
Хаврын улс төр дуулиантай өрнөх “бэлтгэл ажил” бүрэн хангагдаж байна. Нүүрсний экспорт, хулгай, эдийн засгийн нөхцөл байдлаас үүдсэн ханш, инфляц, Ч.Лодойсамбуу гишүүний санаачилга гээд багагүй асуудлыг тойрч бид хангалттай хэрэлдэнэ. Гэхдээ энэ бол улс төр, аж ахуйн нэгжийг тойрсон үндсэн том хэрүүлийн хажууд жижиг зүйл. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын бүрэн эрхийг оролдохоос сэргийлсэн, баялгийн сан “Ухаа худаг”-ийн асуудал бол хамгийн гол сэдэв байх учиртай.
Өчигдөр гэхэд уг сэдвээс үүдсэн нэгэн сонирхолтой улс төрийн үйл явц Төрийн ордонд өрнөв. “Цагаан алт” хөдөлгөөний төр хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт гэгчийн үеэр Ерөнхийлөгч гарч ирж улс төрийн шинж тэмдэг дүүрэн үг, өгүүлбэрийг хэн нэгэнд хандаж өгүүлэв. Тодруулбал, Ерөнхийлөгчийн хэлсэн хурлын нээлтийн үг ч юм шиг, улс төрд болж буй үйл явцыг хараад бухимдсан хүний үг ч юм шиг зүйл дунд онцолж харах гурван хэсэг байна.
НЭГ, Ерөнхийлөгчийн үг хувийн хэвшлийн “Арьсыг хуулах” гэж байгаа Засгийн газарт зориулагдсан уу
Болж буй улс төрийн үйл явцтай холбон харвал Ерөнхийлөгчийн хэлсэн эхний санаа бол хувийн хэвшлийн талд зогсож буй хүний үг байгаа юм. Тэрбээр, “Баялаг бүтээгчид маань хийж бүтээхийн төлөө бүхий л боломж нөхцлөө дайчилж ажиллаж байгаа. Энэ улсыг нуруун дээрээ үүрч явна. Улс төрдөө татвар төлж, олон хүнийг ажилтай орлоготой байлгаж байна. Та бүхэндээ баярлалаа, бахархлаа гэхээс өөр хэлэх үг олдохгүй байна. Хар төр улс та бүхнийгээ боломжтой бүх зүйлээрээ дэмждэг байх ёстой. Хүнд суртал, хүндрэл бэрхшээл гаргадаггүй байх ёстой. Бие биеэ битгий ад үз, битгий харлуул, битгий муу хэл. Цөөхөн монголчууд эвтэй байх ёстой” гэв. Ерөнхийлөгчийн онцгойлж хэлэх гэсэн юм гээд өгүүлсэн энэ үгний цаана түмэн санаа нуугдаж буй. Ээлжит нэг хувийн хэвшилтэйгээ “дайн” зарлаж, бусдыг нь хэзээ мөдгүй тулаанд дуудахад бэлэн байгаа Засгийн газар, Ерөнхий сайдад хаягласан үг гэж ойлгоход болно.
Хуулийн сайдаар ахлуулсан хувийн хэвшлийн “арьсыг хуулах” ажлын хэсэг гаргачихсан. Нөгөө талд нь хувийн хэвшилд очсон лицензийг хураах “БЭТ ЗАНДАН”-гийн хоолой шахсан мэдэгдлийн шүлс хатаагүй байхад Ерөнхийлөгч шууд хувийн хэвшлийн талд зогслоо. Нэг талаас харахад хувийн хэвшлийн талд байгаа хэдий ч нөгөө талаас нь Ерөнхийлөгчийн энэ үг, үйлдлийг MCS-ийн талд гарлаа гэж хардаж бас болох талтай.
ХОЁР, Ерөнхийлөгч муу нэр, луу данстай өнгөрсөн гучин жилийг хамгаалав
Өнгөрсөн гучин жилийг алдаа хэмээн дүгнэж, шинэ гучин жилийг зөвөөр өрнүүлэх тухай санаа одоогийн Ерөнхий сайдын хувьд “титэм” үг нь. “Гучин жилийн алдааг засна, давтахгүй” гэх үгийг нь та багагүй сонссон байх. Нээрээ ч энэ гучин жил бол бидний хувьд багагүй алдаа оноог туучиж өнгөрүүлсэн цаг хугацаа байсан. Харин өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх муу нэр, луу данстай өнгөрсөн гучин жилийг хамгаалах өнгө аясаар өөрийгөө болон үеийнхнээ өөд нь татлаа. Тэрбээр, “Өнгөрсөн гучин жил дандаа хар буруугаар шийдэгдсэн гучин жил биш. Алдаа дутагдал байсан ч Монгол Улс бүхэлдээ харанхуй ертөнцөд амьдраагүй шүү. Чи Монгол хүн юм бол эх орноороо бахарх, хэзээ ч битгий муул...” гэж айлдав.
Энэ үгээрээ Ерөнхийлөгч юу илэрхийлэхийг хүсэв. Магадгүй гучин жилийн алдаатай нь хамт ах нараа бүгдийг “ашиглалтаас” гаргаад байгаа Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй шинэ үедээ дотроо тааламжгүй явж иржээ. Мөн эх орноо муулахгүй байх сануулга нь хэнд очих ёстой юм бол гэдэг асуулт эргэлзээ төрүүлнэ. Ямар ч байсан Ерөнхийлөгчийн энэ үг өгүүлбэр бүхэлдээ Ерөнхий сайдын улс төрийн үзэл санааг няцааж буй юм.
ГУРАВ, У.Хүрэлсүхийн автортай нефтийн үйлдвэрийг өөнтөглөсөн Х.Баттулгын "цэргүүдэд" сануулга өгөв
Сая нефтийн үйлдвэрийн зээлийн нэмэлт санхүүжилтийг УИХ-аар шийдэхэд хамгийн их эсэргүүцэж байсан тал бол “Женко” Х.Баттулга талынхан. Төслийн хувьд дамарч эргэчихэж мэдэхээр эрсдэл байгаа юу гэвэл бий. Харин хэрхэн дуусгаж, ямар үр өгөөж авч ирэхийг өнөөдөр хэн ч хэлж мэдэхгүй байна. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улс нефтийн үйлдвэртэй болоход дургүй хүмүүс байх юм аа... Бид яагаад өөрсдийн нефтийн үйлдвэртэй байж болдоггүй юм бэ...” гэж хэлэв. Мэдээж энэ үг бол шууд утгаараа Х.Баттулгын талыг үнэнчээр баримталж буй С.Ганбаатар тэргүүтэй нөхдүүдэд очиж наалдах ёстой.
Яагаад гэвэл 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших хүнийг У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн талаас байх нь гарцаагүй гэгдэж буй. Улс төрийн нөхцөл байдлаасаа ч энэ бол үнэний ортой. Харин үүнд нь саад болох, эсвэл түүний “сойх” хүнийг шороотой хутгах “хөзөр”-үүдийн нэг нь газрын тос боловсруулах үйлдвэр байх магадлалтай. Яагаад гэвэл дээр өгүүлсэн шиг энэ үйлдвэрийн хувь заяа хэрхэх нь нэн ойлгомжгүй байгаа юм. Тиймээс далд хамтрал үүсгэчихээд байгаа нөхдүүдийн нэг болох Х.Баттулга талынхнаар дамжуулж бусдад нь сануулга өгч буй нь энэ бололтой.
Ямартаа ч Ерөнхийлөгч гэнэт гарч ирсэн нь зүгээр нэг зүйл биш. Энэ гурван утга санааг уур цухалтай илэрхийлсэн нь дэмий нэг биш. Яаж ч харсан өнөөдөр улс төрд өрнөж буй үйл явдалд зориулж, хэлэхийг хүссэн үгээ сонсгох шаардлагатай хүндээ зориулсан буй за.
Сэтгэгдэл (10)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!