Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын асуудлыг шийдэх Засгийн газрын хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж, эрх олгохоор болсныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээллээ.
Хил холболтын төмөр замын асуудалтай холбогдуулан салбарын сайд хэлсэн үгэндээ "Өнгөрсөн хугацаанд та бүхэн мэдэж байгаа байх, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу УИХ-ын эдийн засгийн болон аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор энэ асуудал орж гарын үсэг зурах зөвшөөрлийг хуулийн дагуу олгосон асуудал байгаа. Бид өмнө нь УИХ-аар хил холболтын төмөр замын асуудлыг оролцуулсан Засгийн газрын хэлэлцээрт баримтлах үндсэн чиглэлийг УИХ-ын 58 дугаар тогтоол батлуулсан. Энэ хүрээнд Засгийн газар илүү ч үгүй, дутуу ч үгүй тогтоолын хүрээнд асуудлаа шийдсэн.
УИХ-аар энэ асуудлыг хэлэлцэх үед Д.Энхтүвшин нарын гишүүд тодорхой асуулт асууж хариулт авсан. Мэдээж энэ асуудлыг шийдэхэд битгий зогсоосой, болиосой гэж бодсон нэг ч Монгол Улсын иргэн, УИХ-ын гишүүн, Засгийн газрын байхгүй байх. Мэдээж сайн болох тал дээр анхааруулж хэлсэн.
Бид энэ асуудлуудыг тэмдэглэж ажлын хэсэг дээр ярилцаж тодорхой засваруудыг хийсэн. Энэ асуудал зурагдаж гарсны дараа ил болох байх. Мөн сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн экспорт хамтын ажиллагаа тал дээр явж байна. Засгийн газрын хэлэлцээр, ажлын хэсгийн протокол зурагдсаны дараа хоёр улсын төрийн өмчит компанийн хооронд гурвыг цогцоор буюу хамтдаа зурах гэрээ байгаа юм. Үүнд, нүүрс худалдах, худалдан авах гэрээ, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалт, уурхайн хүчин чадал байгаа юм. Үүн дээр хоёр дахь төсөл нь урагшилсны дараа гэх асуудал байхгүй. Гарын үсэг зурагдсанаар зэрэг эхэлнэ гэж ойлгож болно.
Гарын үсгийн тухайд нууцлах зүйл байхгүй. УИХ-аар нээлттэй ярьсан. Дээр нь Байнгын хороогоор хэлэлцэх үед бид бүгд үзэж мэдээллээ авсан.
Бид Үндсэн чиглэлээ баримталж байгаа учраас үүнээс хэтрүүлэх эрхийн асуудал байвал хариуцлагын асуудал яригдах учраас бид Их хурлын шийдвэрийг дагаж мөрдсөн гэдгийг албан ёсоор хариуцлагатай хэлье.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!