Тун удахгүй сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан бүх нийтийн амралтын өдрийн хугацааг сунгах эсэх асуудал хөндөгдсөн билээ. Тодруулбал гурван өдөр амарч байгаа нь хэтэрхий богино, үүнээс шалтгаалж богино хугацаанд айл хэсэхээр зорьсон иргэд зам тээврийн осолд өртөх эрсдэл үүсэж буйг ярьж байв.
Тэгвэл нийтийн өргөдлийн "D-Parliament" цахим системд иргэн С.Чулуунпүрэв "Цагаан сарын баярын амралтыг нэмэх, зарим баярын өдрийг хасах" өргөдлийг санаачилж, гарын үсэг цуглуулж эхэлсэн байна.
Тэрбээр "Монгол Улсад баярын амралтын өдрийг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар зохицуулдаг ба энэ хуулийн дагуу бүх нийтээр жилд 16 өдөр амардаг.
Эдгээрээс үндэсний түүх соёл, уламжлал ёсондоо тааруулж нийцүүлүүштэй нь цагаан сарын баярын амралт мөн. Одоогийн хуулиар цагаан сараар зөвхөн шинийн 1, 2, 3-ны өдөр амарч байгаа билээ. Гэтэл битүүний өдөр бол Монголын хэв заншил ёсоор цагаан сарын нэг өдөр мөнөөсөө мөн бөгөөд монгол айл бүрийн хамгийн их ажилтай өнждөг өдөр билээ.
Төрийн үүрэг бол ард түмэндээ үйлчлэн зохицуулах, тэдний хүсэл зоригийг илэрхийлэх ба ингэхдээ үндэснийхээ түүх соёл, уламжлал заншлыг даган баримтлах, түүнд нийцүүлж тохируулах учиртай. Иймд уламжлал соёлоо дээдлэн баримтлах, Улаанбаатар хотын авто замын ачаалал болон иргэдийн орон нутагт зорчих хөдөлгөөн, аюулгүй байдал зэрэг олон талыг бодолцон цагаан сарын баярын амралтыг 6-10 хоног байх ба зарим амралтын өдрийг хасах, ингэхдээ одоогийн амралтын өдрийн тоонд бариулан зохицуулж хуульчлах талаар өргөдлийг үүгээр гаргаж байна" гэжээ.
Хэрэв та дээрх өргөдөлд гарын үсэг зурах бол ЭНД дарна уу
Сэтгэгдэл (16)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!