“Дарханы төмөрлөгийн үйлдвэр“ ХХК-ийн ган боловсруулах төсөл эрчимжиж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 57 секунд

Монгол Улсын Засгийн газраас "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг түшиглэн жилд 1.0 сая тонноос багагүй ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай ган хайлуулах үйлдвэр байгуулахаар шийдвэрлэв. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон холбогдох албаныхан тус үйлдвэрийн үйл ажиллагаа, төслийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа.

Сүүлийн хагас жилийн хугацаанд "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК санхүү, эдийн засгийн үзүүлэлтээ сайжруулж, өр төлбөрөө барагдуулан, Гангийн үйлдвэрийн цогцолбор төслийн бэлтгэлийг амжилттай хангажээ. Үйлдвэрийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадоржийн мэдээлснээр, тус компани эзэмшлийнхээ 500 гаруй сая тонн төмрийн хүдрийн нөөц бүхий Төмөртэй ордыг түшиглэн ган боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх боломжтой болсон байна.

Сүүлийн хагас жил компанийн борлуулалтын орлого өсөж, мөнгөн урсгал тогтворжсон нь төслийг хэрэгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлж байна. Импортыг орлох бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэж, экспортын чиглэлд ахиц гарсан нь Ган боловсруулах төслийг эхлүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлжээ.

Цаашид тус үйлдвэр Төмөртэй ордын нөөцөд тулгуурлан гангийн үйлдвэрлэлийг өргөжүүлж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой. Үүний хүрээнд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг шат дараатай хэрэгжүүлж, 2028 он гэхэд үйлдвэрийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Монгол Улсын аж үйлдвэрийн хөгжилд томоохон түлхэц өгөхөөс гадна техник, технологийн шинэчлэл хийх, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх стратегийн ач холбогдолтой бөгөөд дотоодын зах зээлд өндөр чанарын ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл суурь удахгүй тавигдаж эхлэхээр болсон байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал төслийн үйл ажиллагааг эрчимжүүлж, газар зохион байгуулалтын асуудлыг шуурхай шийдвэрлэх чиглэлийг "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн удирдлагад өглөө.

Ган боловсруулах үйлдвэрийн төсөл нь аж үйлдвэрийн хөгжилд түлхэц өгч, шинэ ажлын байр бий болгохоос гадна техник, технологийн шинэчлэл хийх, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх стратегийн ач холбогдолтой юм.

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК нь ойрын хугацаанд өөрийн санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулж, экспортын шинэ гарцыг нээх замаар орлогыг нэмэгдүүлж ган үйлдвэрлэлийн цогцолбор бэлтгэл ажлыг сайжруулан ажиллахаар төлөвлөж байна.

Бизнес эрхлэгч иргэдэд зориулсан “Аялалтай, Автомашинтай” урамшуулалт аян эхэллээ
Бизнес эрхлэгч иргэдэд зориулсан “Аялалтай, Автомашинтай” урамшуулалт аян эхэллээ
 
Сумын заан Б.Цагаанбанди хоёр дахь удаагаа түрүүллээ
Сумын заан Б.Цагаанбанди хоёр дахь удаагаа түрүүллээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!