Элэг солиулах хагалгааныхаа зардлыг олохоор бөхчүүд, спортынхонд зориулсан арьсан цүнх урладаг И.Түвшинжаргалыг UBN сайт онцолж байна.
Өөдөсхөн багад нь өргөж авч, өөрийн хүүхдүүдээс илүү хайрлаж өсгөсөн ээжийгээ алдснаас хойш ганцаараа ажиллаж, ганцаараа амьдарч, хүнд өвчинтэйгээ ч ганцаараа тэмцэж байгаа И.Түвшинжаргал бусдад төвөггүй амьдрахыг чухалчилдаг.
Тийм ч учраас тэр өөрийнхөө урласан арьсан цүнхнүүдээ илүү олон хүнд хүргэж, олсон орлогоороо өөрийгөө эмчлүүлж, элэгээ солиулахаар өдөр бүр хичээж, өвчин шаналалаа умартан шүд зуун тэмцэж байна.
И.Түвшинжаргал бөхчүүд, фитнесс, спортынхонд зориулсан арьсан цүнх урладаг. Хамгийн сайн чанарын арьсыг сонгож, деталь бүрт нь сэтгэлээ шингээж урласан цүнхнүүдээ 150-280 төгрөгөөр үнэлж, хямд үнээр чанартай цүнх авах боломжийг олгодог гээд онцлох зүйл ихтэй үйлдвэрлэгч.
Улсдаа нэртэй томоохон цүнхний үйлдвэрүүд, барилгын компани гээд И.Түвшинжаргалд хийж үзээгүй ажил гэж байхгүй. ХАБ буюу Хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр сургалтад хамрагдаж, ХАБ-ын инженерээр ажиллаж байхдаа гэдсэндээ төмөр зоолгож нээлттэй хагалгаанд орохдоо элэгний хатууралтай гэдгээ мэдсэн. Одоо элэгний хатуурал нь гуравдугаар шатандаа орсон учраас яаралтай элэг солиулах хагалгаанд орох шаардлагатай гэдгийг хариуцсан эмч нь түүнд хэлсэн байна. Тиймээс хагалгааныхаа зардлыг олохоор хичээнгүйлэн ажиллаж байна.
Монголд элэг солиулах хагалгаа үнэ төлбөргүй хийгддэг ч донор олох, хагалгааны дараах эмчилгээ гээд хамгийн багадаа 50-60 сая төгрөг шаардлагатай болдог байна.
"ХӨДӨЛМӨРЛӨХ БОЛОМЖТОЙ БАЙГАА ДЭЭРЭЭ ХӨДӨЛЖ, ӨӨРИЙНХӨӨ ХҮЧЭЭР ӨӨРИЙГӨӨ ЭМЧЛЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА"
Би өвдчихлөө надад мөнгө өг гэж хэлэхийг И.Түвшинжаргал хүсээгүй учраас өөрийн үүсгэн байгуулсан "ОД" брэндээ олонд таниулж, олсон орлогоороо өөрийгөө эмчлэхийг зорьсон. Энэ тухай тэрбээр, "Би хөдөлмөрлөх боломжтой байгаа дээрээ хөдөлж, өөрийнхөө хүчээр өөрийгөө эмчлэхийг хүсэж байна. Хэрэв хэвтэрт ороод цүнхээ хийх чадахгүй болчихвол би яах ч аргагүй болно. Тиймээс надад туслахыг хүсвэл, цүнх захиалаасай л гэж хүсэж байна" гэсэн юм.
"ЭЭЖИЙГЭЭ ӨНГӨРСНӨӨС ХОЙШ ГАНЦААРДАЛ ГЭХ ЗҮЙЛИЙГ ХАМГИЙН ИХЭЭР МЭДЭРСЭН"
И.Түвшинжаргал 8 хүүхэдтэй айлын хамгийн бага нь. Түүний ээж н.Ичинхорлоо И.Түвшинжаргалыг өргөж авч, өсгөсөн. Энэ тухай тэрбээр, "Ээж минь бурхан шиг сайхан хүн байсан. Өөрөө 8 хүүхэд төрүүлчхээд намайг авч өсгөнө гэдэг одоо цагт бол боломжгүй зүйл. Тийм болохоор би ээждээ хамгийн их талархаж явдаг. Үүнийг ээжийгээ алдснаас хойш бүр ч ихээр ойлгож, ганцаардал гэх зүйлийг хамгийн ихээр мэдэрч эхэлсэн" хэмээн нүдэндээ нулимстай ярьсан юм.
Бид эрүүл саруул, элэг бүтэн байхад л бусад нь аяандаа болно доо гэдэг. Гэтэл И.Түвшинжаргал гэх энэ эрхэмд аль нь ч алга. Тэглээ гээд гуньж, гутарч, уруудаж, дордоогүй амьдралын төлөө амьдрахын төлөө тэмцэж байгаа нь үнэхээр гайхалтай.
☎️ЗАХИАЛГА ӨГӨХ УТАС: 96094556
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!