Б.Тулга: Сонгуулиар “MCS” компаниас хуулийн дагуу хандив авсан болохоос өргүй. Тиймээс ажлын хэсэгт байлаа гээд зөрчил гарахгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
19 минут 52 секунд

Хилийн боомтуудын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөө болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулгатай ярилцлаа.

-Ухаа худгийн ордыг "Энержи ресурс" ХХК-нд ЗГ-ийн тэмдэглэлээр олгосон байсан гэх асуудал гарсны дараа энэ даваа гарагт Ерөнхий сайд "Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн ААН-д олгосон асуудалд тухайн үеийн УИХ болон ЗГ-аас гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг байгуулах захирамж гаргасан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд та орсон байсан. Ажлын хэсэг ямар төлөвлөгөөтэй ажиллах вэ?

-Ажлын хэсэг Засгийн газрын тэргүүний өгсөн үүрэг чиглэлээр байгуулагдсан. Гол зорилго нь Эрдэнэс тавантолгойн бүлэг ордуудын эзэмшил болон ашиглалтын лиценз олголт хууль эрх зүйн хувьд хэрхэн явж ирсэн он цаг, дарааллыг тодорхой болгох үүрэгтэй. Уг бүрэлдэхүүнд орсон хүний хувьд хариуцаж байгаа салбарын хүрээнд шаардлагатай бүхий л мэдээллийг цуглуулж, хангаж ажиллах болно.

-Таны хувьд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрөө орж ажиллах санал гаргасан уу, аль эсвэл Ерөнхий сайд захирамж гаргахдаа таныг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нэр цохож оруулсан уу?

-Ерөнхий сайд өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээ томилсон байгаа. Тиймээс миний хувьд өөрийн хүсэлтээр орсон зүйлгүй. Засгийн газрын гишүүний хувьд шууд удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу орж ажиллахаар болсон гэсэн үг.

-Сүүлийн үед MCS компани болон тантай холбоотой асуудал багагүй шүүмжлэл дагуулж байна. УИХ-ын ээлжит сонгуулиар MCS группийн охин компаниудаас хандив авсан гэх гишүүдийн нэг нь та байна шүү дээ. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор "Энержи ресурс" компанийн эзэмшиж буй ордуудын лиценз, ашиглалттай холбоотой асуудлыг шударгаар гаргаж ирнэ гэдэгт эргэлзэж буй хэсэг байна. Үнэхээр уг компаниас хандив авч сонгуульд орсон хүний хувьд та шударгаар ажиллаж чадах уу?

-УИХ-ын сонгуулийн үеэр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу элдэв өргүй ААН, иргэдээс сонгуулийн үйл ажиллагааны зардлыг хандив хэлбэрээр босгож явдаг. Дэлхий нийтээрээ жишиг нь тийм юм. Энэ утгаараа ганц шүүмжлэл дагуулаад байгаа тэр компани бус бусад компаниудаас адилхан хандив авсан. Энд ямар нэгэн байдлаар далд нууц зүйл байхгүй. АТГ болон СЕХ зэрэг холбогдох байгууллагуудад ил байгаа мэдээлэл. Сонгуулийн үед цугласан л хандив.

Ерөнхий сайд чиглэл өгөөд ажилла гэж байгаа бол миний хувьд Засгийн газрын гишүүний хувьд ажиллахад бэлэн. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллалаа гээд ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй учраас аливаа шийдвэрт нөлөөлөл үзүүлэх зүйл огт байхгүй гэж хэлмээр байна.

- Нэгэнт хандив авчихсан компанийнхаа эзэмшиж байгаа ордуудтай холбоотой асуудлыг судлах, дүгнэлт гаргах болоход хараат бусаар, шударгаар ажиллана гэдэгт итгэлтэй байна уу л гэж асуугаад байгаа юм?

-Ганцхан MCS компанитай холбоотой асуудал энд яригдахгүй шүү дээ. Бүлэг ордын лиценз эзэмшилтэй холбоотой бүх талын баримт мэдээллийг цуглуулж судалж дүгнэлт гаргана гэж ойлгох хэрэгтэй. Би дээрх компанид ямар нэгэн байдлаар өргүй. Энэ компанийн хувьцааг эзэмшдэггүй. Өмнө нь хамтарч ажиллаж байсан зүйл байхгүй учраас үүнд зөрчил үүсэхгүй байх гэж бодож байна.

-Гашуунсухайт-Ганцмод боомтын чингэлэг тээврийн терминал, авто зам, зогсоолууд, гарцыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна-

- Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын гэрээг зурлаа. Цаашид уг боомтоор экспортлох нүүрсний хэмжээ нэмэгдэж, боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэхээр байгаа. Үүнтэй холбоотойгоор бэлтгэл ажлыг хангах, ачаа тээврийн нэвтрэх урсгалыг сайжруулахад ямар ажлууд хийгдэж байгаа вэ?

-Монгол улс өнгөрсөн гучин жилийн түүхэндээ анх удаа тогтвортой худалдааны том гэрээг хийлээ. Энэ гэрээг хоёр талаас үзэглэтэл 17 жилийг туулсан байна. Ингээд Гашуунсухайт-Ганцмод боомтоор одоо явж байгаа эрдэс баялгийн худалдаа дээр нэмээд төмөр замын холболтыг хийж, дэд бүтцийг байгуулж уурхайн хүчин чадлыг мөн нэмэгдүүлэх юм. Ингэснээр БНХАУ-д жил бүр 20 сая тонн нүүрсийг баталгаатай худалдаалах гэрээг хийж чадсан. Үр дүнд нь бид хятадын зах зээлд 16-17 жилийн турш тогтвортой нүүрс нийлүүлэх боломж бүрдэж байна. Мэдээж гэрээний ард хоёр тал үүрэг хариуцлага харилцан хүлээнэ.

Нэг талаас Монгол Улс 20 сая тонн нүүрсийг тогтвортой нийлүүлэх үүрэг хүлээж байна гэсэн үг. Нөгөө талаас БНХАУ манайхаас жил бүр 20 сая тонн нүүрсийг тогтвортой худалдаж авах үүрэг хүлээнэ.

Ингэснээр нүүрсний дундаж үнэ 100 ам.доллар байхаар тооцоолоход Монгол Улсын төсөвт жил бүр нүүрсний экспортоос 2 орчим тэрбум ам.долларын баталгаатай орлого төвлөрүүлж чадах юм.

Нүүрсний экспорт зөвхөн нэг үнээр тооцогдохгүй. Жилдээ дөрвөн удаа буюу улиралд нэг удаа Үнийн Зөвлөлөөр зах зээлийн үнэтэй уялдуулж үнэ өөрчлөгдөж явна.

Нүүрс маань хилийн цаана очоод боловсруулагддаг түүхий эд гэдэг утгаар чанар, хэмжээ, тогтвортой нийлүүлэлтээс хамаарч нүүрс хэрэглэдэг эрчим хүчний станц, коксын станц, Гангийн үйлдвэр гэх мэт маш олон үйлдвэрүүд манай нүүрсэнд зориулж горимоо тохируулдаг. Тиймээс үүнийг баталгаатай болгож өгч байгаа юм.

Гэрээний хүрээнд боомтын бэлтгэл ажлууд Гашуунсухайт-Ганцмод боомтод энэ хавраас хийгдэж эхэлнэ. Боомтын сэргэлтийн хороо уг ажилд бэлдэж төмөр замын холболтын газар олголтын асуудлаас эхлээд хийх ажил их бий.

Төмөр зам холбогдтол манай улс одоо гаргаж байгаа нүүрс дээрээ нэмээд 5-7 сая тонн нүүрсийг жил бүр тээврийн машинаар нийлүүлэх үүрэг хүлээж байгаа.

Уг ажилд зориулж Гашуунсухайт-Ганцмод боомтын чингэлэг тээврийн терминал, авто зам, зогсоолууд, гарцыг нэмэгдүүлэх чиглэлээр нэгдсэн зохион байгуулалтад оруулах ажлуудыг хийж байна.

Тус боомтын хүчин чадал өнөөдрийн байдлаар 3-4 дахин нэмэгдсэн байдалтай байна. Цаашлаад чингэлэг тээврийн терминал, зогсоолын талбайг цэгцлэх, өргөтгөх ажил явагдаж байгаа. Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар зогсоолын талбайг томруулах зэрэг газрын асуудлыг шийдсэн. Дээр нь Гашуунсухайт-Ганцмод боомтын үйл ажиллагаанд шинэ менежмент оруулах хүрээнд төр хувийн хэвшлийн түншлэлийг илүү дэмжиж ажиллуулах төлөвлөж байна.

Мөн Гашуунсухайт-Ганцмод боомтын ерөнхий төлөвлөлтийг хийгээгүй байсан. Үүнийг ЭЗХЯ зургийн тендер зарласны дагуу зургийн компани ажиллаж байгаа. Ажил энэ хавар дуусах ёстой. Түүний дараа тухайн төлөвлөлтөд багтсан төслүүдийг хувийн хэвшлүүдтэйгээ хамтарч боомт дээр хэрэгжүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна.

Хаврын чуулганаар Боомтын тухай хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлнэ. Ингэснээр хилийн боомтууд дээр байгаа худалдааг дэмжих үүднээс зөвхөн төр менежмент хийх бус хувийн хэвшилтэйгээ хамтарч хийх заалтуудыг хуулийн төсөлд тусгаж өгсөн байгаа.

-БНХАУ-тай хиллэж байгаа 17 боомт бий. Эдгээрээс хэд нь одоогоор хэвийн ажиллаж байгаа вэ?

-Төмөр замын холболт хийгдээгүй гурван боомт байна. Үндсэндээ 13 боомт идэвхтэй ажиллаж байна гэж ойлгож болно.

-Ханги-Мандалын боомтын нүүрс тээвэр зогсонги байдалд орсон талаар "ЭТТ" ХК-иас мэдээлсэн. Хэчнээн нүүрсний тээвэр саатаад байгаа вэ, үйл ажиллагаа нь хэзээнээс хэвийн болох бол?

- Гашуунсухайт-Ганцмод боомтын бүтээн байгуулалт эхэлсний дараа Шивээхүрэн-Сэхэй, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтуудын төмөр замын холболтын асуудлууд ээлж дараагаараа орж ирнэ. Засгийн газар бэлтгэл ажлуудыг бүх түвшинд ярьж байгаа гэж ойлгож болно. Ханги-Мандал боомтын тухайд нүүрсний ханш унасантай холбоотойгоор худалдан авч байгаа тал импортын хэмжээгээ бууруулж байгаа зүйл бий. Тээвэрлэлт үүнтэй холбоотойгоор багасаж байгаа. Гэхдээ энэ санаа зовохоор хүнд асуудал биш. Өөрөөр хэлбэл өмнөх онуудын гаралтыг харж байхад угаасаа нэгдүгээр сард Хятадын цагаан сар болдогтой холбоотойгоор бага зэрэг тасалдал үүсдэг асуудал юм билээ. Жилийн эцэс гэхэд төлөвлөгөөндөө хүрэх боломжтой гэж харж байгаа.

Ер нь боомтууд руу хатуу хучилттай авто зам барьж байж худалдааг явуулах зарчим барьж ажиллаж байна. Гэсэн хэдий ч Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх үүднээс нэгэнт бүтээн байгуулалтууд нь хэвийн явж байгаа боомтууд дээр уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэж байгаа зүйлүүд бий. Ханги Мандал боомтын замын бүтээн байгуулалтын ажил явж байгаа. Мөн төмөр замаар тээвэрлэж, автомашинаар татаж авах үйл ажиллагаа явагдаж байгаа гэж хэлмээр байна.

-Хаврын чуулганаар Нарансэвстэйн боомтын асуудлыг оруулж эцэслэнэ-

-Нарансэвстэйн боомтыг нээх тухай асуудал эсэргүүцэлтэй тулгарсан хэвээр байгаа юу. Засгийн газраас ямар арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Монгол Улс БНХАУ-тай нийт 4500 орчим км газар нутгаар хиллэдэг. Үндсэндээ Хятадын засаг захиргааны гурван том субьекттэй хиллэдэг гэсэн үг. ӨМӨЗО-той 13 боомтоор, шинжаан Уйгартай дөрвөн боомтоор, гурав дахь нь Хятадын дотоод муж болох Ганьсу мужтай нийт 65 км газраар хиллэдэг. Хятадын талаас дотоод муж болох Ганьсу мужаараа дамжуулан шууд худалдан авалт хийх, аялал жуулчлал хөгжүүлэх, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг бий болгох сонирхолтой байгаагаа илэрхийлдэг.

Энэ бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдаад УИХ-аар орж батлагдсан ажил байгаа. Нэгэнт төр засаг боомт нээх ажлыг дэмжсэн учраас бид заавал хийх ёстой. Мэдээж болгоомжтой хандах ёстой асуудал бий. Учир нь 1992-1993 онд Нарансэвстэйн боомт нээгдэж ажиллаж байх үед худалдаа хийх бүх боломжийг чөлөөтэй нээж өгсөн учраас зам барихаас авхуулаад төлөвлөлт хийгдээгүй байсан. Гэтэл энэ боомт маань Говийн их дархан цаазат газрын А хэсгийн цаадах хилтэй ойролцоо байрладаг гэдэг утгаар зам нь талхлагдсан.Тухайн үеийн эмзэг эко системийн баянбүрдүүд болох ан амьтан ургамал усаа дагасан гэдэг утгаар нөлөөлсөн зүйлсүүд бий.

30 жилийн өмнө гарч байсан алдааг өнөөдөр бид засаж, тусгай хамгаалалтын менежментийг сайжруулахын тулд эдийн засгийн үр өгөөжөөр л тэтгэх ёстой. Говийн их дархан цаазат газрын хамгаалагчдыг олноор нэмэгдүүлж, дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай болж байгаа. Үүний тулд Нарансэвстэйн боомт нээгдсэнээр эдийн засгийн хөшүүрэг нь сайжрах юм.

Мэдээж байгаль орчны салбарын эрдэмтэд, мэргэжилтнүүдийн ярьж байгаа асуудал маш зөв. тухайн салбарт ажиллаж байсан хүний хувьд дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл говийн их дархан цаазат газрын А хэсэгт ямар нэгэн байдлаар уул уурхайн олборлолт явагдах ёсгүй гэдэгтэй санал нэг байдаг.

Хоёрдугаарт, ногоон бүс, онгон бүсүүдэд зам тавих нь хуулиараа хориотой байдаг. Иймд зөвхөн хязгаарлалтын бүс буюу хилийн зурвасаа дагуулж дэд бүтцээ байгуулах замаар боомтыг нээх хэрэгтэй болж байгаа юм. Ингэснээр Ганьсу буюу Хятадын дотоод мужтай ямар нэгэн өөртөө засах орноор дамжихгүйгээр шууд худалдаа хийх боломж бүрдэнэ. Монгол Улсын баруун бүсийн эдийн засагт болоод тэнд амьдарч байгаа иргэдийн амьдралд бодит үр өгөөжөө өгнө. Ганьсу мужийн онцлог нь эдийн засгийн бүтэц нь манайхаас өөр.

Хэдийгээр хятадын мужуудаас хөгжлөөрөө хойно явж байгаа ч гэсэн эдийн засгийн өсөлтөөрөө эхний гуравт явдаг. Өнгөрсөн 2024 оны байдлаар эдийн засгийн өсөлт нь 9 хувьтай гарсан. Тэгэхэд Хятад улсын дундаж өсөлт 4.5 байхад хоёр дахин өндөр өсөлт гарсан гэсэн үг. Эдийн засгийн бүтцээр нь Ганьсу мужийг авч үзвэл үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, ХАА, газар тариалангийн салбарууд илүүт хөгжсөн гэдгээрээ онцлогтой.

Мөн аялал жуулчлалын хувьд ч гэсэн онцлог бий. Чингис хааны үеийн түүхээс харахад Торгоны замын үеийн хамгийн сайн боомт хот болох Дунхан хот энэ мужид байдаг. Жилдээ ойролцоогоор 20 сая жуулчин авдаг. Ойролцоогоор 5 тэрбум ам.долларын ашгийг зөвхөн аялал жуулчлалын салбараасаа олж чаддаг гэсэн үг. Эндээс бид аялал жуулчлалын урсгалыг нь Монголоороо нэвтрүүлж чадвал орон нутгийн иргэд маань зөвхөн уул уурхайг шүтэж биш өөрсдийнхөө үйлдвэрлэл, худалдаагаар дамжиж эдийн засаг, амьжиргаагаа сайжруулах бүрэн боломжтой юм. Ингээд харилцан ашигтай байдлаар боомтын үйл ажиллагааг нээж баруун бүсийн эдийн засгийг хөгжүүлэх гол шийдэл гэж хэлмээр байна.

Түрүүн та бас дурдлаа мэдээж ямар ч том төслийг эхлүүлэхэд том, багагүй эсэргүүцэлтэй тулгардаг. Гэхдээ бид улс орны эрх ашгаа ухамсарлаж, харилцан ойлголцож бүтээн байгуулалтын ажлаа хийх л ёстой. Монгол Улс хоёр хөш орноос гадна дэлхийн бусад орнуудтай өрсөлдөх гол арга зам нь ердөө л эдийн засгийн чадавхаа сайжруулах шүү дээ. Түүнээс биш хүн очиж болохгүй, харж болдоггүй тусгай хамгаалалттайгаа газар байх нь утгагүй зүйл.

Говийн их дархан цаазат газрын А хэсгийн талбайн хэмжээг авч үзэхэд Баян-Өлгий, Булган аймгийн газар нутгаас том. Тийм том газар нутагт иргэд нь ч амьдраад, биологийн төрөл зүйлийн амьтан ургамал нь хадгалагдаад үлдэх боломж нь бүрэн байгаа.

Гэтэл үүнийг эсрэгээр нэг тал руу хэт туйлшруулж буй нь цаанаа өөр сонирхол агуулж байгааг харуулаад байгаа юм. Эсэргүүцэлт дагуулаад байгаа газарт бид саяхан тооллого судалгаа хийж үзсэн. Ингэхэд говийн их дархан цаазат газрын онгон бүсүүдэд гар аргаар алт олборлосон ул мөрүүд 30 гаран байна. Энэ нь өөрөө тэр эсэргүүцлийн цаана өөр сонирхол нуугдаж байгааг харуулж байгаа хэрэг. Тиймээс бид энэ асуудлыг нэг талд нь гаргах л ёстой.

Боомтыг шинээр нээх ёстой гэдэг утгаар УИХ-аар хэлэлцэж, дипломат шугамаар хөрш оронтойгоо хэлэлцэж, хоёр талаасаа шийдвэрээ гаргасан тохиолдолд дараа нь байгаль орчны үнэлгээгээ хийнэ. дэд бүтцээ барих болно. Энэ хаврын чуулганаар Нарансэвстэйн боомтын асуудал орж хэлэлцэгдэнэ гэдгийг хэлье.

-Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн терминалыг 24 цагаар ажиллуулж байгаа туршилтыг сунгах асуудлаар ярина-

-Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын зургаадугаар хурал хэзээ хуралдах вэ, үүгээр онцолж яригдах, харилцан зөвшилцөх гол зүйл нь юу байх вэ?

-Боомтын сэргэлтийн үндэсний хороо, Боомтын сэргэлтийн захиргаа болох байгууллагууд маань БНХАУ, ОХУ-ын байгууллагатай нягт хамтарч ажилладаг. БНХАУ-тай жил болгон хилийн боомтын комиссын хурлыг хоёр талдаа ээлжилж хийдэг. Энэ хуралдаан ойрын хугацаанд Улаанбаатар хотод зохион байгуулагдах ёстой. Хурлаар хэлэлцэх 40-өөд асуудал бий.Тэдгээрээс гол зүйл нь өнгөрсөн онд Замын-Үүд Эрээн боомтын ачаа тээврийн терминалыг 24 цагийн горимд шилжүүлэх туршилтуудыг хийсэн байдаг. Энэ ажлыг цаашид үргэлжлүүлэх ажлыг хуралдаанаар ярих ёстой. Дээр нь тэсэрч дэлбэрэх бодис болон аюултай ачаа, нефть, хийн бүтээгдэхүүний хорт бодисыг нэтрүүлэх боомтын төлөвлөлтийг шийдэх талаар ярилцана.

Мөн зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна ХАА-н гаралтай бүтээгдэхүүнийг ямар боомтуудаар хэрхэн яаж төлөвлөж гаргах вэ гэдэг асуудлыг цэгцлэхээр ярилцаж байна. Одоо ажиллаж байгаа боомтуудыг зөвхөн уул уурхайн экспортын чиглэлээр дэмжихээс гадна аялал жуулчлал, олон улсын транзит тээврийн урсгалд хэрхэн холбож болох, бүс нутгийн тээвэр ложистик, худалдааны интеграцид манай улс ямар үүрэгтэйгээр ямар өртөг шингээсэн байх талаар Хятадын талтай уулзаж ярилцахаар бэлдсэн байгаа.

Эдгээр асуудлыг гадаад шугамаар дипломат байдлаар танилцуулахаас гадна энд байгаа элчин сайдыг авч уулзаж, ойлгуулж, харилцан ойлголцох үүднээс санал солилцсон. Ирэх долоо хоногт БНХАУ-д ажиллаж тус улсын Үндэсний боомтын дарга, удирдлагуудтай уулзахаар төлөвлөсөн байгаа.

Ярилцсанд баярлалаа

П.Сайнзориг: Ногдол ашгийн мөнгөөр орлого олох дэд бүтцийн төслийг санхүүжүүлсэн бол 2-3 жилийн дараах ногдол ашиг нугарах боломжтой
П.Сайнзориг: Ногдол ашгийн мөнгөөр орлого олох дэд бүтцийн төслийг санхүүжүүлсэн бол 2-3 жилийн дараах ногдол ашиг нугарах боломжтой
 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Сэтгэгдэл (27)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!