Ганцмод боомтод өнгөрсөн онд тонн тутам нь 224 ам.доллароор борлуулж байсан коксжих нүүрсний үнэ энэ жил 120 ам.доллар болжээ. Тодруулбал, нүүрсний үнэ 12 удаа 44-45 хувиар буурсан болохыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Борлуулалт, маркетинг, тээврийн газрын дарга О.Цэрэндондог хэлэв.
Тэрбээр яриандаа өнөөдрийн байдлаар Ганцмод боомтод нүүрсний агуулахууд дүүрч, Монголын нүүрс 4.9 сая тонныг давж цааш борлуулагдахгүй нөхцөл байдалтай байгааг онцолсон. Энэ талаар хэлэхдээ "Нүүрсний үнэ унасан нь манай улсаас илүү Хятадын зах зээлээс хамаарч байна. Ялангуяа, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналттай холбоотой. Эрэлт нь суларч нийлүүлэлт ихэссэн. Өөрөөр хэлбэл, нүүрсийг худалдан авах сонирхол буурсан гэсэн үг. Тиймээс худалдааг идэвхжүүлэхийн тулд Хятадын үнэ ханштай ойролцоо болох, уян хатан байх талаас Монголын хөрөнгийн биржтэй хамтран судалж байна. Яг одоогоор тодорхой шийдвэр гараагүй.
Тээвэр зохион байгуулалтын хувьд 1500 болгох боломжтой. Гэвч Монголын экспортлох нүүрс Ганцмод боомтын талбайд цаашаа борлуулагдахгүй үлдэж байна. Худалдан авагчидтай уулзах үед хамгийн гол нь арилжсан нүүрсний үнэ өндөр байгаа учраас борлуулж чадахгүй байна.
Монголын нүүрсийг экспортлох чиглэлд хамтарч ажиллаж буй байгууллагуудаас энэ нөхцөл байдлыг ойлгохыг илэрхийлж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн онд Ганцмод боомтод 2.9 сая тонн нүүрс байсан бол одоо 4.9 сая тонныг даваад байна. Агуулахууд нь дүүрсэн, цааш борлуулагдахгүй нөхцөлтэй байна" гэлээ.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!