"Эрүүл мэндийн салбар бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Эмч нар туйлдаж байна" гэх үгсийг сонссоор бид бүр дөжирлөө. Угтаа энэ бол дөжирч болохгүй нийгмийн эмзэг асуудал. Нийслэлийн эрүүл мэндийн газраас хийсэн судалгаанд 500 гаруй эмч, ажилтнууд тодорхой шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна.
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлуудыг мэдээлэх үеэр салбарын сайд энэ талаар тайлбайр хийсэн.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Эрүүл мэндийн салбарын залуу боловсон хүчнүүд ажлаас халшрах тохиолдлууд байна. Зөвхөн ковидын үед бус энгийн үед ч мөн ийм шилжилт хөдөлгөөн болж байдаг. Ар гэр болон тодорхой шалтгаанууд нөлөөлдөг. Ковидын цар тахлын үед ачаалал ихсэж байгаатай холбоотой ажлаас гарах өргөдлөө өгч буй цөөнгүй хүмүүс байгаа. Үүнийг ард иргэд зөвөөр хүлээж авах хэрэгтэй. Зөвхөн ковидоос болоод ажлаас гараад байгаа юм биш. Энэ бол эмнэлгийн нийт ажилтнуудын тав орчим хувьд жил бүр тохиолддог асуудал" гэсэн юм.
-НЭГ ХҮН ХОЁРООС ГУРВАН ХҮНИЙ АЖИЛ ХИЙЖ БАЙНА-
Эмч, ажилтнуудын ажлаа өгөх болсон шалтгаан нөхцөл болон бусад асуудлын талаар НЭМГ-ын Чанарын удирдлага, аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Энхжаргалаас тодрууллаа.
-Эмнэлгийн ажилтнууд өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаа талаар НЭМГ-аас мэдээллээ. Энэ судалгаа аль шатлалын хэдэн эмнэлгээс авсан судалгаа вэ?
-Манайх ковидын эмчилгээ хийж байгаа 17 эмнэлгээс судалгаа хийхэд ажлаас өөрийн хүсэлтээр гарсан 167 их эмч, 146 сувилагч, бусад 195 ажилтан бүртгэгдсэн байна. Ингэснээр тухайн эмнэлгүүдэд тодорхой хэмжээнд хүний нөөцийн дутагдал үүснэ. Энэ бүрт дараа дараагийн дадлага, туршлагатай эмч, ажилтнуудыг боломжийн хэмжээгээр авч ажиллуулж байна. Сувилахуйн сургуулиас 250 орчим оюутан дадлага хийж байна. Мөн гэрийн тандалтын эмчилгээнд резидент эмч нарыг ажиллуулж байна. Эмч нар хүний нөөцийн дутагдалд орлоо гээд хүний амь нас эрсдүүлэн, сувилагч байхгүй гэх шалтгаанаар тариа хийлгүй орхисон тохиолдол байхгүй. Нэг хүн хоёроос гурван хүний ажил хийх зэргээр ажиллаж байна.
-Эмч, ажилтнууд ажлаасаа гарч байгаа нь ковидын хүнд нөхцөл байдлаас шалтгаалж байна уу?
-Олон шалтгаан бий. Нарийвчилсан судалгааг одоогийн байдлаар хийгээгүй байна. Зарим нь дэвшээд явж байна, зарим эмч нарт хувийн эмнэлгүүдээс өндөр цалин амлаж байна. Хүний амьдрал болсон хойно өндөр цалинтай газрыг сонгох тохиолдол байна. Зарим нь өндөр настай, эрсдэлтэй хүмүүстэй ажиллах нь ар гэрийнхэндээ эрсдэлтэй гэж үзээд ажлаасаа гарч байна. Олон төрлийн нөхцөл шалтгаан нөлөөлж байгаа. Хувийн болон улсын эмнэлгүүд аль аль талдаа хүний нөөцийн асуудалд орсон. 500 хүн орж, гарна гэдэг бол хүний нөөцийн хувьд хэцүү асуудал. Энэ шалтгааныг илүү нарийн олж тогтоохоор ажиллаж байна.
-ЗАРИМ ТОХИОЛДОЛД ТЭТГЭВЭРТ ГАРСАН ХҮНЭЭ БУЦААН ДУУДАЖ АЖИЛЛУУЛЖ БАЙНА-
-Зөвхөн коронавирус халдварын үед гэлтгүй, нийслэлийн хэмжээнд 1.5 сая хүнд ногдох эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд ажиллаж байна уу?
-Үгүй. Эмч, сувилагчийн харьцаа 1:2 байх ёстой. Үнэндээ 1:1 байж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл нэг эмч, хоёр сувилагч гэсэн бүтэц байх ёстой. Энэ асуудал өмнө ч байсан, одоо ч байна. Мөн эмч, ажилтнууд өөрсдөө халдвар аваад байна. Тэглээ гээд бид эмчилгээ, үйлчилгээ байхгүй гээд хаалгаа бариагүй. Аль чадахаараа орны хүнийг нь аваад ажиллуулна. Зарим тохиолдолд тэтгэвэрт гарсан хүнээ буцаан дуудаж ажиллуулж байна.
-Тэтгэвэрт гарсан эмч, ажилтнуудыг дуудаж байгаа тохиолдол олон байна уу?
-Хүний нөөцгүй гээд сууж байхын оронд олдож л байвал аваад ажиллуулж байна. Нас, зүс харгалзахгүй авч байна. Гол нь тухайн хүн ажил хийх чадвартай байх ёстой.
-НИРГЭСЭН ХОЙНО ХАШГИРАВ-
Энэ асуудал бол зөвхөн өнөөдрийн эмнэлгийн салбар хүний нөөцийн дутагдалд орсон явдал биш юм. Энэ нь эрүүл мэндийн салбарт хэдийн тулгамдсан байсан асуудал өнөөдөр ковидоор илэрч байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл үе үеийн Эрүүл мэндийн сайд нар ирээдүйгээ төлөвлөж, хүний нөөцийн болон бусад асуудлыг тооцоолсон дорвитой ажил хийгээгүйн гор юм. Хүний нөөцийн асуудал байсаар ирснийг ЭМ-ийн сайд С.Энхболд хэллээ. Ниргэсэн хойно хашгирав гэгч болж байна.