Долоо хоног бүр хүрдэг “Лхагвын тойм” нэвтрүүлгийн шинэ долоо хоногийн дугаарт “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцэг оролцлоо. “Манайх газрын тос боловсруулах үйлдвэртэй болж чадах уу, анхны төсөвт өртөг яагаад өсөв, яагаад хугацаа алдав. Үйлдвэр дууслаа гэхэд дотоодын хэрэгцээг хангах уу, 1.5 сая тонн түүхий эдээр 1.4 сая тонн бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай үйлдвэр түүхий эдийн дутагдлаа яах вэ. Ер нь энэ төсөл ашигтай юм уу” гэх зэрэг олон асуудлыг тойрч, бас нэгэн том төслийн талаар ярилцлаа.
--------------------------
Сайн байна уу, та? Таны ажил тавлаг уу? Газрын тосны үйлдвэрээ босгочих гээд л яваад байна уу?
Ажил гайгүй шүү. Сүүлийн үед нэлээн бүтэмжтэй болоод, сэтгэл гайгүй байгаа.
Өнгөрсөн болон энэ долоо хоног таны хувьд нэлээн чухал өдрүүд өнгөрч байх шиг байна. Яагаад гэвэл Их хурал, Засгийн газар дээр тодорхой шийдлүүд гарлаа. Нэмэлт санхүүжилт буюу 500 орчим сая доллар байгаа шүү дээ.
423.
За, тэр дүнгээр Энэтхэгийн талтай гэрээ байгуулах эрхийг танд өглөө. Энэ гэрээ хэзээ байгуулагдах вэ. Гэрээ байгуулснаар гол үйлдвэр босох гээд байгаа шүү дээ. Хэзээнээс энэ ажилдаа орохоор байна?
-Манай үйлдвэрийн бүтээн байгуулалт 4 гэрээний дагуу явагддаг. Хамгийн сүүлчийнх буюу гүн боловсруулах патенттай технологийн байгууламжийг барих дөрөвдүгээр багц ажлын гэрээг байгуулахад төсөв мөнгө өсөөд, нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон. Энэтхэгийн Засгийн газраас хөнгөлөлттэй зээлийнхээ дүнг нэмэгдүүлэх замаар энэ асуудлыг шийдэж өгөөч гэсэн Монголын талын хүсэлтийг тус улсын Гадаад хэргийн яам, “Эксим” банк, Сангийн яам хэлэлцээд, нэмэлт санхүүжилт олгохоор болсон. Уг шийдвэр 2024 оны арваннэгдүгээр сарын 26-нд, нэмэлт зээлийн хэлэлцээрийн төсөл нь арванхоёрдугаар сарын сүүлчээр ирсэн. Ингээд Засгийн газар, УИХ-д өргөн бариад, өнгөрсөн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар соёрхон баталлаа. Үүгээр Засгийн газраас гэрээ байгуулах эрхийг манай компанид олгож байгаа. Өнөөдөр энэ шийдвэр гарсан. Бид ирэх долоо хоногт сүүлчийн багц ажлынхаа гэрээнд гарын үсэг зурахаар ажиллаж байна.
Санхүүжилтээ аваад ажил эхэлнэ гэсэн үг үү?
-Тийм
Одоо хүлээлт дунд байна л даа. 2019 онд газрын тос боловсруулах үйлдвэртэй болно гэсэн ЗГ-ын 129-р тогтоол байдаг. Энэ тогтоолын дараа ажил нь 2021 оноос эрчимжсэн. Тухайн үед 2025 онд ашиглалтад орно гэх мэдээллийг Энэтхэгийн тал ч, манай тал ч өгч байсан. Хугацаа нь хойшилчихсон. Энэ нэмэлт санхүүжилтийн хүрээнд ажил дуусаад, бид яг хэзээ газрын тосны үйлдвэртэй болохоор байна вэ? Таны тооцоогоор.
2019 онд инженерчлэлийн ажил эхэлсэн. Өөрөө хэлбэл: ТЭЗҮ-д Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүд гарын үсгээ зурсан нь 2019 оны эхэнд. Ингээд 6-р сард төслийн менежментийн зөвлөхөө сонгон шалгаруулж, гэрээ байгуулаад, патентгүй технологийн байгууламжууд болон дагалдах байгууламжуудын зураг төслийн ажил эхэлсэн. Энэ ажлуудаар үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн гэж хэлж болно. Тухайн үед ТЭЗҮ болон дээр дурдсан байгууламжуудын ерөнхий зураг төслийг Энэтхэгийн төрийн өмчит, нефтийн салбарын нэр хүнд бүхий “Engineer sendiya” компани гүйцэтгэсэн. Бид 2025 онд ашиглалтад орно гэж тооцсон. Боломж байсан уу гэвэл байсан. Гэхдээ хүмүүс мартамхай шүү дээ. Цаг хугацаа өнгөрөхөөр мартчихаад байгаа болохоос биш, ковидын цар тахлын маш хүнд үеийг тууллаа шүү дээ. 2019 он дуусаад, 2020 онд гүн боловсруулалтын технологийн байгууламжуудыг ямар компани, технологи хөгжүүлэгчийн лицензээр барих вэ гэдэг тендер яриад эхлэнгүүт ковид гарсан. Ингээд нэгдүгээр багц ажлынхаа гэрээг 2020 оны сүүлчээр байгуулж чадсан.
Улсын комисст хүлээлгэн өгсөн эхний багц ажил чинь технологийн бус барилга, байгууламж буюу дараагийн технологийн барилга, байгууламжийг барих бүтээн байгуулалт эхлэхийн өмнө хийсэн байх ёстой ажлууд юм. Энэ ажлууд эхэлсэн. Яг ковидын үеэр таарсан. Бүх юмыг ковид руу чихээд байгаа юм шиг хүмүүс ярьж байгаа. Тийм юм болсон уу, болсон шүү дээ. Дэлхий даяар бараа бүтээгдэхүүний түүхий эд, тоног төхөөрөмж, материал үйлдвэрлэдэг үйлдвэр тэр чигээрээ зогссон. Тээвэрлэлт зогссон. Бүхэл бүтэн процесс чинь гажилтад орсон шүү дээ. Энэ нь маш их нөлөөлсөн. Жишээлбэл: Нэгдүгээр багц ажлын хүрээнд нийлүүлэх ёстой тоног төхөөрөмж Тяньжин дээр 2021 оны тавдугаар сард ирчхээд, арваннэгдүгээр сард авч байсан ч үе бий. Гэхдээ манай компани ковидын үеэр тасралтгүй ажилласан. Гол нь лиценз эзэмшигчийг шалгаруулах процесс, тендерт оролцож байгаа компаниудын үнэ өссөн. Бүх үйлдвэрлэл зогссон. Мөн дөнгөж саналаа аваад эхлэнгүүт эрэлт, нийлүүлэлтийн харьцаа алдагдаад, тэр материал дутуу, төмөр ган, химийн бодисуудын үнэ өссөн. Тиймээс тоног төхөөрөмжийн үнэ ингэж өссөн гээд тендерт орж ирж байгаа юм.
-Уучлаарай, таны яриаг тасалчихлаа. Өөрөөр хэлбэл: Тухайн үед та хэдийн бодож төлөвлөсөн ТЭЗҮ буюу тодорхой төлөвлөгөө гарчихсан байсан шүү дээ. Ковид гарснаар үнийн дүн өссөн, үүнтэй холбоотой зардлууд нэмэгдэж байна гэж та хэлэх гээд байна. Хоёулаа логик, дараалалтай явъя. Эхлээд хэзээ ашиглалтад орох уу гэдгээ ярья. Дараа нь яг юу болов, нөхцөл байдал ямар байсан, ковидоос өөр шалтгаан байна уу, улс төрөөс болоод байна уу? Монголчуудаас, Энэтхэгийн талаас болоод байна уу? Нарийн ширийнээ би асууя.
-Яах вэ, түрүүнээс хойш энийг хэлсэн нь үнэ хэлэх гээгүй юм. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт хэт өндөр үнийн дүн ирээд цуцлагдсан. Тэгээд тендерээ дахин эхнээс нь зарлаж байна шүү дээ. Энэ процесст нэг жил алдсан. Энийг хэлэх гэсэн юм. Хоёрдугаарт, үйлдвэр хэзээ ашиглалтад орох вэ гэж байна. Дөрөвдүгээр багц ажлын гэрээ байгуулсан өдрөөс 38 сар гэж байгаа. Гэхдээ бид геотехникийн ажлыг урьдчилж хийсэн учраас 36 сар гэж шахаж байгаа. Ер нь боломжтой.
За, 36 сар. Гэрээгээ яг хэзээ байгуулахаар төлөвлөж байна вэ?
Ирэх Баасан гарагт.
Тэгэхээр 2025 оны 2-р сараас эхлээд, 3 жил тоолж хүлээх нь байна шүү дээ.
-Тийм.
-Та өөрөө дунд нь байгаагийнх зовлон, жаргал бүх юмыг нь мэднэ шүү дээ. Үйлдвэр барих ажил тооцсон цаг хугацаанаас хойш дахиад сунах вий дээ.
-Ажил тасралтгүй явахын тулд ковид шиг давагдашгүй нөхцөл байдал үүсэхгүй байх хэрэгтэй. Хоёрдугаарт, бидний ажилд шат дамжлага, садаа тотгор бага баймаар байна. Иймэрхүү зүйл тохиолдохгүй бол бид ажлаа хийгээд дуусгана аа.
-Яагаад удаж байгаа вэ гэдэг дээр би танаас асууна. Та тодорхой хариулаад өгөөрэй. Одоо санхүүжилттэй холбоотой тодорхой зүйлийг олон нийтэд өгье. Анх эхэлсэн төсөвт өртөг нь 1.2 тэрбум америк доллар. Одоо ахиад нэмэгдчихэж байгаа. Үүний шалтгааныг та сая дурдлаа. Өөр хүчин зүйл юу байна. Монголын талаас гаргасан алдаа юу байна вэ. Энэтхэгийн талаас гарч ирж байгаа хүнд суртал юм уу, ажилд хойрго хандаж байгаа зүйл юу байна вэ?
-2017, 2018 онд хийсэн ТЭЗҮ-ээр гаргасан тооцоо. Таван жил тутам техник эдийн засгийн үндэслэлийг тодотгодог. Ганц Монголд бус, бусад улс орны хувьд ч тийм. Өссөн хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр үүссэн үнийн өсөлттэй холбоотой. Хоёр дахь шалтгаан нь техникийн өөрчлөлтүүд. Технологи өөрчлөгдсөн гэсэн үг биш шүү. Технологи хэвээрээ. ТЭЗҮ-д технологийн шийдлийг олох гэж маш их юм болсон шүү дээ. Манай Монголын газрын тос бидний үйлдвэрлэх гэж байгаа бүтээгдэхүүн, зах зээлд зориулаад хамгийн тохирсон технологийг сонгосон. 44 төрлийн технологийн комбинацыг судалж үзсэн. Нефть, химийн салбарт өргөн хэрэглэдэг программ байгаа. Энэтхэгүүд 44 төрлийн технологийн комбинацыг хооронд нь хийж үзсэн. Үүнийг мөн манай экспертүүд хянаад, хамтарсан. Хамгийн чухал нь гүн боловсруулалтын технологи буюу гедрохекинг технологийг сонгоё гэсэн. Яг үйлдвэрээ барих гээд 2019 оноос инженерчлэлийн ажил эхлээд, түүнээс хойш ерөнхий зураг төсөл явсан. Энэ нь ерөнхийдөө тийм байна гэсэн зүйл. Яг яаж барих уу гэдэг дээр тулахаар ирээдүйн үр ашгийг дээшлүүлэх, төвөгшилтийг бууруулах, тоног төхөөрөмжийн эдэлгээ урт байх ёстой. Яагаад гэвэл бүх юмаа гаднаас авч байгаа. Дотоодод үйлдвэрлэж байгаа зүйл байхгүй. Дээрээс нь лиценз эзэмшигчид дизайнаа хийгээд ирлээ. Тэгэхэд ”Танай завсрын буюу эцсийн бүтээгдэхүүний химийн найрлага, физик, химийн шинж чанар, стандартыг хангахын тулд манай буюу өөрсдийнх нь тоноглолыг зайлшгүй энэ байгууламжид нэмж суурилуулж байж бүтээгдэхүүн гарна” гэсэн зайлшгүй авах ёстой юмнууд байгаа. Энэ бол техникийн шаардлага, нөгөөх нь үнийн өсөлт. Ингээд анх төсөөлж байсан өртгөөс 423 сая доллароор нэмэгдлээ. Гэхдээ PS4 багц ажил 648 саяын өртөгтэй.
-Таны ярианд дурдагдаж байна. ТЭЗҮ гарчихсан. Үүн дээр нэмэлтээр технологийн судалгаанууд, байгаль орчны нөхцөл байдлаасаа өөрчлөгдөөд, арай илүү хүчин чадалтай бараа, бүтээгдэхүүн авч байна гэсэн үг шүү дээ. Гэхдээ миний ойлгож байгаагаар үүнийг ТЭЗҮ дээр нарийн тусгах ёстой биш бил үү. Зах зээлийн судалгаа, үр ашигтай байх уу гэдэг судалгаа ТЭЗ -д орчихсон байх ёстой. Яагаад даваад дахиад өөр зүйл хийгээд байна?
-ТЭЗҮ-ийн талаар би өмнө нь нэвтрүүлэгт орохдоо ярьж л байсан. Өнгөрсөн хагассайн өдөр шуурхай штабын хурал болсон. Үүнийг нийслэлийн засаг даргын орлогч үнэхээр үндэслэлтэй, ойлгогдохоор тайлбарласан. ТЭЗҮ бол энэ төсөл амьдрах уу, амьдрахгүй юу гэдэгт өгдөг хариулт. Би өөрөөр ярьдаг. Энэ төсөл хэрэгжих боломжтой юу. Боломжтой бол нийгэм, эдийн засгийн хувьд бидэнд өгөх үр ашиг байна уу, байхгүй юу гэдэгт хариулт өгөх бичиг баримт. Бид ТЭЗҮ-ийн техникийн болоод эдийн засгийн үндэслэлийг 20 хувийн үндэслэлтэй гэж байхад тэр хүн технологийн болон эдийн засгийн 40 орчим хувийн хэлбэлзэлтэй гэж урьдчилсан хариулт өгдөг. ТЭЗҮ-ээр үр ашигтай гэж гарахад, хэрэгжүүлэх албагүй. Үр ашиггүй гарсан байсан ч нийгэмд тоогоор илэрхийлэгддэггүй үр ашигтай байж болно. Үүнийг Засгийн газар, тухайн төслийг хэрэгжүүлэх байгууллага өөрсдөө сонгодог. Ялангуяа төр, Засгийн газраас хэрэгжүүлэх хөтөлбөрт тоогоор хэмжигддэггүй үр ашиг байдаг.
ТЭЗҮ буруу, дутуу хийгдсэн зүйл огт байхгүй. Үүн дээр суурилахаар бүх юм нарийн деталь руугаа орж байна гэсэн үг.
-Тендер шалгаруулалт удаж байгаа нь энэ төслийг удаашруулж байгаа. Мөн төсөвт өртөг нэмэгдэх хүчин зүйл болоод байна шүү дээ. Та тендер шалгаруулахад яаж оролцдог юм. Шийдвэр гаргах эрх манайд байна уу, эсвэл төсөл хэрэгжүүлж байгаа Энэтхэгийн талд байна уу? Зөвлөх компани бас бий гэж ойлгож байгаа.
-Манай газрын тос боловсруулах үйлдвэр чинь Бүд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл буюу тэр улсын Экспорт, импортын банкны санхүүжилттэй. Хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Дэлхий дахинд хэрэгжиж байгаа 380-390 орчим төсөл байгаа. Тэр бүрт дагаж мөрддөг нийтлэг дүрэмтэй. Тэр дүрмийн дагуу л явж байгаа юм л даа. Тодруулбал: Зөвлөх, гүйцэтгэх бүгдээрээ Энэтхэгийнх. Энэ төсөлд хэрэглэж байгаа бараа материал, тоног төхөөрөмжийн тодорхой хувь нь Энэтхэгийнх. Энэ чинь “Эксим” банкны бүх зээлд тавигддаг шаардлага. Тендерт Энэтхэгийн компаниуд оролцож байна. “Эксим” банк урьдчилсан сонгон шалгаруулалт хийнэ. Бид анх асууж л байсан. Чадах, чадахгүй компаниуд энэ төслийг гүйцэтгэнэ гэж очоод, тус улсын нэр хүндийг муутгах, төслөө хэрэгжүүлж чадахгүй гацаах зэргээс урьдчилан сэргийлэх, ажлаа нэр хүндтэйгээр гүйцэтгэх шаардлагатай байдаг юм байна. Тэгээд Энэтхэгт нээлттэй тендер зарлаад, техникийн чадварыг нь манай төслийн менежментийн зөвлөх үнэлж байгаа юм.
Техникийн чадварыг үнэлсний дараа сонгон шалгаруулалт хийнэ гэсэн үг. Ингээд техникийн хувьд тэнцсэн компанийн үнийн саналыг Монголд нээж байгаа юм. Ингээд хамгийн бага үнийн санал өгсөн компани шалгарна. Тэр компанийн үнийг бууруулах гэж хэлэлцээ хийнэ. Хамгийн сүүлд хүрсэн үр дүнгээрээ гэрээ байгуулна. Ийм л процесс явж байгаа. Гэрээ байгуулахдаа Засгийн газраасаа зайлшгүй зөвшөөрөл авна. Засгийн газрын тогтоол, тэмдэглэл гардаг. Дараа нь их хэмжээний мөнгөн дүнтэй хэлцэл гэсэн утгаар манай компанийн ТУЗ зөвшөөрөл өгнө. Ингэж гэрээ байгуулагддаг.
Хөрөнгө мөнгөний хувьд бараа материал, тоног төхөөрөмжийн тоо хэмжээ, үнийн дүнг талбай дээр байгаа хяналтын инженерүүд баталгаажуулна. Энэтхэгийн төслийн менежментийн баг, манай компани Энэтхэг рүү очиж шалгуулна. Эргээд баталгаажуулаад, Уул уурхайн яамаараа дамжуулаад, Сангийн яам, Элчин сайдаар дамжуулж, “Эксим” банканд очно. “Эксим” банк зөвхөн Энэтхэгийн компанид төлбөрөө хийдэг.
-Бид Монгол Улсынхаа нутаг дэвсгэр дээр бүтээн байгуулалтаа хийнэ. Мөнгө яаж явагдах уу, ямар компани байх уу гэдэг нь тэнд шийдэгдээд байна гэсэн үг шүү дээ. Үүн дээр сэтгүүлч хүнийхээ хувьд нэг сонирхолтой юм асууя. Байнгын хороон дээр “50 хэдэн удаа тендер зарлагдсан” гэдэг зүйл яригдаад байсан. Үүнд ковид болон өөр хүчин зүйл бий. Магадгүй цаанаа ажил удааж байгаа зүйл бий юм биш үү? Өөрсдийнхөө компанийг оруулах гээд. Ер нь манайх мөнгөний эрх мэдэлгүй гэрээ хийсэн нь хэр зөв юм бол? Та бол банк нь ийм дүрэм, журамтай учраас гэрээ хийгдчихсэн гэж тайлбарлаж байна.
-Энэ төслийг хэрэгжүүлэхийн төлөө Энэтхэг талдаа яг бидэнтэй адилхан санаа зовж ажиллаж байгаа шүү дээ. Жишээ нь: 2021 онд хоёрдугаар багц ажлын тендер 5 удаа, цахилгаан станц, гуравдугаар багц ажлын тендер 7 удаа хойшлогдоход эцсийн эцэст хэн ирж арга хэмжээ авсан гэхээр Энэтхэгийн Гадаад хэргийн яам, “Эксим” банк. “Яавал үнийн дүнг бууруулах вэ? Өрсөлдөөн бий болгох үүднээс зөвхөн Энэтхэгийн компани гэхгүй, Энэтхэгт бүртгэлтэй гадаадын компаниудыг оролцуулъя. Энэтхэгээс нийлүүлэх хувь хэмжээг багасгая” гэсэн. Яагаад гэвэл манайд барилгын улирал хэдэн сар билээ. Маш богино. Яах вэ, ТЭЗҮ гаргаж байхад хэлсэн ч гэсэн Энэтхэгийн төслийн менежментийн баг “Монголд хүйтэн улирал удаан үргэлжилдэг, ажил хийхэд хүндрэлтэй гэж мэдсэн ч ийм удаан гэж бодсонгүй” гэж байгаа юм. Энэтхэгийн талд тендерийг удаашруулах, энэ төслийг амжилтгүй болгох ямар нэг зүйл байхгүй гэдгийг би 100% хэлж чадна. Харин ч бүр зээлийг хэрэгжүүлэхэд дагаж мөрддөг бичиг баримтдаа энэ том өөрчлөлтүүдийг оруулж байж, өрсөлдөөн бий болгоод, дахин түргэвчилсэн тендер дээр хямдхан үнэ авч чадсан шүү дээ.
-Сая нэмэлтээр 20 жилийн хугацаатай 423 сая ам.долларын зээл авах хэлэлцээр байгуулагдсан. Төслийн нийт өртөг яг хэд вэ? 1,2 тэрбум дээрээ нэмэгдэхээр 1,6 гарантай тэрбум америк доллар болчхож байна шүү дээ. Үүнээс өөр зардал байгаа шүү дээ. Үйл ажиллагааны зардал, Хөгжлийн банкнаас зээлсэн мөнгө байгаа. Үүнийг нийлүүлбэл манайх хэдэн төгрөгөөр газрын тосны үйлдвэрээ босгох гээд байна вэ?
“Тосон-Уул”, 19-р талбай, Матадаас Сайншанд буюу манай үйлдвэрийн талбай хүртэл түүхий эд дамжуулах хоолойг 380 сая доллароор татах гэрээтэй. Үйлдвэр 1 тэрбум 658 сая доллар. Нэмэх нь лиценз эзэмшигчдэд өгөх, тоног төхөөрөмж суурилуулах зардал нийлээд 18.5 сая доллар үлдсэн байгаа. Гол зардлууд ингээд болж байна даа.
-Үүнд зөвлөх үйлчилгээний 70 сая орчихсон уу?
-Орсон.
-1.6-даа орчихсон байгаа юу? Ингээд үзэхээр 2 тэрбум орчим доллароор бид үйлдвэртэй болох нь ээ. Мэдээж үр ашиг нь цаана нь байгаа. Зээлийн хүүгээ төлөөд эхэлчихсэн, тийм үү?
-Энэ дээр тайлбар хэлье. Сангийн яам “Эксим” банктай нийлээд үндсэн 1,6 тэрбум америк долларын зээлийг гурав хуваачихсан. Учир нь зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах, хүү бууруулах зорилготой. Нэг тэрбумын зээлээсээ хүү төлөхгүй. Ашигласнаасаа хүү төлөх ийм нөхцөлтэй гэрээ байгуулсан.
-Тэр нь арай бага байна уу?
-Тэрбум биш 200-гаас төлж байгаа.
-Сангийн яам “28 тэрбум төгрөг төлсөн” гэж мэдэгдсэн байна лээ. Тиймэрхүү хэмжээний мөнгө төлж байгаа юу?
-Тийм.
-За, зээлтэй болон мөнгөн дүнтэй холбоотой зүйлс асуулаа. Сая та яриандаа дурдлаа. Дорнодын Матадаас татаж байгаа дамжуулах хоолой 530 орчим км байх. 380 сая орчим доллар. Энийг заавал дамжуулах хоолойгоор шийдсэн шалтгаан нь юу вэ?
-Шалтгаан гэвэл түүхий тосыг дамжуулах хоолойгоор л тээвэрлэдэг. Тэрийг нэгдүгээрт хэлье. Тухайн үед төмөр зам, авто замаар тээвэрлэнэ гээд маш удаан яриад, Засгийн газраас ажлын хэсэг байгуулж, хөндлөнгийн экспертүүд ажиллаад, бас ажлын хэсэг гадагшаа явж судалгаа хийгээд, ингэж шийдсэн л дээ. 100 жилийн өмнөөс л Дэлхий даяар түүхий тосыг дамжуулах хоолойгоор л тээвэрлэж ирсэн байна лээ. Жишээ нь: Европын Инсбрук боомтоос Алфийн нуруу руу явсан 470 км хоолой хүн харахад аймаар шүү дээ. Тэр өндөр уул, 33 гол мөрөн, хэчнээн төмөр зам ч билээ. Өөрөөр тээвэрлэх нь тохиромжгүй. Манай дамжуулах хоолой Монголд анхных. Алс хол нефть дамжуулах анхны хоолой. Дамжуулах хоолой шигүү сүлжсэн хөгжилтэй улсуудын хажууд манайх маш энгийн, саад байхгүй. Газар дор 2,8-3 метрийн гүнд байгаа. Нефть, химийн бодисыг тээвэрлэнэ гэдэг чинь энгийн ачаа тээвэр биш. Ямарваа тээврийн хэрэгсэлтэй огтлолцохгүй, газар доогуур тавьж байгаа юм чинь. Эрсдэлийг нь бодож байна. Дээрээс нь манай тос маш сайн чанарын, хөнгөн тос хэрнээ химийн шинж чанараараа пробинлиг. Энэ нь өндөр темпаратурт царцдаг гэсэн үг. Жаахан халаахад ус шиг болдог тос. Тэгвэл өвлийн -30 градуст энэ тосыг вагоноор тээвэрлэе гэж бодъё. Яаж ачиж, буулгах вэ? Уураар халаагаад, ачиж буулгах нь байна шүү дээ. Үйлдвэрийг тасралтгүй хангахын тулд 30-40 вагон чирсэн хоёр цуваа үйлдвэрийн талбайд авч ирэхэд, хэдэн цаг болох вэ? Бүтэн өдөр ч юм уу, хэд байхыг мэдэхгүй. Буцаад хоосон саваа аваад явна. Энэ бол асар өндөр өртөгтэй. Нефть, нефтийн бүтээгдэхүүний тээврийн хэрэгслийн үнэ өртөг, байгаль орчинд үзүүлэх нөлөө бусад зүйлийг өчнөөн судалсан. Дамжуулах хоолойгоор тээвэрлэхээс өөр арга байхгүй.
-Дамжуулах хоолой хаашдаа бариад дуусчихсан. Шийдэл гарсан. Гэхдээ авто зам барьсан бол давхар өөр зүйлд хэрэглэх болов уу гэсэн чинь тосны онцлог шинж чанараас шалтгаалаад, авто замаар тээвэрлэх боломжгүй юм байна. Тийм үү?
-Бүх талаараа сөрөг байхгүй юу. Осол гарвал яах вэ? Хоёрдугаарт, авто замаар нефть, нефтийн бүтээгдэхүүнийг 100 км радиуст эдийн засгийн үр ашигтай тээвэрлэх боломж байж магадгүй. Түүнээс хол бол зардал өндөр гарна. Ачааны зардлаа даахгүй бүтээгдэхүүн байх нь шүү дээ. Нэгдүгээрт, өртөг зардал, хоёрдугаарт, эрчим хүчний зардал. Хэчнээн их бензин, дизель зарж явах вэ. Гуравдугаарт, зам дээр ямар их осол аваар гардаг билээ. Юун тэр нефть, нефтийн бүтээгдэхүүн ачиж явах вэ. Энэ бүх эрсдэл, давуу байдлыг тооцоод, дамжуулах хоолойг сонгосон. Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий тосыг тээвэрлэхээр төмөр зам, авто зам тавьсан гэвэл бид нарт нэр төрийн л хэрэг байсан байх. Даанч болдоггүй юм.
-Гурван жилийн дараа буюу 2028 онд газрын тосны үйлдвэртэй болчих байх аа. Анх 1,5 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэж байсан. Танай үйлдвэр ашиглалтад орвол хэр их АИ-92, АИ-95, онгоцны түлш үйлдвэрлэх юм. Яг ямар хэмжээний бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай үйлдвэр барьж дуусгах гээд байна вэ?
-Газрын тос боловсруулах үйлдвэрийг газрын тосны доош урсгал гэж нэрлэдэг. Дээш урсгал нь хайгуул, олборлолт. Дунд урсгал нь тээвэрлэлт юм. Боловсруулалтын гурван үе шатны хамгийн эхнийх нь газрын тос боловсруулах үйлдвэр. Энэ бол нефть, химийн үйлдвэрийн суурь. Газрын тосны үйлдвэр ганцаараа ашиггүй. Нефтийн үйлдвэр баригдвал үр ашиг нь өснө. Гэхдээ эхлээд бид үүний суурийг нь тавиадахъя. Бидэнд түлш, шатахуун хамгийн чухал. Энэ үйлдвэр 1,5 сая түүхий эд боловсруулаад, 1,4 орчим сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Үүнээс 396 мянган тонн нь авто бензин, евро стандартынх. Бид 95 октантай бензин үйлдвэрлэнэ гэж зорьж байгаа. УИХ-ын байнгын хорооны хуралдаан дээр асууж байна лээ. “Яагаад АИ-92 үйлдвэрлэхгүй вэ” гэж. 95 үйлдвэрлэдэг бол 92 үйлдвэрлэх шиг амархан юм байхгүй. Ингэвэл зардал мөнгө нь хэмнэнэ. Бид максиум зорилго ярьж байгаа шүү дээ. 840 мянган тонн дизель, 80,000 тонн онгоцны түлш, 28,000 тонн шингэрүүлсэн шатдаг хий, мөн зуухны түлш үйлдвэрлэнэ. Зуухны түлшний ихэнх нь үйлдвэрийн цахилгаан станцын тэжээл болох юм.
-Үйлдвэр ашиглалтад ороод таны сая хэлсэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлээд эхэлнэ. Үүнд түүхий эд хэрэгтэй. Түүхий эдээ яаж төлөвлөж байгаа вэ? 1,5 сая тонн нефтийн бүтээгдэхүүн гарч ирэх боломж байгаа юу? Анхны судалгаан дээрээ л байгаа л юм байна лээ.
-Засгийн газар анх энэ захиалгыг өгөхдөө зүгээр 1,5 сая гээд биччих гэсэн юм байхгүй. 2012 онд одоо олборлолт хийгдэж байгаа Тосон-Уул 19, Тамсаг 21-р талбайгаас тухайн үеийн хайгуулын түвшинд тус компани орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө гэж батлуулсан. Ингээд 2016, 2017 оноос эхлээд 1,6 сая орчим тонн түүхий тос тогтвортой олборлоно гэсэн. Үүнд тулгуурлаж 1,5 сая гэсэн юм шүү дээ. Үнэхээр аажмаар өсөөд 1,1 сая тоннд хүрч байсан уу гэвэл хүрч байсан. Янз бүрийн шалтгаанаар түүхий эдийнхээ олборлолтыг бууруулсан. Засгийн газар нэлээн ажиллаж байгаа. Тус компанитай татварын маргаан зэрэг олон асуудлыг шийдэх ёстой юм билээ. Гэхдээ Уул уурхай, аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, ЗГ энэ асуудлыг шийдвэрлэж, 3 жилийн дотор үйлдвэрийн түүхий эдийг хангах тал дээр маш эрчтэй ажиллаж байгаа.
-Та сая Эрдэс баялгийн зөвлөлөөр 2012 онд батлуулсан тоог хэлж байна шүү дээ. Тухайн үед 1,8 гэж байгаад запастайгаа 1,5 гэж өгсөн юм байна лээ. “Петро Чайна”, “Доншен” гэх хоёр компани 2024 онд нэг нь 503, нөгөө нь 550 мянган тонныг олборлолоо. Бид эндээс авна гээд тооцчихсон байдаг. Эдгээр компани гэрээний дагуу Хятад руу гаргана. Бүтээгдэхүүн хуваах гэрээ, манайх хэдийг авах уу гээд түүхий эдийн маань хүрэлцээ хэр болох юм бэ? Үүнийг яаж тооцож байна?
-2012 оны яриа руу эргээд оръё. Тухайн үеийн геологийн нөөц нь 336 сая тонн. Энэ нөөцийг олборлох 3-4 шат байна. Үүнээс дарж бодоод, анхан шатны технологиор 13 хувийг нь олборлоё. Гэхдээ 20, 25 хувьд хүргэж болно. 336 саяын 20% гэхээр том тоо шүү дээ. Ер нь нөөц байгаа. Сүүлийн үед ЗГ, Ерөнхий сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд “Да Чин” компанитай уулзалт хийж байгаа. Энэ үйлдвэрийг түүхий эдээр хангах боломжтой. Гагцхүү олборлолтыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх шаардлагатай. Салбарын сайдыг “Энэ жил 750.000 тоннд хүргэнэ” гэж ярьж байхыг сонссон. Тос нь байхгүйдээ биш. Нэмж хөрөнгө оруулалт хийж, өрөм тавьж, ашиглалтын цооног өрөмдөх ёстой. Гэтэл хөрөнгө оруулалт хийхийг хязгаарласан асуудал үүсээд байгаа. Энийг Засгийн газрын түвшинд ойрын хэмжээнд арга хэмжээ авахаар ажиллаж буй.
-Анх бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хэдэн мянган тонн тос авах зорилттой байсан юм бэ? Одоо буугаад байна шүү дээ. Таны хэлж байгаа олон зүйл байна. Иргэдийн эсэргүүцэл, татвартай холбоотой, урд хөршид болж байгаа эдийн засгийн хямрал гэх зэрэг олон юм байна.
-“Да Чин” компани манай төр, засгийн хүмүүстэй уулзахдаа тэр хэмжээний тосыг гаргаж ирэх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Маргаан үүсчихсэн байгаа. Гэхдээ тэрийг салбар яамнаас нь асуувал дээр байлгүй. “Маргаанаа шийдчих юм бол бид тэрийг гаргаж өгч болно” гээд байгаа. Тэгэхээр 1,5 сая гэдэг тоо 2012 онд батлагдсан орд ашиглалтын төлөвлөгөөтэй холбоотой. Би өөрөө дотор нь ажиллаж байгаа хүн биш шүү дээ. Авч байгаа мэдээллээр ярихад 2800 орчим ашиглалтын цооног ажиллуулах ёстой байтал одоогийн байдлаар 1780 цооног ажиллаж байгаа гэсэн. Ингэхээр хөрөнгө оруулалтынхаа хэмжээг нэмэгдүүлэхгүй байна л даа. Хаврын чуулган, энэ жилдээ төр, засаг маань шийдвэртэй ажиллаад энэ асуудлыг шийдэх байх.
Засгийн газар, сайд нар маш эрчтэй ажиллаж байгаа шүү дээ. Би тэгж боддог. Сангийн сайд, Ц.Туваан сайд маш завгүй ажиллаж байгаа.
-Зээлийн хэлэлцээрийг дэмжээд явж байна гэдэг.
-Дэмжихээс гадна ард нь Монголдоо ямар их ажил хийж байгаа гээч. Цаана нь гадаадын ЗГ-тай хийж байгаа хэлэлцээр бий. Энэ завшааныг ашиглаад Сангийн яамны ажил дээр өдөр шөнөгүй ажилласан сайд нар, залуучууддаа баярлалаа гэж хэлье.
-Бүтээгдэхүүн дээр нэг асуулт байна. Та түрүүн геологийн нөөцийг 336 сая гэж хэллээ. Гэтэл надад салбар хариуцсан газраас нь 306 гэдэг тоо өгсөн шүү. Батлагдсан тоо нь 40 сая тонн юм байна лээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 10 гаруйг нь олборлоод гаргачихсан юм байна лээ. Цаана нь хангалттай 30 сая байгаад байна. Гэхдээ энэ асуудал шийдэгдэхгүй бол цаана нь ямар хувилбар байна. B хувилбар гэх юм уу?
-Түүхий тосны асуудлыг хариуцсан салбар яам, агентлаг байгаа. Би үүн дээр ийм хувилбар байна гэж ярих субьект нь биш. Би газрын тос боловсруулах үйлдвэрийг ийм хүчин чадалтай, ийм байршилд барь гэсэн даалгавартай л хүн. Манайх үйлдвэрийг нь хариуцсан компани шүү дээ. Гэхдээ би их өөдрөг хүн. Саяхан хурал дээр сайд нар хэлсэн шүү дээ. Нэг улс, төр засагтай байна даа. Байгаа юмыг нь гаргаад өгөх байлгүй дээ. Тодорхой хэмжээний тосыг гадаадаас авч магадгүй гэсэн инженерийн запас бол байгаа. Гэхдээ 100% Монголынхоо тосыг ашиглах нь хамгийн сайн хувилбар. Энэ тосны шинж чанарт зориулж, энэ үйлдвэрийн концепцыг хийсэн шүү дээ.
-Үндсэн концепцоос гадна дотоодын бүтээгдэхүүнээ авч ашиглаж байж үнэ хямд болох ёстой. Гаднаас аваад бүтээгдэхүүн хийхээр өрсөлдөх чадамж нь ямар болох вэ гэж байгаа. Үйлдвэр барих үүрэгтэй хүнд ямар хэмжээний хүчин чадалтай, нөөцтэй үйлдвэр босох вэ гэдэг ерөнхий агуулга, тойм зураг байгаа шүү дээ. Гэхдээ бүтээгдэхүүн хуваах гэрээгээрээ, гадаадаас авна гэдэг хувилбараар ямар үнээр авна гэж тооцож байгаа вэ? Зах зээлийн үнээр үү?
-Хэдийгээр манай компани үйлдвэр барих зорилготойгоор байгуулагдсан ч гэсэн түүхий эд бидний шүдний өвчин шүү дээ. Үүнийг 2017, 2018 оноос хойш ярьж байна. Хаа сайгүй ярьж байгаа. Гэхдээ шийдэгдэх байх. Сунжирч байгаад шийдэгддэг шүү дээ. Тэгж найдаж байна. Шийдэх ёстой. Шийдэхээс ч өөр арга байхгүй.
-Танд ямар хувилбар байна? Та мэргэжлийн зөвлөх инженер хүн. Дээрээс үйлдвэр барьж байгаа, мэдээлэлд ойр хүн шүү дээ.
-“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай яриа хэлэлцээр хийх хэрэгтэй. “Петрочайна Дачин Тамсаг”-д төлөх ёсгүй татварын акт тавьсан гэнэ. Иймэрхүү асуудал байгаа юм байна лээ. Тэр асуудлуудыг шийдэж болно биз дээ. Бүр болохоо байсан юм байхгүй л юм байна лээ. Хоёрдугаарт, манай үндэсний компаниуд газрын тосны хайгуул хийгээд эхэллээ. Яах вэ, хоёр гурван жилийн дотор тос олборлоод эхлэх нь юу бол. “Петро Матад” ашиглалтын цооног нээчихсэн байна. Манай компани бас нэг талбайтай, “Давс 31” гээд. Тэнд суурь хайгуул нэлээд хийсэн. Их биш гэхэд айхтар их хөрөнгө оруулалт шаардлагагүйгээр тосыг нь гаргаж ирэх бэлэн боломж бий. Хөрөнгө оруулагч манайд ажиллах дургүй байна. Гэхдээ бид хөрөнгө оруулагч хайж байна. Дандаа л гомдоллож байна гэж бодож магадгүй. Гэхдээ үнэхээр Монгол Улсад газрын тосны өндөр эрсдэлтэй, өртөг зардал ихтэй салбарт ажил хийхийг хүмүүс сонирхохгүй байна. Хамгийн хэцүү нь алслагдмал, тоног төхөөрөмж оруулж ирэхэд л ямар хэцүү билээ. Далайд гарцгүй, маш хүйтэн. Хүйтэн улирал нь удаан үргэлжилдэг. Яг ажил хийх гэхээр зөвшөөрөл нь олддоггүй, хууль эрх зүйн орчин дутагдалтай гэх зэргээр асуудал их бий. Бид газрын тосны компаниудад урилга хүргүүлсэн. Нэн түрүүнд дээрх бэрхшээлүүдийг асуудаг.
-Хэдэн компанид урилга хүргүүлсэн бэ?
-Бид 16 орны Элчин сайдын яаманд хүсэлт өгсөн. 55 компанид урилга хүргүүлсэн. 4, 5 компани мэдээлэл солилцсон. Тэгээд л “Монголд ажиллахад хүнд суртал их”. Ажиллах хүчин хомс. Дэд бүтэц тааруу” гэж ярьдаг. Мөн “Техник, тоног төхөөрөмж эвдэрлээ гэхэд ойроос нийлүүлэх боломжгүй” гэх зэргээр болгоомжилдог. Тэгэхээр бид нарт хийх юм их л байна л даа.
-Гадагшаа урилга явуулахаар сонирхохгүй байна. Нөхцөл байдал тааруухан байна гэж та хэллээ. Энэ гурав дөрөв хуваагдсан ажлуудыг яагаад бүхэлд нь явуулахгүй, олон хэсэг хуваачихсан юм бэ?
-Энийг бид маш олуулаа шийдэж байгаа. 3 уу, 7 юу, 12 уу? Зарим нь ганц ЕPC-тэй гэдэг. За ганц ЕPC-тэй байя. Би тэрийг эсэргүүцсэн хүний нэг. Ер нь ганц ЕPC-тэй бай гэж зөвлөсөн шүү, Энэтхэгийн талаас. Нэг компанийн гарт очиж байгаа биз дээ. Тэрнээс зайлсхийсэн, санхүүгийн хувьд. Тэгсэн чинь нөгөөх нь юм хийдэггүй компани ирчихсэн. Гадаадад 10, 20, 30 дахь үйлдвэрээ барьж байгаа хүмүүс бол байгууламж бүрээр нь ЕPC өгсөн байна. Жишээ нь манайх 12 байгууламжтай. Тэгэхэд 1 компанид өгөөд, бусдыг нь 10 компанид өгсөн байна. Тэрийг чинь бас зэрэг хийлгэж байгаа юм. Манайд бүр олныг хийх гэхээр тээвэр ложистик хүндрэлтэй учраас маш олон юм болсон. Тэгээд нэгдүгээр ажлыг өөр компани хийсэн.
Хоёр, гуравдугаар багц ажил дээр “Мега-Инженеринг” гэж компани бий. Тэр компанийг ороход ЗГХЭГ-ын дарга, тухайн үеийн Ерөнхий сайдтайгаа нэг компанийн тендерт орчих вий дээ. Хэрвээ тендерт бага зэрэг үнийн зөрүүтэй байвал хоёр дахь сайныг нь авах бодлогын шийдвэр гаргав уу ч гэж ярьж байсан. Энийг чинь бид зөндөө олуулаа ярьж байж шийдэж байгаа байхгүй юу. Түүнээс тэр дотор алдаа оноо байхгүй гэж би бодож байна. Тэр чинь дэс дараалалтай. Нэг нь технологийн бус барилга байгууламж заавал байх ёстой. Хоёр дахь нь дагалдах туслах бүх байгууламж орсон. Тэр үед тэрийг өөр байгууламжуудтай хольж болохгүй байсан юм. Гурав дах нь цахилгаан станц дангаараа. Бид ажил хийхдээ багцалж хуваарилдаг шүү дээ. Түүн шиг логик дэс дараалалтай. Жишээлбэл: Лицензтэй технологийн байгууламж яагаад дөрөвт орсон бэ гэхээр эдгээрийн лиценз эзэмшигчид өөрсдөө ерөнхий зураг төслөө гаргадаг. Тэгэхээр тэднийг хүлээхээр бид хоёр гурвыгаа зарлаж болохгүй байсан байгаа биз. 2022 оны сүүлчээр энэ бичиг баримтууд бэлэн болсон. Нэг л багцтай байсан бол бид 2023 оныг хүлээх байсан байгаа биз, тендер зарлахаар.
-Одоо тус тусдаа тендер зарлаад, ажил үргэлжилж байна. Бүхэлдээ нэг багц болоод түлхүүр гардуулах тнөхцөлөөр явахаар нэг компани орж ирээд, ажил хийсэн ч гэсэн олон компани саналаа өгөөд, өрсөлдөөн дундаас сонгоод авчихвал та бүхэн дахиад тендер зарлах ч юм уу эсвэл үнэ өсгөх ч юм уу, тэр газартай гэрээ хийсэн бол тэр газар чинь бушуухан дуусгахгүй байсан уу?
-Бэрхшээлтэй байсан юм.
-Юу нь бэрхшээлтэй байсан юм бэ?
-Жишээ нь энэ 24000 хуудас бичиг баримт. Энэ бичиг баримт бэлэн болоод ирэнгүүт тэр чинь тендерийн техникийн хэсэг болно. Тэгээд 2022 оны 12-р сард хамгийн сүүлчийн лицензтэй байгууламжийн зураг төсөл ирсэн. Тэгэхээр бид 2023 онд зарлахаар байна. Тийм байгаа биз. Ганц ЕPC-тэй байсан бол бүх ажил 2023 онд зарлагдах байхгүй юу? Аль нь ч эхлэхгүйгээр. Тиймээс бид аль болох цаг хожих арга хайсан.
-Сая УИХ-ын байнгын хороон дээр энэ асуудал яригдлаа. Тэр юу вэ гэхээр гол үйлдвэрийн бүтээн байгуулалт эхлэхээр том тоног төхөөрөмж, түүнд хэрэгтэй нууцын зэрэглэлтэй зөвхөн компани хоорондын ч юм уу, тийм тоног төхөөрөмжүүд орж ирэх гээд байх шиг байна. Энэ тоног төхөөрөмжийг урд хөршөөр дамжуулж авах боломжгүй болоод байгаа гэдэг зүйл ярьсан. Хятадын тал энийг манай газар нутгаар тээвэрлэхгүй шүү гэдэг зүйл ярьсан юм уу?
-Тийм зүйл нэг ч сонсоогүй.
-Тэгэхээр одоо Энэтхэг талаасаа бараа материал бүх юмаа ямар нэгэн асуудалгүй авч байна гэсэн үг үү?
-Тоног төхөөрөмжүүд Малайз, Энэтхэгт хийгдэж байна. Зарим бүрэн бус тоноглолууд Хятадад хийгдэж байна. Тэгэхээр зүгээр Тяньжин боомтоор далайгаар яваад ирж байгаа.
-За ингээд 4 төрөлд хуваасан байгууламжууд байна. Үйлдвэрийнхээ ажлыг яагаад хамгийн сүүлд тавьсан юм бэ гэж хүмүүс их гайхаж байсан л даа.
-Энэ чинь ганцхан үйлдвэр, технологийн байгууламж биш шүү! Одоо хоёрдугаар багц ажил дээр хамгийн гол байгууламжууд баригдаж байгаа.
-Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үнийн хувьд өрсөлдөх чадвартай байж чадах уу?
-Чадна. Жишээ нь: 1 талхны үйлдвэрийн өртөг хэд вэ гэдэг шиг газрын тосны бүтээгдэхүүний нэгж үнийг тооцох аягүй хүнд байдаг юм. Яагаад гэвэл нэг нь нөгөөгөөсөө дамжиж, нөгөөдөх рүү орж байдаг учраас нэгж бүтээгдэхүүний өртгийг гаргахад хүнд байдаг. Гэхдээ шилжүүлж болдог. Тухайлбал: Дизель, онгоцны түлш, авто бензин, шингэрүүлсэн шатдаг хий бүгдээрээ өөр өөр нягттай. Эдгээрийг бүгдийг нь литрт шилжүүлээд, нэгж литр бүтээгдэхүүний үнэ гэж тооцож болдог. Нэгж литр бүтээгдэхүүний үнэ 2100 орчим төгрөг болж байгаа юм.
-Та ажилчдын орон сууц, урсгал зардалтай холбоотой зүйлс Хөгжлийн банкны зээлээр явсан гээд байсан. Энэ зээлийн асуудал юу болсон бэ?
-Манай газрын тосны үйлдвэрийн хотхон бол нийгмийн асар өндөр ач холбогдолтой. Хоёрдугаар хэсгийг нь БХЯ хариуцсан. БХЯ ч шууд биш. Зэвсэгт хүчний 339-р анги. Тэд бас төмөр замын бүтээн байгуулалтад дайчлагдаад, тухайн үедээ цэргийн ангиар бариулах боломжгүй болсон. Тэгэхээр ажлаа үргэлжлүүлэхийн тулд туслан гүйцэтгэгч авсан. Тэгээд хоёрдугаар хэсгээ гүйцээж чадахгүй хэл ам болох нь болсон. Уг нь энэ хотхон орон нутагт баригдаж байгаа хамгийн гоё хотхон. Бид их гоё мөрөөдсөн. Сургууль, цэцэрлэг барина. Манай ажиллагсдын хүүхдүүд явна гээд их л гоё мөрөөдсөн дөө. Тэгээд гол нь ажил хийхэд аягүй хүндрэлтэй байна.
-Нөхцөл байдал тиймхэн байна уу? Би бол жилийн өмнө очиж үзэж байсан.
-Бууж өгч байна шүү дээ!
-Яагаад?
-Хүн чинь шантарч байна шүү дээ. Үргэлжийн хулгай зэлгий, гүтгэлэг, гүжирдлэг, хяналт шалгалт гээд л. Манай төрийн зарим хариуцлагатай албан хаагч хүртэл хүнийг шууд гүжирдээд л. Ёс суртахууны доройтолд аймаар орсон байна, энэ улс. Ийм зүйлээс сүүлдээ залхаж байна.
-Үйлдвэрээ дуусгана биз дээ.
-Үйлдвэрийг бол дуусгана. Тэр хотхон уул нь хэрэгтэй байхгүй юу. Үйлдвэрийн бүтээн байгуулалт эхлээгүй, цаасан дээр, хүний оюун ухаан, олон инженерийн компьютер дээр байсан үед нүдэнд харагдахгүй. Гараас гартлаа хамаг ажил хийгдэнэ. Тэр үед ямар хүнд байсан гэж бодно. Үйлдвэрийн талбай руу явахад л Дорноговийн бүх зочид буудал дүүрсэн байдаг байсан. Газрын тосны үйлдвэрийн хотхон баригдсанаар манай инженерүүд байнга очно. Дотоод томилолтын зардал гэж байхаа больж байна, машин унаанаас өөр. Очоод бүгдээрээ хотхондоо хоночихдог. Яваандаа энэ олон, 500 ажиллагсдыг хаана бай гэх юм. Шинэ салбар, шинэ боловсон хүчнийг аваачаад нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх онц чухал ач холбогдолтой төсөл байхгүй юу! За тэгээд бид Хөгжлийн банкны маш өндөр хүүтэй зээлээр босгож байна, энэ хотхоныг. Тэгээд манай үйлдвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэхээр Хөгжлийн банкны зээлийг төлнө.
Энэ төсөл улс орны хөгжлийн асуудал, говийн бүсийн аж үйлдвэржилтийн төвлөрөл, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зэрэг маш олон ач холбогдолтой. Үүнийг төсвөөс санхүүжүүлээсэй гэж их хүссэн. Шинэ салбар, шинэ үйлдвэр барихад тоо томшгүй асуудал гарч ирдэг. Бүх салбар шахуу оролцдог. Мега төслийн онцлог гээд нийслэлийн засаг даргын орлогч маш ойлгомжтой ярьж байна лээ.
-Дамжуулах хоолойтой нэг асуудлыг орхичихжээ, уучлаарай! Би танаас нөхөөд асуугаадахъя. Энэ 380 сая ам.долларыг бүхэлд нь нүүрсээр төлчхөж байгаа. Хэзээ төлж дуусахаар байна. Багагүй дүн шүү дээ!
-Тийм. Түүхий тос дамжуулах хоолойн тендер Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2022 оны гурван сард зарлагдсан. Эхлээд урьдчилсан сонгон шалгаруулалтад 22 орон оролцсон байдаг. 22 орноос гурван санал хүлээж авсан. Бидний анхны ТЭЗҮ-ээр дамжуулах хоолой 620 сая ам.доллар. "Эрдэнэс Тавантолгой" компани нүүрс урьдчилан борлуулах замаар төлбөрийг нь хийж байгаа. Манайх бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлснээс хойш 10 жилийн дотор "Эрдэнэс Монгол" ХХК-д жил бүр 38 сая доллар тогтмол төлөх гэрээтэй.
-Төлбөрүүдийн хувьд ийм байна. ТЭЗҮ гээд та зөндөө яриад байна. ТЭЗҮ-гүйгээр барьчихлаа гэдэг зүйл ярьсан юм уу даа. Энэ чинь зүгээр нэг төсөл биш. Мега төсөл шүү дээ.
-Гадаад хүмүүс, аж үйлдвэр өндөр хөгжсөн орны хүмүүс сонсвол шоолно шүү, тэгж яривал. Юмыг дутуу мэдэхийн аюул гэж байна даа. ТЭЗҮ чинь энэ төслийг хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдэгт хариулт өгдөг, хамгийн анхан шатны судалгааны бичиг баримт. Тэр нь техник, санхүүгийн хувьд 20-40 өөрчлөгдөж болдог. ТЭЗҮ-ийг 2018 оны сүүлчээр Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлэн, хүлээлгэж өгөөд, 2019 онд бүгд гарын үсэг зурсан. Тэрний дараа энэ бол ТЭЗҮ биш. Инженерчлэлийн бичиг баримт байхгүй юу? ТЭЗҮ байхгүй гэж ярьж байгаа бол энэ ажлыг олон жил хийж байгаа Америк, Европын орнууд, Энэтхэг, Монголын ард түмнийг, мэргэжлийн инженер, эдийн засагч хүмүүсийн ажлыг аймаар дорд үзэж байгаа хэрэг л дээ.
-ТЭЗҮ-ийг нууцалсан гээд байгаа. Яагаад нууцалсан юм. Нууцлах шалтгаан байгаа юм уу?
-Техник, эдийн засгийн үндэслэлийг нууж яах юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл улс орны стратегийн ач холбогдолтой объектуудыг нууцад авдаг. Би нууцад авсан ТЭЗҮ хараагүй. Салбарын яам өөрийнхөө Засгийн газрын жагсаалтад авах тухай тогтоолын дагуу сайдынхаа тушаалаар нууцад аваад, тэр нь манай компанийн төрийн өмчийн хувьцаа эзэмшигч Уул уурхайн яам байж байгаад “Эрдэнэс Монгол” ороход нуусан ажилтан нь нууцын тамгатайгаа аваачиж өгдөг. Тэгээд ТЭЗҮ шаардаад, сенсаацална гэж хэн бодох вэ дээ. Хоёр, гуравхан хоногийн өмнө л ТЭЗҮ зайлшгүй хэрэгтэй болов. Тэгэнгүүт бид хуулбарласан ТЭЗҮ-ээ аваачаад өгвөл төрийн нууц задруулсан хэрэгт орон шүү дээ. Тэгэхээр жамаараа л явсан. Гэхдээ УИХ-ын гишүүн үзэх бүрэн эрхтэй. Тэр бүрэн эрхийнх нь хүрээнд үзүүлэх гээд явахаар бичиг цаасны процесс үргэлжилсэн.
ТЭЗҮ нууж хаагаад байхдаа гол нь биш. Атомын цахилгаан станц, газрын тосны үйлдвэр, нефтийн аж үйлдвэр гээд бусад улсын хувьд хүн ойртуулдаггүй үйлдвэрүүд ч бий. Оруулж үзүүлдэггүй. УИХ-ын гишүүд бүрэн эрхтэй хүмүүс. Нууцад хамаарах материалыг үзэх бүрэн эрхтэй. Гэхдээ бүүр нарийн технологийн зураг төслийг үзэж яах гээд байгаа юм бол? Би тэрийг гайхдаг. Энэ чинь нэг үзээд ойлгодог эд ч биш. 15 төрлийн инженерийн ажил энэ дотор бий.
-Та яриандаа дурдаж байна. Манайд зарим үед оюун санаа, ёс зүйн хувьд ч юм уу төвөгтэй нөхцөл байдал гараад байна аа гэж. Үүнээс болоод зарим ажил гацаад байна гэдэгтэй адилхан өнгөрсөн хугацаанд улсын нууц, байгууллагын нууцад авсан зүйлийн ард дандаа асуудал үүссэн. Үүний ард авлига, хулгайн асуудал байна уу?
-Харин тийм. Ард нь авлига, хулгайн асуудал байна уу л гэж байгаа байхгүй юу. ТЭЗҮ дотор хулгайн асуудал байхгүй. ТЭЗҮ чинь судалгааны ажил. Гэхдээ би энэ завшааныг ашиглаад, нэг юм хэлмээр байна. Ер нь хулгайч хүн тун ховор байгаа. Манай компанид нэг ч хулгайч, нэг ч авлигач байхгүй. Хүн өөрөө ямар байна, бусдыг тиймэрхүү л гэж төсөөлдөг байх. Түүнээс юм болгонд хүнийг хардаж сэрдээд Монгол Улс, эх орон, ирээдүй хойчийнхоо төлөө үнэнч шударгаар ажиллаж байгаа мянган мянган хүмүүсийн нэрд халтай сэвтэй байна. Манай компанид ажиллаж байгаа, олон жил энэ үйлдвэрийг барихын төлөө, амьдралынхаа зорилго болгосон залуучууд юу гэж бодох бол? Тэр залуучуудын урмыг яаж хугалж байгаа юм. Хүн харахаараа л хулгай хийсэн юм шиг. Юун хулгай хийх. Яаж 100 мянган доллароор бууруулах вэ гэдэгт толгойгоо гашилгаж явсан тэр залуучууд юу гэж бодох вэ? Хулгай гэж мэдэхгүй, чин шударгаар, сараас сард цалингаа аваад амьдарч байгаа энэ хүмүүс гомдохгүй юу? Хулгайч хүн тун ховорхон. Би бол тийм хулгайч хүн мэдэхгүй. Миний ойр хавьд тийм хүн байхгүй. Зуслангийн байшинд нэг хулгайч орсон байсан. Яагаад хүн болгоныг хулгайч гэж бодож байна вэ. Аягүй их гүтгэж байгаа. Би ч гэсэн, намайг гүжирдэж байгаа шиг олон нийтэд цацагдаад байгаа хүмүүсийг гүжирдэж байгаа байх л гэж бодож байна.
-Газрын тосны үйлдвэрийг хариуцдаг хүн танаас өөр хэн байна вэ?
-Монгол Улсын Засгийн газар байна. Би биш, манай компани биш, энэ бол Монгол Улсын Засгийн газар бодлогынхоо хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл.
-Тэрийг ойлгож байна. Хэрвээ асуудал үүсвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ буруутна гэж байж болох уу?
-Бүх юм төр, засгаас өгсөн чиглэлийн дагуу явагдаж байгаа. Гадаадад манай төслийн менежментийн зөвлөх байна. Сар болгон өргөтгөсөн хурлууд болдог. Би л энийг хийж байгаа юм биш шүү. Надаас асар өндөр боловсролтой, гүн гүнзгий мэдлэгтэй хэдэн зуун мянган хүн ажиллаж байгаа.
-Танайхыг хэн хариуцаж байна вэ?
-Бодлогын хувьд бол Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам. Ялангуяа хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш, “Эрдэнэс Монгол” нэгдэлд хамааруулснаас хойш Уул уурхайн яамнаас зайтай байсан. Одоо бол нягт, ойрхон байгаа. Бид өдөр тутам хамтарч ажиллаж байгаа. Манай сайд ажлынхаа төлөө үнэхээр их зүтгэж байгаа. Бид анх ажлаа ойлгуулах гэж цаг хугацаа авч байсан үе бий бий. Одоо бол "Эрдэнэс Монгол" ХХК-ийн удирдлагууд дуу нэгтэйгээр энэ төслийнхөө төлөө хичээж байгаа.
-Энэ бол том төсөл. Ийм том төслүүдийн өмнөх, төслүүдийг дагасан асуудлуудыг та мэдэж байгаа байх. Хэрвээ ямар нэг байдлаар, магадгүй таныг шалгах асуудал ч гарна. Та бол их зоригтой байна л даа, ганцаараа. Өөрийн чинь ачааг хэн үүрэлцэж байна. Яг шийдвэр гаргахад?
-Би ерөөсөө ганцаараа биш. Нэг ч шийдвэрийг би ганцаараа толгой мэдэж гаргахгүй. Энэ төслийн зураг төсөл, худалдан авалт, барилга угсралт, улсын комисст хүлээлгэж өгөх хүртэл хариуцлага хүлээсэн төслийн менежментийн зөвлөх гээд мэргэжлийн хүмүүс байгаа. Маш олон хүн зөвшилцөж, шийдвэр гаргадаг.
-Томилгооны хувьд асуудал тань дээр яригддаг.
-Над дээр үү?
-Тийм. Та бол мэргэжлийн хүн, зөвлөх инженер. Таныг энэ үйлдвэрийг байгуулах гол хүн гээд томилсон байна. Тухайн үеийн Ерөнхий сайд, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх найзыгаа томилсон гэж ярьдаг. Энэ дээр та ямар хариулт өгөх вэ?
-Би Ерөнхийлөгчийгөө 2017 оны 12-р сард анх харсан. Хоёулхнаа уулзаж үзээгүй. Маш эрч хүчтэй, осолдохгүй энэ үйлдвэрийн төслийг эхлүүлэхээр зориг зүрх гаргаж, мундаг шийдвэр гаргасан хүн бол яалт ч үгүй тэр хүн. Нэн ялангуяа Ерөнхийлөгч болсноос нь хойш ҮАБЗ-ийн хурал дээр нэг л тааралдсан. Би бас Ерөнхийлөгчийгөө энэ төсөлдөө анхаарч байгаа байх гэж бодож л байгаа л даа.
-Та хоёр найз биш юм уу?
-Харин анх 2017 онд харлаа.
-Танай өнгөрсөн хугацаанд хийсэн ажлыг санхүүгийн тайланг аудит шалгаж байгаа биз дээ. Аудитын дүнг нээлттэй байршуулж байгаа юу. Үүнийг нуучихлаа гэж яриад байна шүү дээ. Аудитын дүнг нууцална гэж ер нь байх юм уу?
-Одоо бид ингэж муу амлахаа болимоор байна. Үргэлж нэг юм нуугаад, хулгай хийх гээд байна гээд. Нэг ч тийм юм байхгүй ээ. Манайд жил болгон үндэсний аудит орж байгаа. Бид аудитад материал бэлдэж өгөх гэж жилийн эцсээс өгсүүлээд, он дамнаад 4, 5 сарын юм болж байгаа. Манайхаас ноцтой зүйл гарч байсан түүх байхгүй.
-Гарахгүй дээ, цаашдаа гэж үү?
-Байхгүй. Зүгээр л тийм юм байхгүй. Аудитынхан бол нягтлан бодох бүртгэлийн алдаануудыг олдог. Тэр бол зайлшгүй байх ёстой асуудал. Аудиторууд маш хэрэгтэй зөвлөмж өгдөг. Гурван жилийн өмнө гүтгэлгийн шинж чанартай юм гараад, тайлбарлаад дийлээгүй. Шүүх дээр өөрсдөө ялагдсан. Түүнээс манай компани дээр хулгай гарч үзээгүй. Өнгөрсөн жил Засгийн газраас уриалга гараад, зудад нэрвэгдсэн малчин арддаа туслах аян өрнүүлэхэд нь энэ төсөлд оролцож байгаа бүх гадаадын компаниудаа уриалан, 50-иад сая төгрөг нийлүүлээд Дорноговь аймгийнхаа малчдад өвс тэжээл, будаа тараасан. Манай компани нэг сая төгрөг гаргасан. Түүн дээр албан шаардлага ирж байна лээ.
-Төсвийн мөнгийг буруу зарцуулсан гэж байна уу?
-Хэмнэлтийн хууль зөрчсөн гэж. Тэгэхдээ бас арай л ... Ажил хийсэн хүн алдаа гаргана. Ажил хийдэггүй хүн алдаа гаргадаггүй. “Алдаа гаргадаггүй хүн шагнуулдаг” гэж үг байдаг шүү дээ. Тэрэн шиг бид том биш юм аа гэхэд жижиг алдаа гаргасныг үгүйсгэхгүй. Гэхдээ ер нь энэ компани Монгол Улсынхаа Засгийн газрын мөрийн хөтөлбөрт өчнөөн жил тусгагдаж ирсэн шинэ аж үйлдвэрийн суурийг тавих, энэ үйлдвэрийг барих гэж хичээж зүтгэж байгаа. Энэ үйлдвэрийг яаж хамгийн бага эрсдэлтэйгээр, хамгийн бага алдаатайгаар, хамгийн их хэмнэлттэйгээр байгуулах вэ гэдэг дээр л бидний сүүлийн хэдэн жилийн амьдрал өнгөрч байгаа. Та нар яасан айдаггүй юм, алдаа гаргахаасаа гэвэл бид айхаа байчихсан, алдаагаа ч тоохгүй хүмүүс биш шүү.
-“Том ар байхгүй шүү” гэж хэлэх гээд байна уу?
-Үгүй. Харин том ар байгаа. Тэр нь юу вэ гэхээр нефть, химийн салбарын мэргэжлийн хүмүүс ажиллаж байна. Асар өндөр мэдлэгтэй инженер, эдийн засагчид шийдвэр гаргалцаж байна. Тийм учраас тэр мэргэжлийн хүмүүс, мэргэжлийн байгууллагууд энэ үйлдвэрийг харна. Дээрээс нь Энэтхэг гээд олон улсын геополитикийн том тоглогч, бас их чадалтай орны хүмүүс энэ төслийн ард байгаа шүү дээ. Тэр хүмүүст энэ төсөл амжилттай хэрэгжих нь нэн чухал. Бид нартай л ижил.
-За, бидэнтэй ярилцсанд баярлалаа. Гэрээнд нь амжилт хүсье. Цаашдын ажилд нь амжилт хүсье!
Баярлалаа. Баяртай.
Сэтгэгдэл (23)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!