Гадагшаа зугаалж, мөрийтэй тоглож валютын нөөцөө шавхсандаа Монголбанкны Ерөнхийлөгч болон Лу.Гантөмөр сайдаас “УУЧЛАЛ” гуйх хэрэг гарах нь…

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 34 секунд

Нүүрсний үнийн уналт, экспорт саарахтай зэрэгцэн валютын нөөц толгойн өвчин болох нь. Нийт экспортын 90 гаруй хувь нь зөвхөн Хятад, тэр дундаа ганц түүхий эдээс орлого нь хамааралтай эдийн засгийн мотор нь болсон валют шавхарч, элгээрээ хэвтэх шахаж байгаа нь иргэд бид буруутай юм байх.

Улаанбаатарын утаа, түгжрэлээс залхсан монголчууд Зүүн өмнөд Азийн орнууд руу дайжиж Эрээн Жининь, Хөх хот, Вьетнам, Тайландыг зорьж валют зөөсөн гэнэ. Бас автомашин худалдан авах нь хүртэл буруу юм байх. Ийм утгагүй тайлбарыг Монголбанк жишим ч үгүй тайлбарлах боллоо.

Иргэд нь гадагшаа аялснаас болж жилд нэг тэрбум төгрөгийг гадагшаа урсгаж байгааг тус банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэнэг ч үгүй ярьж сууна. Тэрбээр "Аялал жуулчлал дээр нэг тэрбумын хасах баланс үүсдэг" гэж сүүлийн үед ам нээх бүртээ ярих боллоо.

Үүнийг тайлбарлахдаа цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэнтэй холбоотой хэрэглээ өссөн гэх. Энэ талаар Хэдийгээр бид Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх арга хэмжээ авч байгаа ч зөрөөд монголчуудын гадагш хийх аялал нэлээд өндөр түвшинд хүрсэн. Тэтгэвэр, цалин өссөнтэй уялдаад өрхийн орлого сүүлийн хоёр жилд өссөнтэй холбоотой хэрэглээ нэлээн өндөр байна" гэж ам нээх бүртээ ярих боллоо.

Валютын нөөцийг харвал, шинэ оны босгон дээр 5.5 тэрбум ам.доллар /5.509.82/-ыг давж түүхэн дээд хэмжээнд хүрснийг зарлаж байсан бол энэ оны нэгдүгээр сард 4.8 тэрбум ам.доллар /4.88.4.28/-ын нөөцтэй болсон нь -11.24 хувиар буурсан үзүүлэлт байв.

Ганцхан сарын дотор хагас тэрбумаар нөөц дундарч 625.592.000 төгрөг валют болж гадагшаа урсчээ. Төв банкны Ерөнхийлөгчийн тайлбараар бол энэ зардал нь иргэд л гадагшаа аялж мөнгө үрснээс болсон хэрэг.

Бодит байдал дээр иргэдээ адлаад буй аялал жуулчлалын үйлчилгээ, автомашины хэрэглээнээс ч илүү улсын төсвийг тэлэх байдлаар төвбанкны “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл”-ээс гажих байдлаар цалин тэтгэвэр, халамж нэмэгдүүлж, ямар ч хэрэгцээгүй соёлын ордон, хөшөө дурсгал барих байдлаар урсгал зардлыг тэлдэг нь импортыг өдөөж инфляц халах шалтгаан болж байгаа нь нууц биш. Мөнгөний бодлогын хороо нь хүртэл төрийн зардал импортыг өдөөж буй талаар тайландаа дурдсаар ирсэн. Тус хорооны нэгдүгээр сарын тайланд

  • Төсвийн орлого бүрдүүлэлт сайн байж, төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оноос 5.4 их наяд төгрөгөөр өссөн бол төсвийн зардал өмнөх оноос 6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн дүнтэй байна.
  • Төсөв үргэлжлэн тэлж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны ногдол ашгийг 2024 оны эцэст хуваарилсан, цаашид 2 удаа хуваарилахаар хүлээгдэж байгаа нь өрхийн хэрэглээгээр дамжин инфляцын дарамтыг нэмэгдүүлэхээр байна
  • Цалингийн өсөлтийг даган хэрэглээний зээлийн өсөлт үргэлжлэн эрчимжих, санхүүгийн системд эрсдэл хуримтлагдах зэргийг харгалзан бодлогын төлөвийг чангаруулж, төгрөгийн болон гадаад валютын ЗБН-ийн хэмжээг тус бүр 2 нэгж хувиар нэмэгдүүлж 13 хувь, 18 хувьд хүргэх, бодлогын хүүг хэвээр хадгалах тухай санал гаргасны дагуу шийдвэрлэсэн.

Үндэсний статистикийн хорооны 2025 оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн зардлын бүтцийг харвал зөвхөн нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмжийн зардал гэхэд 2024 оны нэгдүгээр сард 18 тэрбум байсан бол 2025 оны нэгдүгээр сард 22.5 тэрбум болж өссөн дүнтэй байна. Мөн бараа үйлчилгээний зардал энэ оны нэгдүгээр сард 29.1 тэрбум байсан бол өнгөрсөн оын мөн үед 24.7 тэрбум байгаа юм. Зөвхөн эндээс харахад л сая ч биш хэдэн тэрбумаар зардал өссөн нь манайх шиг хэрэглэгч орны хувьд импортыг өдөөх том дарамт болно.

Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөрийн танилцуулснаар, 2024 оны нэгдүгээр сард 369 сая ам.долларын бараа импортолсон бол энэ оны нэгдүгээр сард 402 сая долларын бараа импортолсон нь 9 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Үүнд бас л суудлын автомашины импорт 16 хувиар өсч, өнгөрсөн жил нэг тэрбум ам.доллараар автомашин худалдан авсан нь нөлөөтэй гэнэ.

Угтаа бол ардчилсан улсад амьдарч байгаа л бол иргэд нь санхүүгийн боломж нөхцөл нь сайн байвал хэдэн ч машинтай, хүссэн үедээ гадагшаа аялах эрх нь нээлттэй. Атал энгийн хэрэглээнийхээ төлөө эдийн засгаа татаж унагасан гэж Төв банк нь адлах хүртлээ бид дампуурчээ.

Үнэндээ Баяраа өөрөө л ширээн дээрээс унасан гэгчээр түүхий эдийн орлого өндөр байхад үрэлгэн загнаж элдэв халамж нэмж, бэлэн мөнгө тарааж орлогоо өөдрөгөөр төсөөлж төсөв тэлсний гороор төлбөрийн тэнцэл эхнээсээ алдагдалтай гарч байна.

2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр төлбөрийн тэнцэл ашигтай 622.3 сая ам.долларын ашигтай гарсан ч 2023 онтой харьцуулахад урсгал данс 2.4 тэрбум ам.долларын алдагдалтай гарав. Энэ онд 83 сая тонн экспортлохоор төлөвлөж 33.9 их наядын орлого төсөөлж алдагдалгүй гэх төсвийг өөдрөгөөр баталсан ч өнөөдрийн байдлаар /хоёрдугаар сар/ экспорт 1.6 тэрбум ам.доллар байна. Нүүрсний биет хэмжээ 7 хувиар өссөн ч үнэ 35 хувиар буурсан болохыг Л.Гантөмөр ярив. Угтаа бол энэ эрсдлийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ч тэр, эдийн засагчид нь сануулсаар байтал нүдэн балай чихэн дүлий ямар бодлогогүй шийдвэр, өөдрөг төсөв баталсны гор нь өнөөдөр толгой руу дэлсэх шиг болж байна.

Харамсалтай нь, эдийн засгийн бодлого тодорхойлдог Эдийн засгийн хөгжлийн сайд нь хүртэл өөрсдийн бодлогогүй шийдвэрийн алдаагаа хүлээн зөвшөөрч чадахгүй, намаа өмөөрсөн үү , нэрээ бодсон уу муу л бол хар захын хойд овоохой гэдэг шиг валютын нөөц буурсанд мөрийтэй тоглоом тоглосон, банкнаас зээл авсан иргэд буруутай гэх тайлбарыг яриад сууж байна.

АМ.ДОЛЛАР МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН ТӨЛБӨРТ ГАРААД БАЙНА

Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр: Ханшийн уналт 40 төгрөгөөр суларсан байсан, өнгөрсөн долоо хоногт 4 төгрөгөөр суларсан байна. Орж ирсэн доллараа зах зээл рүү хийж байгаа. Хамгийн гол зүйл бол мөрийтэй тоглоом, импортын хэт өсөлт. Ам.доллар мөрийтэй тоглоомын төлбөрт гараад байна. Цахим мөрийтэй тоглоомыг хаах хэрэгтэй. Саяны өр авлагын харьцаа. Маш их хэмжээний өр тавиад гаднаас юм худалдан авч байна, машин авч байна. Өр авлагын харьцааг жилдээ олж байгаа орлогынхоо хэмжээнд худалдан авалтаа хий гэдэг зүйл рүү явбал ялгаагүй л эрэлт шүү дээ гэсэн.

Тэрбээр өчигдөр сэтгүүлчидтэй уулзах үеэр ийм тайлбар өгсөн нь бодлого тодорхойлогчийн хувьд даан ч ичмээр. Иргэдийнхээ халаас руу өнгийж буруугаа чихэхээс илүү бодит асуудлаа учирласан бол өнөөдөр иргэдэд илүү хүрэх байлаа. Үнэхээр 80 их наяд хүртэл тэлсэн эдийн засагтай 5.5 тэрбум ам.доллар хүртэл өссөн валютын нөөцтэй улсад эрхэм сайд, дарга нарын ярьж байгаа шиг иргэн Болдоо, Амраа нар мөрийтэй тоглоод валютын нөөцийг хэдэн сая, тэрбумаар нь шавхсан гэвэл түүн шиг үлгэр байхгүй. Харин ч урагшгүй төрийн балгаар бид өнөөдөр дахиад бүсээ чангалах дээрээ тулаад байна

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр“ ХХК-ийн ган боловсруулах төсөл эрчимжиж байна
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр“ ХХК-ийн ган боловсруулах төсөл эрчимжиж байна
 
“Бүргэдийн баяр-2025” ирэх сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ цогцолборт болно
“Бүргэдийн баяр-2025” ирэх сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ цогцолборт болно
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!