Тодотголоор зарлагаа нэмэх ЖАРГАЛАА олсон Сангийн сайд орлогоо дутааж ҮНЭНД ГҮЙЦЭГДЭНЭ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
17 минут 42 секунд

Маргаан дагуулсан 2025 оны төсөв ирэх хавар дахиад л “галтай” сэдвийн нэг болж магадгүй бололтой. Хамтарсан Засгийн газраас хоёр дахь удаагаа өргөн барьж алдагдалгүй баталсан гэх төсвийн орлого 33.9 их наяд хүрэхгүй бодит эрсдэлтэй нүүр тулж байна.

Хэрэв орлого бүрдэхгүй бол төсөвт тодотгол хийх нь тодорхой болно. Үүнд нүүрсний үнийн уналт, экспорт шууд хамааралтай. Гэвч төрийн бодлогын хамгийн том алдаа нь дахиад л орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж зарлагаа өсгөхийн тулд төсвийн амин сүнс болсон заалтыг “зориуд”-аар хассан явдал.

Урьд жилүүдэд уул уурхайн бус орлогын хувь хэмжээг тооцож дараа оныхоо төсвийн зардлыг төлөвлөх ёстой гэсэн зарчмыг баримтлахад Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.3 дахь заалт нь гэнэтийн өндөр орлого дагаж зарлагаа өсгөх “сэтгэлийн хөөрлийг” хазаарладаг байв. Харамсалтай нь 2024 оны наймдугаар сард Засгийн газраас энэ түгжээг мулталсны гор нь төсвийн хямрал дагуулж цар тахлын дараа тогтвортой өсөж байсан эдийн засгаа татаж унагаах нөхцөлд хүрэглээ. Ийм эрсдэл үүсэхийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс болон эдийн засагчид хатуу сануулсаар байв.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан дүгнэлтэд 2010 оноос хойш 14 жилийн хугацаанд 17 удаа “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өөрчилснийг дурдсан байдаг. Энэ бүртээ төсвийн сахилга бат алдагдаж явдаг гэсэн дүгнэлтийг өгч байв.

Зөвлөмжид “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.3-т заасан нийт зарлагын өсөлтийг хязгаарласан шаардлагыг нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ, тухайн жилийн ДНБ-ний 30 хувиас хэтрэхгүй байх хэмээн өөрчлөх нь төсвийн эрсдэлд нөлөөлөх гол хүчин зүйл болох, хөрөнгийн зардал болон цэвэр зээлийн жилийн өсөлтийг хязгаарлалтгүй болгох эрсдэл дагуулж байна.”

Мөн 6.1.2 дахь заалтыг “Нэгдсэн төсвийн суурь тэнцэл нь тухай жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай байх” гэж заасан. Өргөн мэдүүлсэн төсөлд нэгдсэн төсвийн суурь тэнцэл нь 2025-2027 онуудад ДНБ-ний 2.0 хувьтай тэнцэж байгаа нь хуулийн шаардлагыг хангасан гэж үзжээ. Хэрэв ДНБ-ний өсөлт 2025 онд 8 хувьд хүрэхгүйн улмаас тэнцвэржүүлсэн орлого буурах болон гадаад зээлийн хүүгийн төлбөр нэмэгдэх тохиолдолд нэгдсэн төсвийн суурь тэнцэл эерэг гарах нөхцөл бүрдэхгүй байж болзошгүй гэж анхааруулж байв.

Сануулбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн,

6.1.2.нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх гэснийг

  • Нэгдсэн төсвийн суурь тэнцэл нь тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай байх;

6.1.3.тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь тухайн жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хувь, тухайн жилийн өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байх.” гэж заасныг

  • нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас хэтрэхгүй байх гэж 2024 оны наймдугаар сарын 30-ны өдрийн хуулиар тус тус өөрчилсөн юм.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон 2025 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөхдөө удаа дараалан түүхий эдийн үнийг хэт өндөр тооцож, орлогыг өөдрөг төсөөлж байгааг сануулж унах, эдийн засгийн бодит эрсдлийг сануулсан нь өнөөдөр дуулиан дагуулсан 2025 оны төсөвт дахин тодотгол хийх нөхцөл үүсэх нь тодорхой болсныг эдийн засагчид анхааруулж эхэллээ.

ТӨСВИЙН ОРЛОГО ТАСАЛДВАЛ ЭНЭ ОНД БАТЛАГДСАН ЗАРИМ ЗАРЛАГАА ТАНАЖ, ТОДОТГОЛ ХИЙХЭЭС ӨӨР АРГАГҮЙ

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, Эдийн засагч Н.Энхбаяр: Нэгдүгээр улирлын дүнг харахад, төсвийн орлого маш их хэмжээний тасалдалтай гарч байна, өнгөрсөн оны мөн үеэс нэг их наяд төгрөгөөр орлого дутсан байдалтай байна.

Гэтэл зарлага өнгөрсөн оны мөн үеэс 100 сая төгрөгөөр давсан, зөрүүгээр тэнцэл 492 сая төгрөгийн алдагдалтай. Зөвхөн ганцхан сард л ийм байгаа бол энэ дүн улирлаар үржигдвэл бидний танасан гэх 33 их наяд чинь 25, 26 орчим 30-аас доош их наяд руу орох нь тодорхой болж байна. Сайнаар бодвол шүү дээ.

Төсвийн орлого тасалдсан хэвээр үргэлжилбэл энэ онд батлагдсан зарлагаа заримыг нь хасаж, танах уу гэдгээ ярих ёстой. Олон төсөлд мөнгө нь тарамдаж бүгд хохирно. Хамгийн аюултай нь, гүйцэтгэгч компаниуд хохирно. Зөвхөн улсын төсвөөс мөнгө дутаад барилга зогсох юм биш. Барилгын тендерт оролцоод гүйцэтгэж буй компани банкнаас зээл авдаг. Зээлийн төлөлтөө хийж чадахгүй бол төсөв дээр үүссэн ачаалал мөнгөний салбарт нөлөөлж энэ нь банкны салбараа муутгаж эхэлдэг. Энэ бол 2016 онд болсон үйл явдал. Цааш нь даамжруулахгүйн тулд төсвийн тодотголыг хий! гэж дахин дахин хэлээд байгаа юм.

Өнөөдөр төсвийн орлого бүрдэхгүй тасалдах эрсдэл үүсэж байгааг Хятадын эдийн засгийн агшилт тэр дундаа үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал нь гангийн үйлдвэрт нөлөөлж энэ нь эргээд манай улсын нүүрсний үнэ буурах, экспорт саарч орлого буурч байгааг улс төрчид тайлбарлах болов. Эрх баригчдын зүгээс "Хятадын эдийн засгаас хамаарч нүүрсний экспорт буурч байна" гэх үгээр төсвийн орлого буурсан шалтгааныг урд хөрштэй холбон тайлбарлах болсон ч нидэр дээрээ төрийн бодлогын алдаа нь өнөөдөр Бээжингээс илүү бодит хямрал руу түлхэж байгаа нь өнөөдрийн гашуун үнэн.

Цар тахлын үед хил хаалттай, нүүрсний экспорт гацсан үед бид арга буюу алтаа онгоцоор экспортолж гол зогоож байсан бол өнөөдөр ахиад ийм байдал руу орох тухай яриад сууж байна. Харьцуулахад, 2020 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11.8 их наяд төгрөг, зардлыг 13.9 их наяд төгрөг байхаар баталснаас хойш эдийн засгийн нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдөж, дэлхийн нийтийг хамарсан цар тахлын улмаас хөл хорио тогтоон хил хаасан нь төсөөлж байгаагүй 90-ээд оны шилжилтийн үеэс хойшхи эдийн засгийн хамгийн том уналт болсон. Энэ нь цаашлаад төсвийн орлого төлөвлөснөөс тасрах, төлөвлөгдөөгүй зардлыг нэмэгдүүлэхэд хүргэж 2020 оны наймдугаар сард төсөвт тодотгол хийж байв.

Харин өнөөдөр Америк, Хятадын мөргөлдөөн, Бээжингийн шийдвэрээс илүү бидний үрэлгэн зан, бодлогогүй шийдвэр ковидын үеийн болоод 2012-2016 оны түүхий эдийн уналтаас үүдэлтэй эдийн засгийн хямрал, тухайн үеийн эрх баригчдын алдааг дахин давтах нь гэхэд хилсдэхгүй биз.

Сануулбал, 2012-2016 онд төсвийн бодит орлого жил бүр төсөөлснөөс бага, жил бүр бараг нэг их наяд төгрөгийн зөрүүтэй гарч байсныг Монгол Улсын төсвийн тогтвортой байдлын судалгаанаас харж болно. Тус тайланд төсвийн алдагдал, эдийн засгийн хямрал үүсэхэд нөлөөлсөн хэд хэдэн чухал дүгнэлтийг дурдвал,

  • 2012-2016 онд Засгийн газар орлогоо байнга өөдрөгөөр төсөөлж ирсэн. Бодит байдалд нэрлэсэн ДНБ өссөн боловч, төсвийн орлого түүнийг даган нэмэгдээгүй.
  • Төсвийн орлогыг буруу төсөөлснөөс болж Засгийн газрын өр нэмэгдсэн. 2012-2016 онд төсвийн орлого төсөөлж байснаас нийтдээ 5 их наяд төгрөгөөр тасарсан. Засгийн газрын орлогын төсөөлөл байнга хэт өөдрөг байсан.
  • 2012-2016 оны хугацаанд Засгийн газрын өр 14 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Үүнээс 9.4 их наяд төгрөг нь энэ хугацаанд үүссэн төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор авсан шинэ өр юм. Нийт өрийн тодорхой хэсгийг гадаад валютаар авсан бөгөөд төгрөгийн ханш суларснаас өрийн үлдэгдэл 4.7 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна.
  • 2013 оноос эхлэн эрдсийн түүхий эдийн үнэ болон ГШХО буурч, эдийн засгийн таатай нөхцөл удаан үргэлжлээгүй. Улмаар төр засаг ТТБТХ-ийн дүрмүүдийг дагаж мөрдөөгүй буюу хэрэгжилтийг нь хойшлуулж, хэд хэдэн удаа тэдгээрт өөрчлөлт оруулсан.
  • ТТТС-нд хангалттай хэмжээний хөрөнгө хуримтлуулж чадаагүй бөгөөд харин ч сүүлийн 10 жил Засгийн газрын өр их хэмжээгээр нэмэгдсэн байна. 2016 оны эцэс гэхэд өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 80 орчим хувьтай тэнцсэнээр төсвийн орлогын 20 гаруй хувийг өрийн үйлчилгээний төлбөрт зориулах болсон нь төсөв тогтворгүй болсныг илтгэнэ.
  • 2016 оны гуравдугаар улиралд Монгол Улсад санхүүгийн хямрал болох нь илэрхий болсон. Засгийн газрын дотоод бондын хүү жилийн 18 хувьд хүрч, төгрөгийн ханш хурдтай суларсан. Олон улсын санхүүгийн зах зээл дээр Засгийн газрын бондын хүү 10 хувиас давсан. Мууди (Moody’s) байгууллага Монголын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг В3-аас Caa1 болгон бууруулсан гэж дурджээ.

Улмаар ОУВС-ын өргөтгөсөн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд НДШ болон ХХОАТ болон онцгой албан татварыг нэмэгдүүлсэн нь эдийн засагт үнийн өсөлтөөр дамжин импорт хөөөгдөх, инфляц халах мөн хэт өндөр татварын улмаас иргэд нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зэрэг сөрөг нөлөөлөл гарч болзошгүйг тухайн үед сануулж байж. Харин төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж ирсний гор нь үргэлж алдагдал байв.

11 ЖИЛИЙН ХУГАЦААНД 19.3 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАВ

2012-2022 оны хооронд буюу 11 жилийн хугацаанд нийт 19.3 их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан нь харагдаж байна.Өөрөөр хэлбэл, 2022 оны улсын төсвөөс ч илүү хэмжээтэй АЛДАГДАЛ юм.

ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТУСГАЙ ШААРДЛАГУУДЫГ ӨӨРЧИЛСНӨӨС БОЛЖ ТӨРИЙН БОДЛОГЫН АЛДААГ ДАВТАХ, ЦААШ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ЭРСДЭЛ РҮҮ ОРЖ БАЙНА

Эдийн засагч Б.Дэлгэрсайхан: Төсвийн тусгай шаардлагадууд болох Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.1, 6.1.2, 6.1.3, 6.1.4 заалтыг өөрчилсөн нь төсөв тэлэх орон зайг үүсгэсэн нь үнэн. Ингэж байж 2025 оны төсвийг 37 их наядаар оруулж ирэх боломжийг бүрдүүлсэн. Үүний оронд төсвийн урсгал зардал Дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас хэтрэхгүй байх ёстой гэсэн заалт оруулж ирсэн юм.

Нүүрс, зэс хоёрыг тогтворжуулсан үнээр тооцож байгаа ч хамгийн гол нь төсөв дээр байнга яригддаг мөчлөг сөрсөн бодлогоо барьж чадахгүйгээс л ийм байдал үүсэж байгаа.

Нүүрс болон бусад эрдэсийн бүтээгдэхүүний үнэ ханш өндөр байх үед төсвийн орлого сайн бүрддэг, үүнийг дагуулж дараа жил нь ийм байх мэтээр төсөөлдөг ч орлого тасалдах үед эдийн засагт хүндрэл үүсдэг. Энэ бодлогын алдаанаас болж магадгүй эрсдэлтэй байдал руу орж байгаа гэсэн үг. 2010 онд батлагдсан төсвийн зарлагыг хязгаарласан Төсвийн тусгай шаардлагуудыг баримтлахгүй явсаар ирсэн. Төсвийн орлогыг өндөр төсөөлж ирсэн ч тусгай заалтууд өөрийн үүргээ гүйцэтгэж байсан. Хэм, хэмжээг сануулж хэт тэлсэн зарлагыг тодорхой хэмжээнд хязгаарлаж байсан. Гэтэл энэ чухал заалтуудыг авч хаясан нь төсвийн бодлого дахиад алдаа руу орж, энэ алдааг цааш илүү үргэлжлүүлэх боломжийг нээж байгаа юм. Тиймээс наймдугаар сард өөрчилсөн Төсвийн тусгай шаардлагуудыг эргэж тусгах нь гэсэн байр суурьтай байна.

БАЙГАЛИЙН БАЯЛАГ ИХТЭЙ Ч ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНЭ ӨСӨХ ҮЕД ХАЛАМЖ БАЙДЛААР ТАРААДАГ МУУХАЙ МОНГОЛ ХЭВЭЭРЭЭ Л БАЙГАА НЬ ТӨР УРТ, ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОГҮЙ ЯВЖ ИРСНИЙ ГАЙ

Эдийн засагч А.Энхбат: Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.3 бол үнэхээр чухал заалт байсан. Үүнийг өөрчилснөөр эргээд төсвийн зарлагыг нэмэгдүүлэх орон зайг гаргасан. Үгүй бол төсвийн тусгай шаардлагаар цоожилж дураараа орж болдоггүй байсан. Энэ амин гол сүнсийг авч хаясан. Гэхдээ Манай улсын онцлог нь далайд гарцгүй, нээлттэй эдийн засагтай жижиг орны хувьд газрын доорх эрдэс баялаг ихтэй. Дэлхий дээр эрдэс баялаг ашиг малтмал ихтэй улс орнууд бий. Ойрхи Дорнодын улс орнууд байна, Араб, Катар улс нефтээ ашиглахдаа бодлогын зөв менежмент явуулж өндөр хөгжиж байна. Улс орон бүр өөрсдийн газрын доорх ашигт малтмалын онцлог байна. Гэтэл байгалийн баялагтай зарим улс орон хөгжөөд байхад яагаад зарим улс хөгжихгүй байгаа юм. Тэгвэл бүр байгалийн баялаггүй Япон, Сингапур улс яагаад хөгжив. Тэгэхээр байгалийн баялагтай улс орон хөгждөг гэх ойлголт байхгүй.

Монгол Улсын хувьд газрын доорх алт, зэс, нүүрс, байгалийн ховор металл зэрэг байгалийн баялаг ихтэй ч өнөөдөр яагаад алтан дээр суусан гуйлгачин шиг байна вэ гэхээр газрын доорх эрдэс баялаг, ашигт малтмалаа зөв удирдах санхүүгийн менежментийн стратегийг дунд болон урт хугацааны бодлогогүй явж ирсний гай л байхгүй юу.

Өөрөөр хэлбэл, нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээлд өсөхийн хэрээр манай улсад их хэмжээний валютын орлого орж ирэхэд үүнийгээ ирээдүйд нэмүү өртөг бий болгох, шинэ үйлдвэр, бүтээгдэхүүн бий болгоход ашиглах биш ямар нэгэн байдлаар тэтгэвэр тэтгэмжийг тэглэх, халамж руу зарцуулж байна.

Иргэдийг аль болох ажилгүй байлгах, төрөөс бэлэн мөнгө авах сонирхолтой болгож үүнийгээ улс төрийн ашиг сонжоо, сонгуулийн тойрогт улс төрчид ахиж дэвшихийн төлөө улс төрийн намууд ашиглаж ирсний балгаар утаатай, төсөв нь хямралтай, түгжрэлтэй, агаарын бохирдлоос шалтгаалсан эрүүл мэндээрээ хохирсон нас баралт ихэссэн Муухай Монгол хэвээрээ л байна.

Энэ нь эцэстээ улс төрийн намуудын арчаагүй байдал, улсын өөрийнх нь эдийн засгийн дунд болон урт хугацааны санхүүгийн удирдлага зөв тогтолцоо бий болгоогүй, стратеги төлөвлөгөөгүй байсны л нөлөө гэв.

Засгийн газар хувийн хэвшлийнхээ “арьсыг хуулж“, Ерөнхийлөгч БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭДЭЭ  талархав
Засгийн газар хувийн хэвшлийнхээ “арьсыг хуулж“, Ерөнхийлөгч БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭДЭЭ талархав
 
Бөхчүүдийн чансааг Ц.Бямба-Отгон тэргүүлж, С.Сүхбат, Ч.Батчулуун нар удаалж байна
Бөхчүүдийн чансааг Ц.Бямба-Отгон тэргүүлж, С.Сүхбат, Ч.Батчулуун нар удаалж байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!