Афганистаны нийслэл Кабул хотод аюулгүй байдлын нөхцөл байдал доройтож байгаатай холбогдуулан тус хотод дахин 1000 цэргээ байршуулна гэж АНУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ.
Ингэснээр АНУ-ын цэргүүдийг Афганистанаас гарч эхэлсний дараа байр сууриа хурдацтай бэхжүүлсэн “Талибан” хөдөлгөөн Кабулд цөмрөн орж, Засгийн газрыг түлхэн унагаагаад буй энэ үед Афганистан дахь Америкийн цэргүүдийн тоо ойролцоогоор 6000-д хүрэх юм.
Ерөнхийлөгч Ашраф Ганигийн хувьд улс орноосоо дүрвэсэн бөгөөд зэвсэгт хөдөлгөөн улс төрийн эрх мэдлийг бүрэн хяналтдаа оруулан авахад тун ойртоод байна.
“Al Jazeera” сувгаар гарсан дүрс бичлэгээс үзэхэд, талибууд ерөнхийлөгчийн ордон дотор сандал дээр налайн сууж, галт зэвсгээ барин сэлгүүцэж, бие биетэйгээ зургаа авхуулж байжээ. Тэд “Al Jazeera”-гийн сэтгүүлчид ийнхүү сурвалжлахыг зөвшөөрсөн байна.
АНУ-ын Хойд Каролина муж улсын Форт-Брэгг баазын Агаарын цэргийн 82-р дивизийн батальоноос нэмэлтээр илгээх цэргүүд нь Кувейтэд ажиллагаанд оролцож байжээ. Ийнхүү гурван батальоны хоёр нь Кувейтээс Кабул руу шууд нисэн хүрэх ажээ.
Ням гаргийн оройн байдлаар, АНУ-ын цэргийн хүчин, “Талибан”-ы хооронд ямар нэгэн зөрчил үүсээгүй, харилцан гал нээгээгүй гэж Пентагоны төлөөлөгчид мэдээлжээ. Мөн агаарын цохилт өгөх ямар ч хүсэлт Афганистаны Зэвсэгт хүчнээс ирүүлээгүй байна.
Ерөнхийлөгч Жо Байдены наймдугаар сарын 31 гэхэд цэргүүдээ Афганистанаас бүрэн гаргах шийдвэрийн дагуу цэргүүдийг тус улсаас дөрөвдүгээр сараас гаргаж эхэлсэн юм. Тийнхүү “Талибан” улсын нутаг дэвсгэрийг асар богино хугацаанд хяналтдаа оруулсны дараа АНУ-ын Элчин сайдын яам бүх ажилтнаа нүүлгэн шилжүүлэх ажлыг яаравчлан явуулж байна.
Тодруулбал, АНУ-ын ЭСЯ-наас Америкийн далбааг буулгаж, яамны ажилтнууд аюулгүй газарт байрлаж байна. АНУ-ын Зэвсэгч хүчин цэргийн нисэх онгоцоор яамны 500 ажилтныг тус улсаас шилжүүлжээ. Өдөрт 5000 орчим хүнийг шилжүүлэхийг зорьж байгаа боловч ойрын өдрүүдэд ийм хүчин чадалтай болох төлөвгүй байгааг холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ.
АНУ-ын ЭСЯ-ны дийлэнх ажилтнууд “Hamid Karzai” олон улсын нисэх буудалд буюу “аюулгүй байдлын асуудал” гарсан талаар төлөөлөгчид мэдээлээд буй газарт байрлаж байна. Ням гарагт Афганистаны нэгэн сэтгүүлчийн “Twitter”-т нийтэлсэн дүрс бичлэгт маш олон хүн нисэх буудлаас гарахыг оролдож буй бололтой байгааг харуулжээ.
АНУ-ын Зэвсэгт хүчин уг нисэх буудлын агаарын хөдөлгөөнийг хянаж байгаа бөгөөд арилжааны хөдөлгөөнийг өргөнөөр зогсоогоод байна гэж төлөөлөгчид мэдээлжээ. Туркийн цэргүүд мөн аюулгүй байдлыг хариуцаж байгаа бөгөөд АНУ туслалцаа үзүүлэх нэмэлт цэргүүдийг авчирч байна.
Нэгдсэн штабын дарга Марк Милли, Батлан хамгаалахын сайд Ллойд Остин нар Конгрессын гишүүдтэй ням гарагт утсаар ярих үеэрээ, “Талибууд улс орныг богино хугацаанд эзлээд буй энэ үед “Аль-Каида” болон өөр террорист бүлэглэл Афганистанд хоёр жилийн дотор дахин бий болж болзошгүй эсэх үнэлгээг хянах хүсэлтэй байна” хэмээн хэлжээ.
Ж.Байден бямба гарагт гаргасан мэдэгдэлдээ, “Америкийн иргэнийг эрсдэлд оруулсан аливаа үйлдэл АНУ-ын Зэвсэгт хүчний шуурхай, хатуу хариу арга хэмжээтэй тулгарах болно” гэдгийг талибуудад анхааруулсан байна. Цагаан ордны төлөөлөгчийн мэдээлснээр, Ж.Байден ням гаргийн өглөө үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан багийн гишүүдтэйгээ Афганистан дахь нөхцөл байдлын талаар хэлэлцэж, энэ талаарх мэдээллийг цаг тухайд нь авахаар болжээ.