Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв барина хэмээн авсан газарт хувийн “Шонхор таур” оффисын барилга барьсан УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэд иргэд шаардлага хүргүүлж, баримт дэлгэлээ. Тодруулбал, иргэн Б.Амгаланбаатар “Шонхор таур” барилгын газрыг анхны зориулалтаар ашиглахгүй байна. Энэ барилга Ардчилсан намын төв байр. Үүний эзэмшигч нь УИХ, Засгийн газрын гишүүн асан С.Эрдэнэ. Анх энэ газрыг 1998 онд байгуулагдсан “Төгс эрдэм сан” гэдэг ТББ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжлийг дэмжих гэдэг зориулалтаар энэ газрыг 2010 онд авсан. Тухайн үед хотын дарга М.Энхболд, Газрын албаны дарга Ц.Сандуй байсан.
ТББ-ыг үүсгэн байгуулсан хүмүүсийн дунд С.Эрдэнийн гэр бүлийн хүн болох Н.Нинжбадгар, охин Э.Содгэрэл нар нь байна. Энэ ТББ-гаар дамжуулж 330 м.кв газрыг авсан. Ингээд “Шонхор таур”-ын барилгын ажлыг 2010 онд эхлүүлээд 2014 онд ашиглалтад оруулсан. Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан шат, хаалга хийх хэрэгтэй гэдэг хүсэлт гаргаж, 2015 онд нийт газрын хэмжээгээ 601 м.кв болгож нэмүүлж авсан. Эндээс С.Эрдэнэ улс төрийн өндөр албан тушаалаа ашиглаж энэхүү газрыг авсан гэдэг нь харагдаж байна" гэлээ.
Мөн "Тиймээс энэ барилга зөвхөн нэг гэр бүлийн орлого олох хэрэгсэл болсон тул зориулалтынх нь дагуу ашиглаач гэдэг шаардлагыг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүлж байна. Хотын дарга үүнийг шийдэж, тусгай хэрэгцээт хүүхдүүдэд хөгжих боломж олгосон газар болгоно гэж иргэн хүнийхээ хувьд найдаж байна" хэмээлээ.
Тиймээс УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийг улс төрийн өндөр албан тушаалаа урвуулан ашигласан гэдэн үндэслэлээр АТГ-т шалгуулах хүсэлтээ өгөхөөр болжээ.