Цагаан сар болоход 10 хоног үлджээ. Энэ жил хаврын тэргүүн сарын шинийн нэгэн тасарч байгаа тул шинийн 2-ны өдрөөс золголт эхэлнэ. Хэдийгээр “Цагаан сар шиг нүсэр баяр алга” хэмээн байнга шүүмжилдэг ч монгол түмний уламжлалт их баяр болдгоороо л болно. Ахмадаа хүндэтгэн дээдлэх, ураг төрлийн хэлхээ холбоогоо бататган гагнах ариун уламжлал дээр суурилсан төрт ёсны уламжлалт баярыг монголчууд ёстой л “хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж” өргөн дэлгэр тэмдэглэдэг. Цагаан сар дөхөхөөр ахмадууд тэтгэврийн зээл авахаар банкинд дугаарлаж, иргэд хаана хямд бэлэг, хүнсний бараа байна тийшээ хошуурдаг болоод удаж байгаа. Аргагүй биз дээ.
Цагаан сар ба хар нулимс өгүүллэг дээр гардагчлан Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ гэдэг шиг төрийн түшээдийн таргалсан ард түмний ядуурсан хоёр яг тэнцүү.
Тиймдээ ч хямд үнээр цагаан сарын идээ ундаагаа бэлдэх гэсэн иргэдийн хүсэл дээр дөрөөлж харь улсад үйлвэрлэгдсэн орц найрлага нь тодорхойгүй архи гэх нэртэй хорыг элэг нэгтнүүд нь зараад эхэлжээ. Тэртээ 2008 онд Багануур дүүрэгт “Азийн чоно” компанийн үйлдвэрлэсэн метилийн спирттэй архи ууснаас 15 хүн амиа алдаж, 30 орчим хүн эрүүл мэндээрээ хохирсон харамсалтай хэрэг гарч байв. Тийм гашуун түүх бүү давтагдаасай гэх үүднээс сэрэмжлүүлэг болгож энэхүү сурвалжилгыг бэлдэв.
Хуурамч архи зах зээлийн үнээс 60-70 мянгаар хямд зарагдаж байна
Ялангуяа хоёрдугаар сараас иргэд цахим хуудаснаа "Хямд архи, виски зарна" гэх заруудыг ихээр байршуулж эхэлжээ. Олон хүн "Авъя. Хүргэлт байна уу " гэж коммент бичсэн зарын 9970**** дугаар руу залгалаа. Нэг литрийн архи, вискиний үнийн дүнгээс дурдвал:
- Jack Daniels 95 мянга,
- Jameson 95 мянга,
- Ballantines 70 мянга,
- Sierra Tequila70 мянга,
- Absolut 60 мянга,
- Finlandia 55 мянга,
- Jagermeister 75 мянган төгрөгөөр зарна гэжээ.
Харин найман нэрийн дэлгүүрт Jack Daniels 158 мянга, Jameson 165 мянга, Ballantines 138 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол E mart худалдааны төвд:
- Jack Daniels 158 мянга,
- Jameson 165 мянга,
- Ballantines 150 мянга,
- Sierra Tequila 109 мянга,
- Absolut 149 мянга,
- Finlandia 108 мянга,
- Jagermeister 120 мянган төгрөгөөр тус, тус зарагдаж байна.
Удтал дуудуулсны эцэст 30 гаруй насны эмэгтэй утсаа авав. Угаасаа олон хүн залгадаг бололтой шууд л "Байгууллагаар уу, хувь хүнээр үү, акцтай, акцгүй юу" гэж асуув. Түүний яриагаар бол "Байгууллагууд ихэвчлэн акцтай авдаг бол хувь хүмүүст тэр нь хамаагүй гэнэ. Түүнчлэн 10-аас дээш архи, вискинд хүргэлт хийдэг 1-3 ширхгийг авахаар бол 100 айлын ... төвөөс ирж аваарай" гээд хаягаа зааж өгөх нь тэр.
Архи, виски бүрийн амсар дээр дөрвөлжин цаас наалттай бий. Тэр нь онцгой албан татварын тэмдэг буюу Монгол Улсын үнэт цаас-акц. Акц дээрх QR кодыг гар утаснаасаа уншуулахад тухайн импортлогч ААН-ийн мэдээлэл нь гарч ирдэг. Түүнчлэн 2024 оны хоёрдугаар сард прокурорын газраас гарал үүсэл нь тодорхойгүй, хуурамч акцтай 13 төрлийн 852 ширхэг вискиг хураан авч устгасан байна.
Ерөнхийдөө хуурамч архитай холбоотой судалгаа, мэдээлэл Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн яамны салбарын хяналтын газарт ч алга. Эмч нарын зүгээс "Хуурамч архины орц найрлагаас шалтгаалж хүний биед үзүүлэх нөлөө нь өөр. Шууд үхэлд хүргэх нь ч бий. Тиймээс нарийн мэдээлэл өгөхийн тулд яг ямар химийн бодис орсныг мэдэх хэрэгтэй" гэв.
Түүнчлэн Гаалийн Ерөнхий газрын харьяа гаалийн лаборатори нь архины чанарт шинжилгээ хийдэггүй, зөвхөн барааны ангиллын кодыг л тодорхойлдог гэх.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байхдаа "Өнөөдөр хуурамч архи борлуулсан хүнд торгуулийн арга хэмжээ авч байна. Өчнөөн шагийн архи зарж борлуулсан хүнийг 40 мянган төгрөгөөр торгоод явуулдаг учраас энэ үйлдэл нь тасрахгүй байна. Энэ бүгдийг тооцсон бодлогын шинэчлэл хийх ёстой" гэж ярьж байжээ.
Баянзүрх дүүрэгт татварын акцгүй, согтууруулах ундааны зүйл худалдан борлуулж байсныг олж тогтоосон
Цагдаагийн Ерөнхий газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг:
-Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээнд “Хууль бусаар хуурамч архи зарж байна” гэх мэдээлэл нийтлэгдэх болсон. Уг асуудалд цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалтын ажиллагаа явуулсан. Тодруулбал, хоёрдугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нэр бүхий иргэдээс хууль бусаар гар дээрээс татварын акцгүй, согтууруулах ундааны зүйл худалдан борлуулж байсныг тогтоож, холбогдох хуульд заасны дагуу шалгаж, шийтгэл оногдуулсан.
2024 онд энэ төрлийн 227 тохиолдол бүртгэгдэж, шалган шийдвэрлэсэн байна.
Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт "Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг 500 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 5 сая төгрөгөөр торгоно" гэж заасан.
Иймд сар шинийн баяр, тэмдэглэлт өдрүүд болж буйтай холбоотойгоор иргэд хууль бусаар тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй ААН болон иргэний гар дээрээс татварын акцгүй, баталгаат бус согтууруулах ундааны зүйл худалдан авахгүй байхыг анхааруулж байна.
Архи, вискиний хаяг нь шошго нь яг адилхан мөртлөө үг, үсэг нь алдаатай байдаг
Гаалийн Ерөнхий газрын /ГЕГ/ Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн газрын улсын байцаагч Л.Амартүвшин:
-Цагаан сарын баярыг тохиолдуулан иргэд хувийн хэрэгцээнд ашиглахаар хаяг шошго, үйлдвэрлэгч нь тодорхойгүй харахад илт хуурамч гэдэг нь мэдэгдэхээр архи, вискиг хилээр нэвтрүүлж байна. Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлсийг гаалийн хилээр нэвтрүүлэх журамд "Иргэд 2 литр архи, 2 литр дарс, 3 литр шар айраг, янжуур тамхи 200 ширхэг буюу 1 блокыг ямар ч татвар хураамжгүй оруулах эрхтэй" гэж заасан. Гэтэл БНХАУ-д үйлдвэрлэсэн зөрчилтэй хуурамч байж болзошгүй архийг нэвтрүүлэхийг завдсан үйлдэл олон гарах боллоо.
Тухайн согтууруулах ундааг үйлдвэрлэгчийг нь дуурайгаад хийчихсэн. Хаяг нь шошго нь яг адилхан. Гэхдээ үг үсэг нь алдаатай байдаг.
Харваас хуурамч гэдэг нь тодорхой. Энэ нь маш аюултай. Хүний амь нас эрсдэхийг үгүйсгэхгүй. Тиймээс чанарын шаардлага хангасан албан ёсны гэрчилгээтэй, татвараа төлж орж ирдэг стандартын шаардлага хангасан согтууруулах ундааг сонгох нь зөв.
2024 оны өдийд ойролцоогоор 2 тонн орчим хуурамч архи, виски, коньякыг улсын хилээр нэвтрүүлэх гэж оролдсоныг гаалийн байгууллага хурааж авч устгасан. 2025 оны хоёрдугаар сарын 10-ны байдлаар 343.5 литр архи, 5 литр коньяк, 9 литр хятад виски, 191.6 литр шар айраг ойролцоогоор 540 орчим литр хуурамч архи, вискиг хураасан. Орон нутгийн байгууллагатай хамтарч устгах арга хэмжээг авна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жилд нэг хүнд ногдох спиртийн дундаж хэрэглээ нь 7 литрээс давбал үндэсний аюулгүй байдалд аюул учирсан гэж үздэг. Гэтэл манай улсад 12 литрт хүрчхээд байна. Жилд нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ 55 литрт хүрсэн.
Энэ нь 21-ээс дээш насны хүн амаа тооцоход нэг хүнд ногдох хэмжээ гэсэн үг. Тэгэхээр архидалт, архины хэрэглээ өнөөдөр үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрчээ.
Сэтгэгдэл (8)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!