Манай улс энэ жил 240 мянга орчим тонн улаанбуудай импортоор оруулж ирсэнээс үүдэн тариаланчид борлуулалтын эндэгдэлд ороод байна. Энэ асуудлаар Монголын тариаланчдын үндэсний холбооноос мэдэгдэл хийлээ.
Хурлын үеэр "Тариаланчдын хураан авсан ургац дотоодын хүнсний үйлдвэрлэлд зориулагддаг учир борлуулалтад хүндрэл учирсан. Энэ жилийн хувьд нийт хурааж авсан ургацын 50 гаруй мянган тонныг "Хөдөө аж ахуйг дэмжих сан" буюу улс худалдан авсан бол 200 гаруй мянган тонныг гурилын үйлдвэрүүд авсан. Одоогийн байдлаар тариаланчдын гар дээр 130 мянга гаруй тонн буудай борлогдоогүй үлдсэн байна. Энэ нь нийт хураан авсан ургацын 30 орчим хувийг эзэлж байна.
Энэхүү борлуулалтад үүссэн хүндрэл нь 2020 онд импортолсон буюу гадаадаас ирсэн буудайтай холбоотой. Өмнөх жилүүдэд 11 дүгээр сарын 15-н гэхэд ургацын борлуулалт дуусч, тариаланчид амардаг байсан" талаар тариаланчид хэлсэн юм.
Мөн гурилын үйлдвэрүүд дотоодын тариаланчдын буудайг худалдан авалгүйгээр өөрсдийн дураар стандарт тогтоон импортын улаан буудай авдаг байна. Тиймээс гурилын үйлдвэрүүдэд тогтсон стандарт мөрдүүлэхийг холбогдох байгууллагуудаас шаардаж байгаагаа илэрхийллээ.