Б.Баярсайхан: Хүний хөгжлийн асуудлаар Ерөнхий сайдтай нэг чигт харж чаддаг учраас намайг агентлагийн даргаар томилсон

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
18 минут 3 секунд

Өнгөрсөн парламентад УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаад дахин сонгогдож чадаагүй зарим хүмүүс газар, агентлагуудын албан тушаалд томилогдох болсон. Үүний нэг болох УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргаар томилогдоод буй.

Шинэ албандаа томилогдоод удаагүй байгаа түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Томилгооны асуудлаас яриагаа эхэлье. Энэ албан тушаалд яагаад томилогдох болов. Хэнээс санал ирсэн юм бэ?

-Миний бие өнгөрсөн парламентад УИХ-ын гишүүнээс гадна Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар ажилласан бол үүнээс өмнө БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тиймээс Монгол Улсын хүний хөгжлийн бодлогыг цогц байлгахын төлөө, хүнээ хайрладаг, дээдэлдэг, хөгжүүлдэг зарчмын дагуу хүний хөгжлийг чухалчилж ирсэн.

2020-2024 онд УИХ-ын гишүүнээр ажиллахдаа Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан, хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангаруулах, цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хуулийг өргөн барьсан. Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд “Байгууллага бүр хүүхэд хамгааллын бодлоготой байх” гэсэн заалтыг тусгуулж, хэрэгжилтийг нь хангуулахаар зүтгэж ажилласан.

Түүнчлэн хөдөө, орон нутгийн хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах үүднээс модон жорлонгийн асуудлыг нэгдүгээрт шийдэх ёстой. Хаврын хавсарга, өвлийн хүйтэн, намрын сэрүүнд хүүхдүүд модон жорлонд бие засаж байгаагаас шалтгаалж, унаж бэртэх цаашлаад хүчирхийлэлд өртсөн асуудал ч гарч байсан. Эдгээр асуудлуудтай холбогдуулан дүрэм журамд нь өөрчлөлт оруулах, хэрэгжилтийг сайжруулах талд ажилласан учраас Засгийн газраас “Энэ ажлуудаа үргэлжлүүлээд, хэрэгжилтийг нь сайжруулаач ээ. Хамгийн чухал боловч орхигдсон асуудлууд байна” гэж санал тавьсан.

-“Ажилгүйдэл шийдэгдвэл хүүхэд аз жаргалтай байна” гэх ойлголт маш буруу-

-Засгийн газраас гэхээр Ерөнхий сайд санал тавьсан байх нь ээ. Ерөнхий сайд өөр танд юу гэж захив?

-Ерөнхий сайд өөрөө Хүүхдийн төлөөх үндэсний зөвлөлийн дарга. Би гишүүн байхдаа ч Ерөнхий сайдтай энэ талаар олон асуудлыг ярьж, олон хуулиуд дээр Ерөнхий сайд УИХ-ын гишүүдэд хэлж дэмжүүлж, хүний хөгжлийн бодлогыг нэгдүгээрт барих юм байна гэдгийг ярьж байсан.

Тэгэхээр хүний хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, суурь болгосноор улсын эдийн засаг хөгжинө гэдэг байр суурь дээр нэг чигт харж чаддаг учраас намайг чадна гэж үзэж, энэ албанд томилсон.

Хэрэв та бүхэн санаж буй бол хоёр жилийн өмнө Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн чуулганыг зохион байгуулахад Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлд ажилладаг бүх Төрийн нарийн бичгийн дарга, 21 аймгийн болон дүүргийн Засаг дарга нар оролцож, хоёр зүйлд амлалт өгч байсан. Үүний хэрэгжилт одоо хангалттай байгаа юу гэвэл хангалтгүй байна.

Өнөөдөр Монгол Улсад нэг хүүхэд хүчирхийлэлд өртлөө гэхэд хүүхэд хамгааллын ажил юм шиг ойлгодог. Гэтэл хүүхэд хэвлийд олдсон цагаасаа л амар амгалан байх, мөн хэлд орохдоо хэл соёлоо мэддэг байх ёстой. Бид ийм хүнийг бэлтгэх нь л хүнийг хөгжлийн гол бодлого. Хэрэв бид иргэн бүрээ ийм байлгаж чадвал гэр бүл бүхэн амар тайван байж чадна. Салалт, бэлгийн замын халдварт өвчин, цус ойртолт үгүй болох бүрэн боломжтой.

Нийгэмд “Ажилгүйдэл шийдэгдвэл хүүхэд аз жаргалтай байна” гэх ойлголт бий. Би үүний эсрэг байр суурьтай байдаг. Өнөөдөр телевизийн контентууд, гар утасны нөлөөгөөр ямар хүүхдүүд бий болж байгаа билээ.

Монгол шүлэг, дуугаа мэддэггүй. Хүүхдүүд Англиар хэлд орж байна” гэж би маш олон удаа хэлж байгаа. Англиар хэлд орж буйд нь эцэг, эхчүүд баярлаад байна. Хэрэв бид хэл соёлоо алдвал үндэстэн үгүй болно. Тиймээс бид туйлшрахгүйгээр монгол хүн бэлтгэх бодлогоо нэгдүгээрт тавих ёстой. Эдийн засгийн хөгжил, хүний хөгжил хамтдаа байж улс орно хүчирхэгждэг болохоос баахан эдийн засаг ярьдаг, төлөвшөөгүй хүмүүсийн гарт улс орон яаж сүйрдгийг бид сүүлийн 30 жилд хангалттай харлаа шүү дээ.

Статистик тоо дурдвал маш олон зүйл яригдана. Зөвхөн сургуулийн орчинд болон зам тээврийн ослын улмаас бэртэж гэмтсэн хүүхдүүдээс гадна гэртээ хүчирхийлэлд өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирч буй хүүхдүүдийн тоо 35 мянгад хүрч, ковид-19 халдварын дараа орж байна.

Хэрэв та бүхэн Эх нялхас, Гэмтлийн эмнэлэг, Түлэнхийн төвд очоод харвал, гэртээ байх хугацаандаа эцэг, эхийн хайхрамжгүй байдлаас болж, бэртэж гэмтсэн хүүхдүүд маш олон. Хүүхдүүд сургууль, цэцэрлэгийн орчинд ийм асуудалд орвол төрийн албан хаагч хариуцлага хүлээдэг. Харин гэртээ байхдаа хүүхдэдээ тавих анхаарлаа сулруулж, улмаар бэртэж гэмтсэн тохиолдолд “Эцэг, эх байх эрхийг нь хасна” гэж хуульчилсан боловч бодит байдал дээр төдийлөн хэрэгжихгүй байна. Бид хилийн дээс даваад, гадаад улсад очсон л бол тухайн улсын хууль, дүрмийг ягштал баримталж, хүүхдээ хараа хяналтгүйгээр орхидоггүй.

Тийм учраас би УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа “Суманд мал хариуцсан таван хүн байхад, хүүхэд хариуцсан нэг ч хүн алга” гэж гурван жил төсөв хэлэлцэх үед шаардсаар байгаад хүүхдэд хайртай гишүүдийнхээ дэмжлэгтэйгээр 833 Нийгмийн ажилтныг бэлдсэн.

Би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр Нийгмийн ажилтан гэхээр хорооны болон сумын даргын нарийн бичиг биш, харин аймаг, сум, нийслэл, дүүрэгтээ байгаа ААН-үүдэд шаардлага тавьдаг эрх мэдэл, цар хүрээ нь өндөр байх ёстой.

-Хүмүүс "Ёстой зөв хүнээ томиллоо" гэж бичиж буйг хараад өндөр хариуцлага мэдэрсэн-

-Таныг шинэ албан тушаалд томилогдсоны дараа баяр хүргэж, амжилт хүсэх нэг хэсэг байсан бол шүүмжлэх хэсэг ч байлаа. Шүүмжлэлүүдийг хэрхэн хүлээж авав?

-Харин ч намайг тэгтлээ их шүүмжлэхгүй байна лээ. Эсрэгээрээ таних танихгүй хүмүүс буюу бараг 80-90 хувь нь “Ёстой зөв хүнээ томиллоо” гэж бичиж байгааг хараад, улам хариуцлага мэдэрч яаж итгэлийг нь алдахгүйгээр асуудлыг өндөр түвшинд аваачих вэ гэж санаа зовсон.

Миний бие шүүмжлэл бүхнийг тоогоод өөрийгөө өмөөрч явах зав ч байхгүй, шаардлага ч байхгүй. Ер нь Монголд төгс хүн байгаа юм уу, нэг ч хүн байхгүй шүү дээ. Энэ бас бидний нэг эмгэнэл.

Сошиал руу ороод харвал, монголчууд бүгд зөвлөгч, шүүмжлэгч. Яг амьдрал дээр өөр байна. Тэгэхээр сошиалын мэдээг харж гутраад байх шаардлагагүй. Хууль зөрчөөгүй, шаардлагаа хангаж байгаа, ажилдаа зүрх сэтгэлээсээ хандаж байгаа л бол цаг хугацаа юу хийхийг нь харуулна.

Бид хөгширсөн хойноо харамсаад суухгүйн тулд албан тушаалд байгаа дээрээ л зөв бодлогын ажлаа хийх ёстой.

Хүүхдийн байгууллагын төсөв дээр хамгийн их дуугарч, хүүхдийн байгууллагын төсөвт хулгай байх ёсгүй гэдгийг боловсролын салбарт байхаасаа л ярьсан шүү дээ. Үр дүн нь гарсан гэж бодож байна.

-Өнгөрсөн УИХ-ын сонгуульд та ялагдал хүлээсэн. Иргэдийн санал хараахан ялалт авчирч чадсангүй. Үүнийг юу гэж харж байна?

-Би баруун бүс буюу Баян-Өлгийгөөс бусад аймагт нэр дэвшиж, өрсөлдсөн. Ингэхдээ Завхан аймагтаа хэний ч өмнө нүүр бардам ажлын тайлангаа тавиад, Завхан аймгийн ард иргэд маань “Нэр цэвэр, нутгийнхаа төлөө зүтгэлтэй ажилласан” гэдгийг хэлж байгаа.

Харин нөгөө гурван аймагт нь би шинээр нэр дэвшсэн. Тэгсэн ч гэсэн би 59 мянган хүний санал авсан. Энэ 59 мянган хүн Монгол Улсад хүний хөгжлийн бодлого байх ёстой гэдэг дээр алга ташиж дэмжсэн. Ялангуяа ахмадууд маань улс орон минь хүнээ хөгжүүлэхгүйгээр цаашаа явахгүй юм байна. Бид яаж ёс жудагтай, хүн шиг амьдрах вэ. Зөвхөн эдийн засгаа хөгжүүлээд явахгүй нь гэдгийг маш олон хүн хүлээн зөвшөөрч надтай ижил бодолтой байгаагаа илэрхийлсэн.

Тиймээс би баруун бүсийн 59 мянган иргэний саналыг талархаж хүлээж авсан. Энэ бол ард түмний л сонголт. Тэдгээрийнхээ сонголтыг хүндэтгэж байна.

-Аав минь “Ажил хүнийг голохоос хүн ажлыг голдоггүй” гэж хэлдэг байсан-

-Та ийнхүү агентлагийн даргаар томилогдчихлоо. УИХ-ын гишүүн байсан хүн агентлагийн даргаар ажилласан явдал ховор. Албан тушаалынхаа үнэ цэнийг хэрхэн харж байна?

-Аав минь “Ажил хүнийг голохоос хүн ажлыг голдоггүй” гэж хэлдэг байсан. Тэгэхээр аяга угаахад ч сэтгэлээсээ сайтар угааж чадаж байна уу гэдэг нь тухайн хүний л асуудал. Энэ албан тушаалыг ямар боломж гэж харж байна вэ гэхээр энэ унасан байгаа салбарыг өндийлгөх том боломж гэж харж байгаа. Дараагийн хүнд ажлаа өгөхдөө “Үүнээс дордуулахгүйгээр улам ахиулж ажиллаарай” гэж захина.

Бид барилга, уул уурхай, эдийн засгийн яамтай хэрнээ хүүхдийн асуудал хариуцсан яамгүй. Өөрөөр хэлбэл хүүхдийн асуудал агентлагийн түвшинд л байна гэсэн үг. Ганц Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь цалин, тэтгэвэр, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гээд маш олон асуудлыг хариуцаж буй учраас хүүхдийн асуудал орхигдож байна.

-Гишүүнээр ажиллаж байхдаа батлуулсан хуулиа шинэ ажилтайгаа хэр уялдуулж ажиллах вэ?

-Батлуулсан хуулиудаа хэрэгжүүлэх гэж л ирж байгаа шүү дээ. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар 21 аймаг, 9 дүүрэгт салбартай. Өмнө нь хэлсэнчлэн 833 хороо, суманд нийгмийн ажилтантай болж байна. Улсын хэмжээнд 1900 орчим хүнийг удирдана. Мөн дээрээс нь аймаг, нийсэл, сум, дүүргийн дарга бүр нь хариуцаж буй нэгжийнхээ Хүүхдийн зөвлөлийн даргаар нь ажилладаг. Эдгээр хүмүүс хариуцлагатай ажиллах ёстой. Тэднийг аргазүйгээр хангаж, хуулийн хэрэгжилтийг сайтар хангуулахын тулд зорин ажиллана.

Гэхдээ ганцхан төрийн байгууллага бус МҮХАҮТ болон түүний харьяа бизнесийн байгууллагууд ч гэсэн хүүхэд хамгааллын асуудлыг нэн тэргүүнд тавьж ажиллах ёстой. Эдгээрийг мөрдүүлж ажиллаж чадсан тохиолдолд энэ байгууллагын даргаар ажилласны гавьяа гэж ойлгож болно.

-Газрын дарга нь ажлаа өгчихсөн, хэд хэдэн хүн хуулийн байгууллагаар шалгагдаж буй байдал угтаж авсан-

-Та УИХ-ын гишүүн байхдаа зарим газар, агентлагуудын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг байсан. Тэгвэл өөрөө агентлагийн даргын ажлыг хүлээж авахад, нөхцөл байдал ямар байсан бэ?

-Ер нь ажил сайжруулах шаардлагатай. Хүүхдийн төлөө маш сайн ажиллаж байсан хүмүүс шантраад, ажлаас гарсан байх жишээний. Харин зарим нь хэчнээн сэтгэлтэй ч гэсэн мэргэжил нь таарахгүй байх байдал бий. Агентлагийн хувьд 34 ажилтантайгаас нийслэлийн газрын дарга нь ажлаа өгөөд явсан. Мөн хэд хэдэн хүн хуулийн байгууллагаар шалгагдаж байна.

Тиймээс төрийн албан хаагчдаа дэмжиж сургаад, илүү урам зоригтой ажиллахад нь туслах ёстой. Тэр нь өмнө хэлсэнчлэн хүүхдийн төлөө эрх мэдэлтэй ажиллуулах гэсэн үг. Яагаад гэвэл нэлээн хичээл зүтгэлтэй ажиллах шаардлагатай, өөрийн гэсэн онцлогтой салбар. Төрийн алба чадавхжаад залгамжлагдаад явах ёстой. Түүнээс биш болохгүй, бүтэхгүй байна гээд орхиж гараад байвал тухайн салбар унадаг.

Ний нуугүй хэлэхэд, манай салбар уналттай байгаа. Сүүлийн 10 гаруй жил үүрэг гүйцэтгэгч дарга нар ажилласан. Мөн цалин хангамж тийм ч хангалттай биш учраас халшраад, ажлаа орхиод явж байна гэж байгаа.

-Зарим хүмүүс хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа гэлээ. Ямар шалтгаанаар шалгагдаж байгаа юм бэ?

-Тэр талаар сайн мэдэхгүй. Мэдээж, төрийн албан хаагч хууль зөрчсөн бол ямар нэг байдлаар хохирол учруулсан бол хариуцлага хүлээх ёстой. Өнгөрсөн тав дахь өдөр ажлаа авахад, ерөнхий мэдээлэлтэй нь л танилцсан.

-Зөв цагтаа муу, муухай зүйлгүйгээр наадах шиг сайхан зүйл байхгүй-

-Өнгөрсөн нэгдүгээр сараас өвөл, хаврын морин уралдаантай холбоотойгоор хүүхдийн эрх, аюулгүй байдлын асуудал нэлээн яригдлаа. Энэ асуудлыг юу гэж харж байгаа вэ?

-Миний бие өв соёлоо хүндэтгэнэ. Ээж минь өдгөө 90 настай, Завхан аймгийн Алдархаан суманд төрж өссөн. Морь унаж, хонь хариулж өссөн хүн бий.

Ээжийг минь бага залуу байхад болон саяхныг хүртэл өвлийн уралдаан гэж байгаагүй. Хүүхэд морь унах нь эрт дээр үеэс бидний бахархалд байж ирсэн. Гэхдээ монголчууд бид хүүхдээ байтугай морь малаа хайрладаг ард түмэн. Хотынхон гэртээ муур, нохойтой байлаа гэхэд асар их хайрладаг шүү дээ.

Тэгэхээр хавар, өвлийн улирал бол тэсгэм хүйтэн цаг үе. Тиймээс бид хэзээ наадмаа хийдэг байсан, тэр цаг үедээ гэмтэл бэртэл, муу муухай зүйлгүйгээр наадах шиг сайхан зүйл байхгүй. Энэ байр суурь дээрээ л байгаа.

-Б.Баярсайхан байлаа гээд алс хол суманд гэртээ байгаа хүүхдийг очоод харж чадахгүй-

-Ярилцлагынхаа төгсгөлд хүний хөгжил, хүүхэд хамгааллын асуудлаар уншигчдад хандаж юуг нэмж хэлэх вэ?

-Бид яагаад хүний хөгжлийн бодлогоо алдсан бэ гэхээр зах зээлийн нийгэмд шилжсэн үед мөнгө л байвал болох юм шиг хандсан. 1990-ээд оны үед сургууль завсардсан 40 мянга орчим хүүхэд бий. Тэд өнөөдөр 35-45 насны аав, ээж нар болсон.

Тэгэхээр улс орноо улс орноо сайн сайхан байгаасай гэвэл бүх яамд, байгууллагууд нь ажилчдаа хүүхэд, гэр бүлтэй гэдгийг мартдаггүй байх, бие биенээ соён гэгээрүүлдэг байх шаардлагатай.

Харин агентлагийн дарга нь Б.Баярсайхан байлаа гээд алс хол суманд гэртээ байгаа хүүхдийг очоод харж чадахгүй. Бид амин хайртай үрээ өөрсдөө л хайрлаж хамгаална. Үүнийг бид ухамсарлах хэрэгтэй.

Эцэст нь монголчууддаа хандаж хэлэхэд, хүнээ хайрлаж байсан аав, ээж, эмээ, өвөөгийнхөө хайрыг саная, бид өмнө нь нэг хүүхдийн хүмүүжлийн төлөө нийтээрээ анхаардаг байсныг саная. Бие биедээ хайртай байя гэдэг үгээр ярилцлагаа өндөрлөе.

Бид уурган дээгүүрээ гишгэдэггүй ард түмэн боловч гудамжинд хэвтэж буй хүмүүсийн дээгүүр нь алхаад гарч байна шүү дээ. Хэзээ ч ийм ард түмэн байгаагүй.

-Ярилцсанд баярлалаа.

Сумын заан Б.Цагаанбанди хоёр дахь удаагаа түрүүллээ
Сумын заан Б.Цагаанбанди хоёр дахь удаагаа түрүүллээ
 
Дэлхий дээр 100 сая гаруй хүн тамхинаас татгалзаж чаджээ
Дэлхий дээр 100 сая гаруй хүн тамхинаас татгалзаж чаджээ
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!