Д.Амгалан: Шороон үхрийн зурлагыг шинжихэд ард олондоо ээлтэй, дарга түшмэдэд ЭРЭЭН БАРААН ХУТГАЛДАХ жил гарахаар байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 24 секунд

“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн өнгө, онцлогийн талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Д.Амгалантай ярилцлаа.

-Ирж буй “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн ерөнхий шинж ямар байх талаар мэдээлэл өгөхгүй юу. Шороон үхрийн зурлагад яаж буусан байгаа вэ?

-UBN сайтын нийн уншигчдад ирж буй могой жилийн мэндийг урьдчилан дэвшүүлье. Жилийн ерөнхий өнгө байдлыг шинждэг олон аргачлалууд байдаг. Монголчуудын дунд түгээн дэлгэрсэн хамгийн өргөн дэлгэр арга нь шороон үхрийн шинж гэж байдаг. Шороон үхрийг шинжихэд энэ жил хүн зондоо ээлтэй сайн жил гарна. Идэр залуус хийгээд нялхас хөгшдөд анхаарууштай жил байна. Учиргүй муу гэж ойлгож болохгүй анхаарах шаардлагатай л гэж байгаа юм. Харин дарга түшмэдэд эрээн бараан хутгалдах жил гэж байна. Халаа сэлгээ, жагсаал цуглаан байх магадлалтай жил юм уу гэж харагдаж байна. Байгаль цаг уурын тухайд гэвэд жилийн эхээр бага зэргийн салхи шуургатай. Хяруу цас их унамтгай байх гээд байна. Жилийн дунд үеэр хур бороо алаг цоог байх нь. Зарим газраа хур тунадас сайтай. Нийт монгол нутгаа хамарвал зарим газраа гандуу маягтай жил гарна. Өвс ургамал арвин ургаж, тариа ногоо дажгүй авахаар харагдаж байна. Зундаа нилээн дулаахан. Энгийн яриагаар бол халуун жил гарахаар харагдаж байна.

-Энэ жил шинийн 1 тасарч байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Энэ жил анх удаа шинийн 1 тасарч байгаа юм биш. 1944 оны 16 дугаар жарны хөх бичин жилд шинийн 1 тасарч байсан гэсэн түүхийн баримт нь архивт байна. Өөрөөр хэлбэл, шинийн 1 байхгүй. Шиний 2-нд шинэлсэн гэсэн үг. Зурхайн тооцооллоороо бол шинийн нэгэнгүй байх, битүүнгүй байх тооцоолол бол гардаг. Тэр нь энэ 2 жилд таарчихлаа. Үүнийг зөв явж байна гэдгийг шинжлэх ухааны академийн физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэд зөв явж байна гэдгийг албан ёсоор батлаад олон нийтэд мэдээлчихсэн. Тэгэхээр бид нар дураараа өдөр хасаад нэмээд байгаа юм байхгүй гэдэг нь нэгэнт тодорхой боллоо. Тиймээс Монгол түмэн гуравадугаар сарын 1-нд буюу шинийн 2-нд шинэлнэ. Энэ бол маргаан байхгүй.

-Шинийн 1-ний өглөө зүг мөрөө гаргах гэх мэтчилэн тодорхой зан үйлүүд байдаг. Эдгээрийг шинийн 2-ндоо хийнэ гэсэн үг үү?

-Тэгнэ. Шинийн 2-ныхоо өглөө зүг мөрөө гаргаад л шинэлдгээрээ шинэлнэ. Өдөр тасарлаа гээд өөрчлөгдөх зүйл байхгүй.

-Шинийн 2-ныг хар өдөр айл хэсэхгүй. Золголт хийхгүй гэх хүмүүс байдаг. Цахим орчинд үзэл бодлоо илэрхийлж байгаа харагдсан?

-Би ойлгохдоо орчлон хорвоогийн өдөр болгон сайн, сайхан гэж ойлгодог. Муу өдөр гэж байхгүй. Муу өдрийг сайнаар тайлдаг монголчуудын аргачлал байдаг. Гэхдээ шинийн 2 бол муу өдөр биш. Орчлонгийн нар мандах бас л нэг сайхан өдөр шүү дээ. Тэгэхээр шинийн 1-ных нь өдөр байхгүй учраас шинийн 2-ны өдрөө шинийн 1-ний өдөр гэж тооцоолж зүг мөрөө гаргаад сэтгэлд сэвгүй шинэлэх хэрэгтэй.

-Зүг мөрөө гаргах ёс уламжлалын талаар товчхон мэдээлэл өгөөч. Зөвхөн өрхийн тэргүүн төлөөлөөд гаргахад болох уу. Аль эсвэл гишүүн бүр гаргах уу?

-Гэр бүлийн гишүүд өөрийнхөө хийморийн зүг болон буян хишгийн зүг мөрөө мэдэж байгаа бол бүгдээрээ гаргаж болно. Хэрвээ мэдэхгүй байгаа бол зөвхөн гэрийн эзнээрээ төлөөлүүлж зүг мөрөө гаргах боломжтой.

-Битүүний өдөр гурван мөс тавих ёс уламжлалыг тодорхой тайлбарлаад өгч болох уу. Залуу гэр бүлүүд төдийлөн сайн ойлгож, мэддэггүй шүү дээ?

-Битүүний өдөр Лхам бурхан гурван мянган ертөнцийг эргэж хүн зоны аж амьдралыг харж, ханддаг гэдэг. Тийм учраас Лхам бурхныг морилж ирэхэд унаж яваа морь луусанд нь зориулж, ундаа бэлдэж байгаа гэсэн домогтой домтой юм. Өнгөрсөн, ирээдүй, одоо гэсэн 3 цагийг бэлгэдэж тэр 3 мөсийг тавьдаг. Битүүний орой битүүлэг хийхээсээ өмнө тотгон дээрээ тавьбал зүгээр байдаг.

-Жил нь орж байгаа болон гарч байгаа хүмүүс юуг анхаарах ёстой бол?

-Жил нь орж байгаа болон гарч буй хүмүүс тусгайлан засал ном хийлгэх учиртай. Тийм учраас 1977, 1989, 2001, 2013, 2001 оны могой жил гээд 13, 25, 37, 49-ний жил нь орж байгаа хүмүүст онцгойлсон заслууд байгаа. Мөн 1993 оны усан тахиа жилтэй хүнд 33-ны мөчлөг тохиох жил учраас тусгайлсан засалтай харагдаж байна. Тиймээс жил нь орж байгаа болон жилээ үдэж байгаа хүмүүс цагаан сарын өмнө эсвэл хойно засал номоо хийлгэчих хэрэгтэй.

-Сүсэгтэн олны дунд шинийн 8 аль эсвэл 15-ны дотор засал номоо хийлгэх ёстой гэх ойлголт байдаг. Засал номоо хийлгэхэд заавал энэ хугацаанд багтаж хийлгэх ёстой байдаг уу?

-Сар шинийн баярын дараа хүрээ хийдийн газруудаар шинийн 15-нд багтаж, засал номоо хийлгэх хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгддэг. Гэхдээ заавал шинийн 15-ны дотор заслаа хийлгэх ёстой хэмээн тодорхойлсон зүйл байхгүй. Зурхайн ном сударт нар буцахаас өмнө засалтай хүмүүс засал номоо хийлгэвэл сайн гэсэн утга байдаг. Энэ нь зургаадугаар сарын 22-ныг хэлж байгаа. Шинийн 15 бол бурхан багшийн их дүйчин өдөр учраас хүмүүс өөрсдөө бэлгэдэж, энэ хугацаанд багтаж засал номоо хийлгэж, ном буян их үйлдвэл хязгааргүй их буян хураана гэж үздэг байх. Бусдаар бол зурхайн ном сударт заавал шинийн 15-нд багтаж заслаа хийлгэх ёстой гэсэн юм байхгүй.

Н.Учрал: ТӨК-ийнхаа алдагдлыг бууруулаагүй захирал “Намайг халах гээд байна“ гэж дарга руугаа ГОНШИГОНОЖ байна
Н.Учрал: ТӨК-ийнхаа алдагдлыг бууруулаагүй захирал “Намайг халах гээд байна“ гэж дарга руугаа ГОНШИГОНОЖ байна
 
БНСУ-ын ЗТЯ-наас powerbank болон электрон тамхийг гар тээшинд авч зорчихыг хоригложээ 
БНСУ-ын ЗТЯ-наас powerbank болон электрон тамхийг гар тээшинд авч зорчихыг хоригложээ 
Сэтгэгдэл (19)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!