Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа
----------------------
- 2025 он гарсаар эдийн засагт таагүй үе мэдрэгдэж эхэллээ. Ханш чангарч, инфляц халж хоёр оронтой тоо руу орж магадгүй таамаг байна. Энэ бүх сөрөг үзүүлэлт цаашид удаан үргэлжилбэл магадгүй инфляц түүхэн дээд түвшинд хүрэх вэ. Ийм прогноз байна уу?
- Оны эхэнд учраас инфляц цаашид хэдэн хувь хүрэхийг хэлэх боломжгүй. Нэгдүгээр сард инфляц 9.6 хувь байсан бол хоёр, гуравдугаар сар ойлгомжтой. Инфляцыг хэмждэг хэд хэдэн хэмжүүр бий. Хэрэглээний үнээр тооцдог инфляц нь ойрын зургаан сарыг тооцдог. Үүнээс гадна өөр хэмжүүр байдаг нь үйлдвэрлэгчийн үнэ. Энэ нь аж ахуйн нэгж компаниудын худалдан авдаг цемент, барилгын материал, шохой шатахуун зэрэг бараа материалын үнэ өсөхөд дараагийн инфляцын суурь болдог.
Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгчийн бөөний үнэ ирэх намрын инфляцын суурь болно. Барилгын материал, шатахууны зардал өсөхөд барилгын материалын үнэ нэмэгдэнэ. Улмаар шинээр борлуулагдах үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөж дараагийн хэрэглээний үнийн индексийн суурь болох аюул байгаа учраас урхагтай байгаа үр дагаврыг нь тооцох ёстой. Зөвхөн хэрэглээний үнийн индекс тооцох нь ойрын зайд харж буй явдал. Тиймээс үр дагавар нь болоогүй байна. Цаана нь нуугдмал инфляц бий. Ханшаар дамжаад бараа бүтээгдэхүүний үнээр шингэж инфляц хэдэн хувь хүртэл өсөхийг Монголбанкны судлаачид гаргаж байгаа. Төсвийн дунд хугацааны төсөөллийг боловсруулахад энэ тооцооллыг авч дараа, дараагийн хувилбарыг сайн анхаарах ёстой.
Жишээ нь 9.6 хувийн инфляц магадгүй оны эхний хагаст 12 боллоо гэж бодъё. Үүгээр зогсохгүй. 15 хувь болох эрсдэл байна. Энийг урьдчилан сэргийлж хэрхэн бууруулах вэ гэх бодлого одоо хэрэгтэй байхгүй юу.
Импортоор орж буй барааны үнийг өсгөхгүй байх, тээвэрлэлтийн зардлыг яаж бууруулах вэ гэдгийг тооцох ёстой. Одоо хэт их импорт бий болгож байна. Энэ бүх бодлогыг өөрчлөхгүй бол дараагийн дунд хугацааны инфляцын суурь болно. Иймл аюул байна. Одоо тооцоолол хийх, урьдчилан сэргийлэх боломж, хугацаа байна. Үгүй бол хугацаа алдаж удвал оны эцэст нь бүр дийлэхгүй хэцүү байдал руу орно гэсэн үг.
- Жишээ нь ямар хүндрэл үүсэх вэ?
-Цаашдын үр дагаварыг тайлбарлах одоогоор боломжгүй. Цаг эрт байна. Гуравдугаар сарын 15-нд тооцоолол хийж ирэх гурван жилийн тооцоо судалгаа тайлбараа хийнэ.
МӨРӨӨДЛИЙН ЖАГСААЛТ БИШ ГАРЧ БОЛОХ ЭРСДЛИЙГ ОЛОН ТАЛААС НЬ БОДОХ ШААРДЛАГАТАЙ
- Эдийн засагт төр оролцсоны гор нь өнөөдөр энэ бүгдээр илэрч байна. Гэтэл цалин нэмэхээс эхлээд мөнгө тараах байдлаар улс төрчдийн гэнэтийн шийдвэр импортыг илүү өдөөж инфляцид нөлөөлж байна?
-Угаасаа л тодорхой. Сургамж авахын тулд 2012-2016 оны нөхцөл байдлыг эргээд л үзэх ёстой байхгүй юу. Тэр үед түүхий эдийн орлого буурч, ханш савлаж дийлэхээ болиод төвбанк байнга интерванц хийж байсан. Үүнийг судлаачид байнга л хэлдэг. Энэ бол мэдэхгүй зүйл биш. Тодорхой зүйл байхгүй юу. Тэгэхээр ханш савлаад эхэлбэл яриад байсан бүх төслүүд дээр ханшийн өсөлт гарна. Дахиад улсын төсөв дээр тусгагдсан хөрөнгө дутагдана, зардлын өсөлт гарна. Дахиад нэмэлт зардал тусгах хэрэг гарна. Хэдхэн төсөл дээр үр дагавар гардаг байсан бол оны эцэс рүү очиход бүх төсөлд нөлөөлж хувирах байхгүй юу. Аюул нь энэ. Зүгээр нэг мөрөөдлийн жагсаалт тавьж суух биш, үүний гарч болох бүх үр дагаварыг олон талаас нь бодолцож тавих хэрэгтэй. Ханшийн аюул тэр байхгүй юу. Энэ талыг нь бодохгүй бол гоё төсөл хэрэгжүүлнэ гэж мөрөөдөөд сууж болохгүй. Энэ бол маш тодорхой зүйл. Үр дагаварыг нь сайн тооцох ёстой.
-Экспортын орлого импортын хэрэглээний зардлыг гүйцэх эсэх нь эргэлзээтэй боллоо. Цагаан сарын дараа эдийн засгийн төлөв байдал ямар байх таамаг байна. Таны хувьд хэрхэн харж байна вэ ?
- Ирэх гуравдугаар сард дэлхийн эдийн засагт нөлөө бүхий хоёр гурван үйл явдал болно. Гуравдугаар сарын эхний долоо хоногт Хятадын хоёр их хурал болно. Засгийн газар нь 2025 онд хэрэгжүүлэх зорилтоо сонсдог. Энэ мэдээлэл гарна.
Урд хөрш манай улсын гол худалдан авагч учраас бидэнд хамаатай. Жишээ нь, нүүрсний хэрэглээ хэвээр байх уу, гангийн хэрэглээ нэмэгдэх үү гэдэг нь манай улсын экспорттой шууд холбоотой. Хэрэв гангийн экспорт буурах мэдээлэл гарвал энд таагүй гэсэн үг. Хоёрт, АНУ-ын Ерөнхийлөгч Дорнод Трамп Конгрессын танхимдаа ирэх дөрвөн жилийн бодлогын тухай илтгэл тавьдаг. Хэрэв одоо ярьж байгаа шигээ тарифын бодлогыг үргэлжлүүлж сөргөлдөөн нэмэгдвэл дэлхий нийтийн худалдаа тасалдаж эхэлнэ. Мөн дэлхийн улс орнуудын талцал хуваагдал гүнзгийрч эхэлбэл дахиад манайд таагүй нөлөө үзүүлнэ. Ийм таагүй байдлын эрсдлийг тооцож УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх ёстой асуудал бол ирэх 3 жилийн төсвийн хүрээний мэдэгдэл. Энэ төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахдаа өнгөрсөн 3 жилийн алдаанаас сургамж авч ирэх 3 жилийг яах вэ гэдгийг маш болгоомжтой олон хувилбартай авч хэлэлцэх ётсой. Өөдрөгөөр биш. Орлого буурч байгаа бол ханш өссөн үед яах вэ гэдэг хувилбараа тооцож төсвийн орлого зарлагын төсөөллөө гаргах ёстой. Чуулганаар хэлэлцэх чухал асуудал бол төсвийн хүрээний мэдэгдлийг ямар тооцоолол дээр үндэслэж хэлэлцэх нь чухал байна.
- Төсвийн тодотголыг УИХ-ын хаврын чуулганаас өмнө хийх ёстой гэж та сануулж байсан шүү дээ. Одоо хаврын чуулган удахгүй эхэлнэ. Гэтэл алдагдалгүй баталсан гэх төсвийн орлого бүрдэхгүй тасалдах эрсдэлтэй бол тодотгол хийх шаардлага үүснэ?
-Төсвийн орлого тасалдал үргэлжилбэл энэ онд батлагдсан зарлагаа заримыг нь хасаж, танах уу гэдгээ ярих ёстой. Олон төсөлд мөнгө нь тарамдаж бүгд хохирно. Хамгийн аюултай нь, гүйцэтгэгч компаниуд хохирно. Зөвхөн улсын төсвөөс мөнгө дутаад барилга зогсох юм биш. Барилгын тендерт оролцоод гүйцэтгэж буй компани банкнаас зээл авдаг. Зээлийн төлөлтөө хийж чадахгүй бол төсөв дээр үүссэн ачаалал мөнгөний салбарт нөлөөлж энэ нь банкны салбараа муутгаж эхэлдэг. Энэ бол 2016 онд болсон үйл явдал. Цааш нь даамжруулахгүйн тулд төсвийн тодотголыг хий! гэж дахин дахин хэлээд байгаа юм.
ТӨСВИЙН ОРЛОГО САЙНААР БОДВОЛ 25, 26 ИХ НАЯД РУУ ОРОХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО
- Энэ онд 83 сая тонн нүүрс экспортолж, тонныг нь 105 ам.доллароор төсөөлж байна. Гэвч нэгдүгээр сард манай улс нүүрсийг дунджаар 81 ам.доллароор экспортолжээ. Нүүрсний үнийн уналтыг дагаад экспорт буурч төсвийн орлого бүрдэхгүй байх, тасалдах бодит эрсдэл үүслээ?
- Хамгийн гол шалтгаан нь Монгол Улсын эдийн засгийн бүтэцтэй холбоотой. Уул уурхайн салбар экспортын 94 хувийг бүрдүүлж байна шүү дээ. Төсвийн орлогын 30-35 хувийг бүрдүүлж байна. Үүний дотор экспортын түүхий эдийн нэр төрөл орсон. Хэдий 10 гаруй түүхий эд экспортолж байгаа ч зэсийн баяжмалын экспорт нийт экспортын 50 гаруй хувийг эзэлж байна шүү дээ. Өнгөрсөн онд 16 орчим тэрбум ам.долларын экспортын орлогын 8.7 тэрбум нь зөвхөн нүүрснийх. Тэгэхээр орж буй орлого нь тогтвортой биш. Аж үйлдвэрийн биш учраас аль ч төрлийн түүхий эдийн экспорт тогтвортой байдаггүй. Биет хэмжээ савална, үнэ савална. Харин зэсийн баяжмалын орлого харьцангуй тогтвортой байна. Учир нь хоёр л уурхай олборлосны дараа баяжуулж гаргаж байна. Гэтэл нүүрс маш олон уурхайгаас олборлож гаргадаг учраас хэрэглээнээс хамаарч савлах магадлал маш өндөр. Тиймээс энэ тухай сануулсаар ирсэн.
Гурван жилийн турш нүүрсний үнэ тогтвортой өссөн учраас энэ жил буурах нь тодорхой байсан. Үүнийг бид өнгөрсөн жил хийсэн төсөөлөлдөө танилцуулсан нь биелэлээ олж байх шиг байна.
Одоогоор нэгдүгээр сард Хятадын цагаан сар тохиосон, экспортын тухайд хил гааль түр хаасан гэж байгаа ч нэгдүгээр улирлын дүн ямар гарах вэ гэдгийг харъя. Гэхдээ үнэ ханш өсөхгүй нь тодорхой.
Тэгэхээр дутагдсан орлогыг нөхөж чадах уу гэдэг нь тун эргэлзээтэй. Урд хөршид айлчилсан Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан хүртэл хэллээ шүү дээ, тээвэрлэлтийн нөхцлөөр бид биет хэмжээгээ нэмэгдүүлэх боломжгүй.
Биет хэмжээгээр 83-85 сая тонн хүртэл экспортлох боломжгүй гэдгээ хэлж байна шүү дээ. Одоо Гашуунсухайт-Ганцмод боомтын гүүрэн байгууламжын бүтээн байгуулалт нь нэлээн нарийн төвөгтэй учраас гурван жил үргэлжлэх төлөвлөгөөтэй байна. Тэгэхээр 2027 он хүртэл бид одоогийн хүчин чадал дээрээ л буухаас өөр аргагүй болж байна. Үүн дээр өнгөрсөн онд төсөв хэлэлцэх үеэр илүү болгоомжтой хандах боломж байсан ч харамсалтай нь өөдрөг хувилбараараа л баталлаа.
Нэгдүгээр улирлын дүнг харахад, төсвийн орлого маш их хэмжээний тасалдалтай гарч байна, өнгөрсөн оны мөн үеэс нэг их наяд төгрөгөөр орлого дутсан байдалтай байна. Гэтэл зарлага өнгөрсөн оны мөн үеэс 100 сая төгрөгөөр давсан, зөрүүгээр тэнцэл 492 сая төгрөгийн алдагдалтай.
Зөвхөн ганцхан сард л ийм байгаа бол энэ дүн улирлаар үржигдвэл бидний танасан гэх 33 их наяд чинь 25, 26 орчим 30-аас доош их наяд руу орох нь тодорхой болж байна. Сайнаар бодвол шүү дээ.
Бүр тааруугаар бодвол АНУ-ын тарифын бодлого Хятадын эдийн засагт нөлөөлнө гэж үзвэл таагүй. Ийм болгоомжлол байна. Тэгэхээр УИХ-ын хаврын чуулганы хуралдаан эхлэх үед нэгдүгээр улирлын дүн мэдээлэл дээр тулгуурлаж төсвийн зарлага санхүүжилтээ яах вэ гэдгээ бодох шаардлагатай.
БОГИНО ХУГАЦААНЫ ӨСӨЛТӨД ТУЛГУУРЛАЖ ТӨСВИЙН ЗАРЛАГАА ХОЁР ДАХИН НЭМСЭН НЬ ОРЛОГО БУУРСАН ҮЕД ТӨСВИЙН ХЯМРАЛД ХҮРГЭНЭ
- 2024 оны төсөв анх удаа алдагдалгүй баталсан гэж тодотгож байгаа шүү дээ. Гэтэл та яриандаа төсвийн орлого 30 их наядаас доош буух тухай дурдсан нь анхаарал татаж байна. Анзаарахад, мөчлөг сөрсөн бодлого алдагдаад удлаа. Харин Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн үгийг Их хурал сонсож байна уу?
- Энэ тухай Төсвийн хэлэлцүүлгийн үеэр тодорхой сануулсан шүү дээ. Дээр хэлсэнчлэн бүтэц нь ийм учраас бид ямар ч сайхнаар мөрөөдсөн энэ нь биелэхгүй байхгүй юу. Зүүн Европын орон шиг эсвэл Вьетнам шиг эдийн засгийн бүтэц /аж үйлдвэр үйлчилгээний давамгайлсан эдийн засгийн 60 гаруй хувь уул уурхайн бус салбар, / -тэй байсан бол. Гэвч манай улс эсрэгээрээ.
Төсвийн орлогын 45 хувь нь уул уурхайн салбарын экспортоос хамааралтай болж таарч байна. Ийм өндөр савлагаатай байхад үүн дээр богино хугацааны өсөлтөд тулгуурлаж бид өнгөрсөн хугацаанд төсвийн зарлагаа 18-33 хүртэл хоёр дахин тэллээ шүү дээ. Одоо энэ нь орлого буурсан үед маш их хүндрэлтэй болно. Бүх суурь зарлагаа бид өсгөсөн, өнгөрсөн төсвийн төсөл өргөн барихад Сангийн сайд Б.Жавхлан “Төсвийн хуульд бусад хууль тогтоомж дээр маш олон цалин, урамшуулал, хөнгөлөлт тусгагдсан байна. Бид үүнийг биелүүлэхээс аргагүй байна” гэж хэлсэн шүү дээ. Яг л ийм байдалтай. Энэ нь төсвийн хямралд хүргэнэ.
Орлого маань биднээс хамаарахгүй, дөрөв, таван их наядаар дутахад тэр төсвийн хуулиуд дээрх заалтыг Засгийн газар хэрэгжүүлж чадахгүй болох нь байна. Мөрөөдлийн тоогоо бид тавьсан, 33 их наяд. Бодит байдал дээр үүнийг санхүүжүүлэх мөнгө орж ирэхгүй.
Энэ мөнгийг олохын тулд төсөв асар өндөр алдагдалтай гарна. Хэрэв энэ хандлага хэвээрээ бол алдагдалгүй гэж баталсан төсөв буцаад ковидын үеийн алдагдал руу явна. Суурь зарлагыг ямар ч бодлогогүйгээр мөчлөг дагаж мөнгө байгаа юм чинь гэсэн байдлаар зарлагаа өсгөж хөрөнгө оруулалтаа тэлэхээр ийм хүндрэлд орж байгаа юм. Харамсалтай нь, сүүлийн 20 жил Монголд энэ хүндрэл дөрөв дэх удаагаа тохиолдож байна шүү дээ.
- 2008. 2009 онд Дэлхийн эдийн засгийн хямрал. Тэр үед хямрал болж бид ОУВС-ын тусламж авч байсан.
- 2012-2016 онд түүхий эдийн үнэ ханш унаж бүр хүндрэлд орж 2017 онд өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрт орсон.
- Ковидын үед дахиад нэг хямралд өртсөн.
Гурван удаа яг ижил төрлийн алдаа гаргаж хүндрэлд орчихоод байхад сургамж авсангүй. Дахиад л алдаагаа давтаж байна. Тэгэхээр гүйцэтгэх засаглалын амлалт биелүүлнэ гэсэн мөрөөдлөөр ерөөсөө явж болохгүй.
Манай эдийн засаг тэр гоё амлалтыг биелүүлэх хэмжээний эдийн засаг биш. Төсвийн зарлагаа олон улсын байгууллагуудын өгдөг зөвлөмжийн дагуу мөчлөг сөрсөн бодлоготой, тухайн жилд түүхий эдийн үнээс давж байгаа орлогыг зарахгүйгээр баялгийн санд хийдэг тогтолцоо руу орох ёстой.
-Уг нь Баялгийн сангийн тухай хуультай болоод жил болох гэж байна. Гэтэл энэ хууль бодитой хэрэгжиж байгаа эсэх нь төсвийн төлөвлөлтөөс харахад нэлээн эргэлзээ төрүүлж байна?
-Баялгийн сангийн тухай хуулийг баталж энэ хүрээнд гурван сантай болсон нь сайн хэрэг. Гэхдээ тооцоолж байгаа арга нь асуудалтай. Яагаад гэвэл анх байгуулагдаж байхдаа эрсдлээс хамгаалж олон жилийн түүхий эдийн үнийн дунджыг авч үзэж байна. Энэ нь бусад түүхий эд, металл дээр болно. Харин нүүрсэн дээр үнийн дундаж авч болохгүй байна. Нүүрс үнээс гадна биет хэмжээгээр 30,40 саяар савлаж байна шүү дээ. 40 сая тонн нүүрс экспортолж байгааг гурван жилийн дотор 80 саяд хүрлээ. Энэ их хэмжээний давсан биет хэмжээний орлогыг бид хуулиар тогтворжуулалтын сан руу хийхгүй байна шүү дээ. Хуулиар зөвхөн үнийг тооцох байхгүй юу. Нэг тонн нүүрс 100 ам.доллар байвал 120 болбол тэр зөрүү 20 ам.долларыг баялгийн сан луу шилжүүлнэ. Нүүрсэн дээр үнээс гадна баялгийн санд ордог орлогыг биет хэмжээний давсан орлогыг тооцдог болох хэрэгтэй. Тэгэхгүйгээс болоод биет хэмжээ нь савлахад төсөв нь дагаад савлаж байна. Баялгийн санд хуримтлуулж буй мөнгө нь эдийн засгийн савлагааг багасгах арматотизаторын үүрэгтэй байхгүй юу. Бусад улсад хэрэгжүүлсэн жишээ нь тогтворжуулалтын сан. Энэ нь орлого тасалдсан үед эдийн засгийг хямралд оруулахгүйн тулд хуримтлагдсан мөнгө нь эдийн засагт дутагдсан мөнгийг нөхөх ёстой. Гэтэл манайх тэр амортизаторын үүргийг гүйцэтгэхгүй байна. Яагаад гэвэл зэс биш нүүрс учраас. Тиймээс баялгийн санд тооцоолж буй арга дээр үнээс гадна биет хэмжээний өөрчлөлтийг бас тооцдог байх шаардлагатай. Тэгээд баялгийн сангаа цаашид Монголбанканд байршуулж байгаа нь сайн ч гадаадын зах зээлд байршуулахгүй бол манайх шиг савлагаатай эдийн засагт нэмэр болохгүй. Дотоодын эдийн засагт орж ирсэн мянган Хөгжлийн банк, бусад банкаар дамжсан мөнгөтэй адилхан эдийн засгийг хямралд оруулна. Тодорхой төслийг санхүүжүүллээ, импорт болно. Гадаад валютыг буцаад л гадагш урсгадаг арга хэрэгсэл болгохгүйн тулд хуримтлалд байгаа мөнгийг гадаадад байгаа бусад хөрөнгө оруулалтын сангуудад байршуулж байж тогтворжуулалтын үүргийг гүйцэтгэнэ. Ийм байх шаардлагатай.
-Түүхий эдийн үнийн савлагаа төсвийг хямрал руу чирэх бодит эрсдэл үүсжээ. Энд АНУ, Хятадын худалдааны мөргөлдөөн нөлөөлж эхэлснийг төв банк болон бодлого тодорхойлох эрх бүхий хүмүүс тайлбарлах боллоо. Үнэндээ гадаад зах зээлийн хямралаас илүү дотоодод бид өөрсдөө орлого нэмэгдэхийн хэрээр үрэлгэн загнадаг, төсвийг өөдрөг төсөөлдөг бодлого судалгаагүй шийдвэр гаргадаг нь эдийн засагт шок болж байгаа юм биш үү?
- Судлаачид байнга л хэлдэг. Хөрөнгө оруулалт бол баялаг бий болгохын төлөө хөрөнгө оруулалт болох ёстой. Хувийн хөрөнгө оруулалт ч бай, улсаас хэрэгжүүлж буй төслүүд ч байсан ялгаагүй аль болон цаашид эдийн засгийн хөгжлийн бий болгох ёстой. Дэд бүтэц, эрчим хүч, суурь хөрөнгө оруулалтууд руу чиглэх ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалт дан нийгмийн чиглэлтэй байлаа. 70,80 хувь нь сургууль, соёлын төв, спорт заал, хуримын ордон зэрэг.
Хэчнээн тэрбумаар соёлын төв барив, агаарын бохирдол хэчнээн их наяд зарав. Энэ бүгд зүгээр л зарлага болж өнгөрлөө. Ямар ч баялаг бий болгоогүй. Гэтэл савлагаатай эдийн засаг дээр дараагийн жилүүдийн суурь болох төслүүдээ хөрөнгө оруулж чадаагүйгээс ийм байдал гарч байгаа юм.
Өнгөрсөн жилүүдэд ач холбогдолтой том том төслүүд хэрэгжүүлж байна гэж ярьж байгаа. Харамсалтай нь, Монголд хэрэгжүүлж буй төслүүдийн үргэлжлэх хугацаа нь удаан. Анх цаасан дээр бууж ТЭЗҮ танилцуулахдаа 4,5 жил гэдэг. Бодит байдал дээр, 8, 10 жил сунжирдаг. Дарханы авто зам газрын тос боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж бүгд л анх цаасан дээр буусан төлөвлөгөөнөөсөө удаан байгаа юм.
Одоо яригдаж хэрэгжиж буй төслүүд эргээд эдийн засагт хэзээ нэмэр болох вэ гэхээр 2028, 2029 он. Үүнээс өмнө дуусах төсөл алга. Цэвэрлэх байгууламж асуудалтай, дуусахгүй байна. Төмөр замын хил холболт өчнөөн маргааны дараа урагшилж байгаа ч саатахгүй бол дор хаяж хамгийн багадаа гурван жил.
Тэгэхээр эдийн засагт нэмэр болох төслүүд газрын тос болох төслүүд саатахгүй бол 2028 он. Тиймээс 2028, 2029 он хүртэл экспортыг нэмэгдүүлэх ямар ч эх үүсвэр одоо алга байна шүү дээ. Одоо ганц найдаж буй нь дэлхий дахинд болж буй томоохон улс төр геополитикийн өөрчлөлт бүхэлдээ явагдаж байна. АНУ-ын илэрхийлж буй байр суурь, Европын холбооны илэрхийлж буй байр суурь хоорондоо зөрчилдөж байна шүү дээ. Дээр нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын худалдааны тариф дэлхий дахинд асар том өөрчлөлт оруулах нь байна. Энэ нөхцөл байдлын дараа манай улсад оны эцэст чухам яаж нөлөөлөх вэ. Энэ бол одоогоор оньсого байна. Тааварлашгүй байгаа ч тэр бүрт бидэнд тодорхой хэмжээний эрсдэл үүсгэж байна. Тэгэхээр хаврын чуулганаар төсвийн асуудлаа ярихдаа энэ бүгдийг бодолцож ирэх гурван жил яах вэ гэдгээ бодох ёстой. Магадгүй гоё төслүүд чинь ирэх 2028 онд ашиглалтад орох гээд байна шүү дээ. Төмөр замаар 169 сая тонн нүүрс экспортолно гэдэг чинь 2029 оны тухай. Энэ гурван жилд яаж нэг эдийн засгийн хямралд орохгүй байх бодлогыг энэ хаврын чуулганаар ярих шаардлагатай.
НҮҮРСНИЙ БИЕТ ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЖ ОРЛОГЫГ ЗОРИУДААР ӨСГӨСӨН ТУЛ АЛТНЫ ЭКСПОРТ ДУТСАН ОРЛОГЫГ НӨХӨЖ ЧАДАХГҮЙ
- Нөгөөтээгүүр алтны үнэ дэлхийн зах зээлд өсч байна. Тиймээс нүүрсний экспортын алдагдсан орлогыг алтаар нөхөх тухай яригдаж эхэллээ.Ийм боломж шаанс хэр байна?
-Өнгөрсөн жилүүдэд нүүрсний экспорт 40 сая тонноос доош байхад алт энэ үүргийг гүйцэтгэж байсан. Одоо 80 сая тонн 8.7 тэрбум ам.доллар байхад алтны үүрэг үүнийг нөхөж чадахгүй. Одоо дутаж буй экспортын орлого оны эцэс нэг, хоёр тэрбум ам.долларын орлого дутах тухай ярьж байна шүү дээ.
Алтны экспорт яагаад ч нөхөхгүй. Магадгүй таван жилийн алтны экспорт үүнийг нөхөх байх. Нэг жилдээ олборлож нэмлээ, Монголбанканд байгаа алтаа бүгдийг нь зарлаа гэхэд 200, 300 сая ам.долларын л орлого орж ирнэ. Тэр тасалдаж буй орлогын дөнгөж 20-30 хувийг нөхөж чадна.
Тэгэхээр нүүрсний биет хэмжээг өсгөсөөр байгаад орлогоо зориуд хэт их өсгөсөн. Үүнийг нөхөх орлого байхгүй. Энэ гурван жилд яах вэ гэдгээ бид маш сайн бодох ёстой. Эдийн засаг төрөлжөөгүй., 50 хувь нь нүүрсэн дээр байхад хэлсээр байтал ингэж болохгүй. Өнгөрсөн жилийн наймдугаар сард би гадаад худалдааны төлбөрийн тэнцэл алдагдал руу орох гэж байна, импорт тал дээр зохицуулалт хэрэгтэй шүү гэж анхааруулж байсан. Тэр нь одоо болж байна. Цаг нь тулсны дараа импортоо яаж зохицуулах тухай ярьж байна. Одоо биш өнгөрсөн намар төсөв мөнгөний бодлого ярилаж байх үед хувилбараа бодох ёстой байсан. Манай Засгийн газраас оруулж байгаа төслүүд ямар ч хувилбаргүй л төслүүд байна шүү дээ. Зөвхөн 35 их наядаар л батлахгүй бол болохгүй л гэж байсан. Бодит байдал дээр 35, 33 их наядын аль нь ч биелсэнгүй. Анхны оруулсан 35 мөрөөдөл нь биелсэнгүй, өнгөрсөн жилийн тодотгол төсөвт ямар ч нэмэр болсонгүй. Яаруу сандруу 14 хоног хэлэлцэн баталсан. Тэр тодотголоор юу хийсэн бэ. Дараа нь хэрэгжсэн ажил байгаа юу, байхгүй. Нэмсэн мөнгө нь дандаа цаас байсан, зүгээр л ТЭЗҮ. Тэгэхээр зүгээр ганц хувилбартай мөрөөдлөөр амьдрал явдаггүй юм байна. Бодит байдал дээр бид ганц зах зээлтэй, ганц түүхий эдээс хамаарч байгаа. Үүнийгээ л олон хувилбартай зөв тооцож чадахгүй бол юуг ч мөрөөдөөд хэрэггүй. Швейцар шиг болно, Норвеги шиг болно, аймар гоё баялгийн сантай болно, нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.доллар хүрнэ. Энэ бүгд зүгээр л уриа лоозон болоод өнгөрч байна шүү дээ. Бодит байдал чинь урд хөршид хилийн боомт дээр байна. Энэ нөхцөл байдалтайгаа нийцсэн бодитой төлөвлөлтийг Засгийн газар хийдэг болохгүй бол мөрөөдлөөрөө амьдарч болохгүй байна гэдгийг л харуулж байна.
-Магадгүй Засгийн газрын 14 мега төсөл царцсан төслүүдийн араас орох вий?
- Тийм. 14 мега төслийн санаа нь гоё ч нэг том алдаа нь хувийн хэвшлийн долоо, найман төслөөс бусад үлдсэн нь улсын төсөв, гадаадын зээл тусламжаар явагдах төслүүд байгаа юм. Нэг, нэгээр нь төслөө гаргаж харуулахаар их гоё харагдаж байгаа юм. Бодит байдал дээр төслүүд чинь цаг хугацааны хувьд бүгд зэрэг эхлээд байгаа учраас дор хаяж 50 хувь нь зэрэг явахаар байгаа юм. Гэтэл бүгдийх нь эх үүсвэрийг тооцож үзэхгүй байгаа байхгүй юу. 14 төслийн 7 нь ирэх онд хэрэгжүүлье гэж бодоход судалгаа, тэзү зэрэг бүх эх үүсвэрийг бид гаргаж чадахгүй. Хөрөнгийн эх үүсвэрийг нэг дор бүгдийг нь тавихаар хүрэх үү, үгүй юу гэх тооцоог Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам хийх ёстой. Тэрийг хийхгүй байна. Нөгөөталаар, долоо, найман төсөл зэрэг явахаар тэр бүгдийн импорт нь төлбөрийн тэнцэлд яаж нөлөөлөх вэ гэдэг тооцоо хийхгүй байна. Энэ чинь л аюул. Дахиад л мөрөөдөл дээрээ явж байна. Тэр тусмаа түүхий эдийн орлого буурч байгаа үед 14 төслүүдээ нэгэнт эхлүүлэх гэж байгаа бол ач холбогдлын дарааллаар нь дахиад эрэмбэлэх ёстой. Яг өнөөдөр гарцаагүй чухал эрчим хүч, дэд бүтцийн төмөр замын боомтын төсөл биш бол эхлээгүй байгаа төслүүдээ дахиад 2-3 жил хойш нь тавихаас өөр аргагүй. Яг амин чухал суурь төслүүд дээрээ л анхаарал тавихгүй бол олон чухал төсөлд мөнгө нь салаалах тусам аль нь ч дуусахгүй. Тус бүрдээ багахан мөнгөтэй, ажил нь урагшилдаггүй ийм л зүйл болно. Аюул нь, Засгийн газрын зарласан 14 мега төслийг дагаж Улаанбаатар хотын 23 мега төсөл гэж яригдаж байгаа. Энэ бол бүр буруу. Нарийвчлан авч үзвэл Засгийн газрын яриад байгаа мега төсөлтэй Улаанбаатар хотын мега төсөл дүйцэхгүй. Хэмжээний хувьд ч тэр мега төсөл биш. Тэгэхээр Улаанбаатар хотын зарлаад байгаа мега төслийн Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яамны түвшинд авч үзэх ёстой. Тэгэхгүй бол хоёр өөр хүний ойлголтоор яриад байна шүү дээ. Гурав, дөрөв нь л мега төсөл. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах амин чухал төслүүдээ л мега төсөл гэнэ. Хөрөнгө бололцоотой үед Улаанбаатар хот өөрийнхөө мөнгөөр л хийх ёстой төсөв шүү дээ. Ингэж байж л улс орны мөнгөн урсгал зөв болно. Үгүй бол импорт дээр дарамт болно, валютын урсгал бүр гадагшаа савна. Араас нь ханшийн савлагаа үүснэ, валютын ханшаа дийлэхээ болино. Бүхэлдээ эдийн засгаа хямралд оруулах аюул байгаа. Дараа, дараа нь гарах хор уршгийг нь ойлгохгүй байна шүү дээ. Нийслэлийн түвшинд макро эдийн засгийн үр дагаварыг огт ойлгохгүй зүйл хийж байгааг ЗГ түвшинд ярьж эрэмбийг нь цаг хугацаа, дарааллын хувьд зөв тогтоохгүй бол эдийн засгаа хорлож байгаа хэрэг болно.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!