Одоогийн нөхцөлд "Цомхон" гэх үгийг төрийн алба ашиглах ЭРХГҮЙ
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр буюу 16 яам, 23 сайдтайгаар үйл ажиллагаа явуулж буй. Хамтарсан засгийн энэ бүтцийг төр данхайж буй тод жишээ хэмээн олон нийт шүүмжлэлтэй хандаж хүлээж авч байв. Нөгөө талдаа салбар бүрт яам, агентлаг байхын гол утга учир хариуцсан чиглэлээ чадварлагаар авч явах явдал. Гэтэл энэ олон яамд, агентлаг байсаар байтал чиг үүрэг, эрх хэмжээ нь үл мэдэгдэх үндэсний хороо, үндэсний зөвлөл, комисс нэртнүүдийг нэмж байгуулсаар байна. Энэ хэрээр төрд "хугацаагүйгээр" алба хаших алба хаагчдын орон тоог нэмж, урсгал зардлын хөрөнгө нь нэмэгдсээр. Тэгвэл үндэсний хороо, зөвлөл, комисс зэргийн өнөөдрийн бодит дүр зургийг эл нийтлэлд "буулгая".
-Одоогоор 45 үндэсний хороо, үндэсний зөвлөл, комисс байгуулагдаад байна-
Хамтарсан Засгийн газар өнгөрөгч оны долоодугаар сараас байгуулагдан ажиллаж эхэлсэн. Харин байгуулагдсаныхаа дараахан буюу 2024 оны наймдугаар сарын 7-нд "ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНДЭСНИЙ ХОРОО, КОМИСС, ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ" ЗГ-ын тогтоолыг баталжээ. Эл тогтоолын хүрээнд 45 үндэсний хороо, үндэсний зөвлөл, комисс байхаар тооцож, тэдгээрийн бүрэлдэхүүнийг баталсан байх аж. Тодруулбал, өнөөдрийн байдлаар ЗГ-ын тогтоолоор "эрхээ авсан" 19 үндэсний хороо, 25 үндэсний зөвлөл, 2 комисс байна. Харин Засгийн газрын эл тогтоолд дурдагдаагүй үндэсний хороо, комисс, зөвлөлийг татан буулгажээ.
-Засгийн газар 45 үндэсний хороо, зөвлөл, комиссын үндсэн бүрэлдэхүүнд давхардсан тоогоор 1024 сайд, даргыг оруулжээ-
Засгийн газар үндэсний хороо, зөвлөлтэй холбоотой баталсан тогтоолоороо тус бүрийнх нь үндсэн бүрэлдэхүүнийг баталж өгсөн байдаг. Үндсэн бүрэлдэхүүнд дарга, дэд дарга, гишүүд, нарийн бичгийн дарга нар багтаж байгаа бөгөөд дийлэнхдээ эл хуваарилалтад салбар тус бүрийн холбогдох сайд нар болон мэргэжилтнүүдийг багтаасан байдаг. Энэ орон тоон дээр давхардсан тоогоор 1024 хүн байна. Тухайлбал, нэг сайд хамгийн багадаа нэг, дээд талдаа 20 орчим үндэсний хороо, зөвлөлийн дарга болон гишүүнээр ажиллаж буй юм.
-Ажлын албаны бүтцэд багадаа 5 хүн ажиллаж байна-
Харин зарим үндэсний хороо, зөвлөлүүд ажлын албаны тухай мэдээллээ тэр бүр нээлттэй байлгадаггүй болох нь энэхүү нийтлэлийг бэлдэх явцад харагдлаа. Аль эсвэл энэ мэдээлэл төрийн нууцын хэмжээнд хүрчихсэн юм болов уу. Бидэнд энэ нийтлэлийг бэлдэх явцад 45 үндэсний зөвлөл, үндэсний хороодоос 50 хувь нь л ажлын алба нь хэдэн хүнтэй талаарх мэдээллээ өгөв. Сонирхолтой нь, зарим нь энэ талаарх мэдээллийг албан бичиг явуулаад ав гэх хариуг ч бидэнд өгч байлаа. Бидэнд өгсөн мэдээллээр:
- Ерөнхий сайдын ахалдаг 13 үндэсний зөвлөл, үндэсний хорооны 4 нь ажлын албатай. Алба тус бүрт ажиллаж хүний тоо харилцан адилгүй. Гэхдээ ажлын албанд ажиллагсдын тоо 5-аас хэтрээгүй гэлээ
- Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хорооны ажлын алба: 15 хүнтэй
- Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн удирдах зөвлөл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний зөвлөл нь нэг ажлын албатай: 15 хүнтэй
- Гаалийн тарифын зөвлөл - Зөвлөл байгуулагдаагүй, ажлын албагүй байгаа
- Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын алба: 6 хүнтэй
- ХАА-н гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөл : Ажлын албагүй
- Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл : Ажлын алба байгуулагдаагүй, гэрээтээр 2-3 шинжээч ажилладаг
- Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах үндэсний хорооны ажлын алба: 10 хүнтэй
- Бүсчилсэн хөгжлийн үндэсний хороо: Ажлын алба байхгүй, орон тооны бус
- Уур амьсгалын үндэсний хороо: Ажлын алба байхгүй, орон тооны бус
- Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо: Ажлын алба байхгүй, орон тооны бус
- Хэмжил зүйн зөвлөл: Ажлын алба байхгүй, орон тооны бус
Тэгвэл үргэлжлүүлэн үндэсний хороо, үндэсний зөвлөл, комисс АХАЛЖ буй сайд, дарга нар болон тэдний хуралдсан байдал, хэрэгжүүлсэн ажилтай холбоотой мэдээллийг авч үзье.
-Т.Доржхандын ахалсан эрчим хүчний реформын хороо дөрвөн сарын дотор долоон удаа хуралдаж, тарифын шинэчлэлийн асуудалд төвлөрөв-
Сайны хажуугаар саар нь ч бий. Харин үүнийг эсрэгцүүлбэл саарын хажуугаар сайн нь ч байх учиртай. Бусад үндэсний хороотой харьцуулахад "шуурга" дунд ажлаа эхлүүлсэн үндэсний хороо бол Т.Доржхандын ахалсан ЭРЧИМ ХҮЧНИЙ РЕФОРМЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРОО. Т.Доржханд гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан Шадар сайдын хувиар эл үндэсний хороог ахалж буй. Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах үндэсний хороо байгуулагдсанаасаа хойш долоон удаа хуралджээ. Мөн арван хүнээс бүрдсэн ажлын албатайгаар үйл ажиллагаагаа явуулж буй гэнэ.
2024-2028 онд эрчим хүчний хараат бус тусгаар улс болохоор томхон шиг зорилт тавьж эхлүүлсэн тус хороо тарифын шинэчлэл, төрийн өмчит компанийн шинэчлэл, ногоон эрчим хүчний шилжилт зэрэг асуудлууд дээр төвлөрөн ажиллаж буй аж. Саяхан л гэхэд Засгийн газраас айл өрхийн шөнийн цахилгааныг 50 хувиар хөнгөлөх шийдвэрийг гаргаад буй юм. Ямартай ч тус хорооны ажил ахицтай байгаа болтой.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө 13 үндэсний хороо, зөвлөлийг АХАЛЖ БАЙНА-
Үндэсний хороо, үндэсний зөвлөл, комисс тус бүрийн бүрэлдэхүүнийг дарга, дэд дарга, гишүүд, нарийн бичгийн дарга гэх байдлаар зохион байгуулсан байдаг. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх 45 үндэсний зөвлөл, хороодын 13-ыг нь өөрөө тэргүүлж байна. Хамгийн сүүлд л гэхэд, Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын үндэсний хороог байгуулсан бөгөөд өнгөрөгч оны төгсгөлд анхдугаар хуралдаанаа хийж, үндэсний орон сууцжуулалтын бодлого, хот төлөвлөлт, бүтээн байгуулалт, ипотекийн зээл бусад арга хэмжээний талаар хэлэлцсэн байх нь бий.
-Н.Учрал 3 үндэсний хороо, 2 үндэсний зөвлөлийг АХАЛЖ БАЙНА-
ЗГХЭГ-ын дарга Н.Учралын тухайд 3 үндэсний хороо, 2 үндэсний зөвлөлийг ахалж ажилладаг байна. Түүний удирдаж буй үндэсний хороодын бүрэлдэхүүнд Ерөнхий сайдаас гадна тодорхой чиг үүрэг бүрийн холбогдох сайд нар багтдаг. Тэрбээр цахим шинэчлэл чиглэлд ажиллаж байсан туршлагатайгийн хувьд нээлттэй засгийн түншлэл, сансрын бодлогын зөвлөл зэргийг тэргүүлж буй аж.
-Шадар сайд С.Амарсайханы ахалж буй 6 үндэсний зөвлөл, хороод хамгийн багадаа тус бүр гурав хуралдсан-
Бүсчилсэн хөгжил, онцгой байдлын асуудал хариуцсан шадар сайд С.Амарсайхан одоогоор УОК тэргүүтэй зургаан үндэсний хороо, үндэсний зөвлөлийн ахалж байна. Үүнээс хамгийн сүүлд шинээр байгуулагдсан нь бүсчилсэн хөгжлийн болон шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хороо юм. Эдгээр нь хамгийн багадаа тус бүр гурван удаа хуралдсан гэх мэдээллийг холбогдох албаныхан нь бидэнд өгсөн юм. Ингэхдээ шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хорооноос бусад хороо, зөвлөл нь орон тооны бус буюу ажлын албагүй гэнэ.
-О.Алтангэрэл сайд 4 үндэсний хороо, үндэсний зөвлөлийг УДИРДАЖ БАЙНА-
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл нь 45 үндэсний зөвлөл, хороо, комиссоос 4-ийг нь ахалдаг байна. Үүнд, багтаж буй архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн удирдах зөвлөл өнгөрөгч онд дөрвөн удаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл үндэсний бүрэлдэхүүнээрээ 2024 онд хоёр удаа хуралдсан ба салбар зөвлөл нь 10 удаа хуралдсан гэнэ. Харин мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөл нь ФАТФ-ын шаардлагын хүрээнд байгуулагддаг зөвлөл бөгөөд Монголбанкны санхүүгийн мэдээллийн алба ажлын албанд нь багтаж явдаг аж. Он гарсаар эл үндэсний хороо, зөвлөлүүд тус бүр нэг, нэг удаа хуралдаад буй аж.
-Соёлын сайд Ч.Номин гурван үндэсний хороо, нэг үндэсний зөвлөлийг ТЭРГҮҮЛДЭГ-
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ч.Номин дөрвөн үндэсний хороо, зөвлөлийг ахалдаг. Дөрөв гэдэг бусад сайд нартай харьцуулахад өндөр тоо. Тэрбээр өөрийн удирдаж буйгаас гадна бүрэлдэхүүнд нь орж ажилладаг тоогоороо Засгийн газрын сайд нараас дээгүүрт тооцогдож байгаа юм. Харин үндэсний зөвлөл, хороодынхоо ажлын албатай эсэх, байгаа бол хэдэн хүний бүтэцтэй ажилладаг талаар мэдээллээ нээлттэй байлгасангүй.
-С.Одонтуяа сайдынхаа хувиар хоёр үндэсний хороо, зөвлөлийг АХАЛДАГ-
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа хоёр үндэсний зөвлөл, хороог ахалдаг байна. Харин түүний гишүүнээр нь багтдаг 16 үндэсний хороо, зөвлөл байна. Хамгийн сүүлд тэрбээр, татан буугдаад байсан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог сэргээсэнтэй холбоотойгоор эл хороог ахлах болсон. Тус үндэсний хороо сайд дарга нараас бүрдсэн үндсэн бүрэлдэхүүнээс гадна зургаан хүн багтсан ажлын албатай аж.
-Ц.Туваан сайд нэг комисс, нэг үндэсний хороог АХАЛЖ БАЙНА-
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нь Засгийн газрын тогтоол ёсоор Цөмийн энергийн комисс болон аж үйлдвэржилтийн үндэсний хороог удирдах учиртай. Сайшаалтай нь, Цөмийн энергийн комисс бусад үндэсний хороо, зөвлөлүүдтэй харьцуулахад хэрэгжүүлсэн ажил, санхүүгийн тайлан болон зорилго, зорилтоо тодорхойлж мэдээллээ сайтдаа байршуулаад явдаг нь харагдлаа. Тэдний хувьд эл салбарын мэргэшсэн хүний нөөц бэлтгэх, цөмийн аюулгүй байдал, цацрагийн хамгаалалтыг олон улсын стандарт, шаардлагын түвшинд хүргэхийн төлөө гадаад улс орон, олон улсын байгууллагууд,төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаач нартай нягт хамтран ажиллана гэдгээр зорьжээ.
-Л.Гантөмөр, Б.Жавхлан, Ж.Энхбаяр, Б.Тулга, П.Наранбаяр, Б.Дэлгэрсайхан Л.Энх-Амгалан, Т.Мөнхсайхан зэрэг сайдууд тус бүр нэг үндэсний зөвлөл, үндэсний хороог АХАЛДАГ-
Харин дараах сайд нар тус бүр нэг үндэсний зөвлөл, үндэсний хороог ахалж ажиллахаар Засгийн газраас тогтоолоороо баталж өгсөн байх аж. Тухайлбал, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр "Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл", Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл"-ийг тэргүүлдэг.
-Ч.Номин, Б.Жавхлан, Т.Мөнхсайхан, Ц.Баатархүү нар хамгийн олон үндэсний хороо, үндэсний зөвлөлд ГИШҮҮНЭЭР ажилладаг-
Хамгийн олон үндэсний хороо, үндэсний зөвлөлийн үндсэн бүрэлдэхүүнд буюу гишүүнээр багтдаг сайд нарыг Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ч.Номин тэргүүлж байна. Сангийн сайд Б.Жавхлан 21, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү 19, Эрүүл мэндийн сайд, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ч.Номин тус бүр 18 үндэсний зөвлөл, үндэсний хорооны гишүүнээр ажилладаг байна.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!