ХӨНДӨХ СЭДЭВ: Төр зах зээлийн зарчим руу “гар дүрснээр“ гурилын импорт 11.1-63.5 мянган тонн, цементийн импорт 1.8-7.4 мянган тонн болж өсөв

Огноо
Унших
10 минут 59 секунд

34 жилийн өмнө монголчууд анх удаа зах зээлийн эдийн засгийг нэвтрүүлж Үндсэн хуулиар баталгаажсан хувийн өмчтэй болсон. Харин өнөөдөр чөлөөт зах зээлийн чөдөр нь Монголын төр өөрөө болжээ. Хувийн хэвшлийг дэмжинэ гэж байнга ярьдаг ч нидэр дээрээ буланд шахдаг болоод удлаа. Бүх зүйлд оролцож, үнэ хүртэл тогтоодог болов. Удахгүй өрхийн халаас руу өнгийх л дутуу байна.

Мах, гурилын үнэ өсөх бүрт эдийн засгийн өвдөлтийг "үнэ бууруулах" нэрийдлээр хүчээр барьж эцэст нь торгоож чадахгүй нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохлов гэгчийн үлгэр болно.

Үүний тод жишээ нь, өмнөх УИХ-аар баталсан гурилыг гаалийн татвараас чөлөөлөх тухай хууль болон импортын цементийн татварыг 20-иос таван хувь болгон бууруулсан. Гэтэл бид өөрсдөө гурил болон цементийн дотоодын хэрэглээг 100 хувь хангах боломж нөөц хангалттай атал эсрэгээрээ төрөөс импортын хаалгыг нээсэн нь шийдвэр нь үндэсний үйлдвэрлэгчдээ татаж унагаах, бизнес эрхлэгчдийг баялаг бүтээх хүсэлгүй Монголоос дүрвэтэл хорлосноос өөрцгүй боллоо.

ГУРИЛЫГ ГААЛИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛСНӨӨС ХОЙШ ЖИЛ ХҮРЭХГҮЙ ХУГАЦААНД 63.5 МЯНГАН ТОНН ХҮРТЭЛ ИМПОРТ ӨСӨВ

УИХ-аас өнгөрсөн оны гуравдугаар сард гурилыг гаалийн татвараас чөлөөлсөн нь импортын гурил "ногоон гэрэл"-ээр орж ирэхийн хэрээр төгрөгөө гадагшаа валютаар солих болов. Гурилыг гаалийн татвараас чөлөөлснөөс хойш 10 сарын хугацаанд гурилын импорт 5.8 мянган тонноос 63.5 мянган тонн болтол өсөв.

Харин гурилыг гаалийн татвараас чөлөөлөхөөс өмнө 2023 онд ердөө 11.3 мянган тонн гурил импортолсон бол энэ дүн жилийн дараа гэхэд 63.5 мянган тонн буюу бараг 5.7 дахин нугарчээ. Үндсэндээ Оросоос 100 хувь гурилыг нийлүүлж зах зээлд "шахсан" гэсэн үг.

ГУРИЛЫН ИМПОРТ 2023 ОНЫ МӨН ҮЕЭС 70.5 ХУВИАР ӨСӨВ

Харьцуулахад, 2024 оны нэгдүгээр сард буюу гурилыг гаалийн татвартай импортолдог байхад ердөө 2.6 мянган тонн гурил худалданн авсан бол гаалийн татваргүй болсноос хойш 2025 оны нэгдүгээр сард 4.9 мянган тонн буюу 1.9 дахин өсжээ. Энэ нь 2023 оны мөн үеэс 70.5 дахин өссөн дүн болохыг Монголын гааль болон ҮСХ-ны мэдээллээс харж болно.

Ямартай ч 2024 оны сонгууль угтаж олон нийтээс оноо авах гэсэн үү, төрөөс үнэ бууруулж чадна гэж итгэсэн үү аль нь ч байсан парламентад баталсан энэ шийдвэр нь хэдэн үйлдвэрээ татаж унагаахаас хэтэрсэнгүй. Үүний гор нь өнөөдөр импортын дарамтаар илэрч Монголын төр үнэнд гүйцэгдэж байна.

Удахгүй цагаан сарын дараа хуралдах УИХ-ын хаврын чуулганаар гурилыг гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох тухай хэлэлцүүлж шийдвэрлэнэ гэж Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр ам нээсэн. Тэрбээр,

ГУРИЛЫН 3-4 ҮЙЛДВЭРЛЭЛ ЗОГССОН, ДАХИН 4 ҮЙЛДВЭР ХААЛГАА ХААХАД ХҮРСЭН ТУЛ УЛААНБУУДАЙ, МАЛЫН ТЭЖЭЭЛЭЭ ИМПОРТЫН ТАТВАРЫН ДАГУУ АВАХ НЬ ЗӨВ

Гадаадаас импортын улаанбуудай, гурил авснаас үүдэж дотоодын үйлдвэрүүдэд сөргөөр нөлөөлсөн. Тухайлбал, улаанбуудайн тариалалт багасч, гурилын үйлдвэрлэл буурсан буюу 3-4 үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосон. Мөн дахин 3-4 үйлдвэр үүд хаалгаа хаахад хүрээд байна. Хууль тухайн үедээ үр өгөөжөө өгсөн. Тиймээс улаанбуудай, малын тэжээлээ өмнөх импортын татварын дагуу авах нь зөв гэж үзэж байна" гэсэн юм.

Зөвхөн гурилын жишээг татахад л ийм байна. Төр төмөр нүүрээ дотоодын гурил үйлдвэрлэгчдэд харуулж үнэ бууруулахаар гаалийн татвараас тодорхой хугацаагүй чөлөөлсөн ч үр дүнд нь дотоодын хэдэн үйлдвэр хаалгаа барьсан уу гэхээс үнэ буурсангүй. Бодит амьдрал дээр, иргэд өнөөдөр ч үнэтэй гурилаа авч хэрэглэсээр л байна. Араас ч цемент мөн адил гурилаас өөрцгүй болов.

НУУХЫГ НЬ АВАХ ГЭЭД НҮДИЙГ НЬ СОХЛОВ ГЭГЧЭЭР ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭ БУЛАНД ШАХАЖ ТӨГРӨГӨӨ ГАДАГШ УРСГАВ

Монгол Улс үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд хэсэг хугацаанд өмнөд хөршөөс цемент импортлохыг хязгаарлаад байв. Гэтэл өнгөрсөн, хавар зунаар Засгийн газраас шийдвэр гаргаж импортын цементийг оруулж ирэхийг дэмжчихсэн. Үр дүнд нь мөн л урдаас импортлох цементийн тоо хэмжээ гэрлийн хурдаар өсөв.

Статистик мэдээгээр, энэ оны нэгдүгээр сард 7.4 мянган тонн цемент 0.5 сая ам.доллароор импортолсон бол өмнөх оны мөн үед ердөө 1.8 мянган тонн цементийг 0.1 сая ам.доллароор импортолжээ.

Мөнгөн дүнгээр авч үзвэл, жилийн өмнө 345 сая төгрөгөөр цемент худалдан авч байсан бол энэ дүн 1.7 тэрбум /1.729.500.000/ орчим болжээ. Өөрөөр хэлбэл, жилийн дараа гэхэд 1.3 тэрбумаар нэмэгдэж, энэ хэмжээний мөнгө гадагшаа валют болгож алдсан гэсэн үг.

Энэ хэмжээгээр өнөөдөр багахан валютын нөөцөө шавхах эрсдэл рүү татаж байгаа нь гашуун үнэн. УИХ-ын сонгуулийн өмнө буюу өнгөрсөн тавдугаар сард Засгийн газраас импортын цементийн татварыг 20-оос таван хувь болгон бууруулсны горыг зөвхөн мөнгөн дүнгээр тооцоход л ийм байна.

Тухайн үед импортын цементийн татварыг бууруулсан гол шалтгаан нь Засгийн газраасорон сууцны томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр барилгын салбарт 10.3 их наяд төгрөгийн санхүүжилт гаргасан явдал. Бас л гурилтай адил орон сууцны томоохон төслүүд бодит амьдрал дээр хэрэгжсэн нь нүдэнд харагдаж гарт үзэгдсэнгүй.

Орон сууцны үнэ ч буурсангүй. Угтаа бол орон сууцны барилгын гол түүхий эдийн нэг болох цементийн үнэ буурахад дагаад орон сууцны үнэ буурах ёстой. Атал эсрэгээрээ импортын татвараас чөлөөлсөн ч орон сууцны үнэ нэгдүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 13.3 хувиар, өмнөх сараас 0.5 хувиар тус тус өссөн дүнтэй байна.

Төрөөс хувийн хэвшлээ дэмжихийн оронд дэвсэлдгийн тод жишээ нь гурил, цемент хоёр болж, эхнээсээ гаргасан шийдвэр нь гай тарьж горыг нь монголчууд бүгдээрээ амсаж байгаа нь нууц биш. Эрх баригчдын бодлого судалгаагүй шийдвэр үнэнд гүйцэгдэж байгаа нь энэ. Асуудал нь, гурил ч тэр, цемент ч тэр дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой атал үйлдвэрлэгчдээ буланд шахаж импортоор худалдан авч валют гаргаж буй явдал.

Үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөл "Монполимент” группийн ерөнхийлөгч Н.Мөнхнасан: Дотооддоо үйлдвэрлэх бүрэн хүчин чадалтай цементийн үйлдвэрүүд байсаар байтал импортын цементийг татварын бодлогоор дэмжиж, нийт 260 мянга гаруй тонн цемент оруулж ирж, 70 тэрбум төгрөгтэй тэнцэх валютыг гадагшлуулсан байна шүү дээ гэж твиттертээ жиргэснийг анзаарахгүй өнгөрч болохгүй.

Импортын өдөөсөн дээрх шийдвэрүүд нь тус биш хор болохыг эдийн засагчдын зүгээс мөн л өмнө нь сануулсаар ирсэн ч эцэст нь өнөөдөр импортоо хазаарлаж, инфляциа торгоож чадахгүй бодит эрсдэлтэй нүүр тулаад байна.

ХЭРЭГЛЭЭНИЙ ГУРИЛ, ЦЕМЕНТИЙГ ИМПОРТЛОХ, ТАТВАРААС ХӨНГӨЛӨХ ШААРДЛАГАГҮЙ

Эдийн засагч Н.Энхбаяр: Гурилын тухайд авч үзвэл, гаалийн татвараас хөнгөлөх арга хэмжээг 1990 оноос хойш маш олон удаа авсан. Сургамж нь тодорхой. Өмнө нь гаргасан шийдвэрүүдээс үзвэл дотоодын үйлдвэрлэгчдэд хүнд тусаж байсан. Татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн асуудлыг тодорхой хугацаатай тавих ёстой. Зах зээл дээр гурил, цемент очиж байгаа бол тэр хугацааг нөхөх хугацааг л тусгах ёстой. Харамсалтай нь, өнөөдөр дотоодын цемент үйлдвэрлэгчид зарим нь илэрхийлээд эхэллээ.

Дотоодын зах зээлээс нийлүүлэх боломжтой цемент авахгүйгээр ижил маркийн цемент авснаас болж 70 тэрбум гаруй төгрөгийг зөвхөн импортын цемент авахад зарцуулсан байна. Энэ нь харамсалтай байхгүй юу.

Үр тариа, цементийн аль нь ч байсан дотроо ангилалтай. Барилгад хэрэглэдэг ердийн 500 маркийн цементийг манайх үйлдвэрлэж байхад гаднаас авах шаардлага байхгүй. Харин гүний далд уурхай, усан цахилгаан станцад хэрэглэдэг цементийг татвараас хөнгөлж болно шүү дээ. Мөн адил гурил ч бас ахуйн хэрэглээний гурилыг импортлох шаардлагагүй. Гагцхүү, талх, нарийн боовонд хэрэглэдэг хатуу үрийн буудайн гурил дутаж байгаа бол татварын хөнгөлөлт үзүүлж болно.

Хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхдээ чанар, ангиллын хувьд хугацааг нь авч үзэхгүй бол хавтгайруулбал сөрөг үр дагавар гарна. Өнгөрсөн жилүүдэд өчнөөн л сөрөг үр дагавар гарлаа. Дотоодын гурилын хомсдол бий болж, үйлдвэрлэгчид хүнд байдалд орж байна.

Урьд жилүүдэд маш олон ийм жишээ гарч байсан. Төр эдийн засагт оролцож байгаагийн сөрөг нөлөө нь энэ шүү дээ гэлээ.

Чингэлтэй дүүргийн сурагчид усан спортоор хичээллэж эхэллээ
Чингэлтэй дүүргийн сурагчид усан спортоор хичээллэж эхэллээ
 
Л.Энх-Амгалан: Цаашид цагаан сар, үндэсний баяр наадмын өдрүүдэд амралтын өдөр тохиовол шилжүүлж амраах хууль өргөн барина
Л.Энх-Амгалан: Цаашид цагаан сар, үндэсний баяр наадмын өдрүүдэд амралтын өдөр тохиовол шилжүүлж амраах хууль өргөн барина
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!