Шадар сайд өчигдөр хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр “Эрүүл мэндийн салбарын асуудал ямар хэмжээнд байгааг та нар бүгдээрээ мэдэж байгаа. Салбарын хувьд удирдлага, уялдаа холбоог нарийвчлах шаардлага байна. Олон талд, олон удирдлагатай яваад байгаа нь эрүүл мэндийн салбарыг сульдуулах сул тал болж байна. Эрүүл мэндийн яам гэж байгаа бол бүх байгууллагаа удирддаг, чиглүүлдэг, үйл ажиллагааг нь хянадаг, тогтолцоог нь сайжруулах байдал рүү л явуулахгүй бол өнөөдрийн байдлаар гурван толгойтой могой шиг л яваа” хэмээн С.Энхболд сайдын удирдаж буй Эрүүл мэндийн салбарыг товчхон дүгнэв.
Үнэхээр ч Эрүүл мэндийн салбар нь дампуурч, сайд нь удирдлага зохион байгуулалтаар хангаж чадахгүй, сайд, дэд сайд болон төрийн нарийн гурав нь хоорондоо ойлголцож чадахгүй хэдэн тийшээ хараад суучихсан байгаа нь үнэн. Азаар Засгийн газар, УОК уг асуудлыг сая нэг юм ил тодоор хүлээн зөвшөөрөв бололтой. Дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга гэж ямар хүмүүс байдгыг нь мэдэх хүн ч үнэндээ ховор байна. Энэ нь тус яамны удирдлагуудын ямар хэмжээнд ажиллаж буйг дүгнэх энгийн зүйл.
Цар тахал бидэнд өнгөрсөн 30 жилийн турш явж ирсэн болохгүй, бүтэхгүй бүхнийг ил болгож өгсөн. Үүний хамгийн тод жишээ нь эрүүл мэндийн салбар. Хэдэн эмч, сувилагчид нь бор зүрхээрээ зүтгэдэг ч шинжилгээний хариу зарахаас эхлээд сайны дотор саар байгааг ч илчлэв. Мөн энэ салбарын удирдлага, зохион байгуулалт болон хүний нөөцийн хангалтгүй, байшин сав, ор дэр, шаардлагатай нарийн мэргэжлийн техник хэрэгсэл дутмаг болох нь харагдлаа. Ковид өдрөөс өдөрт нэмэгдэж, иргэд өдөрт 10 гаруйгаараа нас барж байна. Товчхондоо, эрүүл мэндийн салбар дампуурч гүйцлээ. Өдөрт илэрч буй нийт халдварын 90 хувь нь дельта хувилбар болж хувираад удаж байна.
Эдгээрийг засч, залруулах болон энэ салбарын бодлогын түвшинд ахиц гаргах ёстой Эрүүл мэндийн сайд туйлын хангалтгүй ажиллаж байх шиг. Эмнэлгүүдэд ор олдохгүй. Ковид туссан иргэд нь хүйтэн шалан дээр хэдэн арваараа хэвтэж байх жишээтэй. Эмч, сувилагчид нь ачааллаа даахгүй зуу, зуугаараа ажлаасаа гарсаар байна. 20 эмч, сувилагчтай өрхийн эмнэлгийн ажилтнууд ковид авч, өдгөө 9 хүн л ажиллаж байна. Хэвтүүлэх ор байхгүй гээд түргэний эмч нь хүнд хүмүүсээ машиндаа суулгачихаад эмнэлгүүдийн хаалга тошиж явна. Хариуцлагагүй эмч нарын гайгаар нэгэн иргэн тусламж авч чадалгүй эмнэлгийн гадаа амьсгал хураав. Ковидын өмнө эмч, сувилагч, ард иргэдгүй сөхөрч байна. Байдал ингэж хүндэрхэд төрийн буруу шийдлүүд хамгийн их нөлөө үзүүлсэн. Сая гэхэд л “Дижитал үндэстэн” шоуг зохион байгуулж иргэдийн бухимдлыг үүсгэсэн Засгийн газраас урлаг, спортын арга хэмжээг нээх чиглэл өгсөн. Үүнийг нь НОК хэрэгжүүлж ирэх сарын нэгнээс урлаг, спорт, задгай талбайн арга хэмжээ тэргүүтнүүдийг нээх шийдвэр гаргав.
Гэвч ХӨСҮТ, эрүүл мэндийн байгууллага нь 22.00 цагаас хойш ажилладаг дэлгүүр, хоол үйлчилгээний газруудыг хаахгүй бол халдвар болохоо байлаа гэдэг саналыг гаргасаар л байна. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хүмүүсийнхээ судалгаа, тооцооллыг улстөрчдийн арьсаа хамгаалах гэсэн шийдвэрт дарагдуулж буй нь С.Энхболд сайдын чадамжгүй, хүчгүйтэй шууд холбоотой. Хэдэн эмнэлгийн дарга нар, дэд сайд, төрийн нарийнтайгаа ч хүртэл ойлголцож чаддаггүй байна. Гаргасан тушаал шийдвэрийг нь нөгөөдүүл нь байнга эсэргүүцдэг. Цаашдаа энэ салбар энэ мэтээр явбал жинхэнэ асуудал болохоор байна. Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүшиг, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар ер нь хаана юу хийж явна вэ.
Ямар сайндаа л Шадар сайд хүртэл Эрүүл мэндийн яамны удирдлагуудыг гурван толгойтой могой гэж дүгнэж байх вэ дээ. Арга ядахдаа намрын чуулганаар хуульд өөрчлөлт оруулах замаар хэдэн эмнэлгийн дарга тэргүүтнийг томилох, чөлөөлөх асуудлыг багцаар нь сайдынх нь гарт өгөхөөр Засгийн газар зэхэж буй гэнэ.
С.Энхболд сайд яамныхаа удирдлагууд, эмнэлгийн дарга нартайгаа учраа олоод өөрөө “галаа” үүрээд, улс төрийн манлайлал гаргаад явахгүй бол нэг л өдөр энэ бүх завхрал чинь Ерөнхий сайд, Шадар сайд хоёрын “толгой” дээр бууж, Засгийн газрыг хүртэл ганхуулах хэмжээнд хүрнэ шүү.
Л.Баяр