Өчигдрөөс зарим уяачид морины уяагаа зорьж, зарим нь унаач хүүхдээ хайж эхэлсэн сурагтай. Учир нь Засгийн газар долоон жилийн өмнө гаргасан шийдвэрээсээ буцаж, ирэх гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хаврын морин уралдаан зохион байгуулахыг зөвшөөрөв. Ингэснээр унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал гэх асуудалд дахин "улаан гэрэл" асаж орхилоо. Тиймдээ ч өнөөдөр бид морин уралдаан үндэсний өв соёл мөн, биш гэх хэрүүл хийж суухынхаа оронд хүүхдийн эрхийн асуудлыг дорвитойхон шиг хөндөх шаардлага үүсээд байна.
"Өвөл комбинзон өмсгөөд уралдуулахад тэд даарахгүй"
Хавар, өвлийн улиралд хурдан морьдын уралдааныг зохион байгуулахгүй байхаар тогтсон цагаас хойш үсэргээ, сунгаанд "хобби"-той хэдэн уяачдад түүнийг буцааж сэргээх хүсэл байгаагаа ил, далдаар илэрхийлж байсан нь нууц биш. Түүний нэг жишээ. ХЭҮК-ийн олон улсын байгууллагатай хамтран хийсэн "ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА"-нд оролцсон асуулгад нэгэн уяач ийн ярьжээ.
...“Унаач хүүхдүүд одоо амарч байгаа. Цагаан сараас наана хийх ажил байхгүй. Өвөл уралдаан зохион байгуулах нь буруу биш. Буцаагаад сэргээнэ гэвэл дэмжинэ. Өвөл комбинзон өмсгөөд уралдуулахад тэд даарахгүй. Хүмүүс хүүхдийг хөлдөөгөөд байна гэж буруу ойлгодог”...
"Морь уначихаар хүүхэд байна уу. Өргөж авъя"
Тэгвэл энд нэг зүйлийг орхигдуулж болохгүй. Уяач нар өөрийн хүүхдээ морь унуулаад эрсдэлд оруулах нь тун цөөн. Тод манлай уяач Ц.Дуламсүрэнгийн хэлсэнчлэн ёстой л 300,400 морь уралдахад гурав, дөрөвхөн уяач нь л өөрийн хүүхдээр морио унуулж байна. Өөрөөр хэлбэл, унаач хүүхдийн эрэлд үе үе гардаг гэсэн үг. Хамгийн хачирхалтай нь, зарим уяачид унаач хүүхдээ хайж асрамжийн газар зүглэх болсон гэх.
Энэ асуудалд ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан "Асрамж халамжийн төвүүдтэй уулзах үеэр ийм асуудал яригдаж байсан. Асрамжийн газар очиж "Морь уначих хүүхэд байна уу" гэдэг асуултыг тавьсан байдаг. Энэ өөрөө маш эмгэнэлтэй зүйл. Хараа хяналтгүй өөрөөр хэлбэл, ар гэрийн татлаа түтлээгүй хүүхдийг оролцуулах сонирхол байхыг үгүйсгэхгүй гэх дүгнэлт хийхэд хүргэж байна" хэмээн ярив. "Морь уначих хүүхэд байна уу, өргөж авья" гэх энэ яриа хэд хэдэн асрамжийн газарт давтагдсанаар эл асуудалд анхаарал хандуулах ёстой гэх байр суурийг илэрхийлжээ.
Энэ нь хүүхдийн эмзэг байдлыг ашиглаж хувийн зорилгоо биелүүлэхээр оролдсон байж болзошгүй үйлдэл юм. Энэ асуудалтай холбоотойгоор Гэр бүл, хүүхэд хамгааллын газар руу ХЭҮК-оос зөвлөмж хүргүүлсэн байна.
Ингэхдээ унаач хүүхдийн бүртгэлийг дэлгэрэнгүй хөтлөх шаардлагатай хэмээн үзжээ. Тухайн бүртгэлийг дэлгэрэнгүй хөтлөхдөө унаач хүүхдийг хагас, бүтэн өнчин эсэх аль эсвэл үрчлэгдсэн үү зэрэг мэдээллийг давхар тусгах бололцоо бий болох аж.
Ингэснээр бодитой дүн шинжилгээ хийх боломж бий болно гэж харж байгааг дурдаж байсан юм.
"Шалгалт эхлэх үеэр уяачид сургуулийн гадаа унаач хүүхдээ авч явах гээд хүлээгээд зогсчихдог"
Яагаад бид байнга унаач хүүхэд гэж яриад байна вэ, гэж үү. Шалтгааныг танд хэд хэдэн ярианд тулгуурлан тайлбарлая.
Нэгдүгээрт, унаач хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байна. 2022 онд хийгдсэн судалгаанд уяачид, эцэг, эхчүүд хичээлийн жил дуусаагүй байхад ойролцоогоор дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүүхдүүдийг сургуулиас нь нууцаар авч явах тохиолдол нийтлэг гардаг талаар дурджээ. Судалгаанд оролцсон сургуулийн захирал “Яг хичээлийн жил бүрэн дуусаагүй шалгалт эхлэх үеэр уяачид сургуулийн гадаа хүлээгээд унаач хүүхдүүдийг авч явах гээд байдаг. Манай багш нар заримдаа хүүхдүүдээ гэртээ авч очдог. Зарим багш 10 хүүхэд гэртээ хонуулсан тохиолдол байгаа” гэжээ.
"Аав нь байна гэж худлаа хэлээд аваад явчихсан байсан"
Нэгэн аймгийн сургуулийн нийгмийн ажилтан “Хичээлээ таслаад явахад нь уяачтай хүртэл холбогдож байгаад хүүхдээ буцааж ирүүлдэг. Нэг хүүхдийн аав нь байна гэж ирээд худлаа яриад аваад явчихсан байсан. Ээж рүү нь утасдаад асуухаар манай хүүхэд гэртээ ирээгүй гэж хэлсэн болохоор цагдаагийн байгууллагад мэдэгдэхэд саад болсон, ална хядна гэж сүрдүүлэх тохиолдол ч байсан. Уяачид уралдааныг эд хөрөнгөө арвижуулах нэг боломж гэж ойлгодог учраас ямар нэгэн байдлаар саад болохоор бухимддаг. Унаач хүүхдүүдийг байнга авч явах хандлагатай байдаг" хэмээн ярьжээ.
Энэ мэт байдал олон давтагдсанаас хүүхдүүд хичээл завсардах, хоцрох эрсдэлд ордог байна. Улмаар 14-15 нас хүрч уралдах нас нь өнгөрсөн тохиолдолд системтэй мэдлэг олж авч чадаагүйгээсээ анги дэвшин суралцах боломжгүй болж энэ наснаасаа эхлэн тухайн уяач, эздийнхээ туслах уяач болох, морь малын бусад ажлыг нь хийж өгөх зэргээр бусдаас хараат байдлаар морь уях, мал маллахаас өөр сонголтгүйгээр ажил, амьдралаа үргэлжлүүлэх болж байгааг ч судалгаанд дурдсан байна.
-Тэд ТОГЛОХ эрхтэй. Гэхдээ зав олддоггүй-
Хоёрдугаарт, тэд ч тоглох эрхтэй. Гэтэл унаач хүүхдүүдэд тоглох зав ч олддоггүй талаар зарим унаач хүүхдүүд ярьжээ.
Унаач хүүтэй хийсэн ганцаарчилсан ярилцгаар “Үүрийн зургаан цагт босоод ус, тэжээл өгөөд, өдөр жүчээндээ байлгана, орой бас морины ажлаа хийгээд их оройтож гэртээ ордог. Тэр хооронд зав гарахаар л тоглодог” гэж 9 настай унаач хүүхэд ярьжээ.
Харин өөр нэгэн туслах уяач, унаач 14 настай хүү “Ажил маш ихтэй. Ер нь 6, 7 дугаар ангид байхдаа л жаахан зав гардаг, тоглож нааддаг байсан. Тэрнээс хойш унаач хүүхдүүд уяачийн туслахтай адилхан өдөр шөнөгүй ажилладаг. Дээрээс нь бас морио унаж уралддаг. Өвөл, хавартаа уралдаан цөөнтэй бол сургуульдаа яваад бага ч гэсэн зав гарна. Харин зун, намрын цагт зав гарна гэж бараг байхгүй. Уяачийн, туслах уяачийн хийдэг бүх ажлыг унаач хүүхэд хийгээд явдаг болохоор ажил үнэхээр ихтэй” гэж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл, насандаа баймгүй хүнд хөдөлмөрийг унаач хүүхдүүд хийж байна.
“Үнэн, худлыг нь мэдэхгүй ч хүүхдийн өсөлтийг зогсоох зүйл өгдөг гэж сонссон”
Гуравдугаарт, хурдан морь унаач хүүхдүүдийн биеийн өсөлт хөгжилд ямар нэгэн өөрчлөлт гарч байна уу гэх асуудлыг хөндөе. Унаач хүүхдүүдтэй хийсэн ганцаарчилсан ярилцлагын үеэр “Хүүхдүүд хурдан морь унаснаар биед гарах нийтлэг өөрчлөлтүүдийг тодорхойлсон зүйл байхгүй байна. Унаач хүүхдүүд морин дээрээ тонгойж явдаг тул уралдааны явцад нуруу, хөл өвдөх зэргээр биед мэдрэгддэг” гэж хэлсэн байна.
Нэгэн аймгийн ГБХЗХГ-ын ажилтан “Үнэн, худлыг нь мэдэхгүй хүүхдийн өсөлтийг зогсоох зүйл өгдөг гэж сонссон” гэж хариулсан бол нэгэн аймгийн ЗДТГ, ИТХ-ын Ажлын албаны ажилтнуудтай хийсэн ярилцлагаар “Хүүхдүүд жүжигчилсэн тоглолтондоо унаач хүүхдэд өсөлт зогсоох эм өгч байгаа үйл явцыг дүрсэлсэн байсан. Ам дамжсан ийм яриа байдаг. Үнэн худлыг нь мэдэхгүй” гэв.
Тэгвэл судалгааны явцад Биеийн тамир, спортын улсын хорооны спортын мэргэжлийн эмч нартай хамтран 21 аймгийн 8-14 насны хурдан морь унаач 80 хүүхдийн бие бялдрын ерөнхий хөгжилд судалгаа хийжээ. Ингэхдээ хэвийн хөгжилтэй хүүхдүүдтэй харьцуулахад
нийт хурдан морь унадаг хүүхдүүдийн 12 хувьд нь цээжний хэлбэр шөвгөр, 28 хувьд нь хэт хөнгөн ясны бүтэцтэй биеийн хэв шинж, 8.75 хувьд нь нурууны нэг тал руу мурийсан мурийлттай, 8.75 хувьд нь хөлийн ул хавтгай болсон, 6.25 хувьд нь шувуун цээжтэй гэсэн байна.
-УНААЧ ХҮҮХЭД: Олом тайлагдаад мориндоо чирэгдсэн. Ашгүй гутал сугараад үлдсэн. Хэвтэж байхдаа чихээ хөлдөөсөн-
Удаагаар бидний хөндөх ёстой асуудал бол бэртэл гэмтэл авч буй байдал. 2022 онд 85, 2023 онд 149, 2024 онд 234 хүүхэд мориноос унаж бэртсэн байна. Тоон мэдээлэл нөхцөл байдлыг бодитоор л илэрхийлнэ. Харин бэртэл гэмтэлтэй холбоотой асуулгад хүүхдүүд ийнхүү хариулжээ.
...Соёолон морь унаж, сунгаанд явахад миний олом тайлагдаад мориндоо чирэгдсэн. Ашгүй гутал сугараад үлдсэн. Хэвтэж байхдаа чихээ хөлдөөсөн. Намайг босож чадахгүй болохоор машинтай ирж авсан. Гэхдээ эмнэлэгт үзүүлээгүй.
...Миний хувьд их хүнд гэмтэж байгаагүй. Гэхдээ мориноос унаж хүнд бэртсэн хүүхэд олныг мэднэ. Тархи хөдлөх, шалбарах, цус гарах бол наад захын асуудал. Тэднийг ер нь эмнэлэгт үзүүлдэггүй. Өөрсдөө л хэсэг хугацааны дараа эдгэрдэг гэж боддог гэжээ.
-Айлд байгаа унаач хүүхдүүд гөлийчихсөн байдаг. Ар гэрийг нь асуухад зарим нь шууд уйлна эсвэл нулимс нь цийлэгнээд ирдэг-
Хурдан морь унаач хүүхдийн сэтгэл зүйн байдал нь хаана хэний морийг унаж байгаа эсэхээс ихээхэн хамаардаг талаар ХЭҮК-ийн судалгаанд дурдсан байна. Өөрөөр хэлбэл гэртээ байж өөрийн эцэг эх, эмээ өвөөгийнхөө морийг унадаг хүүхдийн сэтгэл зүйн байдал, айлд байж хүний морийг унадаг хүүхдийн сэтгэл зүйн байдал нэн ялгаатай байдаг аж. Унаач хүүхдүүд сэтгэлзүйд бий болж буй дарамтууд дараах хэлбэрээр өөрт нь мэдрэгдсэн талаар ярилцлагын явцад илэрхийлжээ.
Мөрдөж мөшгих: “Багаасаа өөр айлын морь унадаг байсан. Манай хамаатны ах намайг ирээд булаагаад аваад явсан. Би зугтаагаад явахад дахиж ирээд авсан. Жаахан байхад хэний морийг унахаа өөрөө сонгох боломжгүй байдаг” гэжээ.
Сэтгэл санаанд айдас, түгшүүр, шаналалд өртөх - “Их насны морь, азарга, эрлийз морь унахад амыг нь дийлэхгүй, хадуурах, булгихад хэцүү байдаг, шанаа руу нь ташуурдах зэргээр аргалдаг. Морио эргүүлж уралдаанд оруулж чадахгүй бол яана аа гэж их айдаг” гэсэн бол “Уулын өгсүүр уруу газар, шавартай газар, олон машин зэрэгцэж давхих үед морь үргээд би айдаг” гэх мэтээр унаач хүүхдүүд хариулсан байна.
Энэ асуудалтай холбоотойгоор нэгэн аймгийн цагдаагийн байгууллагын алба хаагч “Айлд байгаа унаач хүүхдүүд гөлийчихсөн байдаг. Ар гэрийг нь асуухад зарим нь шууд уйлна эсвэл нулимс нь цийлгэнээд гэрээ санасан гэдэг. Малчин айлынхан боловсрол багатай хүмүүс байдаг болохоор элдэв янзаар хандана. Зарц байдалтай харьцаад шийтгэнэ. Ийм асуудал бол гарч байсан” гэж хэлсэн. Уяачаас энэ талаар асуухад энгийн нөхцөлд ямар ч асуудал байхгүй хэмээн хариулжээ.
Түүнчлэн унаач хүүхдүүд ихэвчлэн гэрээсээ хол, өөр айлд очиж морь унадаг бөгөөд эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналтаас хол байдаг тул тамхи татах, хараалын үг хэлэх, согтууруулах ундаа хэрэглэх хорт зуршилд автах магадлал өндөр байгаа нь судалгааны явцад ажиглагджээ.
-Ирэх жил НҮБ-д очиж тайлан тавих НҮҮР БАЙНА УУ-
Хаврын морин уралдааныг сэргээх Засгийн газрын шийдвэр гарсантай холбоотойгоор НҮБ-аас МЭДЭГДЭЛ гаргаад байна. "НҮБ-ын Монгол Улс дахь Удирдлагын баг нь НҮБ-ын Хүний эрхийн шинжээчдээс ирүүлсэн удаа дараагийн ажиглалт, зөвлөмжид үндэслэн 2019 оны 12 сарын 20, мөн 2021 оны 7 сарын 2-нд мэдэгдэл гаргаж, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад албан захидал хүргүүлж байсан.
Уг мэдэгдэлд дурдсанчлан хурдан морь унаач хүүхэд гэмтэх, амь насаа алдах нөхцөл байдал үүсэж байгаад туйлын их харамсаж байгаагаа үүгээр дахин илэрхийлж байна. Хурдан морины уралдаан нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулдгийг санан, Монгол Улсын Засгийн газрыг 18-аас доош насны хүүхдийг жилийн аль ч улиралд хурдан морь унуулж уралдуулахгүй байхыг хууль тогтоомж, зохион байгуулалтын үйл ажиллагаандаа тусган, шаардлагатай бүхий л арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлнэ гэдэгт Нэгдсэн Үндэсний Байгууллага гүнээ найдаж байна" гэжээ.
Манай улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт зэрэг олон улсын хүний эрхийн тухай суурь гэрээ, конвенцод нэгдсэн орсон НҮБ-ын гишүүн улс болохын хувьд хүүхдийн эрхийг хамгаалах, сурталчлан таниулахдаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн байдаг билээ. Энэ утгаараа ирэх жил НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд Конвенцын хэрэгжилтийн тайлангаа тавьж, хамгаалах ёстой аж. Гэтэл хүүхдийн эрхтэй холбоотой асуудал, шүүмж дагуулсан ийм шийдвэрийг гаргачихаад ирэх жил яаж очиж тайлангаа тавих гэж байгаа хэрэг вэ. Тийм нүүр бидэнд үлдэх эсэхийг Засгийн газар шийдвэрээ албажуулах эсэхээс шууд хамаарахаар болж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!