Амгалан дулааны станцад өчигдөр орой цахилгаан тасарсны улмаас сүлжээний насос зогсож, ажиллаж байсан зуухнууд дээрх ус, уур болон хувирч хотын дулааны сүлжээний даралт өссөн. Үүний улмаас 13 дугаар хорооллоос зүүн тийш хорооллуудад халуун ус тасарсан. Урьд шөнө Улаанбаатар Дулааны сүлжээ ХК-ийн хоёр бригад засварын ажил хийсэн.
Ингээд гурван цагийн дараа сүлжээ хэвийн болно гэж мэдээлж байсан юм. Нийслэлийн хэвлэлийн албанаас өгсөн мэдээллээр 03:50 цагт гагнуур дуусаж, Кино үйлдвэрийн салаанд задарсан 200мм-ийн ган хоолойн гэмтлийг олж гагнаж дууссанаар тэр хавийн салааг залгаж эхэлсэн байна. Ингэхдээ сүлжээний даралт, температурыг аажмаар нэмэгдүүлж ажлын даралтад хүргэх аж. Ийнхүү ойролцоогоор таван цагийн дараагаас хэвийн ажиллаж эхэлнэ гэж үзжээ. Амгалан ДС-ын гарах халууны хэмийг 07:00 цаг гэхэд 100 хэмд хүргэх даалгаврыг албаны зүгээс өгсөн байна. Дулааны станцын зуухыг дүүргээд галлаж эхэлсэн бөгөөд өнөөдөртөө хоёр зуух нэмж галлана гэлээ.