Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан "Нарийнсухайтыг 1995 онд Уул уурхайн сайд Р.Жигжид гэж хүн Б.Нямтайширт өгсөн. Б.Нямтайшир гуай энэ ордыг 2005 онд гадаадын банканд тавиад 500 сая ам.доллар зээлсэн. "МАК"-ийн ордууд Н.Номтойбаяр, Н.Цэлмүүн хоёр дээр л байдаг. Энэ хоёр хүнийг БАЯН БОЛГОХ ГЭЖ монголчууд төрөөгүй" гэж мэдээлэл хийсэн. Тэгвэл түүний хариуд МАК-ийн Ерөнхийлөгч Н.Цэлмүүн мэдэгдэл хийжээ.
Тэрбээр "Ард түмний баялгийг хулгайлсан гэх. Монгол улс хуульт ёстой, төрт улс аа. Өнөөдөр мөрдөгдөж байгаа бүхий л хууль журам, тогтоомжийн хүрээнд, эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд л уул уурхайн бизнес эрхэлж байгаа.Хүн бүрт ийм боломж байгаа. Боломжоо амжилттай ашиглаад явж байгаа бизнесмен, аж ахуйн нэгжүүд зөндөө л байна.Бид үүсгэн байгуулагдсанаас хойш 3 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, тэтгэвэр, тэтгэмж, сургууль цэцэрлэг, эмч, цагдаа, төрийн алба хаагч гэх мэт нийгмийн бүхий л давхаргад хөрөнгө оруулалт, төсвийн эх үүсвэр болоход хувь нэмрээ оруулж ирсэн.
Бизнесээс олсон хуримтлагдсан ашиг, орлогоо буцаад улс орны хаа нэгтээ бүтээн байгуулалт хийж, хөгжил дэвшилд оруусан. Нийт мөнгөн төгрөгөөр илэрхийлвэл 2 их наяд төгрөг болжээ. (Бодит жишээ Евроблок, Евроцемент, Евровиндоор үйлдвэрүүд, Цагаан Суварга төсөл, Хүннү Эйр, г.м) Төсвийн захиран зарцуулалтад бид оролцох эрх мэдэлтэн биш, тэгш бус хуваарилалт үүсгэсэн тэр түшмэдүүд хариуцлагын эзэд шүү дээ. Хурааснаар, хорьсноор, намнаснаар ард иргэд маань амар сайхандаа жаргана гэнэ үү? Авлаа, өглөө гэж бодоход юу шийдэх вэ. Төр хамгийн муу менежер байдаг. Тэнд өмч эзгүйддэг, тэнд албан тушаалтаны бизнес цэцэглэдэг, тэнд тэдний "тавиул" дарга нарын тансаглал хэтэрдэг. Төр "ард түмэндээ" эргүүлэн авчирлаа гэж тэд попорно. Үүний ард төрийн өмч нэрээр эрх мэдэлтнүүд өөрсдөө авдаг. Өөрсдөө ашиг олох эх үүсвэр болгодог" гэж жиргэсэн ч удалгүй устгажээ.
Сэтгэгдэл (8)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!