АНУ болон Иран улсын хооронд үүссэн зөрчилдөөний эхэлснээс хойш 40 гаруй хоногийн хугацаа өнгөрч байна. Уг сөргөлдөөний улмаас газрын тосны гол далайн суваг болох Ормузын хоолой хаагдаад байгаа. Энэ нь олон улсын эдийн засаг, шатахууны нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж үнийн өсөлт, шатахууны хомсдол гээд олон асуудлыг үүсгэж байгаа. Олон улсын шахалт болон сөргөлдөгч талуудын нөхцөл байдал тэднийг хэлэлцээний ширээний ард суулгаж чадсан. АНУ болон Ираны нүүр тулсан хэлэлцээ Пакистанд 21 цаг үргэлжилсэн ч тодорхой шийдэлд хүрэлгүй саллаа. Иранд өрнөсөн 1979 оны хувьсгалын дараа тус улсын оюутнууд АНУ-ын Элчин сайдын яам руу халдаж 52 иргэнийг барьцаалснаар хоёр улсын дипломат харилцаанд цэг тавьсан байдаг. Түүнээс хойш хоёр улс анх удаа дипломат ширээний ард суусан нь энэ хэлэлцээний хамгийн эерэг зүйл боллоо.
Хэлэлцээ яагаад бүтэлгүйтэв
Хэлэлцээр хийхийн тулд талуудын ашиг сонирхол нийцэж байж амжилттай болдог. Харин талуудын гол шаардлагууд хол зөрүүтэй байсан нь хэлэлцээ бүтэлгүйтэх шалтгаан болсон болов уу. АНУ талаас Ираны цөмийн хөтөлбөрийг эрс эсэргүүцэж ирсэн. Харин Иран бүс нутагт өөрийн хүчирхэг байдлыг бий болгохын тулд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. АНУ-ын зүгээс Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох тэр дундаа хяналт, шалгалт хийхийг хүссэн. Энэ санал мэдээж Ираны талд таалагдаагүй. Хэлэлцээ бүтэлгүйтэх эхний асуудал энэ байсан. Үүнийг нотолж АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс мэдэгдэл хийхдээ “Хэлэлцээ бодитой асуудлыг хөндсөн ч Ираны манай нөхцөлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан. Хэлэлцээний гол зорилго Ираныг цөмийн зэвсэг эзэмшихээс татгалзах санал байсан ч бидэнд баталгаа өгөөгүй” гэж хэлсэн байна.

Харин Ираны талаас эдийн засгийн асуудлыг илүү хөндсөн талаар Reuturs агентлагийн нийтлэлд дурдсан байсан. Мэдээж эдийн засгийн хоригууд болон, царцаасан хөрөнгийг суллах, мөн дайны нөхөн төлбөрийг асуудлыг Ираны талаас дэвшүүлсэн. Цөмийн хөтөлбөр дээр нааштай хариуг аваагүй АНУ эдгээр саналууд дээр татгалзсан хариуг өгсөн. Үүн дээр нэмээд Ормузын хоолойн асуудал дээр АНУ илүү давамгай байр суурь авах хүсэл Иранд таалагдаагүй. Дээрх шалтгаанууд хоёр улсын энэ удаагийн хэлэлцээг амжилтгүй болгосон гэхэд болно. Ираны гадаад хэргийн яамнаас хэлэлцээний үеэр Ормузын хоолойн асуудал яригдсан гэдгийг баталж хэлсэн ч цөмийн хөтөлбөрийн талаар огт дурдаагүй гэнэ.
Хэлэлцээ бүтэлгүйтэж АНУ дараагийн нүүдлээ хийлээ
Талуудын гол шаардлага зөрж эхний хэлэлцээ амжилтгүй боллоо. Харин Пакистаны зүгээс сөргөлдөгч талуудыг дахин хэлэлцээ хийхийг уриалж асуудлыг дипломат аргаар шийдэхийг хүсэж буйгаа илэрхийлсэн. Гал зогсоох ажиллагааг хоёр долоо хоногийн хугацаатай байгаа. Ирэх долоо хоногт албан ёсоор дуусна. Харин АНУ-ын зүгээс дараагийн нүүдлээ хийгээд эхэлсэн. Хэлэлцээ амжилтгүй болсны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдэл хийж Ормузын хоолойн тээврийн бүх хөдөлгөөнийг цэргийн хүчээр хянана гэдгээ хэлсэн. Үүний дараагаар АНУ-ын байлдааны хоёр хөлөг онгоц Ормузын хоолойгоор зорчиж эргүүлийн ажилллагааг гүйцэтгэж эхэлсэн. Харин уг үйлдэлд Ираны зүгээс радио холбоогоор буцаж явахыг анхааруулсан мэдээ өгсөн гэнэ. Д.Трампын хийсэн мэдэгдэл хоёр санааг агуулсан байж болно. Эхнийх нь Ираныг цэргийн хүчээр сүрдүүлж өөрсдийн шаардлагыг хүлээн зөвшөөрүүлэх гэсэн нүүдэл. Хэлэлцээ амжилтгүй болсон ч АНУ-ын зүгээс Иранд тавих хамгийн сүүлийн бөгөөд нааштай саналыг үлдээсэн гэдгээ илэрхийлсэн. Тэр саналыг хүлээн авах аргагүйд хүргэх алхам гэж харж байна. Харин хоёр дахь нь АНУ дахин хэлэлцээг хийхгүйгээр бүхнийг цэргийн хүчээр шийдэхээр шийдсэн байж болно. Ямартай ч эхний нүүдлийг АНУ түрүүлж хийлээ.

Цаашид байдал хэрхэн өрнөх бол
АНУ-ын зүгээс Ормузын хоолой руу чиглэсэн цэргийн үйл ажиллагаа эхлүүлэхээ мэдэгдсэн. Харин Ираны талаас одоогийн байдлаар ямар нэгэн хариу мэдэгдэл гаргаагүй байна. Хэрэв АНУ Ормузын хоолойд цэргийн ажиллагаа явуулж эхэлбэл нөхцөл байдал илүү хурцадмал байдалд шилжиж цэргийн мөргөлдөөн гарах эрсдэл нэмэгдэнэ гэсэн үг. АНУ-ын зүгээс тээврийн хөдөлгөөнийг хянах нэрийдлээр довтолгоо хийх харин Иран тээвэрлэгч хөлгүүдийн хөдөлгөөнийг хаах зорилгоор хариу цохилт өгөх магадлалтай. Ормузын хоолойд нөхцөл байдал хүндрэх нь олон улсад илүү их дарамт үзүүлнэ. Тэр хэрээр сөргөлдөгч талуудыг зуучлах ажилд шинээр улсууд нэмэгдэж болно.

АНУ болон Ираны хэлэлцээрийн ширээний ард суух мэдээ гарснаар дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буусан. Харин хэлэлцээ амжилтгүй болсны дараа газрын тосны үнэ өсөх хандлага ажиглагдаж эхэллээ. Хэрэв байдал илүү хурцадвал газрын тосны үнэ дахин өсөж дэлхийн шатахууны зах зээлд илүү их дарамтыг үзүүлэх хандлагатай байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!