Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Л.Түвшинбаттай ярилцав
-АТГ-ын Судалгаа шинжилгээний алба сүүлийн үед ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж байгаа вэ? Энэ талаарх танилцуулгаас хоёулаа ярилцлагаа эхлэх үү?
-Тэгэхээр АТГ нь Авлигын эсрэг хуулиар хүлээсэн үндсэн 4 чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр үндсэн үйл ажиллагааг дэмжих, судалгаа шинжилгээнд суурилж шийдвэр гаргах зорилтын хүрээнд АТГ-ын Судалгаа шинжилгээний албанаас “Шударга байдлын үнэлгээ”, “Хүүхдийн шударга байдлын судалгаа”, мөн дотооддоо гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдэг чиглэлээр жил тутам тодорхой судалгаануудыг хийдэг.
Үүний зэрэгцээ 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас “Дэлхий нийтийн авлигын төсөөллийн индекс”-ийг зарлалаа. Улс орнуудын авлигын үзүүлэлт ямар байгаа вэ, цаашид ямар үйл ажиллагааг хэрэгжүүлэх вэ гэдэг энэ судалгаа чиглэж байдаг. Судалгааны дүнд тулгуурлан үнэлэлт дүгнэлт өгөхийн зэрэгцээ зөвлөмж өгдөг.
Энэ жилийн хувьд Монгол Улс 33 оноотой, өнгөрсөн оноос 7 байраар эрэмбэ нь урагшилсан байна.
-Төсөөллийн индекс гэдгийг энгийн ойлгомжтойгоор тайлбарлаж өгөхгүй юу?
-“Авлигын төсөөллийн индекс”-ийг Берлинд төвтэй “Транспэрэнси Интернэшнл” байгууллага сүүлийн 30 гаруй жилийн турш гаргаж дэлхий нийтэд танилцуулж байгаа. Энэ бол “Авлигын төсөөллийн индекс” юм. Олон улсад авлигыг хэмжих, тодорхойлох олон талын судалгаанууд хийгддэг. Энэ дундаас хамгийн бодитой тодорхойлолт болдгоороо “Транспэрэнси интернэшнл” байгууллагын судалгаа нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн. Монгол Улсын хувьд жил бүрийн судалгааны дүнг болон үүнтэй холбогдуулан гаргаж байгаа зөвлөмжүүдийг өөрсдийн үйл ажиллагаандаа ашиглах, цаашдаа үйл ажиллагаагаа сайжруулах, чиг шугам болгон ажилладаг.
-Олон улсын байгууллага ямар шалгуур шаардлагыг тавьдаг вэ?
-“Транспэрэнси Интернэшнл”-ийн авлигын төсөөллийн индекс нь олон улсын судалгааны байгууллагын 13 эх сурвалжийн судалгаа мэдээлэл дээр үндэслэдэгЭнэ жилийн хувьд 8 байгууллагын судалгаан дээр үндэслэн манай улсын индексийг хэмжиж гаргасан байна. 2024 онд 5 байгууллагын үнэлгээ буурсан, 3 байгууллагын үнэлгээ сайжирсан буюу Монгол Улсын авлигатай тэмцэх үйл ажиллагаа нь үр дүнд хүрч байна гэж гарсан. Тэгэхээр авлигын төсөөллийн индекс тэр чигээрээ муу биш, зарим нь уналттай боловч зарим үзүүлэлт нь өссөн гэдгийг ойлгох нь зүйтэй.
-Авлигын төсөөллийн индексийг сайжруулах чиглэлээр АТГ-аас өнгөрсөн нэг жилийн хугацаанд ямар ажлуудыг зохион байгуулж ажилласан бэ?
-Зөвхөн нэг жилийн хугацаанд гэлгүй ерөнхийдөө том зургаар нь харвал авлигатай тэмцэх үйл ажиллагаа нь ганц АТГ-ын ажил биш. Улсын хэмжээнд төрийн бүх институциуд, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоо гээд, ер нь бүх салбарт шат шатандаа анхаарч ажиллах шаардлагатай. Үзүүлэлтүүдийг сайжруулахын тулд нэг жилээр биш нэлээд олон жилийн цаадахыг харж төлөвлөж үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа.
“Транспэрэнси Интернэшнл” байгууллагын 2024 оны зөвлөмжөөр Монгол Улсад 2019 оноос хойш сүүлийн 5 жилийн хугацаанд манай зөвлөмжийг багцаар нь хэрэгжүүлэхийг зөвлөж байгаа. Тэгж чадвал үнэлгээний өсөлтийг сайжруулах, оноогоо нэмэгдүүлэх боломжтой. АТГ-аас энэ зөвлөмжийн хүрээнд 2023 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан. Үүнийг та бүхэн сайн мэдэж байгаа байх. Энэ нь “Транспэрэнси Интернэшнл” болон Эдийн засаг хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн биелэлтийн нэг хэсэг нь.
Түүнчлэн АТГ-ын үйл ажиллагааны сайн туршлагуудыг түгээх, нэвтрүүлэх чиглэлээр бодлогын баримт бичгүүдийг боловсруулсан. “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас өгсөн зөвлөмжүүд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-т тусгагдсан байгаа. Үндэсний хөтөлбөрт 10 зорилт, 200 гаруй арга хэмжээг төлөвлөсөн. Тэдгээр арга хэмжээнүүдийн хүрээнд дээрх зөвлөмжүүд бүгд хэрэгжих боломжтой.
Бас нэг эерэг үзүүлэлт нь гэвэл Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээнүүд нь 2023 оноос тодорхой түвшинд хэрэгжээд эхэлсэн. Тухайлбал, Баялгийн сангийн тухай хууль, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, төрийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах чиглэлээр УИХ, Засгийн газрын түвшинд шийдвэр гараад явж байгаа. Энэ нь АТГ-ын үйл ажиллагаа төдийгүй “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас гаргадаг зөвлөмжийн биелэлт болсноор ирэх жилүүдэд “Авлигын төсөөллийн индекс”-ийн үзүүлэлтүүд өснө гэж харж байгаа.
-Авлигын индекс буурч байгаа, өсч байгаа гол шалтгаанууд нь юу вэ?
-Энэ талаар ярихаас өмнө манай улсыг үнэлж байгаа 8 эх сурвалжийн талаар хэлэх хэрэгтэй байх. Тухайлбал, сайжирсан үзүүлэлтүүдийн хувьд төрийн албан хаагчдын хариуцлагын асуудал, төр засгаас авлигын эсрэг батлан гаргаж байгаа бодлогын баримт бичгүүд, хууль сахиулах байгууллагуудын хувийн ашиг сонирхол, улс төрийн хүрээн дэх авлига, үүн дээр нарийвчлан ярих юм бол бодлогын өөрчлөлт гэдэг асуудлууд дээр манай улсын оноо нэмэгдсэн.
Нөгөө талд төрийн албаны ил тод байдал, сонгуультай холбоотой буюу улс төрийн намын санхүүжилтийн асуудал, хүний эрхийн асуудлууд дээр оноо буурсан байна. Энэ хүрээнд асуулгуудын үндсэн шалгуур нь байдаг гэж ойлгож болно. Тэгэхээр энэ чиглэлээр мэргэжлийн шинжээчид болон хувийн хэвшлийн байгууллагуудаас судалгаа авсны үндсэн дээр энэ дүгнэлт үзүүлэлтүүд гардаг.
-Авлигын төсөөллийн индекс хэр бодитой хэмждэг вэ?
-Дэлхийн 180 улс орны авлигын төсөөллийн индексийг гаргадаг. Авлигыг хэмждэг бусад байгууллагуудаас “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын судалгаа дэлхийн 180 оронд нийтлэгээрээ тохирсон, бодитой үнэлгээ байдаг. АТГ-ын зүгээс төдийгүй улсын хэмжээнд энэ үнэлгээний дагуу өгсөн зөвлөмжийг бодит ажил хэрэг болгож, үнэлгээгээ цаашид улам өсгөх шаардлагатай. Зөвхөн “Транспэрэнси Интернэшнл” байгууллага гэлтгүй өөр олон улсын байгууллагууд, тухайлбал НҮБ, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, Бертелсман сан зэрэг манай улсын хүчин чармайлт, үйл ажиллагааг үнэлдэг байгууллагуудын зөвлөмжийг мөн үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг.
-Долоон байраар урагшилсан гэдэг нь сайн мэдээ. Энд хүрэхийн тулд ямар ажлууд төлөвлөж хэрхэн хэрэгжүүлсэн бэ?
-Сайжруулсан үзүүлэлтүүдээ дараагийн удаа улам ахиулах, муу үзүүлэлтүүдийг засч сайжруулах шаардлагатай. Үүний тулд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээ тус бүрийг 2023-2030 онд үр дүнтэй хэрэгжүүлэх ёстой. Энд төр, засаг, төрийн байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгэм, иргэд олон нийт бүгдийнх нь хүчин чармайлт шаардагдана. Тэгэхээр АТГ-ын зүгээс тодорхой аргачлалын дагуу улсын хэмжээнд удирдан зохион байгуулна.
Дараагийн шатанд АТГ-ын өөрийн үйл ажиллагаанд хэрхэн ашиглах вэ. Манай иргэд сайн мэдэж байгаа байх. Сүүлийн жилүүдэд АТГ авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж бодитой үр дүнд хүрч байгаа. Үүний хүрээнд хулгайлагдсан хөрөнгө буцаах, хохирол нөхөн төлүүлэх, олон улсын сайн туршлагыг ижил төстэй байгууллагуудаас авч ашиглах чиглэлээр амжилттай ажиллаж байгаа. Жил бүр өсөлттэй байгааг манай байгууллагын тайлан мэдээллээс харах боломжтой. Тэгэхээр АТГ өөрсдийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагаа, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэн ажиллаж байгаа.
Зарим тоон мэдээлэл дурдмаар байна. Жишээлбэл, АТГ-аас мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн тоо болон шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн тоо тогтмол өсөлттэй байгаа. 2023 онд шүүхээр 192 хэрэг шийдвэрлэгдсэн бол 2024 онд 216 хэрэг шийдвэрлэгдсэн байна. АТГ байгуулагдсан цагаас хойш шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн тоо байнга өсч байна.
Нөгөө талаар АТГ-аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлүүлэх ажиллагаа сүүлийн 5-6 жилийн хугацаанд мөн өсөлттэй байна. Тухайлбал, 2023 онд 238.7 тэрбум төгрөг төлүүлж байсан бол 2024 онд 240.9 тэрбум төгрөг нөхөн төлүүлсэн. Үүн дээр нэмээд хэлэхэд, 2024 оны байдлаар нийт 13.9 сая ам.долларын хулгайлагдсан хөрөнгийг гадаад улсаас буцаан авчирсан байна.
Т.МӨНХТУНГАЛАГ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!