Нийслэлчүүд өвөлдөө утаа, хавартаа халиа тошин, зундаа үер гэсэн гурван зовлонтой. Өнөөдрийн байдлаар халиа, тошин үүссэн таван дүүргийн 28 хороо гамшгийн шар түвшинд байна. Улмаар Нийслэлийн онцгой комисс гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл гамшгийн шар түвшнийг тогтоожээ.
Тус комиссын үнэлгээгээр Сонгинохайрхан дүүрэг эмзэг байдлын “маш их” эрсдэлтэй түвшинд гарсан бол Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн хувьд “их” эрсдэлтэй түвшинд үнэлэгджээ. Тухай бүрд нь арга хэмжээ авахгүй бол ойр хавийн айл шар усны үерт өртөх эрсдэлтэй.
Ялангуяа Сонгинохайрхан дүүргийн хувьд нэг зовлон бий. Тэр нь зөвшөөрөлгүй айлууд бөгөөд нүүлгэх шаардах бичиг хүргүүлэхээр "Очих газаргүй" гэх үгээр ам тагалдаг байна. Ялангуяа голын эрэг даган суурьшсан айлууд хаврын урь орж, цас ханзарсан үед усанд гэрээ “алдахад” ойрхон байна. Бараг өвөл нь мөстөж, хавар нь урсдаг энэ аж амьдралдаа дасчихсан гэлтэй. Уг нь зөвшөөрөлтэйгээр газар авсан айлуудыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэхээр хүсэлт тавьсан ч хэн нь ч хөдөлддөггүй “Хотын төвдөө ойр амар байдаг” гэх шалтаг хэлдэг аж.
Харин Чингэлтэй дүүргийн хэмжээнд үерийн хамгаалалтын далантай Дэнжийн мянгын 1, 3 дугаар сувгийн хувьд жилийн дөрвөн улиралд урсацтай хоёр булаг ундардаг. Тиймээс өнөөдрийн байдлаар халиа тошинг авто зам, айл ууд руу халихаас сэргийлж суваг татаж, сувгийн гарцыг өдөр бүр сэргээн татаж байна гэж албаныхан ярилаа. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянгын гуравдугаар суваг орчимд Машин техник ашиглах боломжгүй гүүрэн гарц орчимд гар ажиллагаагаар суваг гаргажээ.
Биднийг өчигдөр очиход даланд суваг татах, ухаж авсан мөсөөрөө хоёр талд нь далан үүсгэх, мөсийг зөөж цэвэрлэх зэрэг ажлууд хийгдэж байв. Азаар уг дүүрэгт халиа тошин айл руу орсон эрсдэлтэй нөхцөл байдал үүсээгүй гэнэ.
Чингэлтэй уулнаас эхтэй булгаас халиа үүссэн хэсэгт суваг татаж, усыг чөлөөтэй урсгаж байна
Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын тээвэр үйлчилгээний албаны дарга Д.Ариунбаатар "Зуны улиралд борооны давтамж нэмэгдэж байгаатай холбоотойгоор тухайн байршилд хөрсний ус гарах, хөрсний усны түвшин нэмэгдэх, байнгын урсацтай гол горхи, булаг, шанд сэргэх хандлагатай байдаг. Үүнээс үүдэн халиа тошин үүсдэггүй байсан газруудад ч халиа үүсэх нөхцөл бүрдэж байна.
Чингэлтэй дүүрэгт үерийн хамгаалалтын барилга байгууламжтай 3 байршил байдаг. Тус дүүргийн 11, 18 дугаар хороонд байрлах Дэнжийн мянгын 1, 3 дугаар суваг, Чингэлтэйн сувгууд жилийн дөрвөн улиралд байнгын урсацтай хоёр булагтай. Тиймээс халиа тошин, шар усны үер үүсэж, ойр орчмын айл өрхүүд усанд автах эрсдэл ихтэй байдаг. Яг одоо ажиллаж байгаа гуравдугаар сувгийн үерийн далан нь 6 метрийн өргөнтэй, өндөр нь 2-3 метр. 1 метр 50 см өндөртэй мөсийг гар аргаар хөрөөдөж усыг нь урсгасан. Ерөнхийдөө Чингэлтэй уулнаас эхтэй булгаас халиа үүссэн хэсэгт суваг татаж, усыг чөлөөтэй урсгах, механизм болон гар ажиллагаагаар суваг татах, илүүдэл мөс тээвэрлэх зэрэг ажлыг хийж байна.
Хүйтний эрч чангарахаар халиа тошин мөсөн доор шургаж урсдаг бол зарим хэсэгт дээш гарч мөсний хөлдөлтийн хэмжээг ихэсгэдэг. Иймээс шаардлагатай газруудад шургуулах технологиор урсгаж харин ажлын талбай ихтэй газруудад аль болох мөсний дээд талаар халиаг түрж ажиллаж байна. Мөн айл өрхүүдийн буруутай үйл ажиллагаанаас буюу амины орон сууц барихдаа газар ухаж, булаг, шанд хөндсөн тохиолдолд халиа тошин үүсэж болно. Түүнчлэн хөрсний ус байнгын дулаан газар руу татагдаж байдаг тул галлагааны улиралд шалны халаалт, ханын пийшинтэй айл өрхөөс хөрсний ус гарах тохиолдол элбэг байдаг" гэлээ.
Түүнчлэн ус урсах зориулалттай гаргалгаа хоолой ахуйн хаягдлаас болж битүүрэх, халиа тошин үүссэн байршилд мөсийг сувагчилж цэвэрлээгүй зэргээс шалтгаалж шар усны үер халих эрсдэл нэмэгддэг аж.
Цаашид гэнэтийн дулаарал ажиглагдах магадлал өндөр байгаа тул шар усны үер хүндэрч болзошгүй
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн ерөнхий инженер Б.Жаргалан "Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гамшигт болон аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаа. Зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор 2023 оны долоо, наймдугаар саруудад 3-4 удаагийн гэнэтийн үер усны үзэгдэл болж, Сэлбэ голын усны түвшин нэмэгдсэн. Хур тунадас их байгаагаас голын усны түвшин болон хөрсний чийгийн хэмжээ нэмэгдэж буй.
Мөн дэлхийн дулааралтай холбоотойгоор өвлийн улиралд гэнэтийн дулаарал болон хүйтрэл ажиглагдаж байна. Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджаас дулаан, баруун аймгуудын зарим сумдын нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас нутгийн 90 гаруй хувьд дунджаас бага, 10 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу орсон байна. Цаашид гэнэтийн дулаарал ажиглагдах магадлал өндөр байгаа тул шар усны үер хүндэрч болзошгүй" гэв.
Нийслэлд өнгөрсөн 2023 оны наймдугаар сард олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас Баянзүрх дүүргийн 5, 21, 27 дугаар хороо буюу Дарь-Эх, Монел орчимд болсон үерийн гамшигт нийт 120 хороо, 11.956 өрхийн 34.473 хүн, 542 барилга, байгууламж, 584 гэр, байшин, 146 ААН байгууллага, 230 тээврийн хэрэгсэл өртсөн.
Түүнчлэн 21 байршлын гудамж, зам талбай усанд автан, 74.023 хэрэглэгч цахилгаангүй болж, дөрвөн хүн амиа алдсан юм.
Ус зайлуулах шугам сүлжээний дийлэнх нь 30-аас дээш жилийн насжилттай
ХЭҮК-оос 2023 онд хийсэн хяналт шалгалтын дүгнэлтээр, нийслэлд үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад сөргөөр нөлөөлж байгаа хэд, хэдэн шалтгаан, хүчин зүйл байна гэж үзжээ. Үүнд:
Нэгдүгээрт, Улаанбаатар хотын хэмжээнд үерээс хамгаалах далан суваг, инженерийн байгууламж, авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний дийлэнх нь 30-аас дээш жилийн насжилттай болж хуучирсан.
Хоёрдугаарт, Нийт шугамын 60 орчим хувьд нь лаг, хагшаас хуримтлагддаг. Хагшаас гэдэг нь усны урсгалаар гол мөрөн, нуур, цөөрөмд хөвмөл, умбуур, тунамал байдлаар оршдог, уулын чулуулаг болон хөрсний элэгдэл зэргээс үүссэн хатуу талстууд аж.
Гуравдугаарт, Газрын хүрэлцээ хангалтгүйгээс хотод шинээр шилжин ирэгсэд голын сав газар, гуу жалга, сайр, уулын бэл, үерийн далан, ус зайлуулах хоолойг хааж төвхнөдөг.
Дөрөвдүгээрт, Аж ахуйн нэгжүүд хог хаягдлаа уулын бэл, үерийн ус зайлуулах хэсэгт асгаж булдаг.
Тавдугаарт, Зөвшөөрөлгүйгээр эрсдэлтэй газарт буусан зарим айл өрхөд газрын зөвшөөрөл олгодог, эсхүл олгоно гэж итгэл төрүүлдэг байдлыг дурдаж болно. Дээр дурдсан нөхцөл байдлыг нэн даруй шийдвэрлэх, ус зайлуулах шугам сүлжээг засварлах, шинээр үерийн барилга, байгууламж барих ажилд хөрөнгө оруулалт хийх, угсралтын ажлыг яаралтай эхлүүлэх, холбогдох эрх зүйн орчин, хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай.
Гэрэл зургийг: Р.Ариунболд