Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай танилцууллаа. Үүнтэй холбогдуулан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Шүгэл үлээгч гэж хэн байх вэ?
-Хуульд тодорхой зааснаар нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээж байгаа, түүнийгээ албажуулж, бичгээр гомдол мэдээллээ гаргасан хүнийг шүгэл үлээгч гэж хэлнэ. Харин гэмт хэргийн талаар ердийн гомдол, мэдээлэл, дуудлагыг иргэн бүр гаргах үүрэгтэй. Жишээлбэл, нэг тодорхой уул уурхайн компани экологийн сүйрэлд хүргэхүйц үйл ажиллагаа явуулж байгаа гэх мэдээллийг холбогдох байгууллагад гаргаж болно.
Гэхдээ шүгэл үлээгч үндэслэлгүйгээр бусдын нэр төрд халдах, өөрийн ашиг сонирхлын үүднээс хэн нэгнийг гутаан доромжлох нь шүгэл үлээгч гэж үзэхгүй.
Хоёрдугаарт, сэтгүүлчдийн эх сурвалжаа нууцлах эрхийг энэ хуульд тусгаж өгсөн.
-Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх боломж бий юу?
-Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт энэ чиглэлийг бий болгохоор явж байгаа. Энэ оны эхний 10 сарын байдлаар Авлигатай тэмцэх газар 90 тэрбум төгрөгийг улсад учруулсан хохирол гэж төрийн дансанд төвлөрүүлсэн. Цаашид авлигатай тэмцэх хамгийн тодорхой хэлбэр бол эрүүгийн хуульд хэрэг хялбаршуулсан журмаар шийддэг буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрч ял наймаалцах ерөнхий ангийн зохицуулалтыг зөвхөн авлигын хэрэг дээр хэрэглэхгүй байх зохицуулалтыг оруулж ирж байгаа.
-Рио тинтогийн төлөөллүүдтэй хийх уулзалтаа үргэлжлүүлж байгаа юу?
-Уулзалтуудыг бараг өдөр болгон хийж байна. Жишээ нь өнөөдөр 15.00 цагаас хэлэлцээрийн уулзалтыг хийнэ. Хоёр талын саналуудаа хэлэлцэнэ. Үүний дараа 53:47 гэдэг харьцааны бодит илэрхийллийн талаар, санхүүгийн тооцооллоор манай улсад 53 хувийн үр өгөөж ирээгүй тохиолдолд бид дараагийн заалтуудад өөрчлөлт оруулах санал тавин дээрх гурван үе шаттайгаар хэлэлцэж байгаа.