвээр явагдана
 
О.Батбаяр: Дуучин, жүжигчин гэх мэргэжлийн бус хүмүүс менингококкт халдварын талаар худал мэдээлэл тавихгүй байхыг хүсье
О.Батбаяр: Дуучин, жүжигчин гэх мэргэжлийн бус хүмүүс менингококкт халдварын талаар худал мэдээлэл тавихгүй байхыг хүсье
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!